Хар тэнгист Орос-Польшийн онгоцнууд мөргөлдөх шахав

Хар тэнгисийн олон улсын агаарын орон зайд Оросын сөнөөгч онгоц өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Польшийн цэргийн онгоцтой мөргөлдөх шахсаны улмаас НАТО агаарын эргүүлийн ангиудаа өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлээд байна. Тодруулбал, Хар тэнгист өнгөрсөн баасан гарагт эргүүл хийж байсан Польшийн Хил хамгаалах албаны L410 TURBOLET онгоцыг саатуулах зорилгоор Оросын Су-35 сөнөөгч онгоц аюултай зайд буюу таван метрт ойртсоны улмаас Польшийн онгоц удирдлага алдан доошилсон ч багийн таван гишүүн онгоцоо аюулгүй газардуулж чаджээ.

Уг хэрэг явдлын улмаас НАТО Агаарын хилийн ангиудаа өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн талаар өчигдөр мэдээлсэн бол хэрэг явдлын талаар Москва албан ёсны тайлбар одоогоор хийгээгүй байна.

 

Польшийн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Пиотр Мюллер Польшийн хилчдийн онгоцыг Оросын сөнөөгч саатуулсан талаар тайлбар хийж, “энэ бол төлөвлөсөн өдөөн хатгалга” хэмээн мэдэгдэж байна.

 

Польшийн уг онгоц тухайн үед хууль бус шилжилт хөдөлгөөнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хар тэнгист ээлжит нислэг үйлдэж байсан ч Оросын Су-35 сөнөөгч радио холбооны анхааруулгагүйгээр, аюулгүйн зай барилгүйгээр гурван ч удаа шууд ойртон ирж, Польшийн онгоцны хамрын урдуур нисэх зэргээр “түрэмгий бөгөөд аюултай маневрууд” хийжээ хэмээн Стратеги судалгааны хүрээлэн бэлтгэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)