Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар санал солилцлоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах байгууллагын Ази, Номхон далайн бүсийн захирал Марко Тоскано Ривалта нартай уулзлаа. Уулзалтаар талууд гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар санал солилцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн, “Өнгөрсөн хугацаанд олон улсын тавцанд болсон үйл явдлуудын улмаас дэлхий нийтээрээ гамшгийн эрсдэл болон түүнийг бууруулахад онцгойлон анхаарч байна. Эрсдэлийг зөвхөн байгалийн аюулт үзэгдэл, гамшигтай холбохоос гадна бууруулах, шинэ эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь нэн чухал юм. Тиймээс Улаанбаатар хот 2016 онд НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” санаачилгад нэгдэн орж, дэлхийн бусад хоттой туршлага хуваалцан, аюулгүй хот бий болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Улаанбаатар хотын хэмжээнд салбар хоорондын хамтын ажиллагаа, төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх замаар гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг зохион байгуулахад анхаарч ажиллаж байгаа. Энэ хүрээнд арга зүйн дэмжлэг үзүүлж, олон улсын сайн туршлагыг хуваалцан хамтран ажиллаж буй НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газарт талархал илэрхийлье” хэмээсэн юм.

Монгол Улс нь НҮБ-аас гаргасан “Дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030” тунхаглал, “Мянганы хөгжлийн зорилтууд”, “Парисын хэлэлцээр”, “Сендайн үйл ажиллагааны хүрээ” зэрэг дэлхийн улс орнуудын гамшгийн эрсдэлийг бууруулах баримт бичгүүдэд нэгдэн орсон билээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)