Эрүүл мэндийн салбарын хүний нөөц, сургалт, цалин хөлсний талаарх мэдээллийг сонслоо

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо (2023.05.02) хуралдлаа. 

Энэ үеэр Байнгын хорооны хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, тус салбарын хүний нөөц, сургалт, цалин хөлсний талаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр мэдээлэлдээ, эрүүл мэндийн салбарт нийт 63340 хүн ажиллаж байгаагийн 81.9 хувь нь эмэгтэйчүүд, 24.7 хувь нь эмч байгаа талаар дурдаад, манай улсад эмч, сувилагчийн харьцаа 1:1 буюу нэг эмчид нэг сувилагч оногдож байна гэсэн юм. Энэ үзүүлэлт олон улсын жишигт 1:3 буюу нэг эмчид гурван сувилагч оногддог талаар тэрбээр тайлбарлаад, 2022 оны байдлаар манай улсын 10 000 хүн тутамд 189.6 эрүүл мэндийн ажилтан оногдож буйн 41.8 нь сувилагч, 41.9 нь эмч байгааг судалгаа, статистик эш татан танилцуулсан юм.

Эмч, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн өмнөх сургалт явуулж буй 14 их, дээд сургуулийг 2022 онд төгсөгчдийн 52.0 хувийг их эмч, 20.8 хувийг эм зүйч, 22.5 хувийг сувилагч, эх баригч, 3.7 хувийг эм найруулагч,1.02 хувийг хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч эзэлж байна. Цаашдаа эмч, мэргэжилтэн бэлдэж буй их, дээд сургуулиудыг магадлан итгэмжилж, чанаржуулах шаардлагатайг сайд тэмдэглээд, зарим хувийн сургуульд ердөө нэг анги хичээллэж байгааг жишээлэн дурдав.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2200 орчим резидент эмч төгсөлтийн дараах сургалтад суралцаж буй бөгөөд төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтад суралцагчдын тоог аймгуудын саналд үндэслэн тогтоож, улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлдэг байна. Төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн төгсөгчдөөс 350 орчим хүн гэрээнийхээ дагуу захиалга өгсөн орон нутагтаа очиж ажиллахгүй байна гэсэн судалгаа гарчээ.

Анхан шатны буюу сумын эрүүл мэндийг төвүүдэд сувилагчдын хэрэгцээ хамгийн өндөр байгааг сайд мэдээлэлдээ дурдаад, сувилагчдыг нэмэгдүүлэх хэд хэдэн арга хэмжээ авч байгаа ч өргөн цар хүрээтэй болж чадахгүй байна хэмээгээд тэрбээр Өвөрхангай аймагт хоёр жилийн хугацаатай дипломын сувилагч бэлтгэж байгаа болон эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй үйлчлэгч, бусад туслах ажилтан, бүрэн дунд боловсролтой иргэдээс туслах сувилагч бэлтгэж байгаа талаар танилцуулсан юм. Мөн эмчийн хэрэгцээ шаардлага өндөр байгааг ч дурдлаа. Салбарын төрийн захиргааны төв байгууллага, агентлаг, харьяа газруудын боловсон хүчний томилгоо ихээхэн удаашралтай байгаа нь мөнхүү хүндрэл үүсгэж буйг ярив.

Эдгээрийн зэрэгцээ томоохон эмнэлгүүдийн бүтцийг шинэчлэн баталж, мөрдүүлэх, боловсронгуй болгох шаардлагатайг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэлдээ дурдаж, Эрүүл мэндийн тухай болон Нийгмийн эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдэд яамдаас санал авч, Улсын Их Хуралд өргөн барихад бэлэн болоод байгааг онцолж, хуулийн төсөлд төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээтэй холбоотой асуудалд өөрчлөлт оруулахаар тусгасныг дэмжиж өгөхийг хүсэв. Эрүүл мэнд, эмнэлгийн байгууллагуудад ТУЗ байх шаардлагагүй гэж сайд үзэж буй аж.

Эрүүл мэндийн салбарын цалин хөлсний сан 2016 оноос өнөөдрийг хүртэл үндсэндээ хоёр дахин нэмэгджээ. Засгийн газрын 107 дугаар тогтоолоор цалингийн доод жишгийг тогтоосон бөгөөд одоогийн байдлаар эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсний дундаж хэмжээ 1.5 сая төгрөг байна. Үүний дотор өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, ажилтнуудын цалингийн дундаж 2.3 сая төгрөг буюу салбартаа хамгийн өндөр байгаа аж. Харин сумдын эрүүл мэндийн төвүүдийн цалингийн дундаж 1.2-1.4 сая төгрөг байна. Иймд сумдын эрүүл мэндийн төвийн эмч нар, үйлчилгээний ажилчдын цалинг энэ оны долдугаар сараас 30 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр ажиллаж байгаагаа Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулав.

Цаашид холбогддох хууль, тогтоомжид зохих өөрчлөлтүүдийг оруулж, аймаг, сумдын эрүүл мэндийн газар, эмнэлгийн удирдлагуудыг тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлэх, салбарын ажилтнууын эрсдлийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, байгууллагын болон мэргэжилтний хариуцлагын даатгал бий болгох талаар Санхүүгийн зохицуулах хороотой, мэргэжлийн чиглэл, индексийг шинэчлэх, эмч, сувилагчийн харьцааг 1:3 болгож бэлтгэх, сургалтын орчныг сайжруулах талаар Боловсрол, шинжлэх ухааны яамтай, хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтыг шинэчлэх, цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай тус тус хамтран ажиллаж байгаагаа тэрбээр танилцуулав. Эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн баталгааг хангах, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Худалдаа хөгжлийн банктай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байна.

Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн хийсэн тус салбарын хүний нөөц, сургалт, цалин хөлсний асуудлаарх мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Д.Батлут, Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн, Ц.Сандаг-Очир, Б.Жаргалмаа нар асуулт асууж үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд сувилагч бэлтгэж буй бодлого, сургалтын тогтолцоо, эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн баталгаа, орон сууцны хангамж, амьдрах нөхцлийг сайжруулах талаар авч буй арга хэмжээ, боловсон хүчний дутагдалтай байдалд орсны шалтгаан, түүнийг арилгах, эрүүл мэндийн анхан шатны байгууллагын удирдлага, зохион байгуулалт, тэднийг чадавхжуулах, салбарын хүний нөөцийн бүртгэл, цахимжилт, төгсөлтийн дараах сургалтын зарчим, санхүүжилт, чиг хандлага зэрэг олон асуудлаар асуулт асууж, хариулт авав. Улсын Их Хурлын гишүүдийн асуултад Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, түүний зөвлөх Ц.Эрдэмбилэг, АШУҮИС-ийн дэд захирал Б.Дамдиндорж, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа, Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг нар хариулт өгөв.

Эрүүл мэндийн салбарт сүүлийн 80 жилд бэлтгэгдсэн нийт боловсон хүчний 90-ээс дээш хувийг 1942 онд байгуулагдсан АШУҮИС бэлтгэсэн бөгөөд сүүлийн таван жилд тус сургуулийн элсэгчдийн тоо тасралтгүй өссөөр байгаа юм. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх төгсөлтийн өмнөх сургалт Боловсрол, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд явж буй бол төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалт Эрүүл мэндийн сайдад харъяалагдаж байна. Үүнээс болж боловсон хүчнийг салбарын хэрэгцээнд суурилж бэлтгэх бодлого алдагдаж, эмч, сувилагч, мэргэжилтнүүдийн харьцаа ихээхэн алдагдаад байгаа юм. Иймд Дархан-Уул аймаг дахь АШУҮИС-ийн харъяа сургуулийн зөвхөн сувилагч бэлтгэх чиглэлээр зохион байгуулж байгаа ажээ.

Эрүүл мэндийн сайд болон Ажлын хэсгийн мэдээллийг сонссоны дараа Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин үг хэлж, 2020-2022 онд Японд өндөр настныг асрах ажил хийхээр 90 орчим сувилагч гарч явсан, КОВИД19 цар тахлын ажлын ачааллаас шалтгаалан 600 гаруй эмч, сувилагч ажлаасаа гарсан гэх мэт тоо баримтыг дурдан, зөвхөн энэ салбарт бус нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт тулгараад байгаа алдсан хүний нөөцийг нөхөх, нийгмийн баталгааг хангах, цалин хангамжийг шийдвэрлэх зэрэг асуудлуудаар идэвх санаачлага гаргаж ажиллахыг Байнгын хорооны гишүүдэд зөвлөлөө

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)