Д.Сумъяабазар: “5Ш” хөтөлбөрийн үр дүнд төрийн албан хаагчдын унасан нэр хүнд сэргэнэ гэж үздэг
- 2023-05-04
- Үнэн
- 0
Монгол Улсын Засгийн газраас авлигатай тэмцэх чиглэлээр санаачилсан “5Ш” хөтөлбөрийн “Шил” ажиллагаа нь иргэн нь төрөө шууд хянаж, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилготой. Уг ажиллагааг олон нийтэд таниулах, төрийн албан хаагчдад цахим шилжилтийн талаар мэдээлэл өгөх үүднээс Цахим хөгжил, харилцаа холбооны яам (ЦХХХЯ), НЗДТГ-аас хамтран зохион байгуулж буй "Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо" сэдэвт цуврал уулзалт боллоо.
Уг уулзалтанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй цахим шилжилтийн бодлогыг танилцуулав.
Тэрбээр “Өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг Налайх дүүргээс удирдан зохион байгуулсан. Энэ хүрээнд Налайх дүүрэгт тулгамдаж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх, үүсээд буй асуудлуудыг яаралтай шийдвэрлэх, төсвийг нягтлан харахыг холбогдох албаныханд даалгасан. Мөн Монгол Улсын Засгийн газраас “5Ш” хөтөлбөр буюу авлига, хүнд сурталтай тэмцэх ажилд онцгойлон анхаарч байна. Нийслэлийн зүгээс ч цахим шилжилтийг эрчимтэй хийж, технологийн тусламжтайгаар авлига, хүнд суртлаас ангижирч, төрийн үйлчилгээний бүтээмжийг сайжруулахаар зорьж байгаа. Төрд сэтгэл дэвсэн, сайн ажиллаж буй чадварлаг залуучууд олон бий. “5Ш” хөтөлбөрийн үр дүнд төрийн албан хаагчдын унасан нэр хүнд сэргэнэ гэж үздэг. “Шил” ажиллагаа бол төрийн хэмнэлт, санхүүгийн хэмнэлт, цаг хугацааны хэмнэлтийг бий болгох давуу талтай” хэмээж байлаа. Түүнчлэн хөдөөгийн сэргэлтийг хийж байж хотын сэргэлтийг эрчимжүүлэх бөгөөд үүний тулд хөдөө, орон нутгийн албан хаагчдын цалинг нэмж, амьдрах нөхцөлийг сайжруулах ёстойг онцолж байв.
Сэтгэгдэл (0)