Д.Баярхүү: Хөгжлийн түлхүүр–ердөө англи хэл!

Англи хэл–хөгжлийн түлхүүр хэмээн аль 30-аад жилийн тэртээ би бичиж байв. Зүүн өмнөд Азийн бар улсуудын хөгжлийн хурдны нэг түлхүүр–англи хэлний туршлагаас мөн ч их мөлжсөн дөө. Харин миний бичсэн ярьсан одоо хуульчлагдаж байгаад баярлаад баршгүй. Хуультай хуульгүй монгол хүүхдүүд цахим ертөнцөөр (гар утас гэж нэг “гай”) дамжаад англи хэл рүү гүн орж байгаа бодит байдлыг ёстой хэн ч хорьж дийлж чадахгүй. Энэ тухай түүх дэлгэхгүйгээр 30-аад жилийн тэртээ бичсэнээ дахин шинэчлээд 2015 онд нийтэлснээ одоо дахин толилуулъя.

Хөгжлийн арслан загварыг бүтээгч, Зүүн өмнөд Азийн шинээр аж үйлдвэржсэн орнууд, бидний хэлж заншсанаар “Азийн бар”-уудын хөгжлийн хур туршлагыг судлаач монгол нөхөддөө хандан хэлэх санал байна.

Мөнгө босгох, мөнгө үржүүлэх, баялаг амьдрал, хангалуун аж төрлийн стандарт, ерөөсөө хөгжил дэвшил, энэ бүгдийн чинь оньсон түлхүүр нь англи биш байгаа хэмээн би 20  гаруй жилийн өмнө “Ардын эрх”-д бичиж ад болж, хэлэлцүүлэг өрнүүлж байснаа дахин хөндөх гэж байна.   

 

Сурч сурах, сурснаа баялаг болгох гээч чинь “Азийн бар”-уудын хөгжлийн суурь дэвсгэр нь юм. Эхийн хэвлийд хүн болж бүрэлдэх, тэндээ торних, төрөөд нярай үеэ өнгөрөөх, энэ бүгдээс чинь эхлэн тэр хэн болох вэ, тэр хэн байх вэ гэдгийг “Азийн бар”-уудад программчлаад өгчихдөг гэвэл Та үнэмших үү? Ёстой нэг “аз жаргалгүй хүүхэд нас”  тэдгээр орнуудын балчир үрсэд заяажээ. Харин залуу, идэр, өтөл насандаа тэд жаргаад байх нь тэр.

Миний ажигласнаар Хонконг, Сингапурт хүүхдийн хэмжүүр шалгуур гэж яс тогтоочихсон юм шиг.  Хэр ухаантай вэ, хэр хурдан бэ, хэр өрсөлдөх чадвартай вэ гэх мэтээр ангилаад л. Дэлхий улам бүр даяарчлагдахын хэрээр чадварлаг оюутан л өндөр цалинтай ажил олж хийх боломжтой гэсэн хууль тэнд үйлчлээд л. Тэдний гашуун сургамж бол хэрэв Та чадвар султай л бол өөрийнхөө эх оронд байгаа ажлын бэлэн байраа гадныханд алдана!

Хонконг, Сингапурын туршлага. Би бүр онцолж байна. Голд орсон сургамж гэе. Улс орон хөгжихөд боловсролгүй иргэд л саад болно. Боловсролын хүртээмж сайн байж болно, чанар нь маш хангалтгүй байвал улс орон сөнөх нь тэр! 

Уул уурхайн баялаг бол дуусдаг баялаг, мал бол үрждэг баялаг, газар тариалан бол ургадаг баялаг, харин хүн бол хөгждөг өсдөг баялаг. Сингапур, Хонконг нь байгалийн баялаггүй, малгүй учраас тэнд хамгийн том баялаг бол өнөөдрийн дунд сургуульд сурч буй сая сая  хүүхдүүд нь юм.  

Гээд бичээд байвал олон жишээ байна. Ингэж хоосон уриалаад яахав. Гол нь гарчигт өгүүлснээр саналаа л хэлье. Их сургуульд нэлээд хэдэн жил багшилсан, одоо ч урилгаар багшлаад яваа, үй олон шавьтай туршлагадаа тулгуурлан миний хийсэн ажиглалт гэж үзээрэй.

Монгол дахь бага, дунд, ахлах сургуулийн тогтолцоо, багш бэлтгэдэг их дээд сургуулийн  (ялангуяа МУБИС) тэр тогтолцоонд л хөгжлийн түлхүүр оршиж байна. БСШУЯ-ны тогтолцоог орвонгоор л өөрчлөхгүйгээр хөгжлийн тухай яриа агаарт замхраад байна хэмээн би үздэг.

Юуны өмнө дунд сургуулийн нийгмийн ухааны хичээлүүдийг эх монгол хэлээр нь, харин байгалийн шинжлэх ухааны бүх хичээлийг шууд англиар заадаг тогтолцоо руу нэн яаралтай шилжмээр байна. Байгалийн гэдэгт тоо, физик, геометр, хими, биологи гэдгээс гадна газар зүй, мэдээлэл зүй, эрүүл мэнд, мөн шинээр нэмж оруулах технологи, статистик гэхчлэн өөр олон хичээлүүдийг нэрлэж болно. Илтгэх урлаг, жүжгийн хичээлүүд монгол, англиар оруулмаар байна. Монгол хэл сөнөлөө хэмээн хэвлэлийн хурал зарлаж гонгинож байхаар илтгэх урлагийн хичээлийг л монголоор ягштал заачихад болох юм биш үү?

 

сонин mn

 

Монголд, Улаанбаатарт ахлах сургууль төгсгөж байгаа түг түмэн хүүхдийн хэмжүүр (босго, чанар, чадвар аль алин нь) нь хөгжингүй орнууд гэдэггүй юм аа гэхэд, ядаж өмнөд хөршид төгсгөж байгаа ахлах ангийн сурагчийн хэмжүүрээс шал өмнөө, харилцан адилгүй, зарим талаар дор байна. Улаанбаатар хотод математикийн хичээл дээрээ “A” үнэлгээ авч буй хүүхэд Шанхайд “C” үнэлгээ авахуйц жишээтэй. 

 

Монгол хүүхэд чадваргүйдээ биш юм, асуудал юунаас болсон бэ гэвэл бидэнд олон улсад (дэлхийд) өрсөлдөхүйц боловсролын стандарт хөтөлбөр байхгүй байгаад л эмгэнэл оршиж байна. АНУ-д хүүхдүүд 6 дугаар ангидаа статистик болон магадлалын хичээл заалгаж байгаа бол Монголд энэ хичээлийг тун цөөн тооны мэргэжлийн хөтөлбөрүүдэд их сургуулийн нэгдүгээр курсэд нь зааж байх жишээтэй.

 

Дэлхийн туршлагаас дахин авч үзье. Жишээ нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудыг эгнээндээ багтаадаг Парист төвтэй Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) зохион байгуулдаг PISA (Program for International Students Assessment) хөтөлбөр гэж бий. Энэ нь дунд сургуулийн шалгалтын нэгдсэн хөтөлбөр юм. Эл хөтөлбөрийн дагуу дэлхийн олон улс оронд 14 настан сурагчдаас шалгалт авчээ. Тэгэхэд Европоос Финланд, Азиас Сингапур, Тайвань, Өмнөд Солонгос, БНХАУ-аас Шанхайн хүүхдүүд хамгийн өндөр амжилт тасралтгүй үзүүлсээр байгаа ба харин америк  сурагчид харьцангуй тааруу байгаа нь харагджээ. АНУ үүндээ хатуу дүгнэлт хийгээд бага, дунд, ахлах ангийн хичээлийн хөтөлбөрөө шинэчлээдхэв. Үр дүнд нь Америкийн бизнесийн томхон компаниуд, АНУ-ын Засгийн газар, дэлхийн шилдэг их сургуулиудаас гурван талаас баг бүрдүүлж, Common Core гээч  стандарт боловсруулжээ.

Америкчуудын гаргаж ирсэн энэ стандартаар бол тухайн хөтөлбөрт хамрагдсан дэлхийн аль ч улсын сурагчийн шалгалтын үнэлгээг АНУ-ынхтай, тэр дундаа Нью-Йоркийн сурагчдынхтай харьцуулж үзэх боломж харагдав. Хэрэв Та дэлхийн тэргүүлэх их сургууль, коллежууд төвлөрсөн АНУ-д хүүхдээ сургая гэвэл Common Core стандартыг Монголд оруулж ирж мөрдөх шаардлагатай болж байна. Энэ стандарт сургалтын гол давуу тал бол математик ба англи хэлний мэдлэг чадварыг олон улсын түвшинд өрсөлдөхүйц хөтөлбөрөөр Таны хүүхдэд суулгаж өгөхөд байгаа юм.

 

Математик, алгебр, геометр, ерөөсөө тооны ухааныг монгол хэлээр зааж ирсний дараахи уршиг дагавар гэж байх шиг санагддаг. АНУ-д үй олон монгол залуус их сургуульд явахдаа давхардуулсан мэргэжлээр (ихэнхи нь бизнесийн удирдлага, олон улсын харилцаа гэхчлэн) суралцаад байдаг нь дунд сургуульдаа тооны ухааныг англиар заалгаагүйн гай хэмээн хэлчихвэл өршөөж үзээрэй. Манай дунд сургуулиудад, ялангуяа улсын сургуулиудад математикийн багш нар англи хэлний мэдлэггүй, англи хэлтэй багш нар нь математикийн мэдлэггүй байгаад хамгийн гол асуудал оршиж байх шиг.

 

Иймээс улсын том лут хөтөлбөр гэхгүйгээр, улс төржүүлэхгүйгээр Засгийн газар зориглоод ердөө ирэх намраас салбарын яаманд нь ажлын шугамаар шийдчих арга замыг би санал болгож байна. Математикийн улс хотын олимпиадад амжилттай оролцож явсан, тэгэхдээ англи хэлтэй болчихсон их сургуулийн шилдэг оюутнуудыг сонгон шалгаруулж, заах ур чадварын нэмэлт хичээлд суулгаад нийслэлийн зарим сургуулиудад англиар хичээл заалгаж болмоор юм шиг санагдах юм. Ирээдүйд тэмүүлэх хүсэл мөрөөдлөө алдаагүй, өсвөр үеийнхэндээ сэтгэлээ гаргах, чин сэтгэлээсээ туслах тэмүүлэлтэй, оюуны маш өндөр чадвартай, эерэг хандлагтай залуу багш нарын армийг ингэж бүрдүүлж болмоор юм шиг.

 

Стив Жобс боловсролын талаар гашуун атлаа нэг үнэн үг хэлсэн байдаг даа. – Амьдралдаа хэзээ ч амжилт гаргаж үзээгүй, зорилгоо биелүүлж байгаагүй, өөрийнх нь хүсэл мөрөөдөл, итгэл найдвар нэгэнтээ унтарчихсан, амьдрахын тулд л дунд сургуульд багшилдаг 46 настай багшаас хүүхэд юу ч сурахгүй ээ гэж.

 

Мөн гашуун атлаа туйлын үнэн үг байгаа биз. Энд би Монгол руу татаж авчран багш нараа өөлөх гэж байгаа юм биш. Монгол багш нарын ур чадвар сул байгаа нь тэдний буруу огтоос биш. Ардчиллын жилүүдэд багшлах боловсон хүчний нөөцөндөө анхаарал тавиагүйн гай гэж үзэх хэрэгтэй.

 

Бид социализмын үеийн боловсролын тамын тогооноосоо гарч чадахгүй олон жил явжээ. Юу хэлж байна гэхлээр бид хүүхдүүддээ сурч сурах хичээл дадлыг ер зааж байсангүй. Хүүхдүүд маань лекц байдлаар хичээл заалгаад заалгасан зүйлээ цээжлээд, багш нар нь цээжлүүлээд түүгээр нь шалгалт авдаг маш буруу тогтолцоотой явжээ.  Их сургуульд ч ялгаагүй. Багшаа шүт хэмээн муйхраар албаддаг. Багшийнх нь цорын ганц зорилго “Гавьяат багш” болох.

Өнөөдөр эрэлттэй байгаа мэргэжил 10-15 жилийн дараа хэрэггүй болж болох магадлал нэн өндөрслөө. Даяаршил, мэдээллийн XXI зуунд хүн ажилтай орлоготой байхын тулд 2-3 мэргэжил заавал эзэмшсэн байх шаардлага тулгарч байна. Ирж буй технологи, эдийн засгийн хурдыг өөр дээрээ маш хурдан мэдэрч, өөрийгөө бие даан хөгжүүлж, байнга суралцаж, шинэ мэргэжил богино хугацаанд эзэмшиж, өөрийн хөрвөх ур чадвараа өсгөх шаардлага зайлшгүй тулгарч байгаа үед бид үр хүүхэддээ бие даан суралцах чадварыг нь олгомоор байна.

Тиймийн тулд тоо, физик, геометр, хими, биологи, газар зүй, мэдээлэл зүй, эрүүл мэнд, технологи, зураг төсөл, статистик, илтгэх урлагийн хичээлийг дунд сургуульд англиар яаралтай зааж хэвшүүлье. Бүр үтэр түргэн!

 

Үтэр түргэн! хэмээн яаруулснаа ганц хоёр өгүүлбэрээр дахин нуршин тайлбарласу. Монголчууд дэлхийн мэдээллээс маш хоцорч байна, яг одоо. Шинжлэх ухааны мэдээ мэдээлэл, иновацын шинэ шинэлэг шийдэл бүгд, даруухнаар 90% нь англи хэл дээр хэвлэгдэн нийтлэгддэг. Гэтэл Монголдоо бид хэр ойлгон хүлээж авч уншдаг ойлгодог билээ? Мөн англи хэлнээс орчуулан хэвлэн нийтлэдэг нь хэр олон билээ. Минийхээр туйлын чамлалттай. Тэгэхлээр англи хэлийг бид чухал зэвсэг, чухал хэрэгсэл гэж ойлгомоор байна, товчхондоо!

 

2015.06.19

 

Д.Баярхүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (103.57.95.130)

    2023-05-12

    Кто как обзывается, тот так и называется.

  • (103.57.95.130)

    2023-05-12

    Хүнийг дорд үзээд байгаа юм бол тухайн хүнийг судалдаггүй юм.