Судлаач Ганаа: Даяар сөргөлдөөн АНУ болон ОХУ, БНХАУ-ын эвслийн хооронд болж байна...
- 2023-05-08
- Нийтлэл
- 0
Монгол дахь Оросын эх орон нэгтнүүдийн байгууллагуудын зохицуулах зөвлөл (КСОРС), "Новороссия Андууд" ТББ, Орос/ЗХУ-д сургууль төгсөгчдийн МАВСУЗ холбоо, Хууль зүйн туслалцааны төв хамтран Ялалтын баярын өдрийг тохиолдуулан 2023 оны 5-р сарын 7-нд ялалтын парад, жагсаал зохион байгууллаа. Энэ үеэр судлаач Д.Ганхуягийн илгээсэн ил захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Ялалтын баярт оролцогсдод!
Эрхэм хүндэт Та бүхэнд Агуу Их Ялалтын баярын мэнд хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Энэ ялалт бол хүн төрөлхтний төдийгүй Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон хэзээ ч мартаж болохгүй агуу их баяр мөн.
Агуу их ялалтаас хойш ердөө л 5-хан сарын дараа буюу 1945.10.20-нд БНМАУ-ыг тусгаар тогтносон улс байлгах бүх ард түмний санал хураалт болсон ба үүний үр дүнд Монголын тусгаар тогтнолыг дэлхийн улсууд хүлээн зөвшөөрч эхэлсэн юм. Хэрэв энэ Агуу Ялалт байгаагүй бол бид тусгаар тогтнолоо олон улсаар зөвшөөрүүлж чадахгүй байсан юм.
Гэтэл сүүлийн үед манайд Халхын голын ялалтыг гутаан үгүйсгэх, Жуковын хөшөөг нураахаас эхлээд Ялалтын ач холбогдлыг үгүйсгэх бусармаг ажиллагаа эрчимжиж байгаа нь манай ард түмний олонхийн дургүйцэл, жигшлийг төрүүлж байна.
Тэгээд ч Орос-Украины өнөөгийн зэвсэгт мөргөлдөөн Халхын голын ялалт, 1945 оны Ялалттай огт хамаагүй. Аливаа улс оронд хэзээ үл мартаж болох, түүхэн ач холбогдол бүхий үйл явдал гэж байдаг бөгөөд тэр нь Агуу Их ялалт юм. Энэ ялалтад монголчууд бид чадлынхаа хэрээр хувь нэмэр оруулсан учраас хамтын баяраа хамтран тэмдэглэх үүрэгтэй.
Гэвч сүүлийн үед орос-украины зэвсэгт мөргөлдөөний улмаас манайхан 2 хуваагдан хэрэлдэж байгаа нь хэвлэл мэдээллийн хүрээнд л явагдаж байна.
Харин бодит байдал ямар байгаа вэ ?
“Сантмарал” сангаас 2023.03-р сард явуулсан хамгийн сүүлийн судалгаагаар монголчуудын дийлэнхи олонхи буюу 67% нь оросыг “хамгийн сайн түнш орон” гэж үзэж байна. Олон жилийн судалгаагаар монголчуудын оросыг дэмжих дэмжлэг 70 орчим хувьд хэлбэлзэж, онцгой их өөрчлөгдөөгүй. Мөн энэ судалгаагаар монголчуудын 78,9% нь Монгол Улс орос-украины мөргөлдөөнд төвийг сахих ёстой гэж үзэж байна. Харин оросыг 13,7%, украиныг 2,6% нь дэмжих ёстой гэж үзэж байна.
Энэ бол манай ард түмний үзэл бодлын бодит дүр байдал юм. Үүнтэй холбогдуулан орчин үеийн дайн хийгээд түүний хандлагын тухай товч өгүүлье:
Нэг. Орчин үеийн дайн бол ялж ялагддаг, эзлэн авдаг дайн биш, харин давуу байр суурь олж авах, хүсэл зоригоо тулган хүлээлгэх, хүмүүсийг нь “өөрийн болгох” дайн юм. Саяхан болтол дайны үр дүн, улс үндэстний хувь заяаг зөвхөн зэр зэвсэг, арми шийддэг байсан бол одооны дайн эдийн засаг, санхүү, дэд бүтэц, оюун санаа, соёл, шашин, мэдээлэл зэрэг нийгмийн амьдралын бүх салбарыг хамардаг болсон. Нэлээд тохиолдолд энэ нь зэвсэг хэрэглэсэн дайнаас хамаагүй илүү аюултай. Үүнийг гибрид дайн хэмээн нэрлэдэг. Гибрид дайн аль хэдийн эхэлчихээд байна.
Хоёр. Орчин үед дайн энхийн асуудал тун эгзэгтэй, түгшүүртэй болж байна. Дэлхий дахинаа дайны эсрэг хүчин маш их байгаа боловч дайныг зогсоож чадахгүй байна. Өмнө нь ч дайныг зогсоож байгаагүй. Жишээлбэл, шинэ XXI зуун гарснаас хойш 20 гаруйхан жилийн дотор 60 шахам дайн болжээ. Эдүгээ дайны голомт болж болзошгүй газрын тоо улам бүр олширсоор байна.
Гурав. Дэлхийн бүх том улсууд дайнд эрчимтэй бэлтгэж байна. Жижиг улсууд ч гэсэн мөн адил дайнд бэлтгэж байна. Яагаад ? Яагаад гэвэл өнөөгийн даяар систем мөн чанараараа энх тайвныг хангаж чадахгүй байдалд нэгэнт хүрчээ. Дэлхийн бүх улсууд аман дээрээ энх тайван гэх боловч ачир дээрээ дайнд бэлтгэж байгаа нь бодит баримт юм.
Дөрөв. Орчин үеийн болзошгүй дайны суурь эх сурвалж нь АНУ, ОХУ, Хятад гурвын даяар өрсөлдөөн юм. Хэрэв ОХУ, Хятад хоёр стратегийн хувьд түншилж байгааг харгалзах юм бол даяар сөргөлдөөн АНУ болон ОХУ - Хятадын эвслийн хооронд болж байна. Энэхүү даяар сөргөлдөөний гадна үлдэх боломж жижиг улсуудад бараг байхгүй. Мэдээж төвийг сахиж болох боловч нөхцөл байдал хурцадвал хүссэн ч, эс хүссэн ч сонголт хийхэд хүрнэ.
Тав. Даяар сөргөлдөөний үр дүнд АНУ, ОХУ, Хятад гурван улсын аль нь ч сөнөхгүй, харин тэдний байр суурь, хүчний харьцаанд өөрчлөлт гарч, дэлхий нийтийн шинэ дэг журам тогтоно. Баруун зүүний олонхи судлаачид дэлхий дахин 2-3 төвтэй шинэ дэг журамд шилжинэ гэж үзэж байгаа.
Зургаа. Дайн гэнэт эхэлдэггүй. НҮБ-ын Хүний эрхийн Дээд коммисариатын үнэлгээгээр 2014-2021 оны хооронд Донецк, Луганскийн мөргөлдөөнд украины 4200, оросын 5800 цэргийн албан хаагч амь үрэгджээ. Нийтдээ цэрэг иргэн нийлсэн 29.000-33.600 хүн амь үрэгджээ. Үүнийг дайн гэж нэрлэхээс өөр арга байхгүй. Өөрөөр хэлбэл орос-украины зэвсэгт мөргөлдөөн 2014 оноос эхтэй. Одооны ОХУ-ын явуулж буй цэргийн тусгай ажиллагаа бол үүний үргэлжлэл юм. Мөн АНУ, ЕХ, НАТО-гийн эсрэг ОХУ, Хятад хоёр сөрөн зогсож буй геополитикийн тэмцэл мөн.
Долоо. Орос-Украины зэвсэгт мөргөлдөөн дуусах дөхөж байна. Эдүгээ зэвсэгт мөргөлдөөний цаана улс төр-дипломатын асар их ажил хийж, гэрээ хэлэлцээрийн олон хувилбарыг шүүн хэлэлцэж байна. Манайхан зэвсэгт мөргөлдөөнийг нь голчлон харж, түүний цаана явагдаж байгаа улс төр, геополитикийг бараг анзаардаггүй нь буруу сэтгэлгээ. Одоохондоо тохиролцож чадаагүй учраас зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байна. Гэвч удахгүй тохиролцоно хэмээн найдах бүрэн үндэслэл бий. Баруун, зүүнийг заагласан ямар нэг “демаркаци” буюу “зааглах шугам” тогтоосны дараа энх тайван тогтоно байх. Аль ч тохиолдолд Украин асар их гарз хохирол хүлээж үлдэх нь гарцаагүй...
Дэлхий дахинд дайны аюул занал нэмэгдэж буй хэдий ч энх тайвнаа хадгалж, хамгаалж үлдэх эрүүл ухаан хүн төрөлхтөнд байгаа гэдэгт итгэлтэй байж болно. Үүний тулд бид зөвхөн энх тайван гэж орилох хангалтгүй.
Монголын тусгаар тогтнолд асар их нөлөө үзүүлсэн 4-хөн том үйл явдал байдаг. Энэ нь 1911 оны үндэсний хувьсгал, 1921 оны ардын хувьсгал, Халхын голын ялалт, 1945 оны Агуу Ялалт дөрөв юм.
Иймд Ялалтын Их Баяраа ёслол төгөлдөр тэмдэглэх нь тусгаар тогтнолдоо хайртай монгол хүн бүрийн үүрэг мөн.
Агуу Их Ялалтын Баяр мандтугай. Ура! ...
Судлаач Д. Ганхуяг
Сэтгэгдэл (0)