МАН "их цэвэрлэгээ" хийж, АН "хаалга, тооно"-оо манаж чадах уу?!
- 2023-04-27
- Улс төр
- 0
Сонгуулийн тогтолцоог хэлэлцэж байна. Пропорциональ, мажоритар хоёр тогтолцоог хольж сонгох бололтой юм. Гишүүдийн тоо хоёр дахин нэмэгдэж магадгүй аж. Ингэлээ гэхэд гишүүдийн "хүртээмж"-ийг хоёр дахин нэмэх, эрх ямбыг нь хоёр дахин хорогдуулах талаар намууд ярьж буй гэнэ.
Ингэхээр УИХ-ын 2024 оны сонгууль шинэ хууль, шинэ тогтолцооны дагуу явах магадлал өндөрслөө. Судлаач Л.Сумати "...Намууд ирэх сонгуульд шинэ хүмүүс дэвшүүлэхгүй бол амжилт гаргахгүй" гэжээ. Яг үнэндээ, лав том намууд ингэхээс өөр аргагүй болсон. Тодруулбал, МАН, АН л гэхэд шинэ тутам байгуулагдсанаас ялгаагүй өөрчлөлтүүдийг дотроо хийчихсэн. Өөрөөр хэлбэл, 2020 оны УИХ-ын сонгуулиас хойш намуудад маш их өөрчлөлт орсон.
МАН өнгөрсөн жил хүн төвтэй хөгжлийн бодлого гэгддэг социал демократ үзэл баримтлалыг сонгосон. Тус намын гишүүнчлэл, удирдлагын түвшинд "үеийн шинэчлэл" хэд хэд үсэрч хийгдсэн. Энэ намын ерээд оны залуус сайд болоод эхэлсэн. Хамгийн гол нь МАН-ын дарга нар томоохон хулгайг өөрсдөө гаргаж ирэх болсон. Том хулгайд холбогдсон албан тушаалтнуудын дийлэнх нь тэдний намынх байх аж. Нүүрсний хулгай, Хөгжлийн банк гээд хар даа. Харин дарга нар нь "...Хамгаалахгүй" гэж шууд хэлсэн. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "...Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид өөрөө өөрсөдтэйгөө, мөн намынхаа журмын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг. Авлигатай тэмцэхэд намын харьяалал хамаагүй" гэчихсэн. Энэ үгээ Хөгжлийн банк, нүүрсний хулгай, бусад асуудал дээр үйлдэл болгохыг оролдож байна. Хөгжлийн банкны асуудал дээр гэхэд МАН-ын генсек Д.Амарбаясгалан "...МАН-ын Хяналтын ерөнхий хороо Хөгжлийн банкны зээлтэй холбогдсон нэр бүхий 10 гишүүнийг тайлбараа заасан хугацаанд ирүүлэхийг шаардсан. Бага хурлын гишүүн Ш.Үнэнбат өөрийн хүсэлтээр намын гишүүнээс түдгэлзэж шалгуулахаар болсон.
Мөн хурлаар нэр бүхий таван гишүүнийг намаас гарсанд тооцож, Бага хурлын гишүүнээс чөлөөлсөн.
Хяналтын ерөнхий хороо уг асуудлаар дахин хуралдаж, ирүүлсэн тайлбар нэг бүрийг авч хэлэлцээд, Намын дүрмийг үндэслэн, “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 32 тоот тогтоол гаргасан.
Тогтоолд Хөгжлийн банкны зээлд нэр холбогдсон гишүүдийг өөрийн санаачилгаар хууль, хяналтын байгууллагад хүсэлтээ гарган гэм буруутай эсэхээ шалгуулахыг үүрэг болгосон. Эдгээр намын гишүүд хүсэлтээ гаргаагүй бол намаас түдгэлзүүлнэ. Гэм буруутай нь тогтоогдвол намын дүрмийн дагуу гишүүнээс хасна" гэсэн. Яг одоо Хөгжлийн банкны хэргийг шүүх хурал үргэлжилж байна. Түүнчлэн тэдний энэ байр суурь нүүрсний хулгай дээр ч ижил байх шиг байна. Намынхаа хоёр ч гишүүнийг УИХ-аас чөлөөллөө. "...Прокуророос дахиад нэр орж ирвэл хамгаалж авч үлдэхгүй" гэдэг дээр эднийхэн нэлээд сайн тохирчээ. Тэр ч байтугай "..."Ажнай" Д.Бат-Эрдэнийг авч үлдье" гэж санал өгсөн 19 гишүүндээ улс төрийн хариуцлага хүлээлгэх талаар ярьжээ. Тэднийг "...Нүүрсний 19" гэх болсон байна. Энэ талаасаа, МАН ирэх сонгууль гэхэд дотроо "их цэвэрлэгээ" хийчихсэн байх ёстой болж байна. Сонгууль хүртэл дахиад жил гаруйн зай байна. Олон хулгай "дэлбэрнэ", тэр хэрээр МАН-ын гишүүд холбогдоно. Тэгэхээр "...МАН-ынхан үгэндээ эзэн байж чадах уу" гэдэг л гол шалгуур нь болно доо. Үгнээсээ буцвал жилийн дараа "годройтно" гэсэн үг.
Харин АН бол 2020 онд хэдэн тийшээ болсон. Саяхнаас, гурван жилийн дараа туган дороо эргэж нэгдэж байна. Ингэж эвлэх гэж их л будилаан, маапаантай явдлууд болж байх шиг байна. Нэг үеэ бодвол, намын дарга Лу.Гантөмөр тамгатай, гэрчилгээтэй болчихлоо. Одоо тэр намаа цэгцлэх үүрэгтэй.
Тэгэх нь түүнд амаргүй л байх шиг байна.
Олон нялх хүүхэдтэй айл адил эндээс хоол нэхээд, тэндээс орилж дуудаад, энд өмдөндөө харваад, тэнд онхолдож ойчоод... Ер нь бол асуудал байна.
Яг одоо л гэхэд АН-ын хамгийн бат бөх "институци" болох УИХ дахь бүлэгт нь томоохон доргио орохоор болсон байна.
Тэр нь юу юм гэхээр Бүлгийн дарга Л.Цогтгэрэл нь удахгүй хуулийн хариуцлага хүлээж болзошгүй болжээ. Тэрбээр 2023 оны нэгдүгээр сарын 5-нд Төрийн ордонд зодоон хийсэн. Тодруулбал, үдийн 13:00 цагийн үед Д.Бат-Эрдэнэ, Ш.Адьшаа нарын хамт Б.Пүрэвдорж гишүүний өрөөнд үдийн цай уугаад сууж байжээ. Тэр үед нь Д.Ганбат гишүүн орсон байна. Тэгэхэд нь О.Цогтгэрэл "...Чи намайг гүтгэсэн" гэснээс болж маргаан болжээ. Д.Ганбат ч яаж дуугүй байх билээ дээ. Улмаар барилцаж аваад, О.Цогтгэрэл нь Д.Ганбатыг заамдаж, цамцных нь хоёр товчийг тасалсан байна. Бас 2-3 удаа цохиж нүүрэнд нь гэмтэл учруулжээ. Гишүүдийн зодооны талаар Д.Ганбатын зөвлөх "...УИХ-ын гишүүн Д.Ганбат бусдад зодууллаа" гэсэн дуудлагыг цагдаад өгсөн байна. Үүний дагуу хууль хяналтынхан ажиллажээ. Ямартай ч Шүүх эмнэлгийн шинжээчийн 2023 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн дүгнэлтэд "...Хохирогч Д.Ганбатын биед учирсан баруун хацар, доод уруулын салстын зулгаралт, баруун нүдний торлогийн цус харвалт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэжээ. Ингээд энэ зодооны асуудал дээр 2023 оны нэгдүгээр сарын 24-нд хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байгаа юм. Цагдаагийнхан Л.Цогтгэрэлд шинжээчийн дүгнэлт танилцуулж, гэрчийн мэдүүлэг авахаар найман удаа дуудсан боловч очоогүй байна.
Харин тэрбээр 2023 оны нэгдүгээр сарын 6-нд "... Д.Ганбат нь нэгдүгээр сарын 5-нд Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийж, Олимпын аварга хүн, Улсын начин хүнийг хооронд нь маргалдуулах боломжийг бий болгож, орон байрыг нь бэлдсэн хэмээн мэдэгдэж, намайг онц ноцтой хүн амины хэрэгт холбоотой мэтээр гүтгэж, нэр хүндэд халдсан" гэх гомдлыг Цагдаагийн байгууллагад гаргажээ. Үүнийх нь дагуу 2023 оны хоёрдугаар сарын 2-нд хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгажээ. Тэгэхэд "... Д.Ганбат нь О.Цогтгэрэлийн нэр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тараасан болох нь гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар тогтоогдсон" гэжээ. Үүнээс үүдээд "...О.Цогтгэрэл нь Л.Ганбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан" гэж буруутаж буй бололтой. О.Цогтгэрэл Увсад томилолттой яваа. Ирээд мэдүүлэг өгөх аж. Харин журмын нөхөд нь үүгээр далимдуулсан "хөдөлгөөн" ч хийж магадгүй нь. "...Түүний оронд Ж.Батсуурийг зүтгүүлнэ" гэж дуулдаж байна.
Түүнчлэн АН-ын удирдах албан тушаалуудын хуваарилалт ид яригдаж байна. Генсек дээр л гэхэд С.Баярцогт нар Ч.Өнөрбаярыг, Х.Баттулга талаас О.Алтангэрэлийг, Лу.Гантөмөр өөрөө Э.Одбаярыг зүтгүүлж байгаа аж. Яг одоогоор тохироонд хүрээгүй байна. С.Эрдэнийн тухайд "...ҮБХ-ны дарга болно" гэж тохирсон. Түүнийгээ ажил хэрэг болох цагийг хүлээж буй гэнэ.
АН-ын эвлэрэл нэгдлийн эргэн тойронд иймэрхүү мэдээ сэлт яригдаж байна.
Угаасаа АН бүтэн болох нь чухал. Гэхдээ "...Бүтэн боллоо" гэж хөөрөөд "хаалга, тооно"-оо дэлгэж хаяад байж болохгүй. Эс тэгвээс цэнхэр дээл өмссөн хэнбугай ч ороод хойморт нь ханхайж мэдэхээр байгаа юм.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл (0)