Д.Сумъяабазар: Хотын түгжрэлийг бууруулах хүрээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх тодорхой бид ажлуудыг хийлээ

НИТХ-ын ээлжит XVIII хуралдаан болж байна. Энэ хуралдаанд УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан боловсролын салбарын шинэчлэл, тулгамдаж буй асуудлууд, үүнийг шийдэх гарц, боломжуудын талаар иргэдийн төлөөлөгчдөд танилцуулав.

Тухайлбал, боловсролын салбарт хэрэгжүүлж буй гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцооны талаар онцолсон юм. Боловсролын салбарт хийж буй ажлууд, авах арга хэмжээ үр дүнтэй байх гол үндэслэл нь гүйцэтгэлийн үнэлгээ гэдгийг тэрбээр тодотгосон. “Уг үнэлгээг хийхэд боловсролын чанарын үнэлгээг хийх шаардлагатай. Монгол Улсын боловсролын чанар, тэр дундаа хөтөлбөрийн тухайд дээд эрэмбийн ур чадварыг эзэмшүүлэх тал дээр сул байна. Мөн математик, англи хэл зэрэг хичээлийн хоцрогдол их байгааг Дэлхийн банкнаас хийсэн судалгаа харуулсан” гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, шалгалтад бэлдэж сургадаг хөтөлбөрөөс амьдралд бэлддэг хөтөлбөрт шилжих нэн шаардлагатай байгаа юм.

Эдгээр асуудлыг шийдэхийн тулд ерөнхий боловсролын сургуулиудын менежментийг сайжруулах, боловсролын салбарт цахим шилжилтийг хурдасгах арга хэмжээ авч буй. Тухайлбал, сурагчдад зориулсан “Eduten”, “Pearson”, “Suraad”, “Medle”, цэцэрлэгийн насныханд зориулсан “Elf” платформуудыг туршиж буй.

Энэ салбарт тулгамдаж буй асуудлуудын нэг нь сургууль, цэцэрлэгийн хүртээмж. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах, хамрагдалтыг нэмэгдүүлэхээр Засгийн газар, нийслэлийн удирдлага хамтран богино хугацаанд оновчтой шийдэл гарган, санхүүжилтийг шийдэн хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн хэмээн тэрбээр онцолсон юм. Тухайлбал, хамрах тойрогт цэцэрлэгт бүртгэхдээ сугалаагаар шийддэг байсныг халсан. Ингэхдээ бүртгэлийг цахимаар хийж, хамрах тойргийг зарлахдаа улсын болон хувийн цэцэрлэгүүдийг багтааснаар сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтыг 95 хувьд хүргэж чадсан байна.

Тэрбээр "Богино хугацаанд авсан энэ арга хэмжээний дүнд сургуулийн өмнөх насны 141 мянган хүүхдээс 120 гаруй мянгыг нь цэцэрлэгт хамруулж чадсан. Энэ бол бүс нутгийн хэмжээнд өндөрт тооцогдох үзүүлэлт. Энэ хүрээнд улсын төсвөөс гаргасан 100 тэрбум төгрөгөөр цэцэрлэгийн хувьсах зардлыг санхүүжүүлсэн бол нийслэлээс баталсан 82.7 тэрбум төгрөгөөр цэцэрлэгийн өргөтгөл, нэг давхрын цэцэрлэгийн зориулалттай барилга худалдан авах, томоохон хотхон, хороололд түрээсийн цэцэрлэг бий болгох, байгууллагын дэргэдэх цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээг дэмжих, мөн ачаалал ихтэй улсын цэцэрлэгийг өргөтгөх, засвар үйлчилгээ хийх арга хэмжээ авсан" хэмээлээ. 

Харин ерөнхий боловсролын сургуулийн хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд бодлогын арга хэмжээ авах шаардлагатайг тэрбээр тэмдэглэсэн юм. Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 296 сургуульд 364 орчим мянган хүүхэд суралцаж буй. Цаашид сургуулиудын ачааллыг бууруулах, гурван ээлжээр хичээллэхийг халах боломж бүрдүүлэх нь чухал байна. Гэвч 2023-2024 оны хичээлийн жилд 54 сургуулийн 669 бүлэг, 33 мянга гаруй сурагч гурван ээлжид шилжин хичээллэхэд хүрээд байгаа юм. Тиймээс сургуулиудын ачааллыг бууруулахад Засгийн газар, нийслэлийн удирдлага, иргэдийн төлөөлөгчид анхаарч бодлогын шийдэл гарган, дэмжиж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд уриалж байлаа.

Түүнчлэн боловсролын чанар, хүртээмжийн асуудалд анхаарч, дэмжлэг үзүүлэн манлайлж ажилласан Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгч Н.Баярчимэг, Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгч Ү.Оюунзул нарт тэрбээр талархал илэрхийллээ.

Цаашид боловсролын хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, энэ чиглэлд тулгамдаж буй асуудлыг шийдэх гарцуудын талаар тэрбээр танилцуулсан юм. Тухайлбал, газар зүйн мэдээллийн систем (School Mapping)-д суурилсан төлөвлөлт хийх, хамран сургах тойрог тогтоох нэгдсэн аргачлал баталж хэрэгжүүлэх, ерөнхий боловсролын сургуулиудыг төрөлжүүлэх, цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх, багшийг компьютержуулах, боловсролын байгууллагын цахим шилжилтийг эрчимжүүлэх зэрэг шийдлүүд бий. Түүнчлэн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд аж ахуйн нэгжүүдийг оролцоог дэмжих, байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжих, цэцэрлэг болон сургуулийн зориулалттай барилгыг урт хугацаанд түрээслээд өмчлөх хэлбэрээр эзэмших боломжийг бий болгох нь чухал байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудлыг шийдэхэд нийслэл хот болон салбар хариуцсан яамны уялдаа холбоо, хамтын ажиллагаа эрчимжиж, хийсэн ажлын үр дүн гарч байгаад талархаж байна. Хотын түгжрэлийг бууруулах хүрээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх тодорхой бид ажлуудыг хийлээ. Сая танилцуулж буй шийдлүүдийг ажил хэрэг болгоход хот анхаарч, хамтран ажиллах болно хэмээлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)