Б.Гүнбилэг: ҮХНӨ-өөр олон гишүүнтэй болохын эерэг ба сөрөг тал-1

Тоо нэмэхэд буруутах юмгүй. Гэхдээ...

Ардчилал бол олонхийн ашиг сонирхлыг хамгаалах ёс юм. Ардчилсан ёс тогтоход аль болох олон хүний оролцоо байх тусмаа сайн. Болдог бол сонгогчийн эрх бүхий бүх иргэдээ парламентад суулгамаар. Тиймээс 152 байна уу, АИХ шиг 430 байна уу олон л байх тусам сайн. Энэ бол ЭЕРЭГ тал. 

Гэхдээ зардал ихэснэ. УИХ бол байнгын парламент юм. Хуучны АИХ шиг хэрэгтэй үедээ цуглаад тардаг биш, байнга сууж цалин авна, зардал гарна. Тэдэн үйлчлэх төсөв нэмэгдэх нь сөрөг тал болж байна. Хууль зүйн техникийн хувьд төсвөө багасгах тал дээр хууль санаачлагч өөрөө давхар зохицуулалтуудыг хийж өгөх ёстой. Тухайлбал, УИХ-ын гишүүн аль нэг аймгийн төв явах гэж заавал данхар жийп хөлөглөх шаардлага байхгүй. Хот хоорондын автобусанд суулгаад явуул. Замдаа хамт олонтой, амьдралын мэдлэгтэй болоод ирнэ.

Төмөр замтай бол галт тэргээр явах гэх мэт. Сум хооронд явахаар бол том тэргээр биш аймгийн төв дээрээсээ машин хөлслөөд явж болно. Эсхүл манай Булган аймаг шиг жижиг аймагт бол ёстой юугаар л бол юугаар явж болж байгаа. Урд сумд руу бол өдөр болгон такси явдаг ч гэдэг юм уу.

 

Тухайн УИХ-ын гишүүн мөнгөтэй бизнесмэн, өөрийн зардлаар данхар унаагаа унах хүсэлтэй байх нь түгээмэл. Тэр тусам нь ардын унаанд суулгаад амьдралтай танилцуулах хэрэгтэй. Холын аймгууд мэдээж, онгоцоор л явах байх. Гэхдээ орон нутагт ажиллах нэг гишүүний ачаалал гишүүдийн тоог 2 дахин нэмсэн тохиолдолд буурах уу, пропорционалаар сонгогдсон гишүүдийг мажоритараар сонгогдсон гишүүд шиг орон нутагт яаж ажиллуулах вэ? УИХ-ын дарга пропорционалаар сонгогдсон гишүүдийг яаж хуваарилж, томилолт өгөх вэ? гэдгийг ҮХНӨ хийхээсээ өмнө олон түмэнд ойлгомжтой болгох ажлыг хууль санаачлагч тодруулж олонд түмэнд ойлголт өгөх ёстой юм.

 

УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох юм бол багш, эмч, соёл урлагийн байгууллагын ажилтан нарын дундаж цалингаар цалинжуулна гээд зарлах хэрэгтэй. Тэгвэл багш, эмч, урлаг соёлынхны цалин аяндаа өснө шүү дээ.

 

УИХ-ын гишүүний хүүхэд яахаараа эмчийн хүүхдээс илүү шим тэжээлтэй хоол идэх ёстой юм бэ? Нэг тогооноос хооллож байгаа шүү дээ. Тэр тогоо нь төсөв, чиний миний төлсөн мөнгө.

 

ХУЛГАЙЧИЙН ТООГОО Л ӨСГӨЧИХВИЙ.

76 гишүүн байхаар цөөдөөд хулгай их гараад байгаа тул 152 болговол хараа хяналт сайжрах тухай ярьж байна. Үнэн. Хулгай нүүрлэсэн намууд, "хулгайч" төрийн түшээд. Гэхдээ ийнхүү ихэсгэхийн тулд хууль зүйн техникийн хувьд олон болгосон "хулгайчаа" яаж хянах вэ? Алдаа гаргавал хэрхэн эгүүлэн татах вэ? гэдгийг илүү тодорхой болгоогүй цагт "хулгайч" нарын тоо л ихэснэ гэж олон түмний эмээж байгаа нь бас үнэн. Яг одоогийнх шиг мөнгөтэй хүнээ намууд нь дэмжиж нэр дэвшүүлдэг, сонгуулиар мөнгө тараадаг, ухуулагч нэрээр олон хүн хөлсөлдөг, нэр дэвшигчдэд тэгш гарааг хангаагүй ийм маягаар сонгуулиа хийдэг хэвээр байх юм бол хулгайч нарын үндсээ л 2 дахин батжуулж, амь бөх болгох юм. Иймд Улс төрийн намын хууль, Сонгуулийн хуулийг илүү чамбайруулж, олон асуудлыг эрүүжүүлмээр байна. 

Намын гишүүд, сонгогчид сонгуулиар надад хэн мөнгө өгөх бол, энэ сонгуулийг ашиглаад хэдэн төгрөг хийгээд авья гэдэг одоогийн сэтгэхүйг тас цохих ёстой юм. Эцсийн бүлэгтээ манай УИХ-ын гишүүд хулгайчдаа ч биш, сонгогчийн 20-30 хувь нь ТӨР БОЛ МИНИЙХ биш гээд бат итгэсэн иргэний саналын "хулгайч" болчихоод байгаа юм. 

 

УИХ-ын гишүүн болж байгаа нөхөр надад юм өгөх ёстой, надад туслах ёстой, би энэний сонгуульд явсан юм чинь энэ миний хүүхдийг ажилд оруулах ёстой гэх мэт намын гишүүдийн хатуу бат "хулгайч" занг Сонгуулийн болон Улс төрийн намын хуулиар хариуцлагажуулах ёстой юм. УИХ-ын гишүүн, сонгуульд нэр дэвшигчээс хувийн чанартай юу ч битгий гуй, энэ бол зөрчил. Энэ бол чөтгөрийн тойргийн эхлэл юм.

 

Парламентын гишүүний тоо олон байх тусмаа ардчилал хэрэгжиж, сайн хууль гарна гэдэг баталгаа бас байхгүй. Тоо ихсэхээр нэг гишүүний эзлэх байр суурь багасна гэдэг бол харин үнэн боловч, хулгайчийн тоогоо нэмчихвий л гэдэг айдас байх. Тэр жижиг намууд яахав ээ, тэд бол гишүүн болчих гээд мэргэ булаалдаж байгаа юм гэж бас ярих.

Гол асуудал нь мөнгөний энэ систем байсаар байвал том, дэд бүтэцтэй намууд л сонгуулиар гарна. Жижиг намуудаас гарсан ганц нэг гишүүн утсан хүүхэлдэй л байх болно. Тэр утсан хүүхэлдэйнүүдийн хувийн мөрөөдөл биелэхээс улс оронд нөлөөлж чадахгүй л үлдэнэ.

Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн хууль, Төсвийн хуулиа л янзалж байж гишүүдийн тоогоо нэмээрэй л гэж хэлэх гэсэн юм. Хамтад нь хийнэ гээд бушуу туулай борвиндоо юутай болохвий. Өөр зүйлгүй дээ.

 

Хуульч Б.Гүнбилэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)