Г.Занданшатар: Төрийн албаны шинэчлэлийн хүрээнд ёс зүйн хэм хэмжээг төлөвшүүлэх суурь механизмыг бүрдүүлнэ
- 2023-05-04
- Улс төр
- 0
“Төрийн албан хаагчийн хандлага, ёс зүйн өөрчлөлт бүтээмжид нөлөөлөх нь” сэдэвт сургалт болж, нийслэл хот болон 21 аймгийн засаг даргын тамгын газрын удирдлагууд хамрагдлаа. Уг сургалтыг Улсын Их Хурлын Тамгын газар болон Төрийн албаны зөвлөлийн санаачлагаар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм. Сургалтыг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар улс орны гадаад, дотоод нөхцөл байдал, цаг үеийн хүчин зүйлсээс шалтгаалан төрийн албаны шинэчлэлийг бүх шатанд, цогцоор нь хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага бий болсныг тэмдэглэв. Тэрбээр үргэжлүүлэн, энэ шинэчлэл нь төрийн албан хаагчийн цалин хөлс, ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулах, түүнчлэн төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагыг нэмэгдүүлснээр нэр хүндийг дээшлүүлж, иргэдийн итгэлийг сэргээх зорилготойг онцоллоо. Гүйцэтгэлийн үр дүнд суурилсан цалингийн тогтолцоо нь хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлдэг олон улсын сайн жишиг бий. Улсын Их Хурлаас 2023 онд төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, цалин хөлсний тогтолцоонд шинэчлэл хийх зорилтыг тавьж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар дурдсан юм.
Мөн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Түүнчлэн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиар иргэддээ ижил тэгш үйлчилдэг, ажилдаа ёс зүй, хариуцлагыг эрхэмлэдэг, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх тогтолцооны суурийг бүрдүүлэхэд чиглэж байгаа гэдгийг УИХ-ын дарга тэмдэглэн хэлэв. Энэ хүрээнд нийслэл, хөдөө орон нутгийн төрийн байгууллагуудад ажил олгогч, татвар төлөгч иргэд, хууль хяналтын байгууллагын төлөөлөл бүхий Ёс зүйн зөвлөл ажиллах бөгөөд нэгдсэн хяналттайгаар ил тод үйл ажиллагаа явуулах аж. Аливаа ёс зүйгүй үйлдэл гаргасан, албан тушаалаа урвуулан ашигласан, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн зэрэг үйлдлүүдийг таслан зогсооход зөвлөлийн үйл ажиллагааны зорилго оршино. Мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэхийн тулд хандлага, ёс зүйд суурилсан, чадамж, бүтээмжийг чухалчилсан ил тод сонгон шалгаруулдаг байхаар зохицуулна гэдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар дурдлаа.
Манай улсад нийт 4232 төрийн байгууллагад 225205 төрийн албан хаагч ажиллаж байгаагаас 66,7 хувийг төрийн үйлчилгээний албан хаагчид эзэлдэг. Түүнчлэн хөдөө орон нутагт төрийн албанд ажиллах боловсон хүчний хомсдол байгааг хөндөж, албан хаагчдын нийгмийн баталгааг хангах талаар санал, сэтгэгдлээ оролцогчдын зүгээс уламжиллаа. Уг сургалтаар Төрийн албаны зөвлөлийн гишүүд, зөвлөх экспертүүд холбогдох сэдвээр илтгэл хэлэлцүүлж, харилцан санал солилцов.
Сэтгэгдэл (0)