Ю.Цэдэнбал шилдэг эх оронч, гуманист удирдагч байв

(Дурсамж)

1956 оны зун цаг байлаа. Манайх Давст сумын Хандгайтын хар модны захад Шар модон гэдэг газар зусаж байв. Бал дарга дурсамж яриандаа ямагт ярьж, нутгийнхантай уулзах бүрийдээ асуудаг байсан Хандгайтын их ойн зах Шар модны Ганц улиас хэмээх газар даргын аав, ээж, өвөг дээдэс нь хавар, зуны зааг үеэр нутагладаг байсан бөгөөд энэ Ганц модноос тун холгүй, 120 м газар би ертөнцөд мэндэлсэн билээ. Энэ бууцаас Хандгайтын хар модны гүн рүү морин замаар шууд 2,5 км явж очиход эргэн тойрон их ойн хүрээтэй, хааш хаашаа 800 м цол газар байдаг нь Бал даргын төрсөн нутаг ажгуу. Тэнд Юмжаа гуайн намаржаа байсан гэдэг.

Дэлхийн олон гол мөрөн, горхи хатаж, ширгэж буй энэ үед тэр хэсэгхэн газрыг байгаль ээж хамгаалан дархалж, намгархуу, өвс ногоо, цэцэг, жимс жигдэрсэн үзэсгэлэнт газар болгон үлдээсэн байдаг юм. Энэ газрыг Цагаан бураа гэх бөгөөд их модны зах руу цагаан бургасны шив шинэ төгөл ой ургасан байдаг нь алдарт өвөг дээдсийн үйлсийг өнөөгийнхөн нэр төртэй авч явааг зөгнөсөн мэт бодогддог билээ. Энэ хэсэгхэн газар - Давст сумын нутаг бол ертөнцөд ховорхон үзэсгэлэн төгс байгальтай нутаг гэж олон газар явсан би хэлж чадна.

 

Уул хангай, тал хээр, говь, цөл, нуур, далай, гол горхи, битүү ой хөвч иж бүрэн хосолсон үзэсгэлэнт сайхан Монгол эх орны баруун хязгаарт, усны шувууд уянгалан чуулсан, хараа сунган мэлтийсэн, хөхрөн давалгаалах Увс далайн хойт хөвөөнд, хандгай буга, халиун гөрөөс бэлчиж, жимс ногоо, цэцэгс алагласан, хөхөө шувууд донгодсон, Монголдоо хосгүй тал нутгийн их ой-Хангайтын хар модны эхэнд, янгирын сүрэг цахилсан ихэр гурван Тэрмэсийн уулсын хойд бэлд, алсад дүнхийх Тагнын нуруу, Ямаат уулын урд талд рашаан уст Хандгайтын голын хөвөөнд орших Цагаан бургас хэмээх байгаль эхээс заяасан ер бусын үзэсгэлэн хослон жигдэрсэн энэ газар бол Монголын нам, засаг төрийн жолоог 44 жил барьсан Ю.Цэдэнбалын унасан газар, угаасан ус нь мөн байв.

Жигүүртэн хүрэшгүй халил оргилууд: Цахир, Сонгино хайрхан, Жаргалант, бургастай уулс, Ямаат, Хатуу, Аараг, Тэрмэсийн шилүүд, Хандгайт, Улиастай, Торхилогийн тунгалаг ариун голууд, давсан эрдэнээс бүрдсэн Шүдэн уул, цэцэг навч алагласан, хүлгийн шандас шалгасан Хүдэнгийн их тал хөндий бол энэ хүний хүүхэд ахуй цагтаа гэр барин, шагай, чулуу таалцан тоглож, мал сүргээ хариулж, морин дэл дээгүүр хийсгэж явсан унаган нутаг мөн авай. Чухамдаа шижиртэн долгиолох гүн цэнхэр нуур, өндөр сүрлэг хайрханууд, хөвч ой, уудам тал хөндий, рашаан булаг шандууд, цэвэр цэнгэг агаар зэрэгцэн хосолсон энэ л хэсэгхэн газар шороо, Монголын хязгааргүй уудам мөнх хөх тэнгэр л нутгийн их дээдэс Ю.Цэдэнбалд эх орноо, ард түмнээ хайрлах хүүгийн сэтгэл, их үйлс бүтээх, олон арван жил цуцалтгүй зүтгэх хөдөлмөрлөх, эрүүл чийрэг бие, хурц саруул ухааныг өгсөн гэж хэлж болохоор сайхан нутаг байдаг юм. 

 

Зарим нэг хүний бичсэн зүйлд Ю.Цэдэнбал төрсөн газраа ЗХУ-д “бэлэглэчихсэн” мэт санаа тааралддаг юм. Тэгвэл миний төрсөн газар нутаг ч бас л нүүгээд Зөвлөлтийн хил рүү орчих юм байна л даа. Тэгээд би гэдэг хүн “Зөвлөлтийн иргэн" болох ч юм уу, тэр хүмүүсийн бичсэнээр.

 

Гэтэл үнэндээ бол Давст сумын төвөөс урагш шуудаар бодоход 6 км, машин замаар тойрч очиход 9 км, Хандгайтын хилийн боомтоос зүүн тийш 15 км-т оршдог энэ хэсэг газар Монгол Улсын дэвсгэр нутагт байдаг нь яахын аргагүй үнэн юм.

Энэ нутгийн хүний хувьд, түүхч хүний хувьд дурсахгүй бол болохгүй нэг асуудал байдаг билээ. Орос, Монголын хил дээр байдаг Давст уулын асуудлыг нэг хэсэг хүмүүс бас л улс төржүүлж, Ю.Цэдэнбал Орост бэлэглэсэн юм шиг ярьж бичсэн нь миний инээдийг л хүргэдэг. Давст уулыг дөрвөдүүд, тувачуудын аль аль нь тойрон амьдарч байсан гэдэг нь үнэн юм. Яг Балынхан энэ уул хавьд нутаглаж байгаагүй, харин Торхилогын голынхон гэх миний ээжийн аав, ээж нь энэ уулын ар, өврөөр нутаглаж байсан юм билээ. Энэ уул нь Бал даргын төрсөн нутгаас хойш 29 км, Давст сумын төвөөс хойш 23 км газар байдаг юм.

 

Түүхэн цаг үеийн эрхээр Тува өрх тусгаарлах үед Монгол, Тувагийн хилийн хэлэлцээрийн хоёр талын комисс Давст уулыг Тувагийнх гэж 1932 оны 6 сарын 2-нд хэлэлцэж протоколдоод гэрээнд гар хөлийн үсгээ зурчихжээ. Монголын Засгийн газар, түүний Ерөнхий сайд П.Гэндэн тэр гэрээг нь 1932 оны 8 сарын 12-ны өдрийн 8-р тогтоолоор, тухайн үеийнхээ журмаар баталчихсан юмсанж. Тэр тухайгаа Тувагийн талд 55 тоот бичгээр мэдэгдэхээ ч мартсангүй. Тувагийн Засгийн газар 1932 оны 81 тоот тогтоолоор дээрх гэрээг дор нь баталчихжээ. Гавьяа байгуулсан юм шиг Монголын тал энэ тухай “Үнэн” сонинд, мөн оны №11-д нийтэлж тавиад нийтэд албан ёсоор зарлачихсан байдаг юм. Монголын томчууд “эрх мэдлээ эдэлж дургиж байх” энэ үед 16 настай Бал хүү Эрхүүд бэлтгэл ангид сурагч байжээ. Энэ тухай бүх гэрээ хэлэлцээр, протокол, баримт бичгүүд МУ-ын Үндэсний төв архивын ф.1, д.2, х.н.451, т.48,50,52,53; х.н.460, т.31-д дурайтал бичээстэй байдаг юм билээ.

Дараа нь манайхан Давст уулаа эргүүлэн авахыг олон жил санаархсан боловч 1932 онд “жижигхэн” Тувад “алдсан” хэсэг газраа 26 жилийн дараа 1958 онд аварга ЗХУ-аас “булааж” авч чадаагүй нь аргагүй биз ээ. Манайхан жаахан юм уншиж байж, дараа нь мэдэмхийрч байгаасай гэж надад бодогддогоо нуугаад яахав.

 

Үндсэрхэг үзэлтэй П.Гэндэн өгч, авалцаж, их Монголын үзэлтэй Х.Чойбалсан ойлгон эвлэрсэн, интернационалч Ю.Цэдэнбал буцаан авч чадаагүй энэ уулын асуудлыг, Цэдэнбалын бодлогыг “засагч” Ж.Батмөнх, Монгол, Зөвлөлтийн харилцааны “бөөсийг сайтар түүсэн”, “ардчилсан” П.Очирбат нар ч аль нэгэн байдлаар сөхөөгүйг энд тэмдэглэхэд илүүдэхгүй. Бодвол, ёстой юм ёсоороо болжуу гэж үзсэн бололтой байдаг.

 

Ардчилсан Үндсэн хуулийн хүрээнд ажилладаг, ардчилсан төрт засагтай, гадаад нээлттэй, олон тулгуурт бодлоготой, дэлхийн гол том орнуудтай найрсан сайн хөршийн харьцаатай манай оронд Европын аюулгүй байдлын судалгааны Джорж Маршаллын төвтэй хамтран тун саяхан болсон хуралдаан манай улсыг Төв ба Зүүн Азийн улс орнууд дотроо газар нутгийн маргаан байхгүй цорын ганц улс. Тиймээс төвийг сахисан зуучлалын улс болох бүрэн боломжтой хэмээсэн байдаг. (оllоо.mn 2009.04.20.№1151810). 1932, 1958, 1976 онуудад ярилцан ТОГТООЖ бүр ерээд онд, тэр ч байтугай одоо ч нийтээр нэг уулын орчим байтугай 8158 мянган км урт хилээ маргаангүй гэж албан ёсоор үзээд байхад, хил хязгаараа ийм найдвартайгаар тогтоон баталгаажуулсан гол гавьяатай хүнийг Давст уулын асуудлаар мушгин гүтгэх нь үнэмшилгүй бөгөөд өрөвдөлтэй алхам юм.

Хил орчмын аль нэг хэсэг газрыг тэрнийх, энэнийх байх ёстой, тэр, энэ хууль бусаар өгсөн, авсан гэж маргацгаах нь нэг бол хөнгөн гоомой, завхай яриатай завтай хүний үг, нөгөө талаас улс төржиж хийрхэхийг амьдралынхаа шинж болгочихсон хүмүүсийн хоосон мэдэмхийрэл юм. Нэгэнт тогтоогдсон, олон улсаар хүлээн зөвшөөрөгдөж, баталгаажсан хил хязгаарын тухай улс төржсөн хов жив нь Монголчуудад ашигтай биш биз ээ. Түүхийн эрхээр олгогдсон агуу их нутагтаа л сайхан амьдралаа ухаалгаар зохиох нь бидний үүрэг гэж би боддог.

 

Тэр жил 1956 он энэ нутагт Газ 69 маягийн (тэгэхдээ өөр машин байв) хоёр гялалзсан машин давхин манай хот айлд буусан нь Ю.Цэдэнбал дарга нутагтаа ирсэн хэрэг мөн байлаа. Тэр хавьд даргын эгчийнх болон хамаатан айлууд зэргэлдээ байсан тул тэр хот айлд ирсэн байв. Томчуул цуглаж хурал зөвлөлгөөн хийж, ажил төрөл ярилцсан байх. Хүүхэд бидний хувьд тэр машинууд л хамгийн сонин гоё байлаа. Тэр үед суманд нэг л ачааны машин байсныг санадаг юм. Тэрхүү гоё машинуудын эргэн тойрон хүүхдүүд цуглаж, бас доогуур нь ч орж үзэцгээв. Жолооч нь ч ширүүн зантай хүн биш байсан бөгөөд хөдөөний хүүхдүүд үзвэл үзэг гэж бодсон байх. Бал дарга өөрийн гараар хүүхдүүдэд атга атгаар чихэр өгч байв. Томчуулд боодолтой бэлэг (ер нь даавуу байсан болов уу) өгч байсан. Олон хүүхдэд их чихэр харамгүй тарааж байсан ийм тохиолдлыг би өөр санадаггүй юм. Тэр хавийн бүх хүмүүс, хүүхэд цөм Бал даргатай хамт фото зураг татуулсан бөгөөд тэр зургийг манайхан үе дамжуулан одоо ч нандигнан хадгалдаг юм.

 

Миний эцэг Б.Цэен Намын дээд сургуульд оюутан байхдаа бие нь муудаж 1957 оны хавар эмчлүүлэхээр Москва явсан юм. Тэр үед Тариалан суманд Л.Галсан ахынд байх үед аймгийн хэлтсийн машин шөнө ирж, биднийг суулган аймагт ирээд маргааш өглөө нь онгоцонд суулгаж Улаанбаатар луу авчирсан юм. Энэ нь аавын бие муудсантай холбогдуулан биднийг уулзуулах гэсэн Бал даргын анхаарал халамж байсан юм билээ. Өвдөж зовсон, ядарч зүдэрсэн хүнд онцгой анхаарал тавьж байсны нэг тохиол нь энэ байв. Тэр үед даргын ээж Я.Заяа гуай ээж, биднийг хэд хэдэн удаа гэртээ аваачиж, бас Баянгол дахь зуслан руу нь ч хэд очсон юм. Бал даргын ээж нь тун сайхан зантай, хүүхдийг их эрхлүүлдэг, их яриасаг хүн байж билээ. Тэр үед сум нутгаас ирсэн хүн болгоныг сураглан олж, гэртээ аваачиж дайлж цайлдаг байсныг нь миний хойт аав Б.Норов дурсдаг байлаа. Энэ үед Бал дарга ээж бидэнтэй уулзаагүй, тун завгүй байдаг, шөнө орой л гэрийн бараа хардаг гэж ээж нь ярьж байв. Нэгэн удаа зүггүйтэж даргын гэрийн цонхоор нь сонирхон ажиглахад эхнэр, үйлчлэгч алин болохыг мэдэхгүй орос эмэгтэй том гээч толины өмнө зогсож байгаа харагдсан. Намайг мэдээж харсан, уурлаагүй, харин бүр гайхсан байдалтай инээмсэглэж байсан санагддаг юм. Лав л А.И.Филатова гуай Москвад байсан аавыг эргэж, эмч нартай нь уулзаж, анхаарал тавьж байсан нь манай гэр бүлийн түүхэнд сайн сайхнаар дурсагдаж үлдсэн билээ. Эцэг маань Москвад ертөнцийн мөнх бусыг үзүүлж, бид ч удалгүй нутгийн зүг хөлгийн жолоо залсан юм.

 

Намайг 10-р ангид байдаг өвөл 1966 онд Цэдэнбал дарга нутагтаа очсон юм. Миний тооцоолсноор 1940,1946,1956,1966,1976 онд Увс аймагтаа очсон. Байнга л ирээд байж чаддаггүй байсан юм билээ. Харин 10 жилийн давтамжаа орхиж 1982 онд нутагтаа очсон, удалгүй өөрчлөгдөхөө таасан юм болов уу. Дарга ирэх сургаар аймаг, байгууллага бүр, бараг бүх хүмүүс бэлдэж, ажил дээрээ ямар нэгэн ахиц гаргах, наад зах нь байгууллагаа цэвэрлэх тохижуулах гээд бөөн ажил өрнөдөг байв. Зүгээр л нэг харагдаад өнгөрөх биш, ажилд өөрчлөлт гаргаж, сайжруулах л зорилготой холбоотой байсан гэж боддог юм. Пионерууд шугаман жагсаал хийж, ахлах ангийхан гадна, дотно шатаар эгнэн зогссон байлаа. 10 гаруй хүн явцгааж байлаа. Бал дарга нэхий дээлтэй, малгайгаа гартаа барьчихсан шатан дээр бидний хажуугаар яваад өнгөрсөн юм. Нүүр дүүрэн инээмсэглэлтэй, хөнгөн шингэн хөдөлгөөнтэй, толигор царайтай, махлаг, дунд зэрэг нуруутай хүн л санаанд үлджээ. Улаангомын төв талбайд (одоо Ю.Цэдэнбалын талбай) болсон хөдөлмөрчдийн цуглааныг хүүхдүүд бас л сонирхож очиж үзэв. Улсын баяраар Наадмын талбайд л тийм олон хүн цугладаг байлаа. Амьтан ах дүү нар бүгд л баярын царайтай, яриа хөөрөө ихтэй, “халуухан” л өдөр байсан санагддаг. Улаангомд удаагүй, орон нутагт ажиллахаар явсан тухай ярьж байлаа.

 

Их үерийн нөгөөдөр нь 1966 оны 7 сарын дундуур би УИС-д элсэж оюутан болон Улаанбаатарт орж ирсэн юм. Үерийн дараа бүх юм ундуй сундуй, үерт автсан гэр, хогшил ачсан машин тэрэгнүүд дүүрэн байлаа. Сүхбаатарын талбайд баахан гэр барьсан, эд зүйл хураасан нь хөглөрсөн харагдаж байв. Шинэ оюутнууд бид үерийн хамгаалалт, мөн үерт авагдсан том складуудьг цэвэрлэх, чихэр, хайрцагтай зүйлсийг ялгах савлах ажил хагас сар ХИЙЦГЭЭВ.  Янз бүрийн амттан шоколадыг бид бараг л бялууртлаа идэцгээж билээ. Удалгүй 8 сарын аравдын үеэр Жаргалантын САА-д ургац хураалтаар явж билээ. Бал даргын мэндэлсний 50 насны ой болох гэнэ гэсэн яриа хол ойрын хамаатан садан, ах дүү нарын дунд гарч байсан болохоор САА-д байхдаа аминдаа бас чих тавьж байсан боловч намайг тэр үед тоож санах хүн манайхны дотор байгаагүй юм. Ах дүү хамаатнууд хожим нь ой сайхан болсон, уригдаж гэрт нь очсон, дайлуулсан, цайлуулсан тухайгаа баяр хөөртэй ярьж, харин энэ ойн үеэр хамтаар авахуулсан зургаа надад өгснийг нь би одоо ч хүндэтгэн хадгалж явдаг юм.

Оюутны 4 жил ч бараг нүд ирмэх зуур өнгөрч, сургуулиа төгсөх тэр мөчид яаж хот газар, аятайхан хуваарь авах вэ? Хэрхэн аав, ээжээ олигтой тэжээх, олон дүү нараа өөд нь татахуйц хүн болох вэ? гэсэн асуулт тавигдаж, яах вэ гэдэг талаар ах дүү нартай зөвлөсөн ч тэд маань тусалж чадаагүй. Харин хувь заяаны наран ивээсэн байх, их сургууль минь, багш нар минь намайг багшаар үлдээсэн билээ. Шинжлэх ухааны коммунизмын онолын, одоо улс төр судлалын тэнхимийн эрхлэгч, Гавьяат багш, профессор Д.Содномгомбо багш тэнхимдээ багшаар авах санал тавьсан тухай “чих дэлсэв”. Гэтэл түүхийн тэнхимийн эрхлэгч, профессор С.Пүрэвжав багш намайг тэнхимдээ багшаар авсан юм. Эвлэлийн гишүүн, 21 настай залууд МАХН-ын түүх заа гэдэг үүрэг өгчихөв. Багш нар минь ийм өндөр итгэл өгсөн нь амьдралын туршид надад их хүч өгч ирсэн билээ. Энэ бүхнийг дурсаж буй нь учиртай юм.

 

Ах дүү, хамаатан саднаа, бараг л бүх нутгийхнаа Бал дарга татаж чангаагаад, дэвшүүлээд байдаг гэж зарим хүний ярьдаг нь үгүй л болов уу. Румыны удирдагч Н.Чаушескогын засаглалын дээд зиндаанд түүний төрөл хамаатан гучаад хүн байсан ажээ. РКН-ын УТТ-нд гэхэд л өөрөө, эхнэр нь, хүү нь байдаг байжээ. Гэтэл Ю.Цэдэнбалын удирдлагын жилүүдэд Улс төрийн Товчоо, Намын Төв Хорооны жинхэнэ, орлогч гишүүд (161x8=1288), Намын Төв Шалган байцаах комиссын гишүүд (31x8=248), Намын Хянан шалгах хороо, Сайд нарын Зөвлөлд энэ олон жилд түүний хамаатнуудаас нэг ч хүн орж байгаагүй юм билээ.

 

Тэр ч байтугай 4 жил тутам сонгогддог Улсын ба Ардын Их Хурлын 11 удаагийн сонгуулиар сонгогдсон (5000) депутат, намын 8 удаагийн их хурлын (800x8=6400) төлөөлөгчдийн дотор энэ 44 жилийн хугацаанд түүний хамаатнаас нэг ч хүн багтаж байгаагүй ажээ. Ю.Цэдэнбал дарга алба, ах дүүгийн асуудлыг тун сайн ялгаж чаддаг байлаа. Бал дарга нутгархдаг, татдаг гэсэн яриаг би чагнаж байсан боловч үнэндээ тэр үед татлага гэж надад байсангүй, хүн хүний л адил хувь заяагаараа, мөрөөрөө л явж байсан билээ. Тэгээд ч би тийм том хүнд татагдахаар сүрхий хүн ч байгаагүй, гэтэл Цэдэнбал даргын хүрээлэлд гадаадад нэр хүндтэй сургууль төгссөн, өндөр боловсролтой, гадаад хэлтэй, дунд шатанд сайн түлхээстэй, чадалтай залуу боловсон хүчин өргөн хүрээтэй байсан билээ.

 

Миний бие ардын үр хүүхдийг сургаж хүмүүжүүлэхийн төлөө бүхий л хүч оюунаа шавхан ажиллаж байлаа. Гэвч ажил, амьдрал, харилцааны соёлын туршлагагүй надад бэрхшээл мэдээж тохиолдож байв. Одоо яах вэ?, хэнд хандах вэ? гэсэн асуудал ч тавигддаг байв. Тэр үед гадаадад явах одоогийнх шиг сайхан чөлөөтэй байсангүй. Хилийн дээс алхъя, мэргэжлээ гадаадад дээшлүүлье гэхэд өмнө хөрш бүр хаалттай, хойт хөршид явъя гэсэн мөрөөдлөө багшлах 9 жилд биелүүлж чадсангүй “гэлдэрсээр” байлаа. Амьдралын туршлагагүй (ажил тасалж, хожимдож үзээгүй, авгайгаасаа салаагүй, архи пиво амсдаггүй, тамхи татдаггүй залуухан багш) намайг зарим нэг хүмүүс өдөн хатгасаар түүхийг нь заадаг МАХН-аас хасчихав. Энэ бол тэр үед ёс суртахууны төдийгүй, улс төр, нэр төрийн томоохон цохилт болдог байлаа.

Сайн хүмүүсийн дэмжлэгээр хасагдсанаа сэргээж, алдаснаа нөхөж, амьдралаа тэгшилж байж гадаадын аспирантурын уралдаант шалгалтанд орж, Монголын олон аавын шилдэг залуучуудтай өрсөлдөн ялсан боловч бас л суралцахад минь дэгээ тавих хүмүүс гарч ирснээр аспирантурт явж  чадалгүй дахиад нэг жил алдав. Аспирантурт биш юм гэхэд мэргэжил дээшлүүлэхэд 3 сар явуулж өгөөч гэсэн бас л хана мөргөв. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гээч л тэр үед болчихоод байлаа. Ийм үед миний дотны хүмүүс надад: “асуудлыг шударга үнэнээр нь шийдэж чадах, хүмүүсийн эрэлт хүсэлтэд хүнлэгээр хандаж чадах хүн бол Цэдэнбал мөн. Чи түүн дээр орж чамд шударга бус хандаж буй байдлаа хэлж, хүсэлтээ илэрхийл. Ялангуяа залуу хүний сурах хүслийг заавал дэмждэг хүн шүү” гэж хэлсэн нь надад жигүүр ургуулсан юм.

Ю.Цэдэнбалын туслахын утсыг арай хийн олж, зорилгоо хэлж, даргатай уулзах хүсэлтээ илэрхийлэв. Албархуу маягаар хүлээж авсан туслах хагас жил гаруй хариу өгсөнгүй. Уулзуулъя гэж бодоогүй ч байж болох. Гэтэл шинэ туслах Маш-Эрдэнэд мөн л хүсэлтээ илэрхийлсний дараа энгийн сайхан сэтгэлтэй, соёлтой энэ хүн уулзалтыг зохион байгуулж өгсөн юм. Тэрээр: даргад танилцууллаа, уулзъя гэж байна, урьд нь чиний хүсэлтийг дуулаагүй бололтой юм. Ойрын өдрүүдэд бэлэн байгаарай. Би нэг бололцоо гарсан үед нь ярья гэв. Тэр үед гар утас, тэр бүү хэл гэрийн утас ч үгүй байсан тул тэнхимийн утсаа сахих болов. Аз болоход их удалгүй даргын туслах дуудсан юм.

 

1979 оны 1 сарын 12 өдөр бол миний амьдралд болсон нэн тэмдэглэлт өдөр байв. Төр засгаа дээдлэн хүндэтгэдэг уламжлалтай бидний хувьд Төрийн тэргүүнтэй уулзана, тэр байтугай өрөөнд нь орж үзнэ гэдэг ер бусын их аз завшаан мөн байлаа. Өмнө нь хэд хоног бас ч гэж бэлтгэснээ санаж байна. Юуны өмнө нутгийн найз Даваасүрэнгээрээ дунд гарын сайхан мөнгөн аяга хийлгэв. Эрхэмлэн хүндэтгэж явдаг хүндээ ийм л зүйл барих нь зөв гэж надад зөвлөсөн юм. Тэр цагт хадаг амар олддоггүй байлаа. Гэвч сайхан цэнхэр хадаг олов. Нутгийн идээний дээж гэж чацарганы “Хан Хөхий” архи 1 шилийг базаав. Архины нэр чанар ч гэж мэддэггүй байж, нутгийн идээ гэж л бодсон хэрэг.

 

Засгийн ордон руу очиж яваа тэр үед би ер нь л “тал ухаантай “ явсан байх. Ордны урд талын голын хаалгаар ороход нэг хүн тосож аваад зүүн жигүүрийн 3 давхарт дагуулан гаргасныг санадаг юм. Үүдний хамгаалалтын хажуугаар яаж гарсан, хүлээлгийн өрөөнд хэн байсныг ч би дараа нь санахгүй байлаа. Ер нь ухаан санаа бүрэн биш мэт байлаа. Ороорой гэж туслах нь хэлэх бүдэг бадаг сонсогдов. Хаалга ч нээж өгсөн санагдана. Мөнгөн аягатай сүү, хадгаа бэлтгээд орлоо.

 

Бал дарга ширээний хавиас босож зөөлөн явсаар хаалганы хажууд ирж инээмсэглэн зогслоо. Би ч хадаг, сүүгээ барьж, амар мэндийг нь хүндэтгэлтэйгээр, олон хоног бэлтгэснийхээ дагуу ёс журмаар асууж мэндчилэв. Дарга ширээнд суухыг уриад өөрөө ширээгээ тойрч урт ширээний эсрэг талаас миний халз урдаас харж суулаа. Би ч урьдаас нарийн төлөвлөсний дагуу ажил төрлөө нэгд нэгэнгүй танилцуулж, аймаг сум орны сонинг дуулгаж, нутгийн ахан дүүсийн амар мэндийг нэр усаар нь дамжуулав. Эцгийн хэдэн зургийг үзүүлж дурсахад “аав чинь их өндөр, цагаан, сайхан хүн байсан юм сан” гэж хэлэхэд би их баярлан зоригжиж байлаа. Дарга өөр олон юм хэлж яриагүй ч маш их анхааралтай чагнаж байгаа нь мэдэгдэж байлаа. Дөлгөөн инээмсэглэсэн мэт найрсаг царайны дунд ер бусын хурц нүд нь хүний хөдөлгөөн бүрийг цоргих мэт ажиглан харж, ярьж буй үг бүрийг бодож буй мэт хүлээн авч байлаа. Бидний уулзалт цаг гаруй болсон гэхэд хүний яриаг ямар их тэвчээртэйгээр сонсож чаддаг нь намайг гайхшруулсан юм. Хааяа аав, ээж, ахуй амьдрал, ажлын тухай тодруулах асуулт л асууж байлаа.

 

Ажлын тухай асууж ярилцах зуур “Монгол Улсын их сургуулийг бид дайн эхэлсэн хүнд үед их зүтгэж чармайж байж байгуулсан юм. Зөвлөлтийн ард түмэн их тусалсан юм шүү дээ” гээд орос хэлний сургалт ямар вэ? гэв. Асуултанд хариулах зуураа “ЗХУ-д мэргэжил дээшлүүлэх гэж хэчнээн бодоод явж чадахгүй байна” гэв. Дараа нь гол асуудлаа хэллээ. Гадаадад суралцахын тулд уралдаант шалгалтанд орж, эрдэм чадалтай өрсөлдөгчдөө ялсан тухайгаа ярихад их сонирхож: “шалгалтанд тэнцэж, өрсөлдөгчдөө ялсан хүн хуваарьт сургуульдаа явж болохгүй байна гэж үү” хэмээн гайхан асууж байлаа. Би ч тийм гэдгээ нотоллоо. Дарга кноп дарахад нэг хүн орж ирэхэд Ч.Сэрээтэрийг дууд гэлээ. Сэрээтэр дарга байхгүй байгааг дуулаад О.Лхагвааг дууд гэлээ. Тун удалгүй Лхагва багш орж ирлээ. НТХ-ны хэлтсийн эрхлэгч хүн жирийн багш аспирантын хувьд маш том хүн байсан болохоор би босоод зогсов. Бал дарга бас л тосож хаалганд дөхөж очоод: -Жамбалсүрэн та нар нэгнийгээ мэднэ биз гэхэд Лхагва багш: Их сургуульд хамт ажиллаж байсан, мэднэ л гэлээ. - Аспирантурын уралдаант шалгалтанд ороод ялж тэнцсэн юм шив дээ. - Тиймээ гэж хариулж буй сонсогдлоо. Дарга: “Энэ залуу багш над дээр ЗХУ-д суръя, мэргэжлээ дээшлүүлье, орос хэл суръя гэж орж иржээ" гэв. Уралдаант шалгалтанд тэнцчихсэн хүн явах сургуульдаа журам ёсоороо явчихаж яагаад болохгүй байна гэсэн санаа түүний байр байдал, харц, дууны өнгөнд байсан гэж надад санагддаг юм. Өөр үг ч хэлсэнгүй “За ийм байна даа” гэж алгаа нэг ташин яриаг өндөрлөлөө. Лхагва багш: Мэдлээ гэж хэлсэн ийм яриа болсон юм. Лхагва багш ч гарлаа, миний ажлыг бүтээх гэж багш маань ажилласан нь ч мэдээж.

 

Дарга буцаад ширээнд суухыг уриад дахиад л ширээ тойрч өөдөөс харж суулаа. Орос хэлэнд хэр билээ гэж дахин асуулаа. - Арван жилд 1 жил Мажара багш орос хэл заасан, Их сургуульд орос багш, орос хэл дээр лекц уншиж байсан, шалгалтыг нь би онц өгсөн, аспирантурын шалгалтанд өрсөлдөгчидөө би орос хэлээр ялсан гэлээ. Оросоор юм асуух вий л гэж их айж бэмбэгнэж байсан ч тэгсэнгүй, монголоор л асуугаад байлаа. Дарга гэнэт ширээ рүүгээ очиж дөрвөлжин цаас авч: Санхүүд гээд Жамбалсүрэнд мөнгө өг гээд гарын үсэг зурав. Би “бүрэн ухаан алдаж байгаа” бололтойг дарга ажиглаад намайг тайвшруулж: “Гадаадад сурахад мөнгө хэрэг болдог юм. Үүнийг би өөрийнхөө цалингаас өгч байгаа юм шүү. Санаа зовох хэрэггүй” гэв. Би сандарч, яах ч учраа ололгүй тэр мөнгийг нь санхүүгээс авах ч сөхөөгүй шууд гарч ах дүү нартайгаа зөвлөв. Тэд надад: “Хүн өөрөө тусалъя гэж өгч байхад авах нь зүйтэй” гэв. Зарим нь бүр: “Д.Төмөр-Очир гадаадад сурч байхад нь Бал дарга мөнгөөр байнга тусалж, ном арчиж янзлаач гэсэн Цэдэнбалын хүсэлтээр номын завсраа хавчуулсан түүний  мөнгийг нь түүж авдаг байсан гэсэн. Ц.Лоохууз хуйвалдаан гаргахаасаа өмнө Цэдэнбалаас мөнгө гуйхад 3000 төгрөг цалингаасаа өгсөн гэдэг юм. Энэ нь тэр үед их мөнгө байв. Гадаадад сурахад чинь тусалъя гэсэн сэтгэл” гэж хэлцгээв. Маргааш нь Бал даргын фонд хариуцсан ня-бо дээр очиж нөгөө бичгээ үзүүлэхэд юу ч хэлэлгүй нөгөө мөнгийг нь надад өгөв.

 

 Баярласан би номын дэлгүүрт орж, авах юм сан гэж мөрөөдөж байсан “Советская историческая энциклопедия” 15 боть том хэмжээний ном, бас Бал даргын өөрийн нь (урд авч амжаагүй байсан) боть номнуудыг худалдан аваад нөгөөдөр нь гарын үсэг зуруулж өгөөч гэж I ботиудыг нь туслахад нь өгөв. Бал дарга: Жамбалсүрэн ном авсан хэрэг үү гэж инээмсэглээд түүхийн нэвтэрхий толиудыг: энэ тун чухал ном авчээ. Гэвч би бичээгүй болохоор өөрийн бичсэн номон дээр гарын үсгээ зуръя гээд “Исторический путь развития социалистической Монголии” ном дээр гарын үсгээ зурж өгснийг нь одоо ч би нандигнан хадгалдаг юм. Яагаад ч юм: “нөхөр Жамбасүрэнд. Ажлын их амжилт хүсэн ерөөе. Цэдэнбал. 1979.2.6 гэж миний нэрний “л” үсгийг хаяж бичсэнийг анзаарч, тэр үед “л" үсгийг би дунд нь эвтэйхэн нэмж бичиж байснаа санаж байна. Ах дүү нар хэлэхдээ энэ бол нэг хэрэг, харин уйгаржнаар бичихдээ ер алддаггүй гэж байж билээ.

 

Монголын 1-р хүний үг мэдээж биелэгдэх л хувь тавилантай байсан байх “хохирч, жил алдаж, нервтэн дарамтлуулж” байсан жирийн багш 79 оны 11 сард ЗХУ-д явах ёстой байсан аспирантуртаа явж Украины Харьковын их сургуульд 3 жил суралцан зэрэг цолоо хугацаанд нь амжилттай хамгаалаад 1982 оны намар эх орондоо ирсэн юм. Гадаадад зэрэг цол хамгаалан, янз бүрийн, сайн муу, гадаад, дотоод найз нөхөртэй болсон би гэдэг хүн зэрэг цолоо амжилттай хамгаалж, итгэлийг нь сайн биелүүлж ирснээ тодорхой каналаар Бал даргад илтгэн мэдүүлж, авторефератаа хүртэл дамжуулж амжсан юм. Уг нь авхаалж гаргасан минь тэр байлаа. МУИС-д олон жил багшилсан, Европын Харьков хотод эрдэмтэн болсон надад “Эрдмийн зэрэг амжилттай хамгаалсанд баяр хүргэе” гэсэн аман баяр хүргэлтийг дарга дамжуулсан байлаа. Төрсөн нутгийн, үеэл дүүгийн нь хүү гадаадад эрдмийн зэрэг хамгаалсанд мэдээж баярласан гэсэн. Гэхдээ л зарим танилууд минь чичилж “санаа өгч” байснаар би дэвшээд “алга болчихсонгүй”, нөгөө л дээд сургуулийнхаа тогоонд үргэлжлэн ажиллах болсон билээ. Энэ нь ч надад өлзийгөө өгсөн. Боловсон хүчний бодлого дээр тэр үеийн удирдлага тун жигнэсэн, олон талаас харж судалсан, нарийн, боловсронгуй гэмээр бодлого барьж байсан гэж судлаач хүний хувьд би боддог юм. Би гэхэд л их, дээд сургуульд олон жил тэнцэн ажилласан минь л том хувь заяа байлаа. Тухайн үедээ л боломжийн цалин аваад түүгээрээ амьдарч болж байсан минь бол гол зүйл юм. Тэр үед албан тушаалын хэнээрхэл ер нь бага, хүн чаддаг мэддэгээ л, хий гэснийг хийгээд сэтгэл амар явж байдаг үе байлаа шүү дээ. Үүнийг нийгэм, төр, засаг нарийн мэдэж зохицуулж байсан хэрэг гэж л би үздэг юм. 

 

1984 онд Бал даргыг өөрчлөх ажиллагаа тун нарийн зохион байгуулалттай явагдав. Ямар нэгэн нууц ажиллагаа явагдаж байгаа нь бараг л мэдэгдэж байлаа. ЗХУКН, КГБ оролцсон тулдаа энэ хуйвалдааныг манайхан зохион байгуулж чадсан юм.

 

Ямар ч л гэсэн хүнийг ажлаас өөрчилж болох хамгийн адгийн аргыг хэрэглэсэн нь одоо нэгэнт тодорхой болжээ. Дараа нь чив чимээгүй, юу ч болоогүй юм шиг нам гүм байх тактикийг эрх баригчид баримталсан юм. Хэвлэл мэдээлэл, судалгаа чөлөөтэй биш байсан тул хүмүүс гайхан эргэлзэх бодлоо тээн хэдэн жилийг авсан билээ. Асуудлыг түүхийн үүднээс судлах бодол төрсөн ч коммунист ваакумд энэ нь бололцоогүй байлаа.

1986 онд би Москвагийн УИС-д мэргэжил дээшлүүлж 6 сар болсон юм. Тэр үед Бал даргын дүүгийн охин А.Буянтөгс тэнд аспирантурт суралцаж байв. Европоос ирсэн Ю.Аюуш ахтай ч уулзалдав. Бал даргын ой болохоос 4 хоногийн өмнө бид хоёр Бал даргынд очсон юм. Дежур хавьдаа холбооны техник хэрэгслээр өвч тоноглогдсон байснаас энэ байр тусгай хяналт хамгаалалттай болох нь ойлгомжтой байв. Гадаа гудамжны өнцөг болгонд цагдаа харуул байсныг санаж байна. 6 давхарт гарч кноп дарахад Филатова гуай нэлээн лавлаж, дурангаар сайн харж байж оруулав. Дарга үүдний хавьд аль хэдийн ирчихсэн зогсож байлаа. Хүн амьтан, ахан дүүсийг хүлээн, хаалга дуугарахыг чагнан, хонх дуугарвал хурдан гээч нь очдог болсон нь мэдэгдэж байв. Амар мэндээ мэдэлцэж Цэенгийн хүү гэж Аюуш гуай ч танилцуулав. Нутгийн бэлэг шүлгээ ч (Нуух юу байх вэ, хадаг, том болор архи) өглөө. Дулаандуу сулавтар гараар гараас барьж, хоёр хацар дээр үнссэн юм. Урьд өмнө өндөрдүү том хүн л санагддаг байсан боловч тэр үед би бөхийж өгсөн билээ. Ер нь ч намхан жижиг болсон байлаа. Гэтэл эхнэр нь даргыг хөтлөөд өөр өрөөнд оруулж, гэрийн энгийн цамцыг нь тайлж, индүүдсэн шинэ дэгжин цагаан цамц өмсгөөд дагуулж ирж байгаа нь сонин харагдаж байлаа.

 

Бид 4 ширээнд суув. Би даргын өөдөөс харж суулаа. Нүдэнд нь бага зэргийн гуниг ажиглагдсан боловч тэрээр биеэ сайхан авч явж, хөгжилтэй байхыг хичээж байлаа. 2 жилийн өмнө бие нь маш муу байгаа мэтээр Монголд ярьж байсан нь лав л худал гэдэг нь ойлгомжтой болов.

 

Энэ удаа тэднийд 2 цаг хагас хэртэй байсан. Тэд янз бүрийн асуудлаар л яриа дэлгэж байлаа. Би ч ахмад хүмүүсийн ярианд оролцоод байя гэсэнгүй, анхааралтай чагнаж байлаа. Дарга ямар ч зүйл будилсангүй, давтсангүй, жирийн л ярьж байлаа. Филатова гуай ч идэвхтэй ярианд оролцов. 

Тэрээр: “Монголд хүүхдийг 6 настай сургуульд элсүүлэх тухай ярьж байна гэнэ. Энэ нь яг одоо бүтэхгүй, Монгол хүүхдийн нас бие онцлогтой, яарч шийдвэр гаргаж болохгүй” гэж ярихад Бал дарга: “Шийдвэр гаргахын өмнө олон шатанд сайтар хэлэлцэж судалгаа шинжилгээ хийж, мэргэжилтэнүүдийн саналыг авч байж л шийддэг юм шүү дээ” гээд эхнэрийнхээ яриаг өөр чиглэлд оруулах нь ажиглагдав. А.И.Филатова гуай биднийг шарсан тахианы гуяар дайлав. Бал дарга дуртай нь аргагүй нэг гуя авч өөрийн тавган дээрээ тавив. Гэтэл эхнэр нь: “бид хоёр хоолны дэглэмтэй” гээд нөгөө гуяыг нь буцааж аваад оронд нь даргын тавганд алим тавьж байгаа харагдлаа. Дарга дуулгавартайгаар: “алим эрүүл мэндэд ашигтай, харин оюутан хүн сайн хооллож байх хэрэгтэй” гээд нөгөө гуяыг аваад миний тавган дээр тавьсныг нь би хүртсэн юм.

 

Их Чингис үндэс суурийг нь тавьсан Монголын төр засгийг, социалист хатуу тогтолцооны үед 44 жил удирдан залж, өвөг дээдсээс өвлөж авсан “цөс ихтэй” Монголчуудыг эвлэлдүүлэн атгаж байсан, хожим нь “коммунист дарангуйлагч” хэмээн ёвруулж байсан энэ том түүхэн зүтгэлтэн ийм зөөлөн, хүний үгийн аясаар байж чаддаг байсанд би тэр үед тун их гайхсан юм. Хожим нь энэ хүний намтар судалж, тэр үед Ю.Цэдэнбалтай ойр байсан, уулзаж явсан түүхийн гэрч 300 гаруй хүний бичиж үлдээсэн өв дурсамжийг уншихад тэд, бараг л дийлэнх олонх Ю.Цэдэнбал бол уян зөөлөн зан араншинтай, хүнд “чанга дуугарч” үг хэлдэггүй, хүнд их итгэдэг цагаан цайлган өвөрмөц хүн байсныг нь мэдэж итгэсэн юм.

 

Түүний улс төрийн бодлого ч гол төлөв зөөлөн “дөлгөөн” байв.

 

Ю.Цэдэнбалын бодлого аядуу байсан болохоор түүний засаглалын бараг л хагас зуун жилд олон нийтийн эсэргүүцлийн бослого хөдөлгөөн, улс төрийн хурцадмал байдал, жагсаал цуглаан, үймээн самуун, галдан шатаалт ганц ч гарч байсангүй. Түүний үед ард түмнийхээ эсрэг цэрэг, цагдаагийн хүч хэрэглэсэн буюу зэвсэгт мөргөлдөөний тохиолдол огт гараагүй билээ. Энэ хүний удирдлагын жилүүдэд сөрөг хүчин, улс төрийн өөр бодлого зорилготой бүлэглэл, засгийн эрх мэдлийн төлөө ил далд өрсөлдөөн мэдээж удаа дараалан гарч байлаа. Хамгийн хүчтэй өрсөлдөгч нар: Д.Дамбыг САА-н дарга, улмаар ХААДС-ийн орлогч захирлаар, С.Аварзадыг гадаадад Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар, Д.Төмөр-Очирыг Баянхонгор аймгийн Барилга конторын даргаар, Л.Цэндийг Тосонцэнгэлийн мод боловсруулах комбинатын даргаар, нам, төрийн эсрэг бүлэглэсэн, хууль бус маягын ажиллагаа явуулсан гэж үзэж байсан бололтой, Ц.Лоохуузыг нутаг нь хоньчноор, Б.Нямбууг тоо бүртгэгчийн ажилд орон нутагт илгээж байжээ.

 

Цэдэнбалын үед 4 хүн улсын нууц задруулсан, 1 хүн үндэстэн ястны эв нэгдэлд хор учруулсан, улс төрийн зүтгэлтэн 1 хүн тухайн цагийн эрүү, иргэний хууль зөрчсөний учир “аавын хаалга татсан” хэрэг гарсан байдаг юм. Харин өөрийн улс төрийн сөргөлдөгчдөөс энэ 40 гаран жилийн дотор ганц ч хүнийг улс төрийн шалтгаанаар шорон оронд илгээж байсангүй.

Улс төрийн бодлогын алдаа, удирдагчдын алсын хараа, тэвчээр ухаан дутагдсанаас болж Кампучийн Полпот хоёр сая хүн алж, Румынд бослого дэлбэрэлт гарч, нам, төрийн тэргүүнээ эхнэртэй нь буудаж, Хятадын Тянь Энминий талбайд цус урсаж, Оросын Горбачев өөрийн улс төрийн өрсөлдөгчид: Дэд ерөнхийлөгч, парламентын спикер, Ерөнхий сайд, 10 сайдыг шоронд илгээсэн, Югославт үндэстэн ястны хагарал иргэний дайны байдал туйлдаа хүрч даамжирсан зэрэг хүнд үеийг хүн төрөлхтөн сайн мэдэх юм.

Хэрвээ бид харьцуулж ойлгох юм бол эв эе хичээсэн, аливаад хүн ардынхаа төлөө бодлого барьсан, шорон гяндангын бодлогоос ямагт зайлсхийж, алсыг харсан, хүлээц тэвчээртэй бодлого их төлөв барьсан нь Ю.Цэдэнбал олон арван жил нам, төр, засгийн жолоонд тэсэж тогтсоны үндэс болжээ. Цөөхөн уулзсан миний хувийн ажиглалтаас бодоход хүний үгийн аяыг дагадаг, эелдэг, зөөлөн уриалгахан, бусдын үг яриаг их сонсдог, байнга инээмсэглэж хүнтэй харилцдаг, тайван дөлгөөн хүн байсан гэдгийг би хувьдаа хэлж мэдэх юм.

 

Ахмадууд ярилцах зуур би гэр орныг нь сонирхов. Том өрөө нь манайхны 2 өрөө нийлүүлсэн дайтай байлаа. Тэнд айл айлд л байдаг диван, сервант, толь, зочны ширээ л байв. Хананд 3-4 гоё байгалийн зураг, Бал дарга, Филатова гуайн хөрөг зураг өлгөөстэй байв. Өөр илүү дутуу, үнэтэй чамин гэхээр юм ер нь байгаагүй. Жирийн мөртлөө тохитой айл байв. Том жижиг 4 өрөө, 2 гал зуух байсан. Даргын өөрийн нь ажлын өрөө гэхэд жижгэвтэр, энгийн ханандаа номын тавиуртай, ширээн дээр нь байнга л эргүүлдэг “ноолдог” бололтой тун олон ном байв. Харин унтлагын өрөө нь тун цэмцгэр, гоё тавилгатай, тохилог томовтор өрөө байлаа. Филатова гуайн санаачлагын гол бүс нь энэ өрөө байсан болов уу.

 

Яриа ч өндөрлөж “товарищ” Цэдэнбалын төрсөн өдрөөр ирээрэй гэж эхнэр нь биднийг урив. Эхнэр нь: за одоо явж амар даа гэж Бал даргыг өрөөнд нь оруулчихаад эргэж гарч ирээд бас яриагаа үргэлжлүүлмээр байдалтай байсан ч цаг орой болсон тул бид явцгаасан юм.

 

9 сарын 17-ны 14 цагт ойн арга хэмжээтэй, 12 цагт биднийг ирээрэй гэсний дагуу бид яг цагтаа ирсэн билээ. Монголчуудаас Бал дарга, дүү Аюуш, Цэнд, эхнэр Оролмаагийн хамт, А.Буянтөгс, Нанзад хурандаа, би, Слава, Зориг, бас танихгүй 4 хүн, Филатова гуайн төрлүүд бололтой арваад орос хүн байв. Өмнөхөн нь Элчингийхэн ирж баяр хүргэсэн, түүнчлэн өчигдөр нь Зөвлөлтийн удирдагчдыг төлөөлж хүн ирсэн, тэр хүн нь шагнагдаад 2 жил болсон Зөвлөлт төрийн дээд шагнал Лениний одонг Ю.Цэдэнбалд гардуулсан тухай их л баярласан байдалтай ярьцгааж байв.

Цэдэнбал дарга шинэ цамц, цайвар хөх шинэ костюм өмссөн, инээмсэглэн эрт урьдын хууч хөөрч байлаа. Бага сургууль, бүр Эрхүүд сурч байсан тухайгаа ярьж, дайны үеийн тухай, Г.К.Жуковын тухай, бас төрсөн нутгийнхаа байгалийн сайхныг ч яриад авав. Уулын оройгоос утаа суунагладаг, бас элдэв дуу чимээ гардаг сонин уулын тухай дурссаныг би мартдаггүй. Ширээ засах хооронд Бал даргын өрөөнд нь энэхүү яриаг бид чагнасан юм. Харин зарим ярьсан зүйлээ давтаад ярьчих тохиолдол ажиглагдав. Өмнөх уулзалт дээр тэгээгүй, энэ удаа сэтгэл нь хөөрсөн, бараг 2 цаг ярьсан тул давтах явдал байсан байж болох юм. Царай зүс эв эрүүл гялалзсан харагдаж, өвдөж зовсон шинж ер нь л байхгүй байлаа.

Удалгүй биднийг том өрөөний дунд зассан урт ширээнд тойрч суухыг урилаа. Би яг Бал даргын эгц урдаас харж суухаар суудал таарчихав. Ширээг орос маягаар зассан байлаа. Өндөр зэрэглэлийн хүлээн авалтанд байна гэж ойлгогдохоор элдэв сайхан идээ будаа тавьжээ. Ганц хоёр шил виски, харин 7-8 улаан шампанск тавьсан байлаа. Ёслолын арга хэмжээнд оролцсон хүн болгон л үг хэлж, ёслол 3 цаг гаруй үргэлжилсэн юм. Энэ хугацаанд Бал дарга ширээнээсээ ч босоогүй, ганц ч үг яриагүй, идээ будаанаас ч хүртээгүй, идэх уух нь ч харагдаагүй, виски, шампанск ч амссангүй, гагцхүү хүмүүсийн яриаг л сонирхон анхааралтай чагнаж байсан, хариулж үг ч хэлээгүйг сүүлд бодоод өндөр настай хүн гэхэд ямар их сэтгэлийн тэнхээтэй, бие сайтай, тэсвэр тэвчээртэй хүн байсныг би гайхаж явдаг юм.

 

Хүлээн авалтыг том хүү Слава нь ерөнхийдөө хөтөлсөн. Ер нь хөгжилтэй, сэргэлэн байрын хүн гэдгийг би ойлгов. Хүмүүсийг олон удаа инээлгэж, бүх хүний бодлыг нь хэлүүлж чадаж байв. Хөгжилтэй бөгөөд дипломат байр байдалтай байлаа. 50 гартлаа эхнэр аваагүй Славаг зарим хүн өрөвдөж ярьдаг ч тал бий. Гэтэл Оросын нэгэн зохиолчийн бүтээлд: Слава үй зайгүй үерхдэг Брежнев, Громыкогын хөвгүүдтэй цуг Москвагын урлаг соёлын одууд, дуучин бүжигчин, загвар өмсөгчидтэй хотын гадна тусгай зусланд тогтмол төрсөн өдөр тэмдэглэж, ингэхдээ дипломат номертой машинаа тусгай газар орхиж, найз нарынхаа машинаар очдог байсныг бичээд, Славаг “Сын хозяина Монголии”, “известный Московский плейбой” гэж нэрлэснийг хожим уншаад итгэх үгүйгээ одоо ч би хэлж мэддэггүй юм. Ямартай ч эцгийнхээ ойг тун эвлэг соёлтой хөтөлсөн санагдана.

 

Бага хүү Зориг ер нь томоотой байрын, юм ч яриагүй, дуугүйхэн л байв. Слава: Эцгийн тухай Монголын түүхч эрдэмтний үгийг сонсъё гэснээр би үг хэлэх болов. Ганц сайхан үг илэн дэлэнгүй хэлье гэж бодож байтал Нанзад гуай магнитофон залгаж буй нь надад сонин санагдаад явчихав. Энэ хүнийг урьд нь огт мэдэхгүй байсан тул илэн далангүй ярьж чадаагүй, даруухан баяр хүргээд л өнгөрсөн юм.

 

Тэр үед бидний хөгжил тааруу байж, зургийн аппарат үгүй очсондоо харамсдаг. Нанзад гуай л зураг дараад байгаа харагдсан. Бүр даргатай хамт зураг татуулж байлаа. Гэвч энэ ойн тухай ганц ч зураг олж авч чадаагүй. Хожим Зоригтой нь дотно танил болох үедээ сурагласан боловч ойн тухай фото зураг олж хараагүй юм. Зориг: нэг бол Л.Шинкарев ээжээс аргалж авсан, нэг бол 1996 онд Монголд ирэхдээ фото пленкийг Галсан багшид өгсөн байх ёстой гэдэг, бид энд ямар ч зураг олоогүй билээ.

 

1987-1991 онд би Эрхүү хотын УИС-д Монгол деканы алба хаших болж, тэнд байхдаа Москва орох үедээ Бал даргатай 3 удаа уулзаж ярилцсан юм. 1989 оны 1 сард би Герман орох замдаа гэр лүү нь утастахад Филатова гуай: Хүрээд ир гэв. Тэр үед Монголын албаныхан Даргад олиггүйхэн сэтгэгдэл үлдээсэн бололтой байлаа. Дарга нутагтаа яваад ирсэн тухай ярьж, харин аймагтаа очих гэсэн болсонгүй гэж санаа алдан хэлж байлаа. Нутагтаа өвөлжсөн бол сайхан юм сан гэж би хэлтэл: “Тиймээ, хүмүүс завгүй, хачин байна" гээд яриаг өөр тийш хандуулав. Дарга намайг Эрхүүгийн УИС-д ажиллаж байгааг сонсоод: “Намайг Эрхүүгийн Санхүү эдийн засгийн дээдийн оюутан байсан л гэж боддог. Би чинь анх очихдоо Эрхүүгийн УИС-ийн оюутан сурагч болсон, тэнд 2 жил суралцсан юм. Эрхүү хот бүр дээр үеэс Монголтой их холбоотой, ялангуяа мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд том үүрэг гүйцэтгэсэн юм” гэв.

 

Намайг урьд нь МУИС-д багшилж байсныг сонсоод захирал хэн байгаа, Цэвэгмид, Содном, Шагдарсүрэн нар ажлаа хийж байна уу гэж асууж байлаа. Тэрээр бодолхийлж байснаа: дээд сургууль байгуулъя гэдэг санааг намын X их хурлын шийдвэрт бид зориуд оруулсан юм. Х.Чойбалсан дээд сургуулийн ажлыг надад хариуцуулна гэв. Гэвч би тэр үед НТХ-ны дарга, Армийн улс төрийн газрын даргын ажлыг хавсарч, МУИС-ийн ажил надад намын даргын хувьд тэртэй тэргүй харьяалагдаж байсан болохоор Маршалд: би идэвхтэй оролцъе. Одоогоор практик ажил хөөцөлдөхийг Гэгээрлийн сайд Машлайд даалгая гэж хэлсэн. Маршал: ‘‘Болно. Гэхдээ дээд сургууль төгсөөгүй хүнээр университетын захирал тавих хэрэггүй. Хүн судал” гэсэн үүргийг надад өгсөн. “Ширэндэвийг ректор болгох саналыг Маршал шууд дэмжсэн юм” гэж ярив. Ширэндэв Академидаа байна уу гэж гэнэт асуусан. Улаанбаатарт байгаа гэсэн гэж би баахан бүдэгдүү хариулав. Бал дарга өөр зүйл ярьж байснаа гэнэт “1945 онд би Ерөнхий сайдын орлогч болоход Маршал өөрийн хариуцаж байсан шинжлэх ухаан, дээд боловсролын салбарыг надад хариуцуулах болсон юм” гэв. Одоогийн зарим зүйлийг давтах будилах байдал байсан ч олон жилийн өмнөх зүйлийг яг тов тодорхой ярьж байв. Би сурвалжлагч хүн шиг үзэг цаас гаргаад тэр дор нь бичээд байж болоогүй юм. Харин санаснаа хэд хэдэн удаа тэмдэглэж билээ.

 

Бал дарга миний төрөлх МУИС-ийн түүхтэй холбоотой болох тухай энэ яриа надад гүн сэтгэгдэл үлдээсэн бөгөөд их сургуулийнхаа үүслийн үеийг судлах, ер нь энэ түүхэн хүний намтарыг судлах бодлын зурвас энэ үед надад зурсхийсэн юм. Гэвч аливааг барьж авахдаа удаан байдал минь энэ бодлоо арай хожуу гүйцэлдүүлэхэд хүргэсэн билээ. Наяад оны чимээгүй, нууцлаг ч юм шиг, нам гүм орчинд хүмүүс ерөнхийдөө тиймэрхүү л амьдарцгааж байв. Гэтэл ерээд оны донсолгоон нь бодож явсан зүйлээ гүйцэлдүүлэх бололцоог миний өмнө нээж, би ч намтар судлал, Ю.Цэдэнбал судлал руу орсон бөгөөд олон жилийн өмнө санаж байсныхаа дагуу “МУИС: Санаачлагч, үүсгэн байгуулагчид” гэсэн ном бичсэн юм. Энэ номыг бүтээхэд сургууль, хамт олон минь ч их тусалсан, сургуулийн удирдлага ч номыг минь хэвлүүлж өгсөнд би баярлаж явдаг юм.

 

Эх орноо хөгжүүлэхэд бүх л оюун ухаан, мэдлэгээ зориулсан, Монголын дээд боловсролтой анхны сэхээтэн бол Ю.Цэдэнбал, намын X их хурлын баримт бичгийн комисст байсан энэ хүн л дээд сургууль байгуулах тухай үгийг их хурлын тогтоолд оруулжээ гэсэн санаа судалгаанаас гарсан юм. 1942 оны 5 сарын 11 -нд НТХ-ны Тэргүүлэгчдийн “БНМАУ-д дээд сургууль байгуулах тухай” тогтоолд Ю.Цэдэнбал ганцаар гарын үсэг зурж, 6 сарын 15-нд НТХ, СнЗ-ийн “Улсын дээд сургуулийн тухай” чухал тогтоолд Ю.Цэдэнбал түрүүлэн 'арын үсэг зурж, хэрэгжилтэд нь хяналт тавьжээ. 1942 оны 10 сарын 5-нд МУИС нээгдэхэд гол илтгэлийг нь Ю.Цэдэнбал тавьж, их сургуулийн сургалт хүмүүжлийн ажлын эрхэм зорилтыг анхлан тодорхойлж байжээ. 1942 оны 12 сарын 17-нд НТХ-ны Тэргүүлэгчид “Улсын дээд сургуулийн тухай” гэсэн чухал тогтоол гаргасанд мөн л Ю.Цэдэнбал гарын үсгээ зуржээ. НТХ, СнЗ-ийн 1943 оны 5 сарын 20-ны “МУИС-ийн хичээлийн төв байр барьж яаралтай дуусгах тухай” тогтоолыг тэрээр мөн үзэглэж, байшингийн суурь тавихад нь оролцож цай, хадаг тавьжээ. 1947 оны 2 сарын 1-нд Улс төрийн Товчоо “УИС-ийн хичээл сурлагын явцыг шалгасан тухай” түүхэн ач холбогдолтой тогтоол гаргасанд Ю.Цэдэнбал гарын үсгээ зурж биелэлтийг нь зохион байгуулжээ. Монголын ард түмний оюуны хөгжлийн гол голомт МУИС-ийн үүсэл хөгжил нь тэр цагийн том сэхээтнүүдийн нэг болох Ю.Цэдэнбалын нэртэй салшгүй холбоотойг миний судалгаа харуулсан юм. Энэ бол төрөлх их сургуулийнхаа өмнө судлаач хүний хувьд хүлээх үүргээ биелүүлсэн хэрэг гэж би бодож явдаг юм. Ю.Цэдэнбалтай уулзсан тухай дурсахын явцад энэ тухай хэлмээр санагдлаа.

 

А.И.Филатова гуай биднийг ярианд оролцох их дуртай байгаа нь ойлгогдож байлаа. Гэвч би явуулын хүн болохоор даргаар л хэдэн үг хэлүүлээд авахыг бодож байсан тул шуудхан 2 асуулт тавилаа.

 

-Монголыг ЗХУ-д нэгтгэх санал гарч байсан, ямар учиртай вэ?

 

-“Тийм яриа санал гарч байсан юм. Зарим хүмүүс ийм санал тавих замаар ЗХУ-тай тогтоосон найрамдалд үнэнч гэдгээ бидэнд харуулах гэж боддог. Зарим нь биднээс илүү ЗХУ-д үнэнч хүмүүс байдаг гэдгийг зөвлөлтийнхөнд харуулъя гэж зорьдог ч байсан байж болох л юм. Маршал бид хоёр ч энэ асуудлаар Зөвлөлтийн талын байр суурь өөр гэдгийг сайн мэдэж байсан болохоор иймэрхүү санал хол явахгүйг ойлгож байв. Ийм утгатай асуудлаар гуч, дөчөөд онд Хятадад, бүр Тайванд хандаж байсан хүн бий байх шүү. Чухам иймэрхүү санал ийш тийш нь тавиад үймүүлээд байсан хүнийг мэдэхэд тийм хэцүү биш. Тайваны архивт л сайн суух хэрэгтэй”.

 

-Таныг л тийм санал бичсэн мэт ярьдаг бичдэг улс байдаг?

 

-“Тэр хүмүүсийн бичсэн бичиг, захидал нь миний сейфэнд байдаг байлаа Нэр устайгаа л байсан юм шүү дээ. Прокурор байсан хүн, Төмөр-Очир, Цэнд нар. Энэ асуудлыг Маршалтай ярьж зөвлөөд, чимээгүй дарчих нь зөв, тойруулж шуугиад хэрэггүй гэж тогтсон юм” гэв.

 

Энэ үед Филатова гуай улс төрийн яриа таалагдаагүй бололтой: - энэ асуудлыг тэр Төмөр-Очир, Цэнд нараас асуухгүй юу гэх нь тэр. (Тэд Төмөр- Очир, Цэнд нар тухайн үед амьд байгаа л гэж боддог бололтой байв).

 

Би ярианыхаа чиглэлийг өөрчилж

 

 

-Та төрсөн нутагтаа хэзээ очих вэ гэхэд

 

-Эндүүр шууд (Тувагаар дайрч очихыг хэлэв) нутагт очиж болох л ёстой Би очих юм сан гэж бодож байна. Энд нар тусахгүй л хэцүү юм. Манай нутаг өглөө 5-6 гээд л нар манхайгаад мандчихдаг юм шүү дээ гэж гараараа нас дүрслэн харуулж хэлж билээ.

 

Энэ 1989 оны намар би нам, эвлэлийн идэвхтэний семинарт суухаар Москвад ирсэн юм. Бал даргын гэр лүү нь залгалаа. Өөр хүн байгаагүй бололтой дарга утсаа авч байгааг нь хоолойгоор нь танив. Би өөрийгөө танилцууллаа. Нэг л сайн ойлгож танихгүй лавлаад л байв. Бүр тодруулж ойлгуулж, уулзах хүсэлтэйгээ хэллээ. Тэг, хүрээд ир гэв. Би ч маш хурдан очиж, шатаар өгсөн хаалгыг нь тогшив. Дарга: хэн бэ гэж байна. Би дахиад л хэллээ. Цаашаа явж нэлээн удаж эргэж ирснээ “түлхүүр олохгүй байна” гэв. Тэгээд уулзаж чадаагүй, хаалганы хоёр талаас хэдэн үг сольсон юм. Ер нь цоожлоод явсан юм билээ.

 

Ерэн оны намар бас л ажлаар Москвад ирэх үедээ утасдав. Комиссар нь болов уу, жолооч болов уу нэг хүн утас авч Филатова гуайд өгөв. Намайг ерөнхийдөө мэдэх тул хүрээд ир гэв. Очиход хэд гурван үг бид солив. Дарга эмнэлэгт байгаа, чи Москвагийн УИС орох бол бидэнтэй хамт яв гэлээ. Гадаа шинэ “Чайка” маркын урт хар машин зогсож байв. Филатова гуай “чи урд суу” гэж дохив. Би санаанд ч оролгүй: та урд суухгүй юу гэтэл “би тэнд суудаггүй юм” гэв. Орост үйлдвэрлэсэн хамгийн гоё шилдэг машинд ингэж нэг сууж Москвагийн төвөөр давхиж билээ. Лениний ууланд буй эмнэлгийн хавьд ирээд Филатова гуай: Кремлийн эмнэлэгт хүн хамаагүй оруулдаггүй юм. Зөвшөөрлийн дэглэмтэй. Их сургууль энэ ойрхон байгаа биз гэхэд би машинаас буулаа. Тэрээр: өрөөнийх нь утас энэ, яриарай. Их удаан битгий яриарай. Ядруу байгаа шүү гэснээр бид салцгаасан юм.

 

Би хэдэн цагын дараа тэр утсанд залгахад Дарга дор нь авав. Би өөрийгөө дахиад л танилцууллаа. Дарга: Эрхүүгийн Соломоновад (айлд ч гэлүү гудамжинд) би байсан гэв. 1934 оны 10 сарын 5-нд Эрхүүгийн Санхүү эдийн засгийн дээд сургуульд анхны хичээлд сууж байв. Багшийгаа би одоо ч санаж байна. МУИС яг энэ өдөр нээгдсэн юм шүү дээ. Багшийн ажил тун хариуцлагатай сайхан мэргэжил шүү. Ажил үүргээ хариуцлагатай сайн хийгээрэй гэв. Ухаан санаа, үг яриа яруу сайхан байлаа. Гэвч түүний дуу нь урдынхаас нам болсныг би ойлгосон юм. Би ч: Бид бүгд таныг хайрлаж хүндэтгэдэг. Та хурдан эдгэрч эрүүл болоод эмнэлгээс гараарай гэхэд “баярлалаа” гэж намуухнаар хэлж билээ. Монгол үндэстнийг аварсан түүхэн гавьяа бүхий тэр ачит хүмүүсийн нэг-Бал даргатай хамгийн сүүлд утсаар ярьсан минь энэ байлаа.

 

Түүхч судлаач хүний хувьд, XX зууны Монголын түүх гэж хэлж болох МАХН-ын түүх, Их гүрний үеийн Монголын түүхийг олон жил их сургуульд заасан сурган хүмүүжүүлэгч хүний хувьд, Ю.Цэдэнбал гэдэг, социализмын үед бүхнийг манлайлж, магтагдан хүндлэгдэж, ная, ерээд онд эсэн бусаар гүтгэгдэн муучлагдаж явсан, үлгэр оньсого болсон энэ хүний намтар түүхийг судалсан хүний хувьд хэлэх үг надад байдаг юм.

 

Энэ хүний удирдлаганд байх үед Монгол орон, Япон, Өмнөд Солонгос, Малайз шиг үсрэнгүй хөгжөөгүй ч гэсэн, Америк, Англи шиг ардчилал, хүний эрхийн тугыг өндөрт өргөж чадаагүй ч гэсэн, 2 их гүрний дундах тэр л орчин хамааралд тусгаар тогтнол, нийгэм-эдийн засаг, соёлын сэргэн мандалтын замаар замнасан юм. Бүх алхмууд амар хялбар байгаагүй ч гэсэн тодорхой амжилт олов. Үүнд:

 

-Хөрш их гүрнүүд: ЗСБНОУ-тай 1921 онд, БНХУ-тай 1946 онд дипломат харилцаа тогтоож,

-Хил хязгаараа тогтоон олон улсын баталгаатай болгож,

-1 оронтой байсан бол 94 улстай дипломат харилцаа тогтоож,

-1961 онд улсаа НҮБ-ын гишүүн болгож,

-Ард иргэдээ тавиад он гэхэд нийгмийн халдварт өвчнөөс салган эрүүлжүүлж,

-Ард түмнээ асран хамгаалах, өсгөн өнөржүүлэх тууштай бодлого явуулсны дүнд 1940 онд хүн ам 738 мянга байснаа дөчөөд жилийн дараа 2 саяд хүргэж, хүүхэд залуучуудын эх орон болгожээ.

-Монгол нь нэг хүнд оногдох малын тоогоор Австри, Шинэ Зеландийн дараа дэлхийд 3-рт орох болов. Үйлдвэрлэл, хэрэглээний өсөлтийг дагаад малын тоо 22 сая-с доош буугаагүй юм.

Нийтийг хамарсан байсан ядууралтай тэмцэж, ямар ч гэсэн гуйланчлалыг арилгаж, ядуурлыг эрс бууруулж чадав.

-Бүх хүн ажилтай, цалингаараа амьдардаг нийгэм, өнөөдрийн мөрөөдөл болсон нийгмийг далаад он гэхэд бодит байдал болгочихоод байв.

-Хүүхдийн хөдөлмөрийг мөлжих, траншейны амьдрал, хүүхдийн гуйлгачлал, хүний худалдаа, хүүхдийн хүчирхийлэл үгүй нийгмийг үндсэнд нь бий болгосныг ахмад, дунд үеийнхэн эрх биш сайн мэдэх билээ.

 

-Ю.Цэдэнбал ард түмнийхээ боловсролд тэргүүн зэргийн анхаарал тавив. 

 

1940-1985 онд цоо шинээр 580 ерөнхий боловсролын сургууль, 40 техник мэргэжлийн сургууль, 21 техникум, 8 их, дээд сургуулийг хичээлийн байр, оюутан сурагчдын байр, багш нарын байртай нь байгуулсны дүнд энэ хугацаанд сургуульд суралцагчдын тоо 28 мянгаас 511 мянга болж, бүх хүн нь бичиг үсэг мэддэг Азийн анхны орон, үр хүүхдээ бүх шатны сургуульд үнэ төлбөргүй сургадаг, сургууль завсардах явдлыг арилгасан орон болов. Монголын буурал түүхэнд Ю.Цэдэнбалын үеийнх шиг олон сургууль, дотуур байр, цэцэрлэг, ясли, соёлын ордон, театр, биеийн тамирын зал, кинотеатр, номын сан, музей байгуулагдсан үе байгаагүй гэж хэлж болно.

 

-Үндэсний эдийн засаг, үйлдвэрлэлийг тэр сэргээж чадсан юм. Үүнд:

 

Хүн ардаа хүнсээр хангах тууштай бодлого явуулсны дүнд 1940-1985 онд нийт хураасан үр тариа 60 дахин өсөж, манай орон өөрийн гурилын хэрэгцээг өлхөн хангадаг болсон юм. Аж үйлдвэрийн салбар 1940 онд 124 сая төг-н бүтээгдэхүүн гаргадаг байсан бол 1984 онд 6 млрд 244 сая төг болж 50 дахин өсчээ. Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл энэ хугацаанд 244 дахин өсчээ. Олон салбарын том, дунд 318 үйлдвэртэй болсон нь үндэсний бахархал мөн байв. 1940-1985 онд барилга угсралтын ажлын хэмжээ 210 дахин, бүх төрлийн тээврийн ачаа эргэлт энэ хугацаанд 581 дахин өссөн нь бараг гол үзүүлэлтүүдээ унагаад байгаа одоогийхонд үнэмших аргагүй үзүүлэлт юм. Монголын нийгмийн нийт бүтээгдэхүүнд 1985 оны байдлаар аж үйлдвэр, барилга, тээвэр, холбоо 67% эзлэх болж, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийлбэрт аж үйлдвэр 75% эзэлдэг болсон нь манай эдийн засагт чанарын өөрчлөлт гарч, орчин үеийн аж үйлдвэржсэн салбарууд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх болсныг яахын аргагүй нотлов. Нэг хүний засаглалын үед дэндүү ахдах, одоогийн бид нэг дүгээр зорилт болгон тавьж байгаа тэр л зорилтуудыг Цэдэнбалын үеийнхэн шийдэж чаджээ.

 

Хэний үеийнхэн энэ мэт агуу түүхэн зорилтуудыг, хэдий үед нэгмөсөн ингэж шийдэж чадсан билээ? Олон жилийн өмнө огт өөр хүнд нөхцөлд амьдарч байсан нэг хүн, түүний хүрээллийнхнээс бүхнийг, тэр бүү хэл одоо ч шийдэхэд бэрх асуудлыг шаардан нэхэж яахан болох билээ. Түүхэн үйл явц нь тэр л тухайн түүхэн үеийн бүтээгдэхүүн байдаг. Өөрийн, тэр л түүхэн хүрээнээс халиад явчихсан хүн байдаггүй юм. Түүхэн цаг үеэр олгогдсон тэр л бололцоог Цэдэнбалын үеийнхэн шийдсэн. Шийдэх шийдэхдээ тун боломжийн, ухаалаг шийдэлд хүрч байсныг ойлгоход тийм хэцүү биш билээ.

Агуу их Чингис хаан тэр л түүхэн үеийн бүтээгдэхүүн байсан бөгөөд тэр үеийнхээ түүхэн бололцоог л сайн ашиглаж, тэр үеийн зорилтыг л шийдэж чадсан гэж ихэнх түүхийн онолчид дүгнэдэг нь яахын аргагүй үнэн юм.

Одоо цаг үед нийгмийн өмнө маш олон чухал зорилтууд тавигдаж байна.

 

Үүнд:

 

Нийгэм, төрийн байгууллаас хамааралгүй эв хичээсэн, эвсэлд үл нэгдэх бодлогыг хэрхэн явуулах, /97+16+6/119 оронтой дипломат харилцаа тогтоож, өөрийгөө дэлхийн гол орнуудаар хүлээн зөвшөөрүүлсэн бодлогоо хэрхэн  үргэлжлүүлэх ?

 

Яаж дайн мөргөлдөөнгүйгээр, цэргийн ажиллагаанд оролцолгүй, энх тайван нөхцөлд амьдрах вэ?

 

Хил хязгаараа яаж “цоорхой хувин” шиг болгохгүй байх вэ? Эрдэнэс баялагаа яаж гадагш урсгахгүй байх вэ? Гадаадын аль нэгэн компани, байгууллагын хараат болохгүй байх арга бий юу?

 

Яаж байгаль орчноо хамгаалж, гол усаа, агаараа цэвэр цэнгэг байлгах вэ?

 

Газрын доорх баялгаа ашиглах үйлдвэрийг яаж гаднын хөрөнгөөр бариулаад, хэрхэн орлогын 49%-ийг эзэмших вэ?

 

Ядуурал гуйланчлалгүй нийгмийг яаж байгуулах вэ?

 

Яаж эмэгтэйчүүдийг хүчирхийлэх явдлыг зогсоож, хэрхэн хүүхдийг сургуульд бүрэн хамарч, тэдний эрхийг яаж хамгаалах вэ?

 

Хэрхэн ард иргэдээ ажил хөдөлмөрөөр хангаж, ажилгүйдлийг яаж арилгах

вэ?

 

Яавал ард иргэд нь гадаадад агаачлалгүй, Эх орондоо цалингаараа амьдарч болох вэ?

 

Авилгалгүй, улс нийгмийн, бусдын өмчийг булаан дээрэмддэггүй нийгмийг хэрхэн байгуулах вэ?

 

Амин хувиа бодогчид, албан тушаалын хэнээтэн, авилгачид, эд мөнгөний шуналтнууд, архичид, завхайчууд, “хор найруулагчид”, харьд худалдагдаж болзошгүй гэмт хэрэгтнүүдийг төр, засгийн удирдлагад гаргахгүй байх вэ? Төрийн албаны шударга бодлогыг хэрхэн барьж, хэрэгжүүлэх вэ?

 

Архидалт, тамхидалт, гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэх вэ?

 

Утаа униаргүй, замын түгжрэлгүй, төлөвлөлт сайнтай Азийн цагаан дагина- Улаанбаатарыг хэрхэн сэргээн шинэчлэх вэ?

 

Ард түмнийхээ эв нэгдлийг бүх талаар сахин бэхжүүлэх арга юу байна?

 

Ард түмэн, залуу үедээ эх оронч үзэл, эе эвийг эрхэмлэн дээдлэх ёс, хөдөлмөрч, түүх соёлоо хүндэтгэх үзэл, төрт ёсоо дээдлэх, ахмад үеэ хүндэтгэх үзлийг хэрхэн олгох вэ? гэсэн гол үндсэн асуудлууд нийгмийн өмнө тавигдаж байна.

Тусгаар тогтнолоо зарлан тунхагласан арваад оныхон, түүнийг баталгаажуулж, улс орныхоо нийгэм, эдийн засаг, соёлын өрнөлтийг хангасан социализмын үеийнхэн, улс орноо хүн төрөлхтний жам ёсны зам руу залсан ерээд оныхон, шинэ мянганы эхний үеийнхэн бүгд л дээрх зорилтуудыг тавьж ирсэн.

Амин чухал дээрх асуудлуудыг шийдэхэд Цэдэнбалын үеийнхний чимх чимхээр хуримтлуулсан туршлага, сургамж хэрэг болох нь дамжиггүй билээ.

 

 

Хүний хийж бүтээснийг голж чамлаж, шороо цацаж, хараан зүхэх амархан Харин хийж босгож, ард түмнийхээ сайн сайхан байдлыг бүтээнэ гэдэг агуу их зорилт мөн билээ.

 

Аливаа улс гүрэн, ард түмний өмнө тавигддаг зорилт, үйлсийг хэн нэгэн нь биелүүлж, мөн хэн нэгэн нь сүйтгэн бусниулж, одоо үеийнхэн чадан ядан эвлэлдүүлэн нэгтгэж, нааж зүүж, шинэ сайхан ирээдүйг тэмүүлж буй нь түүхэн үнэн билээ.

 

 

 

МУИС-ийн профессор, Сан ИС-ийн Эмерит профессор, Ю.Цэдэнбалын Академийн дэд Ерөнхийлөгч, Намтрын судалгааны нийгэмлэгийн тэргүүн, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc) Цэен-Норовын Жамбалсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.57.95.130)

    2023-05-11

    Муу монголчууд нэг царай өгсөний дараа давардаг галзуу өвчтэй ард юм.