УИХ-ын дарга Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймгуудад ажиллаж, 3000 гаруй иргэдтэй уулзлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат, А.Адьяасүрэн нар энэ сарын 12-ноос 13-ны өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллав. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар Өвөрхангай, Архангай аймгуудад үргэлжлүүлэн ажиллаж, иргэд сонгогчидтой уулзалт хийв. Энэ хугацаанд тэрбээр 3000 гаруй иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсчээ.

 Уулзалтаар УИХ-аас хэрэгжүүлж буй эрх зүйн шинэчлэл, Төрийн албаны шинэчлэл, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар танилцуулж, иргэдийн санал бодлыг сонсож ирлээ. Мөн төрийн албан хаагчидтай тусгайлан уулзалт зохион байгуулж, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон цалингийн тогтолцоонд хэрэгжүүлэх өөрчлөлтийг танилцуулж, тэдний санал бодлыг сонссон юм. Төрийн албан хаагчдийн дийлэнх нь цалинг нэмэгдүүлэх, адил хөдөлмөр эрхэлж байж ялгаатай цалин авдаг гажуудлыг арилгах, төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлыг хууль эрх зүйн хүрээнд шийдэж өгөхийг хүсч байв.

УИХ-ын дарга Г.Занданшатар, төрийн албан хаагчийн 14 сүлжээний 566 шатлалтай цалинг 6 сүлжээний 61 суурь цалин болгон шинэчилж, үндсэн цалингийн хэт зөрүүг арилгана. Ингэхдээ өндрийг нь багасгаж биш, багыг нь нэмэгдүүлэх байдлаар зохицуулах боломжтой. Албан тушаалын зэрэглэл хоорондын зөрүүг зохистой хэмжээнд хүргэхийн сацуу олон төрлийн нэмэгдлийг үндсэн цалинд нэгтгэн, бүтээмжид суурилсан цалин хөлсний тогтолцоог нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Эцэст нь төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааны асуудлыг зөвхөн Төрийн албаны тухай хуулиар зохицуулахаар ерөнхий чиглэлийг гаргасан гэв. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө төсөвт тодотгол хийж, цалингийн зөрүүг арилгах, цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаагаа танилцуулсан юм.

УИХ-ын дарга Үндсэн хуульд өөрчлөлт оруулах болсон шалтгаан, өөрчлөлт оруулснаар ямар үр дүнд хүрэх тухай иргэдэд танилцуулж, хамгийн чухал нь иргэдийнхээ саналыг сонсохыг чухалчилж байгаа талаараа онцлож байв. 

Мөн ард түмний хүсэл зоригийн дагуу Үндсэн хуулийн өөрчлөлтөө хийхийн тулд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, иргэдийнхээ үгийг сонсож байна гээд уулзалтынхаа хугацааны 90 орчим хувьд иргэдийнхээ үзэл бодол,байр суурийг сонслоо.  

Тухайлбал, Архангай аймгийн иргэдтэй уулзахад иргэд сонгуулийн тогтолцоог өөрчлөхийн тулд иргэдээсээ дахин дахин санал авч, цаг хугацаанд яаралгүй нухацтай  хандахыг хэлж байв. Мөн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг ард түмнээсээ итгэл авч сонгогдсон төрийн түшээд та бүхэнд итгэж даалгаж байна. Харин иргэд бид саналаа хэлнэ. Иргэн бүрийн саналыг гээлгүй сонсож, тунгааж  Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгах ёстой гэж байв.

Дээрх гурван аймгийн иргэдийн  уулзалтад оролцож үг хэлсэн иргэдийн дийлэнх нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг дэмжиж буй боловч 152 болгон нэмэгдүүлэхийг дэмжихгүй байна.  Харин 108 болгож нэмэгдүүлэх нь боломжтой хувилбар гэсэн саналыг хэлж байв. Мөн сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийг дэмжиж, олон намын төлөөлөлтэй, хүчтэй сөрөг хүчинтэй, олон ургальч үзэл бодлыг илэрхийлсэн парламенттэй байхыг хүсч байна.

Гэхдээ намын жагсаалтаар парламентад орох хүмүүсийн сонголтыг зөв хийхгүй бол авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон зарим нэг хүмүүсийн халхавч болох вий хэмээн хардаж буйгаа хэлж байлаа. Мөн парламентад мөнгөтэй бизнесийн төлөөлөл олширч, нийгмийн бусад төлөөлөл орж ирэхээ байсан. Тиймээс эмч, багш, малчин, тариаланчин зэрэг мэргэжлийн төлөөллүүдийг оруулахаас гадна хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан зэрэг иргэдээр парламентыг бүрдүүлж, ардчилсан засаглалыг хамгаалж, хадгалж, хөгжүүлэхийг чухалчилж байв. 

Цар тахлын болон бусад хүчин зүйлээс хамаарч иргэдийн ахуй амьдрал нэлэнхүйдээ дордсон учраас  шүүмжлэл, бухимдалтай иргэд цөөнгүй байна. Ялангуяа тэтгэврийг нэмэхгүй бол гурил, будаагаа арай ядан авч, зарим эм, тариагаа худалдан авч дийлэхээ больсон тухай уулзалт бүрт яригдаж байна. Хөдөө орон нутагт хамгийн их буюу 15 хувиар бүх бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн ажээ. Тиймээс энэ өсөлтөд нийцүүлэн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхийг олон иргэн шаардаж байв. 

УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сэргэж  2020 онд 4.6 хувиар унаж байсан бол 2022 онд 4.8 хувийн өсөлттэй байлаа. Энэ оны эхний улиралд 7.6 хувьтай байгаа, оны эцсээр 7-8 хувийн өсөлттэй байх төлөвтэй. Энэ өсөлтийг ард иргэдийн амьдралд бодитоор хүргэж, цалин,тэтгэвэр нэмэгдүүлэх бодлогыг УИХ баримталж байна. 

Мөн 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Үндэсний баялгын сангийн тухай хуулийг баталж, байгалийн баялгийг иргэн бүрт хүртээх боломж нээгдэнэ гээд УИХ-ын энэ хаврын чуулган авлигатай тэмцэх, шударга ёсыг тогтоох, засаглалыг сайжруулах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхэд чиглэж ажиллана гэв. 

УИХ-ын дарга Г.Занданшатар томилолтынхоо үр дүнг нэгтгэж танилцуулсан юм. Тэрбээр хэлэхдээ, цаг үеийн нөхцөл байдал, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар танилцуулж, иргэдийнхээ санал бодлыг сонслоо. 

Үнийн өсөлтийг бууруулахын тулд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих асуудлыг хөндөж байна. Тэр дундаа малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжээгүйн улмаас  зөвхөн уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай болж байна. Нийгмийн шударга ёс, баялгийн тэгш хуваарилалтын талаар иргэд санал бодлоо илэрхийллээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд үндэсний үйлдвэрлэлээ үгүй хийж, баялгийн тэгш бус хуваарилалт  ард иргэдийн бухимдлыг төрүүлж, төр засагтаа шахалт, шаардлага тавьж буйг хүлээн авах ёстой.  Үндэсний баялгийн санг байгуулж, байгалийн баялгийн үр өгөөжийг хүртээмжтэй болгох 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр оруулсан заалтыг амилуулах шаардлага тавьсан. 

Харин одоо яригдаж буй Үндсэн хуульд оруулах өөрчлөлтөөс гишүүдийг тоог 152 болгон нэмэгдүүлэхийг төдийлэн дэмжихгүй байна. Гэхдээ иргэдийн дийлэнх тоог нэмэгдүүлэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх зөв гэсэн байр суурьтай байна. 

Ардчиллын улстөрийн шинжлэх ухаанд мэдээлэлгүй иргэд сэтгэл хөдлөлөөр аливаа асуудалд хандаж, шууд эсэргүүцдэг. Харин мэдээлэлтэй болж, харьцуулж дүгнэж, зөвлөлдсний дараа даацтай, тунгаан бодсон шийдвэрийг гаргадаг. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг хатуу эсэргүүцэж байсан хүмүүс мэдээлэлтэй болсны дараа гишүүдийн тоог нэмэх нь зөв  гэсэн ойлголтыг авсан нь уулзалтуудын нэг онцлог байлаа. Гэхдээ 152 гэдэг тоон дээр маргаан их байна. УИХ-ын даргын захирамжаар  нэгдсэн хуралдааныг завсарлуулж, гишүүд ажлын 7 хоногийн хугацаатай бүх ард иргэдээ сонсож, хэлэлцүүлэг зохион байгуулах үүрэг өгсөн.

Энэ сарын 16-ны өдөр хэлэлцүүлэг дуусна. Ингээд бүх Байнгын хороодоор ард иргэдийн санал бодолд тулгуурлаж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ямар гарц шийдэл байгааг ярилцана. Дараа нь нэгдсэн чуулганаар хэлэлцэж  шийдэл гаргана. Түүний дараа ажлын долоо хоног нэгдсэн хуралдаан дахин завсарлаж, олон нийтийн хэлэлцүүлгүүдийг зохион байгуулна. Олон нийтийн саналыг сонссон хэлэлцүүлгийн үр дүнг тайлагнана.

Эцэст нь гуравдахь хэлэлцүүлгийг зохион байгуулах гэсэн  журамтай. Нэг зүйлийг онцлон тэмдэглэж хэлье. Төлөөллийн ардчиллын хамгийн гол зарчим бол ард иргэдтэйгээ байнгын амьд харилцаатай байх явдал юм. Өнгөрсөн 3 жилийн манай төр, засгийн хамгийн том алдаа бол цар тахлын улмаас энэхүү амьд холбоо тасарсан. Үүнийг ард иргэд шүүмжилж байна. Мөн ард иргэдээ сонсоогүй учраас амьдралд  нийцсэн шийдвэр гаргахгүй байна. Үүнээс улбаалан ард иргэд бухимдалтай байх нэг шалтгаан болжээ. Харин Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар ард иргэдтэй уулзаж буй хэлэлцүүлэг энэхүү тасарсан “амьд” холбоог сэргээж байна гэв хэмээн УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.9.46.163)

    2023-05-16

    гишүүдийн тоог 152 болгоод нийгэмд танигдсан салбар бүрийн төлөөллүүд намуудын жагсаалтад бичигдэх боломж бүрдэнэ гэдэг бол цохны цаанаас чихэр долоолгодог үлгэртэй яг адилхан...152 бол зөвхөн намуудад биеэ үнэлэгчид, эр орноосоо урвагчид, гэмт хэрэгтнүүдээ уих-д чихэхэд ашигтай, төсөвт хохиролтой нь хэнд ч ойлгомжтой. Иргэд 152- г хэзээч дэмжиж байгаагүй, дэмжихгүй. харин 76-25=51 -г сонгогчид дэмжинэ. УИХ хэрэв хүчээр 152 болговол ядуу зүдүү байгаа ард иргэдийн уур хилэн юунд ч хүргэж мэдэх ба түүнийг нь гадаад дотоодын хэн нэг нь буруугаар ашиглах вий