Англи хэлэнд сургах уу, аль эсвэл англи хэлний тухай заах уу?
- 2023-05-05
- Нийтлэл
- 0
Монгол хүн бүр монгол хэлтэй боловч хэлний түвшин нь, үгсийн сан нь, өгүүлбэр зүйн бүтэц нь, түүгээрээ өөрийгөө болон үзэгдэл юмсын талаар илэрхийлэх чадвар нь өөр өөр юм. Хэдий эх хэл нь боловч бүрэн дүүрэн ойлгох, ярих атал бичгийн хэлгүй нь ч бий. Зөв бичгийн дүрэм маруухан, бүтэн өгүүлбэр, бүр цаашлаад хэд хэдэн өгүүлбэрээс хавсарсан нийлмэл өгүүлбэр бүтээх зэрэг чадвар монгол хүн бүрт байгаад байдаггүй нь үнэн юм.
Эх хэл ч бай, гадаад хэл ч бай яг адил. Хүн өөрийн түвшинд л эзэмших хэрэглээ юм.
Англи хэлийг нэгдүгээр ангиас заалгалаа гээд аль түвшний чадварыг бид яриад зориод байгаагаа ч мэдэхгүй баахан маргаж байна. Англи хэлийг нэгдүгээр ангиас үзэхийг дэмжиж байгаа эцэг эхчүүд, томчуудын төсөөлөл бол энэ шийдвэрийн улмаас хүүхдүүд асар өндөр академик түвшинд англи хэлийг эзэмшчих юм шиг, тэр боломжийг нь хаан боогдуулах буй мэтээр харамлаж байх аж.
Хэрэв тийм байсан бол нэгдүгээр ангиас заалгах байтугай төрөхдөө аваад төрчихсөн та бидний эх монгол хэлний чадвар хүн амын дийлэнхэд /миний бодлоор 75 хувьд/ зөвхөн хэрэглээ буюу ярих, ойлгох, сонсох түвшний л болохоос биш яг академик түвшин бол үгүй. Дүрэм таг, зөв бичих дадал таг /зөв бичиж сурах нь дадал, давтлагаар л суудаг болохоос биш бүгд л хэлнийхээ зүй тогтол, дүрмийг ойлгочихсондоо зөв бичдэг юм биш/, найруулга зүй таг, утга, уран яруу илэрхийлэл таг тийм л түвшинд бидний ихэнх эх хэлээ эзэмшсэн байдаг.
Тэгэхээр юу хэлэх гээд байна вэ гэхээр тэр түвшний англи хэлийг бол орчин үеийн хүүхдүүд өнөөдрийнх шиг тавдугаар ангиасаа үзэхэд, тэрийг хүлээхгүй наана нь ч сурчихаж байгаа. Эрт орой үзэж эхлэхдээ биш тэр хэлийг зааж сургаж байгаа систем, арга зүй, агуулга, чанар, ухамсар, зорилгодоо л хэр түвшинд эзэмших нь тодорхойлогдоно.
Яг зорьсон, зориулагдсандаа /үүнийг л мөнгөөр авч байгаа/ л хувийн, хэлний сургуулиудын хүүхдүүд англи хэлийг арай илүү түвшинд сураад байгаа болохоос биш тийм системийг хөдөлмөр, хөрөнгө оруулалтаар зориудаар бий болгоогүй орчинд заасан мэдлэг өдгөө бид арифметик прогресс, геометр прогрессоо ямар ялгаатайг дийлэнхээрээ мэддэггүйтэй л ижил түвшний үр дүн үлдээнэ. Хэрэв бид хүүхдүүдээ тэгш боловсролоор хангахын тулд өнөөдрийн сэдвийг ярилцаж байгаа бол Засгийн газар одооны хөтөлбөртөө сайн хөрөнгө оруулалт хийж, /лиценз худалдан авахаас эхлээд мөнгө зар/ багш нараа бэлтгэж, агуулга, үр дүнгээ л сайжруулах нь үүрэг юм.
Хоёрдугаарт, энэ маргааны хүрээнд үндэстний асуудал хөндөгдөөд байгаа нь хүүхдүүдээс англи хэлийг харамлаад байгаадаа бас биш юм.
Уугуул соёлтой улс дэлхий дээр тийм ч олон биш. Тэдний нэг нь бид, монголчууд! Хөгжлийн явцад уугуул соёл бүхий уугуул үндэстэн цөөрсөөр ирсэн. Энэ талаас нь бодох л ёстой.
Яагаад гэхээр бид англи хэл яриад маргаж байх хооронд ХОС БИЧИГТ шилжих зарлиг хэзээ мөдгүй буюу 2025 оноос үйлчилж эхлэх бас нэг “аюул” байгааг мартах гээд байна.
Уйгаржин гэж хэлээд байдаг монгол бичгээр төрийн бичиг баримтаа хөтлөх түвшинд бидний хэн маань бэлтгэгдсэн байгаа юм бэ? Би гэхэд монгол хэлний багш мэргэжилтэй боловч дээд сургуульд хоёр сарын дотор Үндсэн хуулийг монгол бичгээр алдаа мадаггүй бичиж сураад төгсгөсөн ч хоёр жилийн дотор мартсан. Хорин жил өнгөрөхөд уншиж ч барахааргүй түвшинд хүрчихээд байж байна. Одоо бол надад дахиад өөр хэл сурахын дайны хөдөлмөр шаардагдахаар байна. Монголчууд хорьдугаар зуунд кирилл үсэгт шилжсэний дараа л бүх нийтээрээ бичиг үсэгт тайлагдаж, ном хэвлэл уншиж, шинжлэх ухаанд суралцаж, соёл урлаг, утга зохиолд гэгээрч, дэлхийн сонгодгуудыг танисан юм. Монголчуудыг өнөөгийн соёлт хүн төрөлхтөний зэрэгт хүргэсэн бичиг соёл, оюуны туурвил бүтээл, архиваа үлдээсэн кирилл бичгээс нь тасалж, түүхийн нэг хэсэгхэн хугацаанд /манжийн дарлалд байх үе/ хэрэглэсэн огт өөр хэл лугаа бичиг үсэг рүү Ерөнхийлөгчийн зарлигаар шилжүүлэх гэж байгаа нь ч үндэсний бахархал, үндэстний бодлого огт биш гэж боддог.
БНХАУ-ын доторх үндэстний цөөнх, Өвөрмонголын өөртөө засах оронд хэрэглэж буй бичиг үсгийн эмзэг асуудал дээр өөрсдөө очиж наалдах ямар ч шаардлага бидэнд байхгүй. Өвөрмонголчуудын бичиг үсгийн асуудал ямар эмзэг сэдэв билээ? Дунд сургуульд заана, заахгүй гэх асуудал босох бүрт бидний төрийн албан ёсны хэл, бичгээр “оролдож” байгаа мэт эмзэг асуудал болон дэвэрч, хоёр орны гадаад харилцааны асуудал болж хувирах эрсдэлтэй. Дэлхийн бодлогыг тодорхойлох түвшинд хүчирхэгжиж байгаа урд хөрштэйгээ сөргөлддөг бас нэгэн сэдэвтэй болохын хэрэг байхгүй.
Боловсролын системийн тоглоом шоглоомоосоо болоод монгол хэлний боловсролгүй шахам хүүхдүүдтэй, монгол хэлний боловсролгүй шахам төрийн албан хаагчидтай болчихоод байгаа хэрнээ дахиад төрийн бичиг хэргээ хуучин монгол хэл дээр хөтөлнө гэдэг төрийг чадваргүй болгох, бодлого хийх ёстой мэргэжилтнүүдээ бичиг цаасаа хэдэн хэлд хөрвүүлж будилдаг баахан ложистик ажлын дарамтад оруулах гэж байгаа шүү дээ.
За үүн дээр нэмэгдээд англи хэл албан ёсны гадаад хэл мөн биш, нэгдүгээр ангиас заана заахгүй маргаанд орчихдог нь юу ч билээ дээ нээрээ.
Чин үнэндээ бидний чадал чансаа, буй байгаа бодит потенциаль гэвэл нэгдүгээр ангиас англи хэл заах багшаа бэлтгэх биш бүр монгол хэлээ заах багш нараа бэлтгэх хэмжээнд байна.
Монгол хэлний шалгалтад бүр юутай хээтэйгээ унан бүдрэх хэмжээнд байгаагаа эхлээд хүлээн зөвшөөрье. Энэ нь яагаад англи хэлтэй холбогдож байгаа юм бэ гэвэл хүн ямарваа нэг хэлийг ямар хэмжээнд эзэмшсэн байна, дараагийн хэлээ тэр түвшинд сурдаг учраас хамаатай юм. Өнөөдөр эх хэлний дүрмээ ойлгоогүй хүмүүс дараагийн хэлний дүрмийг юугаар жишиж, яаж ойлгох вэ, яаж сурах вэ?!
Удахгүй аль ч монгол хэлгүй болох гэж байж англи хэлийг аль хэлэндээ дүйцүүлэн сурах юм?
Англи хэлийг сурах ёстой, заах ёстой. Үүнийг бол үгүйсгээгүй. Өнөөхөндөө үүнийг сурахын тулд, хүүхдүүддээ сургахын тулд хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө мөнгө зарахаас өөр ухаалаг хувилбар манай нөхцөлд байхгүй байгаа. Тийм учраас бидний зарим нь баян цатгаландаа хүүхдүүдээ өндөр төлбөртэй сургуульд сургаж байгаа юм биш. Энэ боломж хүн бүрт байхгүй байж болох ч эрх нь бол нээлттэй, төрийн шийдвэрээр хааж хориогүй тул тэр хэсэгтэйгээ барьцах, буруутгах ямар ч ёс суртахууны үндэслэл байхгүй шүү.
Монголд англи хэл дээр бичдэг зохиолч төрөх үе ирсэн. Цаг нь болсон. Гэхдээ үүний тулд одоохондоо бид тэр ирээдүйн төлөө мөнгө зарах ёстой, бүр ихийг зарах ёстой.
Англи хэлэнд сургах гээд байна уу, англи хэлний тухай заах гээд байна уу гэдэг хоёр өөр зүйл юм. Өнөөдөр хуийн хэвшлийн өндөр төлбөртэй дунд сургуулиуд англи хэлийг заах төдий биш сургах орчныг бүрдүүлсэнд учир нь бий. Англи хэлний тухай заахын зэрэгцээ гадаадаас эх хэл бүхий багш нар авчирч, тус хэл дээр байгалийн болон нийгмийн хэд хэдэн шинжлэх ухаан, математикийн хичээлийн агуулгы бүтэн сургадаг. Нэг үгээр бол бүхэл бүтэн системийг бий болгож байж хэлэнд сургаж байгаа болохоос бус нэгдүгээр ангиас англи хэлний тухай зааснаар үүнийг шийдээд байгаа хэрэг огт биш.
Өнөөдөр УИХ-ын гишүүд, сайд нарын тайлбарлаж буй баримтлалаар бол нэгдүгээр ангиас бүх сургуульд үнэгүй заах англи хэлээр дээрх хоёрын алийг ч шийдэж чадахааргүй түвшинд байна. Хэрэглээний англи хэлийг бол хүүхдүүд хаана ч сурчихаж байгаа. Эцсийн дүндээ бол нэг үгээр хэлэхэд Монголын эдийн засгаас бүх зүйл хамаарна.
Сэтгэгдэл (0)