"...О.Цогтгэрэл нь зодож, Д.Ганбат нь гүтгэсэн"-ийг цагдаа шалгаж байна

Шинэ жилийн дараахан "...УИХ-ын гишүүд Төрийн ордонд зодолдлоо" гэж шуугисан. Тэр гишүүд нь О.Цогтгэрэл, Д.Ганбат хоёр болж таарсан. "...Зодолдсон" гэдгээ хоёулаа нотолсон. Тэгвэл өдгөө О.Цогтгэрэл нь Д.Ганбатыг зодоод биед хөнгөн гэмтэл учруулсан, Д.Ганбат нь О.Цогтгэрэлийг гүтгэсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоод байна. Тодруулбал, 2023 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өрөөнд Ш.Адьшаа, Д.Бат-Эрдэнэ, О.Цогтгэрэл нарын гишүүд үдийн цай уухаар цуглаад байжээ. Тэр үед нь Д.Ганбат гишүүн орсон байна. Тэгэхэд нь О.Цогтгэрэл "...Чи намайг гүтгэсэн" гэснээр маргалдаад барилцаж авчээ. Улмаар Д.Ганбатыг заамдаж аваад нүүрэнд нь 2-3 удаа цохисон байна. Үүний улмаас Д.Ганбатын цамцны хоёр товч тасарч, нүүрэнд нь гэмтэл учруулжээ. Тэднийг зодолдох үеэр Д.Ганбатын зөвлөх Б нь цагдаагийн 102 дугаарт дуудлага өгсөн байна. Цагдаагийнхан очиж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлэх үед Д.Ганбат Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Шүүх эмнэлгийн шинжилгээний газарт ханджээ. Шүүх эмнэлгийн дүгнэлт 2023 оны нэгдүгээр сарын 10-нд гарчээ. Түүнд "...Хохирогч Д.Ганбатын биед учирсан баруун хацар, доод уруулын салстын зулгаралт, баруун нүдний торлогийн цус харвалт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна" гэжээ. Ингээд УЕПГ-ын 2023 оны нэгдүгээр сарын 13-ны тогтоолоор МБА-ны Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар шилжүүлжээ. Тус хэлтсээс 2023 оны нэгдүгээр сарын 24-нд Эрүүгийн хуулийн 11.6.1-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж, О.Цогтгэрэлд шинжээчийн дүгнэлтийг танилууулж, түүнээс мэдүүлэг авахаар прокурорын мэдэгдэх хуудсыг өөрт нь, туслахад нь, мөн гэрийнх нь хаягаар найман удаа хүргүүлжээ. Гэсэн ч мань эр очоогүй байна. Харин сүүлд "...Дөрөвдүгээр сарын 21-28-нд хөдөө орон нутагт ажиллах болсон. Томилолтоос ирээд мэдүүлэг өгнө" гэжээ. О.Цогтгэрэл өнөөдрөөс мэдүүлэг өгөх бололтой.

Ийн тэрбээр Д.Ганбатыг зодож хөнгөн зэргийн гэмтэл учруулсан асуудлаар шалгуулж байна гэсэн үг. Гэхдээ тэр бас өөр асуудлаар Д.Ганбатын хохирогч болчихоод байгаа юм байна. Тэрбээр зодооны маргааш буюу 2023 оны нэгдүгээр сарын 6-нд ...Д.Ганбатад гүтгүүлсэн" гэх гомдлыг цагдаад гаргажээ. "...Д.Ганбат нь 2023 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Төрийн ордонд хэвлэлийн хурал хийж, Олимпын аварга хүн, Улсын начин хүнийг хооронд нь маргалдуулах боломжийг бий болгож, орон байрыг нь бэлдсэн хэмээн мэдэгдэж, намайг онц ноцтой хүн амины хэрэгт холбоотой мэтээр гүтгэж, нэр хүндэд халдсан" гэж гомдолдоо бичжээ. Тухайн өдөр Д.Ганбат гишүүн "...Ковидын үед Дүнжингаравын гадаа хууль бусаар хурал цуглаан хийж, АН-ын ҮБХ-ны гишүүдийг цуглуулсан. Ингэхдээ хөдөө ажиллаж байсан хүнийг дуудаж, Олимпын аварга, Улсын начин нарыг маргалдах нөхцөлийг бүрдүүлж, орон байрыг нь бэлдсэн. Ийм муухай зүйлийг О.Цогтгэрэл бий болгож, хийсэн. Гэмт хэргээр барьцаалагдсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хүмүүс АН-ыг байнга самардаг” гэсэн байдаг. Түүний дараа О.Цогтгэрэл "...Амьдралдаа хэзээ ч уулзаж байгаагүй хүмүүстэй холбож, хүнд гэмт хэрэгт удаа дараа гүтгэж бна. Хуулийн байгууллагаар шалгуулж тогтоолгоно" гэж цахим сүлжээнд бичиж байсан юм.

О.Цогтгэрэлийн гомдлын дагуу УЕПГ-аас 2023 оны хоёрдугаар сарын 1-нд тогтоол гаргаж, маргаашаас нь МБА-ны Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс шалгаж эхэлсэн байна. Эрүүгийн хуулийн 13.14.1-т зааснаар хэрэг үүсгэн шалгахаад "...Д.Ганбат нь О.Цогтгэрэлийн нэр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тараасан болох нь гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар тогтоогдсон" гэж үзжээ. Ийн 2020 оноос хойш УИХ дахь АН-ын бүлгийг даргалсан, одоо даргалж буй хоёр гишүүн бие биеэ зодсон, гүтгэсэн асуудлын цагдаагийнхан прокурорын хяналт дор шалгаж байна.

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (139.5.218.147)

    2023-05-01

    Цахимжилт буюу дигиталь нийгэм ажилгүйдлийг бий болгодог юм.