Х.Нямбаатар: Авлигын төсөөллийн индексийн үзүүлэлтийн үнэлгээг сайжруулахаар ажиллаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны тавдугаар сарын 3-нд болж,  “Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас гаргасан 2022 оны Авлигын төсөөллийн индекст Монгол Улсын гаргасан үзүүлэлт болон 2023-2024 онд баримтлах стратегийн талаар хэлэлцлээ. Авлигын төсөөллийн индексийг тодорхойлоход нөлөө үзүүлэх бусад шалгуур үзүүлэлт (индекс)-ийг тодорхойлоход оролцдог байгууллагуудтай хамтран ажиллах, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах ажлын төлөвлөгөө гарган Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгалаа.
“Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас гаргасан 2022 оны Авлигын төсөөллийн индекст Монгол Улс 33 оноо авч 180 орноос 116 дугаар байрт эрэмбэлэгдэн чансаа буурсан үзүүлэлттэй гарсан. Монгол Улс өнгөрсөн жил авлигатай тэмцэх тогтолцоог сэргээх талаар зарим сайшаалтай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн ч одоо байгаа авлигын эрсдэлтэй тэмцэхэд хангалттай биш байна гэж үзээд дараах дүгнэлтийг өгчээ.   
·        Байгалийн баялаг ихтэй Монгол Улсад баялгийн үр өгөөж төвлөрүүлэх, хуваарилах, зарцуулах болон шийдвэр гаргахтай холбоотой мэдээлэл нэгдсэн байдлаар ил тод болоогүй, зохицуулалт хангалтгүй нь ихээхэн асуудал дагуулж байна.
·        Төрийн албан хаагчид нь нийтийн ашиг сонирхлоос илүү хувийн ашиг сонирхлыг чухалчлан ажиллаж байгаа нь нийслэл хотод жагсаал болоход хүргэж байна.
·        Засгийн газар нь нөхцөл байдлыг сайжруулах хэд хэдэн арга хэмжээ авах шаардлагатай байна. Үүнд, төрийн худалдан авах ажиллагааны хуулийг шинэчлэх, авлигад өртсөн албан тушаалтныг төрийн албанаас чөлөөлөх, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн засаглалыг стандартчлах, төрөөс томилогдсон албан тушаалтнуудын хариуцлага хүлээдэггүй байдлыг зогсоохын тулд бүх шатанд ил тод байдлыг хангуулах шаардлагатай гэжээ.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлаж “Таван Ш ажиллагаа”-г хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд Авлигын төсөөллийн индексийг тодорхойлох эдгээр шалгуур үзүүлэлт (индекс)-ийг сайжруулахаар  ажиллаж байгааг сайд онцоллоо.
Энэ хүрээнд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Төрийн бус байгууллагын тухай хууль, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийн төсөл болон төрийн үйлчилгээний цахимжилт, хүртээмж, төрийн өмчит үйлдвэрийн газрын ил тод байдал, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, гадаад улсын буцалтгүй тусламж, зээл зэрэг асуудлаар тогтмол мэдээлэл өгч ажиллана гэж сайд хэллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)