Францын гадаад бодлого ба Э.Макроны БНХАУ-д хийсэн айлчлалын эргэн тойронд
- 2023-05-08
- Үнэн
- 0
Европ тивд 2014 оноос эхлэн үргэлжилсэн ОХУ–Украины хямрал 2022 оны 2 дугаар сард өргөн фронтын байлдааны ажиллагаа, дайн болж шинэ шатанд гарсан нь тус тивд болон дэлхийн бусад бүс нутагт геополитикийн эрс өөрчлөлтийн цикл эхлүүллээ. Шинэ үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Европын улсуудын улс төр, эдийн засгийн хамгийн том нэгдэл Европын Холбоо ба түүний гишүүн улсуудын бодлогын чиг хандлага ямар чиглэлд нийлж мөн хаана салж байгааг шинжлэн харвал сонирхолтой үзэгдэл, үйл явц харагдана. 2023 оны 4 дүгээр сард Еврокомиссийн ерөнхийлөгч Урсула фон дер Лайен, БНФУ-ын ерөнхийлөгч Эммануэль Макрон нарын БНХАУ-д хийсэн айлчлалыг тойрсон асуудлуудаас тоймлон харвал улс төр, геополитик, аюулгүй байдлын нэн ээдрээтэй дүр зураг ажиглагдаж байна.
Бээжин–Парис–Брюссель
Дэлхийн геополитикийн хүндийн хүчний гурван том төв болох АНУ, БНХАУ, ЕХ-ны гурвалсан харилцааг тодорхойлох айлчлал 2023 оны 4 дүгээр сарын 5-8 ны өдрүүдэд болов. Айлчлалын эхний өдөр Еврокомиссийн ерөнхийлөгч Урсула фон дер Лайен, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар хамтдаа Бээжинд ирж БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй гурван талт яриа хэлэлцээ хийв. Гурван талт уулзалтаар талууд
1.ЕХ–БНХАУ-ын харилцаа
2.Орос–Украины дайн
3.Хятад–Тайваний байдал гэсэн гурван үндсэн асуудал хөндлөө.
Еврокомиссийн ерөнхийлөгч Бээжинд ирэхээсээ өмнө БНХАУ-тай харилцах бодлогын чиглэлээ: “ЕХ Хятадаас холдож салах бус харин эрсдэл бууруулах стратеги барина” (de-risk – not de-couple) гэж тодорхойлсон.[1]
Бээжинд болсон гурван талт уулзалтын ерөнхий уур амьсгалыг харвал Ши Жиньпин фон дер Лайентай уулзалтын протоколын хүрээнд тун хүйтэн хөндий харилцаж, Тайваний асуудал дээр хатуу байр сууриа батлахын хамт Украины сэдвийг НҮБ-ын дүрмийн хүрээнд нээлттэй орхисон бөгөөд Хятад–ЕХ-ны харилцааг хөгжүүлэхэд нээлттэй гэдгээ илэрхийллээ.
Харин Ши Жиньпин тусгаар улсын төрийн тэргүүний хүндэтгэл Макронд үзүүлж, бүрэн бүрэлдэхүүнт хүндэт харуул жагсааж фон дер Лайенаас хүлээн авах протоколын илт ялгаа харуулсан нь Парис–Бээжингийн ойлголцол Брюссель–Вашингтоны бодлогын ижилсэл, ойртолтоос ялгаатай байж болно гэсэн илгээлт байсныг ажиглагчид онцолсон.[2] Урсула фон дер Лайен НАТО-гийн дараагийн Ерөнхий нарийн бичгийн дарга болно гэсэн таамаг хэвлэлээр явж буйтай[3] давхцан НАТО Япон улсад төлөөлөгчийн газар нээх болсон[4] зэрэг нь Бээжингийн зүгээс Еврокомиссийн одоогийн ерөнхийлөгчийг нэн таагүй байдлаар харахад хүргэж байна.
Хэдий энэ удаагийн уулзалтаар ЕХ–БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн 20 жилийн ойн хүрээнд хоёр талын харилцааны цаашдын төлөвийг талууд эерэг өөдрөгөөр томьёолсон[5] ч шийдэгдээгүй, хариулт нэхэж буй, шинээр үүссэн олон асуудал нээлттэй хэвээр үлдлээ.[6]
Тухайлбал: Тайваний асуудлаар БНХАУ-ын эсрэг эрс хатуу байр суурь илэрхийлсэн Литва улсад[7] БНХАУ худалдааны хориг тавихаар сүрдүүлсэн явдал, ЕХ-г тэргүүлж буй Чех улсын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Хятадын талаар таагүй мэдэгдэл хийсэн[8] зэрэг асуудлууд хоёр талын харилцаанд цаашид хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй үлдэв. Ши Жиньпиний зүгээс бие даасан бусдаас хамааралгүй ЕХ-той (АНУ-ын нөлөөнөөс ангижирсан) харилцаа хөгжүүлэх хүсэлтэй байгаа тухайгаа олон удаагийн мэдэгдэл, яриагаараа тодорхой илэрхийлсэн.[9] 2022 оны 11 дүгээр сард Германы Канцлер Олаф Шольц,[10] 2022 оны 12 дугаар сард Евро Зөвлөлийн тэргүүн Шарль Мишель,[11] 2023 оны 3 дугаар сард Испаний ерөнхий сайд Педро Санчес Перес-Кастехон[12] тус тус БНХАУ-д айлчилж Ши Жиньпинтэй нүүр тулсан уулзалт хэлэлцээ хийсэн. Бээжин ийнхүү сүүлийн хагас жилийн хугацаанд ЕХ-ны таван том удирдагчийг дараалан хүлээж авсан ба Транс-Атлантын байр суурийг илэрхийлдэг ажиглагч, судлаачдын зүгээс Хятад улс “Хуваа. Захир!” зарчмаар Европын эв нэгдлийг бутаргаж байна гэх шүүмж хүчтэй өрнөж байна.
Ерөнхийлөгч Макроны мэдэгдлүүд
Ерөнхийлөгч Макрон Хятадад хийсэн айлчлалаараа Өрнөдийн эвсэл блокийн дотор зарчмын үл ойлголцол, үл итгэлцэл үүсгэх уур амьсгал орууллаа гэж ширүүн шүүмжлэл, буруутгалд өртөөд байна. Макроны хийсэн зарим мэдэгдлүүд Европын бие даасан байдлыг сэргээхийг уриалахын хамт Транс-Атлантын холбоотны харилцаа, тэр дундаа гол түнш бөгөөд холбоотон АНУ-ын бодлогын чиглэлийг хурцаар шүүмжилсэн нь том шуугиан тарив. Макроны онцлох яриа, мэдэгдлүүдээс дурдвал[13]:
-“АНУ-тай холбоотон байна гэдэг нь түүнээс хараат вассал байна гэсэн үг биш.”
-“Тайваньтай холбоотой асуудалд АНУ-ын явуулж буй бодлогод Европ татагдан орохоос зайлсхийх ёстой. Тайваний хурцадмал байдал бидний хувьд хавх.”
-“Өнөөдөр Европ дангаараа Украины хямралыг шийдэж чадахгүй байна. Ийм байхад Тайваний хоолойд байдал хурцадвал бид оролцоно гэж хэрхэн хэлж чадах билээ? Бид байдлыг бодитоор үнэлэх ёстой.”
-“Америк доллараар голчлон хийгддэг одоогийн олон улсын санхүүгийн систем нь Европын хувьд стратегийн эрсдэл мөн. Хэрвээ хоёр том гүрний (АНУ, БНХАУ) зөрчил эрс ширүүсвэл бидэнд (ЕХ, Франц) түүнээс өөрийгөө сугалж санхүүгийн бие даасан байдлаа хангах цаг байхгүй.”
-“Хэрвээ нэн яаралтай өөрийн стратегийн тусгаар байдлаа олж авч, цааш батжуулж чадахгүй бол Европчууд түүхийн гадна үлдэх эрсдэл үүсээд байна.”
-“ЕХ дэлхийн тавцанд АНУ, БНХАУ-тай эн зэрэгцэх гуравдах том хүч болох ёстой.”
-“Африк, Ойрх Дорнодод бид анхаарлаа сулруулж 20 жил орхисон. Энэ орон зайд Хятад орж ирэх нь ойлгомжтой асуудал. Нэгэнт АНУ гол анхаарлаа Энэтхэг – Номхон далайд хандуулж буй үед бид Африк, Ойрх Дорнодын бүсэд Хятадтай өрсөлдөхийн хамт хамтран ажиллах шаардлага үүссэн.”
-“АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байдены тухайд: Тэр бол ардчилсан үзэл санаанд үнэнч, суурь зарчмуудаа баримталдаг. Тэрээр мөн Европыг хүндэлдэг нэгэн. Гэвч Америкийн хоёр намын бусад эрх баригчдын нэгэн адилаар Ж.Байдены хувьд хамгийн чухал нь Нэгдүгээрт: АНУ-ын эрх ашиг, Хоёрдугаарт: БНХАУ-тай холбоотой асуудал. Европ биш.”
-“Украины асуудлаар, Тайваний асуудлаар, Сахелийн асуудлаар хэн ч Франц улсыг зааж сургаж чиглүүлэх шаардлагагүй.”
-“Батлан хамгаалах салбар, зэвсэглэл, эрчим хүчний салбарт бид стратегийн тусгаар байдлаа (АНУ болон бусад орноос хамааралтай байдлаа багасгах замаар) заавал хангах ёстой[14].”
Ерөнхийлөгч Макроны өгсөн яриануудын агуулгыг дүгнэж харвал өнөөгийн Францын гадаад бодлогын үндсэн стратеги 1958–1969 оны үед эхэлсэн Голлизмийн бодлогын үргэлжлэл гэж шууд дүгнэж болно. Голлизмын бодлого нь дараах онцлогтой:
“Франц улс хүчтэй, бие даасан, тусгаар, цөмийн гүрэн байна. Франц нь Европын эх газарт цэрэг–улс төр, эдийн засгийн залуурдагч хүч байх ёстой. Эх газрын Европ нь АНУ, Их Британи тэргүүтэй Англо-Сакс эвслээс тусдаа орон зай байна. Франц улс Хүйтэн дайны аль нэг талд гарахаас зайлсхийж (Энэ шалтгаанаар 1966–2009 оны хооронд Умард Атлантын гэрээний цэргийн бүтцээс гарч байсан) дэлхийн бусад бүх улстай шууд хамтран ажиллах нейтраль бодлого явуулна.”
Өнөөгийн Францын гадаад бодлогын тулгуур зарчмууд нь нээлттэй, олон тулгуурт байх ба тэргүүлэх чиглэлүүд нь ЕХ, Транс–Атлантын харилцаа, Африк–Ойрх Дорнод, Энэтхэг–Номхон далай, Франц хэлтэн нөлөөллийн орон зай болно гэж томьёолсон байдаг.[15] Голлизмын ерөнхий суурь, Евро–Атлантын блок доторх зарчмын ялгаа, Хятадын эрс хүчирхэгжилт, Орос–Украины дайн, Францын болон Европын эдийн засгийн асуудлууд гэсэн цогц агуулгын хүрээнд Макроны БНХАУ-д хийсэн айлчлалын зураглал тодрон гарч ирж байна.
Парисын дипломат тоглолт
-Макроны айлчлал зөвхөн Франц–Хятадын харилцааны асуудал дээр төвлөрөөгүй бөгөөд олон талт дипломат маневр, Парис – Вашингтон – Брюссель – Киев гэсэн хөдөлгөөний нийлбэр Бээжинд очсон болохыг албан эх сурвалж, уулзалт ярианы тэмдэглэлүүдээс харж болно. Тухайлбал Францын ерөнхийлөгчийн захиргаа Елисейн ордны мэдээллээс харвал:
-2023/03/07. Ерөнхийлөгч Макрон АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байдентай утсаар ярьж Украины дайны нөхцөл байдал, БНХАУ-тай харилцах харилцааны асуудлаар санал солилцов[16]
-2023/03/23-24. Евро Зөвлөлийн уулзалт. Украины дайны асуудлаар ерөнхийлөгч Макрон мэдэгдэл хийв[17]
-2023/04/01. Ерөнхийлөгч Макрон Украины ерөнхийлөгч Зеленскийтэй утсаар ярьж фронт дээрх нөхцөл байдлын талаар мэдээлэл авч санал солилцов[18]
-2023/04/04. Ерөнхийлөгч Макрон АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байдентай утсаар ярьж БНХАУ-д хийх гэж буй айлчлалынхаа тухай мэдээлэл өгч, Украины асуудлаар санал солилцов[19]
-2023/04/5-8. Ерөнхийлөгч Эммануэль Макрон БНХАУ-д айлчлал хийв[20]
-2023/04/15. Ерөнхийлөгч Макрон Украины ерөнхийлөгч Зеленскийтэй утсаар ярьж дайны цагийн байдлын талаар мэдээлэл авсан ба өөрийн БНХАУ-д хийсэн айлчлалын талаар мэдээлэв[21]
-2023/04/20. Ерөнхийлөгч Макрон АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байдентай утсаар ярьж, БНХАУ-д хийсэн айлчлалынхаа талаар дэлгэрэнгүй мэдээллээ. Талууд Украинд үзүүлэх тусламжийн сэдвээр ярилцсан ба Украины хямралыг шийдэх явцад БНХАУ-ын гүйцэтгэх үүрэг, нөлөө, оролцооны талаар санал солилцов. Мөн түүнчлэн Энэтхэг–Номхон далайн бүс нутагт олон улсын эрх зүйн хүрээнд далай тэнгист чөлөөтэй зорчих зарчмыг хангахад (Тайваний хоолой, Өмнөд Хятадын тэнгисийн бүс нутаг) талууд санал нэг буйгаа харилцан илэрхийлэв[22]
-2023/04/26. Украины ерөнхийлөгч Зеленский БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй утсаар ярив. Яриа бүтэн нэг цаг үргэлжилж Зеленский Хятадын идэвхтэй оролцоо Украинд энхийг тогтооход чухал гэдгийг онцолсон бол Ши Жиньпин Украины асуудлаар Тусгай элч томилох тухайгаа мэдэгдсэн[23]
БНХАУ-д хийх айлчлалын өмнөх өдөр буюу 2023 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Макрон–Байдены утасны ярианы мэдээлэл Елисейн ордны мэдээлэлд тавигдаагүй ба тус мэдээллийг Цагаан Ордны хэвлэлийн архиваас л харж болж байгаа нь сонирхол татаж байна.
Франц – Хятадын харилцааны дулаарлын үе эхэллээ гэж хоёр талын ажиглагчид дүгнэж хэлэлцүүлэг өрнөж байх үед гэнэтийн явдал болсон нь 2023 оны 4 дүгээр сарын 21-нд БНХАУ-аас Францад суугаа Элчин сайд Лю Шаоеэ: “Крымийн хойг Украины нутаг эсэх нь нээлттэй сэдэв, хэрхэн яаж харахаас л болно, өөрчлөгдөж ч болно. ЗХУ-ын бүрэлдэхүүнд байгаад шинээр тусгаар тогтносон орнууд олон улсын эрх зүйн хүрээнд бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн эсэхэд эргэлзэж байна.”[24] гэж ярьсан нь том асуудал үүсгэв. Балтийн орнууд, Украинаас эсэргүүцлийн мэдэгдэл гаргасан ба БНХАУ-ын ГХЯ удтал чимээгүй байсны эцэст Элчин сайдын мэдэгдэл нь түүний хувийн байр суурь,[25] БНХАУ-ын албан ёсны байр суурь өөрчлөгдөөгүй байгаа гэж мэдэгдэл гаргаж түр гал намжаагаад байна.[26]
Дээрх бүх мэдээллийг нэгтгэн дүгнэвэл Макроны энэ удаагийн айлчлал нь дараах зорилгуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн тойм зураглал гарч байна. Үүнд:
1.Францын эдийн засгийн эрх ашгийг (Францын 2000 гаруй компани, аж ахуйн нэгж БНХАУ-д үйл ажиллагаа явуулж байна) хангах, БНХАУ-тай хоёр талт харилцаа олон салбарт хөгжүүлэх.[27] Онцлох нь: БНФУ–БНХАУ хамтран цөмийн эрчим хүчний салбарт прагматик, харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхагт онцгойлон дурдсан.[28]
2.ЕХ-ны БНХАУ-тай харилцах харилцаанд Франц гол холбогчийн үүрэг гүйцэтгэж өнгө аясыг тохируулж залуурдах
3.АНУ–БНХАУ-ын стратегийн тэмцэлд ЕХ (Францын манлайллаар) аль нэг талд бүрэн гарахгүй, тэнцвэржүүлэгчийн үүрэг гүйцэтгэж, Тайваний хоолойд үүсч болзошгүй хурцадмал байдлаас сэргийлж, хоёр том хүчний харилцаанд гуравдагч бие даасан тоглогч болж оролцох
4.Украин–Оросын дайнд дипломат шийдэл олоход БНХАУ-ыг татан оролцуулах. Ингэхдээ Парис (Вашингтон шууд оролцохгүй, гэвч Парисын дипломат санаачилгад саад хийхгүй, тогтмол зөвлөлдөх) Бээжинтэй харилцаагаа идэвхжүүлэх замаар Орос–Хятадын болзошгүй хэт ойртолтоос сэргийлэх. Бээжинг Москвад нөлөөлөх боломжийг тэнсэн турших
5.Эрчим хүчний шилжилт, Уур амьсгалын дулаарлын эсрэг тэмцэх, НҮБ-ын бүтцийн үр нөлөөг сайжруулах зэрэг глобал асуудлуудад БНХАУ-ын оролцоог нэмэх замаар олон улсын эрх зүйт тогтолцоог бэхжүүлэх
6.Голлизмын үзэл санааны зарим элементийг агуулсан Францын манлайлал дор (Франц–Германы харилцааны тэнхлэгт зарчмын зарим ялгаа гарч буйг анхаарах) ЕХ-ны стратегийн бие даасан тусгаар байдлыг хангах
7.Америкийн эсрэг Голлизмын агуулга бүхий зарим хурц мэдэгдэл хийж Францын нийгэмд иргэдээсээ улс төрийн оноо авах. Гадаад бодлогын асуудлуудаар дамжуулан Франц улсад тэтгэврийн шинэчлэлтэй холбогдон үүссэн нийгмийн эмх замбараагүй байдлын эрчийг сааруулах
Дүгнэлт
Франц улс Европын холбоо дотроо, цаашлаад дэлхийн тавцанд өөрийгөө ямар жин нөлөөтэй тоглогч гэдгийг таньж мэдэх, хэмжих эрчимтэй дипломат үйл ажиллагаа явуулж байна. НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн Байнгын таван гишүүний нэг, ЕХ-ны тулгуур орны нэг, Цөмийн гүрэн, Соёлын их гүрэн, Энэтхэг–Номхон далайн бүс нутгийн идэвхтэй тоглогчдын гэдгээрээ Францын нөлөө дэлхийн аль ч өнцөгт тодорхой жин дарна. Орос–Украины асуудал, Тайваний асуудал, Хятад–Америкийн стратегийн өрсөлдөөн, ЕХ-ны хөгжлийн цаашдын чиг хандлага зэрэг бүх асуудалд дундын тоглогчийн онцгой чадамжтай цөөн орны нэг нь яах аргагүй Франц улс. Өнөөгийн олон улсын тун ээдрээтэй харилцааны орчинд өөрийн бодит боломж, нөөцөө хэрхэн ашиглах нь Парисын өөрийн эрмэлзэл, улс төрийн манлайлал, дипломат ажиллагааны чадамжаас нь хамаарах болно.
Ерөнхийлөгч Макроны БНХАУ-д хийсэн шүүмж дагуулсан айлчлал тавьсан зорилтуудаа хэр биелүүлэхийг цаг хугацаа, үйл явцын өрнөл, хувирал харуулах болно. Ямартай ч Макроны айлчлалын дараахан Ши Жиньпин Орос–Украины дайн эхэлснээс хойш анх удаа Володимир Зеленскийтэй утсаар ярьж энхийн хэлцэлд хүрэх үйл явцад Хятадын оролцоо хэр жин дарж болохыг харилцан туршиж яриа өрнүүлэв.
Оросын тал энэ харилцааг таатай хүлээн аваагүй бөгөөд бүх бурууг Киевийн эрх баригчдад тохож, Украины эрс байр суурь нь энхийг тогтооход саад болж байна гэж мэдэгдсэн.[29] Украины асуудлаар оролцогч талууд эцсийн шийдэлд хүрэхэд олон үе шаттай дипломат нүүдлүүд, эрх ашгийн тохироо, хүчний тэнцвэр, фронт дээрх нөхцөл байдал, эдийн засгийн ашиг сонирхол зэрэг олон хүчин зүйлийн бүрдэл нэг цэгт ирэх ёстой ба үүний тулд цааш урт зам байгааг ажиглагч, судлаачид сануулсаар байна.
Нэмэлт мэдээлэл: Сүүлийн үед Монголын албаны зарим эх сурвалжуудаас БНФУ-ын ерөнхийлөгч Эммануэль Макрон Монгол Улсад айлчлал хийх тухай мэдээлэл гарсан[30]. Макроны айлчлалын үед Монгол Улсад цөмийн эрчим хүч хөгжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл гарах тухай Монгол Улсын Эрчим хүчний сайд Б.Чойжирсүрэн УИХ-ын чуулганд ярьсан нь анхаарал татаж байна. Франц улс Голлизмын бодлогынхоо дагуу ОХУ-тай ойр харилцаатай байсаар ирсэн ба хэзээ нэг өдөр Украины хямрал шийдэгдэх үед Франц–Оросын харилцаа эргэн сэргэх боломжтой. Ерөнхийлөгч Макроны явуулж буй идэвхтэй гадаад бодлого, айлчлалуудын үр дүнд Хятад–Францын харилцааны дулаарлын үе эхэлсэн. Монголтой хиллэдэг хоёр хөрш улстай Франц улсын харилцах харилцааны байдал тусдаа асуудал мөн боловч яг энэ цаг үед Монгол–Францын харилцаанд, зарим салбарт тодорхой ахиц гарч болох цонх үе тохиож байж болох юм.
Аюулгүй Байдал судлалын хүрээлэн бэлтгэв
Сэтгэгдэл (0)