“Долоогийн бүлэг”-ийн сайд нар хиймэл оюун ухааны талаарх үйл ажиллагааны төлөвлөгөө баталжээ
- 2023-05-01
- Дэлхий
- 0
ТОКИО. /NHK/. “Долоогийн бүлэг”-ийн орнуудын Дижиталчлал, технологийн сайд нар хиймэл оюун ухааныг зүй зохистой хэрэглээг хангах зорилгоор үйл ажиллагааны төлөвлөгөө батлав.
Японы Гүнма мужийн Такасаки хотноо болсон сайд нарын хоёр өдрийн уулзалт ням гарагт өндөрлөж, талууд хамтарсан мэдэгдэл гаргажээ.
“ChatGPT” зэрэг бусад хиймэл оюун ухааны системүүдийг хэрэглэх хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа энэ үед сайд нар хиймэл оюун ухааныг хэрхэн хөгжүүлэх, зохицуулах талаар хэлэлцсэн байна.
Ийм системүүдийн хэрэглээ хурдацтай өсөн нэмэгдэж байгаа нь хувийн нууцлалыг зөрчих, мэдээлэл алдагдах вий гэсэн болгоомжлолыг төрүүлэх болоод байгаа юм.
Хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, талууд хиймэл оюун ухааны зүй зохистой хэрэглээний тухай таван зарчмын талаар зөвшилцөлд хүрчээ. Үүнд хуулийг дээдлэх, хүний эрхийг хүндэтгэх зэргийг тусгасан байна.
Мөн уг баримт бичигт технологийн хариуцлагатай хэрэглээг дэмжихийн тулд хиймэл оюун ухааны үр нөлөө, сорилтуудад дүн шинжилгээ хийх үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулжээ.
Сайд нар хил дамнан мэдээлэл дамжуулах асуудлын талаар мөн хэлэлцэж, “мэдээллийн итгэлтэй чөлөөт урсгал”-ын үзэл санааг дэмжих тогтолцоог бүрдүүлэхээр тохиролсон байна.
Талууд мөн ОХУ-ын түрэмгийллийн үеэр дижитал дэд бүтэц нь хохирол амсаад байгаа Украинд дэмжлэг үзүүлэхээ дахин нотолжээ хэмээн Монцамэ агентлаг мэдээллээ.
Сэтгэгдэл (0)