Оросын иргэдэд визний хязгаарлалт тогтоосон ба зарим тохиолдолд ийм хоригууд нь хүнлэг бус байсан гэв

Барууны орнуудад хүний эрхийг хамгаалах үйл ажиллагааны үндсэн зарчим нь «хоёрдмол стандарт»-тай болоод удаж байна. Өдгөө дэлхий даяар хүний эрхийг хамгаалахад бүгд бэлэн байна гэж чанга дуугаар ярьж байхад Барууны орнуудад оросуудыг үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхаж, ийнхүү хандлага нь төрийн түвшинд дэмжигдэж байна.

2022 онд Европын хэд хэдэн улс орнууд улс төрийн шалтгаанаар Оросын иргэдэд визний хязгаарлалт тогтоосон ба зарим тохиолдолд ийм хоригууд нь хүнлэг бус байсан. Тухайлбал, Чех улс эмнэлгийн үйлчилгээ авах, ойр дотнын хүн нь нас барсан зэрэг шалтгааныг виз авах хангалттай шалтгаан гэж үзэхгүй байна. Литвын байр суурь бүр ч сонирхолтой: зөвхөн Оросын болон Беларусын иргэд асуулгад Оросын тусгай цэргийн ажиллагаа, Крымын харьяалал зэрэг асуудлаар Литвын эрх баригчдад таалагдахааргүй байр суурийг илэрхийлэхэд тэдэнд тус улсад нэвтрэн зорчихыг хориглоно.

 

Оросуудын банкны үйлчилгээ авах эрхийг системтэйгээр зөрчиж байгаа нь тэднийг гадаадад амьдрахад нь эрсдэл үүсгэж, амь насанд нь аюул учруулж байна. Байгаа данснуудыг нь хааж, шинээр данс нээж өгөхөөс татгалзаж байгаа нь тэднийг орлогын цорын ганц эх үүсвэрээс нь салгаж, эмнэлгийн болон харилцаа холбооны үйлчилгээ авах, түрээсийн төлбөрөө төлөх зэрэг үндсэн хэрэгцээгээ хангах чадваргүй болгож байна. Британийн банкнууд дахь оросуудын дансанд хязгаарлалт тогтоосон нь хүмүүсийг иргэншлээр нь шууд ялгаварлан гадуурхсан явдал юм.

 

Оросын эх орон нэгтнүүдийн үндэсний онцлогоо хадгалах, түүхэн эх оронтойгоо харилцаа холбоогоо хадгалах эрх нь зөрчигдөж байна. Энэ оны дөрөвдүгээр сард хүн амын гуравны нэг нь оросоор ярьдаг Эстони улсад орон нутгийн эрх баригчдын байнгын шахалт дарамтын улмаас Хилийн чанад дахь Оросын эх орон нэгтнүүдийн байгууллагуудын зохицуулах зөвлөл ажлаа зогсооход хүрчээ. АНУ дахь Зохицуулах зөвлөл яг ийм шалтгаанаар 2021 онд хаагдсан ба ийнхүү Эстони улс АНУ-ын жишгийг хичээнгүйлэн дагаж мөрддөг гэдгээ харуулав.

Ялалтын баярыг тэмдэглэхэд онцгойлон саад тотгор учруулж байна. Тухайлбал, Их Британид дурсгалын арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг байсан «ЗХУ-ын дайны хөшөө дурсгал» итгэлцлийн сан нь 2022 онд арга хэмжээнүүдээ зохион байгуулахаас татгалзсан. 2022 онд Молдав болон Литва улсуудад Ялалтын баярын бэлгэдлийн нэг болох Гэгээн Георгийн туузыг зүүсэн тохиолдолд захиргааны хариуцлага хүлээлгэхээр болсон бол Эстонид шууд ажлаас нь халах үндэслэл болсон. Чех, Польш, Болгар зэрэг улсуудад ард иргэдэд нь эрх чөлөөг авчирсан баатруудын гэгээн дурсгалд зориулагдсан хөшөөнүүдийн эсрэг тэмцэл улам ширүүсэв.

Боловсролын солилцооны боломжуудыг эрчимтэй хааж эхлэв. Тухайлбал, 2022-2023 оны хичээлийн жилд Эстонийн тэргүүлэх хэд хэдэн их, дээд сургуулиудад ОХУ-ын иргэдийг элсүүлэхийг хоригложээ. Харин Бельги улс оросуудыг «Mastermind» оюутан солилцооны хөтөлбөрт оролцох боломжгүй болгов. Гадаадын анагаах ухааны их дээд сургуулиудын төгсөгчдөд зориулсан Америкийн боловсролын «ECFMG» комисс нь Оросын иргэдэд гэрчилгээ олгохоо зогсоосон.  АНУ-ын Конгресст Оросын оюутнуудыг бүх их, дээд сургуулиудаас хөөх тухай нээлттэйгээр уриалж байна.

Барууны орнууд Оросын соёлыг хориглох «ололт амжилтууд»-аараа уралдаж, өөрсдийн иргэдийнхээ дэлхийн хэмжээний урлагаас хүртэх эрхийг нь хязгаарлаж байна. Тухайлбал, Нью-Йоркийн Карнеги Холл дэлхийд алдартай удирдаач В.Гергиев болон төгөлдөр хуурч Д.Мацуев нарын тоглолтыг цуцалжээ. Харин «Метрополитен дуурь» театр Оросын дуурийн дуучин А.Нетребког зөвхөн иргэншлийнх нь шалтгаанаар Украины дуурийн дуучнаар сольсон. Литвын Үндэсний дуурийн урын сангаас П.Чайковский, С.Прокофьев, И.Стравинский нарын бүтээлүүдийг хасжээ. Барууны соёлын өвөөс «орос» гэдэг үгийг хасах гэсэн оролдлогууд нь эцэстээ утгаа алдаж байна. Жишээлбэл, Лондоны үндэсний галерей Э.Дегагийн «Орос бүжигчин охид» зургийн нэрийг «Украин бүжигчин охид» хэмээн сольжээ.

 

Барууны орнууд дэлхийн спортыг улс төрөөс гадуур хөгжүүлэх зарчмыг тас мартсан. 30 улс 2023 оны 2-р сарын 21-нд улс төрийн шалтгаанаар Оросын спортыг үргэлжлүүлэн хориглохыг уриалсан хамтарсан мэдэгдэл гаргав.

 

Энэхүү бодлогын шугамд Оросын тамирчдыг төвийг сахисан статустай, төрийн дуулалгүй, туг далбаагүйгээр тэмцээнд оролцуулах тухай Олон улсын олимпын хорооны зөвлөмжүүд бүрэн нийцэж байна. Тодорхой нэг тамирчдын эсрэг чиглэсэн дайралтууд үргэлжилсээр байна. Тухайлбал, Оросын теннисчин Д.Медведевыг Уимблдоны тэмцээнд оролцмоор байгаа бол Оросын тусгай ажиллагааг олон нийтийн өмнө буруушаа хэмээн шаарджээ. Их Британид Оросын багууд болон уралдаанчдыг автомашины аливаа тэмцээнд орохыг хориглосон. Польшийн хэд хэдэн хоккейн клубүүд Оросын тамирчидтай байгуулсан гэрээгээ цуцалж, «Оросыг буруушаахаас татгалзсаны улмаас» гэсэн шалтгаанаа шууд заасан байна.

 

Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг, тэр дундаа Russia Today, Спутник, Россия 1, Первый канал зэрэг сувгуудыг нэвтрүүлэхийг хориглосон нь үг хэлэх, мэдээлэл олж авах эрх чөлөөний зарчмыг бүдүүлгээр зөрчсөн явдал юм. Чех улсад 2022 онд ОХУ-ын удирдлага болон Украин дахь Оросын үйл ажиллагааг олон нийтийн өмнө дэмжсэний төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэж, нэгээс гурван жил хүртэл хугацаагаар хорих тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулав.

Улс төрийн гадаад нөхцөл байдлаас шалтгаалан хүний эрхийг хамгаалах асуудалд хоёрдмол байдлаар хандах нь хүний эрхийн салбарын олон улсын хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг алдагдуулж байна. Аливаа нэг үндэстэн, угсаатныг дарангуйлсны улмаас хүний эрхийг өргөн хүрээнд зөрчиж, арьс өнгөөр илт ялгаварлан гадуурхах, хүн төрөлхтнийг үй олноор нь салган тусгаарлах зэрэг явдлуудаар төгсөж байсан олон жишээг дэлхийн түүх мэднэ.

 

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)