Д.Амарбаясгалан: Мажоритар, пропорциональ тогтолцоо хоёр зэрэгцэн оршиж, бие биедээ хяналт тавина

УИХ өнгөрсөн долоо хоногоос эхлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна. Монгол Улсын Засгийн газар УИХ-ын 54 дүгээр тогтоолын дагуу “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл”-ийг парламентад өргөн барьсан нь 2024 оны УИХ-ын сонгууль өвөрмөц төрхтэй, улс орны хөгжлийн чиг хандлагыг өөрчилсөн өнгө аястай байх болов уу гэсэн найдварыг төрүүлж байгаа юм.УИХ-ын 54 дүгээр тогтоолын төсөлд Үндсэн хуульд өөрчлөлт хийх асуудлыг хоёр агуулгад ерөнхийлөн багтаажээ. Нэгдүгээрт, Монгол Улсын парламент буюу УИХ төрийн эрх барих дээд байгууллага, гүйцэтгэх засаглал, шүүх засаглал зэрэг төрийн байгуулалтын хяналт, тэнцлийн харилцааг зөв голдиролд оруулах.

 

Нөгөө талаар УИХ-ын гишүүдийн тоог 152-т хүргэх асуудлыг тусгасан. Улс төрийн намууд энэ удаа Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар байр сууриа идэвхтэй илэрхийлсээр байгаа.

 

Тухайлбал, хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан ЗГХЭГ-ын дарга, МАН-ын генсек Д.Амарбаясгалан өчигдөр NTV телевизийн “Өөр өнцөг” хэлэлцүүлэгт оролцохдоо “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийж байгаа гол зорилго нь сонгуулийн тогтолцоог шинэ шатанд гаргах тал руу чиглэсэн. Монголын ард түмэн 31 жил мажоритар тогтолцоогоор явагдсан сонгуулийн ард гарсан. Үнэн хэрэгтээ энэ тогтолцоо улс орныг хангалттай хөгжүүлж чадсангүй. Ард иргэдийн амьдралын чанар хангалттай хэмжээнд дээшилж чадаагүй. Бидэнтэй ижил гараанаас гарсан ижил төстэй улс орнуудтай харьцуулахад Монгол Улс хөгжлөөр харьцангуй хоцорч яваа.

 

Сонгуулийн мажоритар системээс эхлэлтэй төрийн эрх барих дээд байгууллагуудын үнэлэмж, ард иргэдийн дунд хүлээн зөвшөөрөгдөж буй хэмжээ зэргийг харгалзан цаашдаа сонгуулийн хосолмол тогтолцоог хэрэглэх нь зөв юм гэж үзэж байгаа.

Энэ утгаараа 76 гишүүн нь мажоритар буюу хуучин тойргийн системээр сонгогдоно. Нөгөө 76 нь нийгмийн бүлгүүдийн төлөөллийг хамруулдгаараа онцлогтой пропорциональ системээр сонгогдох хувилбараар өөрчлөх асуудлыг Үндсэн хуульд оруулахаар төсөлд тусгасан. УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэж байгааг буюу 76+76 гэсэн тоо, хялбар талаас харах хэрэггүй юм. Энд тойргоос сонгогдсон, тойргийн эрх ашгийг төлөөлдөг 76 гишүүнтэй ижил саналын эрхтэй “Улс орны хөгжлийн бодлого”-ыг тодорхойлох өөр 76 гишүүн үндэсний хэмжээнд нэрсийн жагсаалтаар сонгогдоно. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн онцлог энэ юм. Энэ өөрчлөлтийг дагаад “УИХ-ын гишүүдийн тоог яагаад 152 байх ёстой гэж. Үүнээс бага байж болохгүй юу. Яагаад заавал 50:50 хувьтай байх вэ” гэх мэт хоёр, гурван асуудал нийгэмд яригдаж байна.

Ерөөсөө л тойргийн буюу газар нутгийн хүн амыг төлөөлдөг мажоритар тогтолцоо өөрөө үндэсний хэмжээний нийгмийн бүлгүүдийн  дуу хоолойг шингээсэн пропорциональ тогтолцоо хоёр зэрэгцэн оршино. Ингэж байж бие биедээ хяналт тавьж, аль нэгнээсээ илүүрхсэн, давуу байдал эдлэхгүй. Тойргийн хэт явцуу эрх ашигт нийцэхгүй байх боломж бүрдэнэ гэдэг талаас харах нь зөв” хэмээв.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)