Япон, БНСУ-ын удирдагчид аюулгүй байдлын асуудлаар хамтран ажиллана гэдгээ нотоллоо

СӨҮЛ. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль нар Сөүл хотноо ням гарагт уулзах үеэрээ БНАСАУ зэрэг Азид өсөн нэмэгдэж буй аюулгүй байдлын аюул заналыг зохицуулах чиглэлд хамтран ажиллана гэдгээ нотоллоо.

 

Сөүл хотноо болсон дээд хэмжээний уулзалтын үеэр К.Фүмио, Юн Сог Ёль нар мөн Япон улс Фүкүшима атомын цахилгаан станцын цацраг идэвхт бодисоос цэвэршүүлсэн усыг далайд асгахаар төлөвлөж байгаатай холбогдуулан шинжлэх ухааны судалгаа хийх шинжээчдийг илгээхээр тохиролцжээ.

 

Энэ сарын сүүлчээр Хирошима хотод “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах ёстой К.Фүмио хоёр орны ойрын холбоотон болох АНУ нь Ази дахь аюулгүй байдалтай холбоотой нөхцөл байдалд илүү болгоомжтой хандах болсон тул БНСУ-тай харилцаагаа сайжруулахыг эрмэлзэж байна. Япон, БНСУ-ын хамтын ажиллагаа нь “олон улсын өнөөгийн байдал, дэлхийн хямралын үед хоёр орны нийтлэг ашиг сонирхолд төдийгүй дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд чухал ач холбогдолтой” гэж Юн Сог Ёль К.Фүмиотой хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр онцлон тэмдэглэжээ.

 

 

К.Фүмиогийн хувьд, Япон, БНСУ-ын яриа хэлэлцээ сүүлийн хоёр сарын хугацаанд “эрчимтэй урагшилж” байгааг хэлээд, хоёр талын харилцаа “сайжрах үе шатандаа орж байгааг” удирдагчид нотолсон гэж нэмж хэлжээ. Тэрбээр мөн дайны үеийн хөдөлмөртэй холбоотой асуудлыг хөндсөн байна. Хэдийгээр олон хүн өнгөрснөөсөө сургамж авч, урагш алхдаг ч өнгөрсөн үеийн гашуун дурсамжийг мартаагүй байгаа тул зүрх сэтгэл нь шимширдэг гэж тэрбээр хэлжээ.

 

Ням гарагт К.Фүмио, Юн Сог Ёль нар хагас дамжуулагчийн нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэхийн тулд эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр мөн тохиролцжээ.

 

Түүнчлэн Юн Сог Ёль баасан гарагт Японы төв нутгийн Ишикава мужид болсон газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутгуудад байгалийн гамшгийн уршгийг түргэн арилгана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. 

 

К.Фүмио Юн Сог Ёлийг “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад зочны хувиар урьжээ. Дөрөвдүгээр сарын сүүлчээр Юн Сог Ёль АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай хэлэлцээ хийхээр тус улсад төрийн айлчлал хийсэн юм. Тэрбээр тухайн үед хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр, БНСУ, Япон, АНУ “Долоогийн бүлэг”-ийн уулзалтын хүрээнд гурван талын дээд хэмжээний уулзалт хийнэ гэдгийг мэдэгдсэн билээ хэмээн Монцамэ агентлаг мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)