Р.Даваадорж: Ил болгоогүй оффтэйк гэрээнүүдийн ард жинхэнэ хулгай нуугдаж байгаа

Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадоржтой нүүрсний асуудлаар яригдлаа.


-Нүүрсний салбар манайд бол нэлээд хөдөлгөөнтэй, үйл явдал өрнүүн байна. Олон улсын зах зээл дээр үнэ ханшийн мэдээлэл ямар прогнозтой байгаа талаар та товч мэдээлэл сонирхуулаач?

-Монгол уул уурхайн орон. Манай эдийн засгийг зэс ба нүүрс гэсэн бүтээгдэхүүн тодорхойлдог гэж хэлж болно. Нүүрс манай эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэнэ гэж тэртээ 2000 онд хэн ч төсөөлж байгаагүй биз. Хэрэв 2000 оны статистикийг сөхөж үзвэл манай улс зэсийн баяжмал 160 сая ам.доллар, харин нүүрсний 4200-хан ам.долларын экспорт хийж байж. Тэр үед төсвийн нийт орлого ердөө 343 тэрбум төгрөг байлаа. Тэгвэл 2007 онд зэсийн баяжмалаа 811 сая ам.доллараар, 2010 онд нүүрсээ 849 сая ам.доллараар борлуулж эхэлсэн тэр үеэс манай улсын эдийн засгийг энэ хоёр эрдэс бүтээгдэхүүн тодорхойлж эхэлсэн.

Өнөөдөр бидний гаднаас олдог 10 ам.доллар тутмын есөн ам.долларыг түүхий эдээс, тэр дотроо бараг найман ам.долларыг зөвхөн зэс, нүүрснээс олж байна. Хэрэв зэс, нүүрсний үнэ ханш дэлхийн зах зээл дээр нэмэгдвэл манай уул уурхайн салбар сэргэж улмаар тээвэр, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг бусад салбаруудаа тэтгэж сэргээнэ. Харин ханш унаад эхэлбэл эдийн засаг нь тэр даруйдаа хямардаг эмзэг эдийн засагтай орон юм.

Олон арван жилийн турш нүүрс нь дэлхийн олон улсад найдвартай эрчим хүчний эх үүсвэр болж ирсэн. Нүүрс нь олборлоход харьцангуй хямд, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд үр ашигтай, дэлхийн өнцөг булан бүрд олборлох боломжтой зэрэг олон давуу талтай. Дэлхий дээр цахилгаан эрчим хүчний хэрэглээ өдрөөс өдөрт өсч байна.

Урьдчилан таамаглаж байгаагаар 20 жилийн дараа дэлхийн эрчим хүчний хэрэглээ өнөөдрийнхөөс бараг 60 хувиар өсч, нүүрс нь түүний гол эх үүсвэр хэвээр байх болно. Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоолсноор 30 жилийн дараа олон улсын нүүрсний худалдааны хэмжээ өнөөдрийнхөөс бараг 1.5 дахин нэмэгдэж, худалдааны урсгал Ази руу шилжинэ. Тэгэхээр ойрын жилүүдэд нүүрсний худалдаа огцом буурахгүй. Ковидтой жилүүдэд 600 ам.доллар хүрсэн нүүрсний үнэ одоо буурч байгаа.

-Манай хоёр хөршийн хоорондын нүүрсний экспорт нэлээд эрчимжиж байгаа гэв үү?

-ОХУ-аас БНХАУ-д хийсэн нүүрсний экспорт өнгөрсөн 2022 онд 2021 онтой харьцуулахад 11.2 хувиар нэмэгдэж, 59.52 сая тоннд хүрчээ. ОХУ 2030 он гэхэд Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудад нүүрсний экспортоо 1.5-2 дахин нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. 2023 оны эхний хоёр сард ОХУ-ын нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг есөн хувиар нэмэгдэж, 33.7 сая тоннд хүрчээ. Бээжин 2020 онд Австралиас нүүрс импортлох албан бус хоригоо зөөлрүүлж байгааг “China Energy Invest­ment” Corp. Австралийн нүүрс импортлох захиалга өгсөн мэдээллээс анзаарч болно. Өөрөөр хэлбэл, нүүрсний худалдааны өрсөлдөөн ширүүсэх хандлага ажиглагдаж байна.

-Тэгвэл манай дотоодын нүүрсний экспорт хэр явж байна вэ?

-Дотоодын экспорт маш сайн байгаа мэдээ байна. Эхний улирлын статистик үзүүлэлтээр 14 сая тн нүүрс экспортолсон нь 2021 оны нийт дүнд ойртохоор байна. Борлуулалтын үнийн дүн нь 2.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ хурдаараа явбал энэ жил нүүрсний экспортоос түүхэн өндөр орлого олох нь. Нүүрсийг биржээр худалдаалж эхэлсэн нь үр дүнгээ өгч байгаа. Мөн нүүрсний хулгайн асуудал сөхөгдөж илэрсэн нь нүүрсний экспортын орлого нэмэгдэх бас нэг шалтгаан болсон байх. Гэхдээ оффтэйк гэрээнүүдэд төлөх данхар үнийн дүн хэвээрээ л байгаа шүү дээ. Нүүрсний хулгайн хэрэг гарсантай холбоотой энэ төлбөрүүдээ түр хойш тавьсан байх.

-Нүүрсийг биржээр худалдаалах шинэ зохицуулалтыг туршиж эхэлсэн. Нэлээд үр дүнтэй байгаа талаар албаныхан тэмдэглэж байгаа. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Би дэмжиж байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдаж, Монголын хөрөнгийн биржээр анхны туршилтын нүүрсний дуудлага худалдаа явуулж эхэлснээр эдийн засагт ч эерэг үзүүлэлтүүд бий болоод байна. Одоогоор нийт гаргаж буй нүүрснийхээ 10-15 хувийг л биржээр арилжиж байгаа. Энэ хэмжээ цаашид өсөх нь гарцаагүй. Аливаа шинээр эхлүүлж буй ажилд эерэг сөрөг үр дагавар гарах нь дамжиггүй. Уул уурхайн бирж нь худалдагч, худалдан авагчийг цуглуулаад нээлттэй дуудлага худалдаагаар бараа бүтээгдэхүүнээ арилжих л явдал шүү дээ.

-Нүүрсний уурхайн аман дээрх үнэ 100 ам.доллар гэж байгаа. Биржийн худалдаа 170-180 ам.доллараар нүүрсийг зарж байгаа гэх. Гэвч биржийн үнэ нь уурхайн аман дээрээс авах үнэ үү, Хятад руу хил рүү оруулах үнэ үү. Хэрэв Хятад руу оруулах үнэ юм бол зардалтайгаа аман дээрх үнээс дээрдэхгүй биш үү?

-Эрчим хүчний нүүрсийг уурхайн аман дээрээс 10 ам.доллараар худалддаг байсан бол хөрөнгийн биржээр арилжаалж эхэлснээс хойш 73 ам.долларт хүрчихлээ. Мөн коксжих нүүрсийг уурхайн амнаас 60-70 ам.доллараар арилжаалдаг байсан бол 187 орчим ам.долларт хүрч, үнэ гурав дахин нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, Монголын хөрөнгийн биржээр нүүрсийг арилжаалж эхэлснээр далд эдийн засаг тодорхой хэмжээнд ил болж байгаа хэрэг. Үүнийг элдвээр эсэргүүцэж буруу зөрүүтэй тайлбарлах хүмүүс ч байгаа байх. Мэдээж өмнө нь хараа хяналтгүй урсаж байсан байгалийн баялаг ядахдаа бүртгэлтэй болж байгаа нь том амжилт. Нөгөө талдаа, АМНАТ, төсөвт төвлөрөх орлого нэмэгдэх эерэг үр дүн гарна. Хамгийн гол нь биржийн худалдаанд үйлдвэрлэгчид ба эцсийн хэрэглэгчид оролцдогоороо онцлог. Бид уурхайн амнаас худалдаа хийх нэрээр олон жил алдагдалтай ажилласан. Дэлхийн зах зээл дээр өнгөрсөн хоёр жил коксжих нүүрс 400-600 ам.долларын хооронд хэлбэлзсэн. Гэвч бид аман дээрээс нь 60 ам.доллараар зарж байсан. Эдийн засгаа сэргээж ДНБ-ий хэмжээг нэмэгдүүлэх сайхан боломжоо алдсан нь харамсалтай.

-Эрдэнэс Таван толгойн ногдол ашгаар нүүрс угаах үйлдвэр барих төсөл хэрэгжүүлэхээр яригдаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт ногдол ашиг тараах асуудал яригдаад хойшлогдлоо. Олон нийт нэлээд бухимдалтай байх шиг байна. Хэр зөв алхам болчихов оо?

-Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэж байсан. Гэвч одоогоор Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв дээр энэ хувьцааны бичилт хийсэн төдий байна. Эдгээр хувьцаа дотоодын зах зээл дээр хараахан арилжаалагдаж эхлээгүй байгаа учир өвлөх, шилжүүлэх, бэлэглэх, зарах, болон худалдан авах эрхүүд хаалттай байгаа нь иргэдийг хувьцаа эзэмшигч гэж ойлгох боломжгүй байдалд хүргэж байгаа юм.

2012 оны Засгийн газрын 116 дугаар тогтоолоор Хүний хөгжил сангаас хишиг, хувийг бэлэн мөнгөөр авах хүсэлт гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 2010-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр хишиг хувь хүртсэн оюутан, 2016 онд “Сайн хувьцаа” нэрээр Засгийн газар иргэдийн хувьцааг эргүүлэн худалдаж авсан. Өөрөөр хэлбэл, улс төрийн хүчнүүд санал авах зорилгоор бэлэн мөнгөөр хувьцааг нь эргүүлэн худалдаж авч байв. Одоо тус компанийн нийт хувьцааны 14.7 хувь нь иргэдийн мэдэлд, 85.5 хувь нь Засгийн газрын, 0.05 хувь нь аж ахуйн нэгжүүдэд оногдож байна. 2016 оны сонгуулийн өмнө 300 мянган төгрөг авсан иргэдийн хувьцаа 750 ширхэг болсон. Ер нь Засгийн газар иргэдэд өгсөн 20 хувийн эзэмшлийн хувьцааныхаа 6.3 хувийг худалдаж авсан тооцоо байна. Үе үеийн эрх баригч хүчин УИХ-ын сонгуулийн өмнө иргэдийн санал авах хэрэгсэл болгон ашиглаж ирсэн. Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд тэгш, шударга хүртээмжтэй хуваарилах, ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналт оролцоог нэмэгдүүлье гэж бодож байвал “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгийг хуулийн дагуу хүртээх л ёстой.

-Нүүрсний хулгайн хэрэг гэж том хэрэг мандсан. Улстөрчдөөс эхлээд төрийн бүхий л шатны хүмүүс холбогдож, хуулийнхан шалгаж байна. Нүүрсний сонсгол нэг бус удаа хойшиллоо. Нүүрсний сонсголоор нэлээд зүйл тодорхой болох байх. Яагаад ингэж хойшлогдоод байна вэ?

-Яаж хэрхэн мандсан түүхийг нь хэлж өгье. Өнгөрсөн оны 10 сарын статистик үзүүлэлтээр нүүрсний борлуулалтаас таван тэрбум гаруй ам.долларын борлуулалт хийсэн мэдээ ҮСХ гаргасан. Гэвч 2022 оны есдүгээр сард манай улсын гадаад валютын нөөц дөрвөн тэрбумаас 2.6 тэрбум болтол буурч, валютын олдоц эрс багаслаа. Бүтэн жилийн хугацаанд ам.долларын ханш 20 хувиар чангарчихсан. Гэтэл 2019 оны нийт нүүрсний борлуулалт гурван тэрбум ам.доллар байхад ханш хэвийн байсан төдийгүй валютын нөөц дөрвөн тэрбумд дөхөж байсан. Тэгэхээр өнгөрсөн жилийн есдүгээр сар хүртэл манай зах зээлд их хэмжээний валют орж ирсэн нь үнэн үү гэдэг асуудал сөхөгдсөн хэрэг. Үүнд ОУВС анх хариу өгсөн байдаг.

2022 оны есдүгээр сард ОУВС-ын гаргасан тайланд “Төрийн өмчит компаниуд БНХАУ-ын зарим компанитай ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан тул Монгол Улсад орж ирэх байсан экспортын орлого буурсан. Эдгээр нь дэд бүтцийн төслүүд бөгөөд гэрээ улсын нууцад хамаарах тул бид илүү дэлгэрэнгүй мэдээлэлгүй байна. Эндээс мөнгө орж ирнэ гэж хүлээх хэрэггүй болжээ. Мөн эдгээр дэд бүтцийн төслүүд импортыг өсгөнө. Олон нийтэд эдгээр төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлж, яг одоо хэрэгжүүлэх ямар шаардлага байгааг сайтар тайлбарлах шаардлагатай” гэж анхны албан ёсны “шүгэл” үлээсэн. Өөрөөр хэлбэл, төрийн өмчит компаниудын нүүрсний борлуулалтын хэмжээтэй дүйцэхүйц валют манай зах зээлд орж ирээгүй учраас гадаад валютын ханш өсч, өргөн хэрэглээний бараа, үйлчилгээ, хүнсний үнэ “тэнгэрт” хадсан учир шалтгааныг цүл пал хийтэл нь шууд хэлчихсэн юм. Иймээс эрх баригчид хүссэн ч эс хүссэн ч “нүүрсний хулгай”-н асуудлыг сөхөхөөс өөр арга байсангүй. Гадаад валютын ханшийн савалгаа, бүтэн жилийн өндөр инфляцид нэрвэгдэж олон компани хаалгаа барьж, иргэдийн амьдрал хүндэрсэн үед асар их хэмжээний мөнгөн дүнтэй ноцтой асуудлыг хав дараад өнгөрөх боломж үнэндээ байсангүй.

Тэгэхээр эндээс харвал, нүүрсний хулгайг эрх баригчид сөхсөн юм биш. Харин энэ олон оффтэйк гэрээний ард жинхэнэ хулгай нуугдаж байгаа. Өнөө хүртэл зарим гэрээ хав дараастай байна. Үүнийг эрх баригчдаас хараат хууль хяналтынхан илрүүлж чадахгүй. ЖДҮ санг дээрэмдсэн загвараар цөөн хэдэн хүнд ял оноосон болоод өнгөрнө. “Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн адгийн зүйл бол эх орноо тонон дээрэмдэх явдал” гэж нэг ухаантан хэлсэн байдаг. Гэхдээ Монголын ард түмний сонорт хүрсэн энэ хэрэг түүхэн тодорхой хугацааны дараа шийдэгдэх нь гарцаагүй.

-Нүүрсний сонсголыг хойшлуулах шалтгаан АТГ-аас үүдэлтэй гэж тайлбарлаж байгаа ч үнэндээ улс төртэй холбоотой гэж хардах хэсэг байгаа?

-Өнөөдөр Монгол Улсыг тамирдуулж, ард иргэдийн амьдралыг туйлдуулж байгаа гамшиг бол төрийн өмч дээр суурилсан авлигал, хулгай, луйвар юм. Энэ нь ЖДҮ зээлийг эрх баригчид хуваан хүртэхээс эхтэй, Газрын, Концессын, Хөгжлийн банкны, Төсвийн, Эрдэнэтийн, Нүүрсний, Төмөр замын, Тээврийн гэх мэт дуулиант хэргүүдээс харж болно. Сөрөг хүчингүй шахам, хэвлэл мэдээллийн бүх сувгуудыг "хулгайн" мөнгөөрөө угжсан эрх баригчид гэмт үйлдэл хийхдээ хэнээс ч, юунаас ч айхаа больсон нь өнөөгийн бодит гашуун төрх. Олон нийт төрийн оролцоотой дээрх гэмт хэргүүдийн шийдлийг нэн анхааралтай ажиглаж байна.

Засгийн газар хийх ёстой ажлаа хийхгүй хууль хүчний байгууллагын дүрд тоглож байгааг ч хүн бүр харж байгаа байх. Засгийн хийх ёстой үнийн өсөлтийг хазаарлах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, валютын ханшийг тогтвортой байлгах зэрэг өөрсдийн хийх ёстой ажилдаа хуруугаа ч хөдөлгөхгүй сууж байна шүү дээ.

Б.Энхзаяа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)