Таван Байнгын хороод хуралдаж Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар 2023 оны тавдугаар сарын 17-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёрдугаар, хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 13.2-т, Бусад Байнгын хороо уг төслийн талаар тус тусын санал дүгнэлтээ Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцэж Төрийн байгуулалтын байнгын хороонд өгнө гэж заасан. Үүний дагуу Байнгын хороод Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж санал, дүгнэлтээ гаргахаар гэж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-ээр зохицуулсан. Эдгээр зохицуулалтын дагуу Засгийн газраас 2023 оны тавдугаар сарын 03-нд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж буйг Байнгын хорооны дарга П.Анужин танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн асуултад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Цахим хөгжил харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, МУИС-ийн шинжлэх ухааны сургуулийн Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Н.Ууганбаатар, Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн захирал Х.Баасанжаргал нар хариулав.

Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар ард иргэдийн санал бодлыг хэр харгалзан үзэж байгаа талаар асууж, иргэдийн бараг 99 хувь нь эсрэг байна гэлээ. Мөн тэрбээр, олон нийт 152 гэсэн тооноос татгалзсан нь 126-г дэмжиж байна гэсэн үг биш. Иймд ард түмний бүрэн эрхэд халдахгүйн тулд  энэ асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж хариулт авав. Түүний асуултад дэд сайд Ж.Эрхэмбаатар, "Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн ард нийтийн санал асуулга явуулах Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурлын  нийт гишүүдийн 2/3-оос доошгүй саналаар шийдвэрлэх нь нээлттэй гэсэн хариулт өгсөн бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, хууль санаачлах эрх бүхий субьектууд төсөл санаачлах, Улсын Их Хурлын 25-аас доошгүй гишүүн ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төсөл санаачилж батлуулах гэсэн хоёр аргаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэх хуультай. Энэ удаагийн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг эхний аргаар буюу хууль санаачлах эрх бүхий субьектуудын нэг болох Засгийн газар санаачлан өргөн мэдүүлсэн. Хоёр арга зөрчилдөөнтэй тул нэгэнт эхний аргаар өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцээд явж байгаа тохиолдолд ард нийтийн санал асуулга явуулах боломжгүй" гэлээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126-гаар тогтоохоор парламент дахь нам, эвслийн бүлэг, төлөөллүүд зөвшилцөөд явж байна. Энэ тоог хэрхэн тогтоосон бэ гэсэн асуулт тавьсан юм. Мөн төрийн албан хаагчид, тэр дундаа соёлын салбарынхны цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар Засгийн газар хэрхэн ажиллаж байгаа талаар асуув. Үүнд Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, анх 1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж байхад төсөл санаачлагчид 102 гишүүнтэй байх санал оруулж ирсэн байна. Үүнийг Ардын их Хурлын детутатууд хэлэлцээд, хэтэрхий олон байна гэж үзэн, 51 болгох санал гаргасан байгаа юм. Тэгээд зөвшилцлийн ажлын хэсэг байгуулж ажиллаад 102, 51 гэсэн саналуудын дундаж хувилбар болох 76 гэсэн тоог гаргаж ирсэн. Харин 152 гэдэг тоог шинжлэх ухааны үндэслэлтэй буюу куб язгуурын аргаар тогтоосон. Иргэд, олон нийтээс өгч байгаа саналын дагуу энэ тоог бууруулах нь зүйтэй гэж үзэн, 126 гэсэн тоог гаргаж ирсэн. Мөн пропорциональ болон мажоритар тогтолцоогоор сонгогдох гишүүдийн харьцааг одоогийн тойргийн төлөөллийн түвшинг бууруулахгүй байх, мөн Улсын Их Хурал дахь Ардчилсан намын санал болгож буй хувь тэнцүүлсэн тогтолцоогоор буюу намын жагсаалтаар орж ирэх гишүүдийн харьцааг 40 хувиас дутуугүй түвшинд байлгах зарчим баримталсан гэлээ. Түүнчлэн тэрбээр, Монгол Улсын нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 1992 оныхоос 17 дахин нэмэгдсэн ч ядуурлын түвшин зургаахан хувиар буурсан нь том төслүүдээ хөдөлгөөгүй, эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтыг нэмэгдүүлээгүй, төсвийг тойргоор хуваарилж байсан зэрэг алдаатай бодлогоос шалтгаалсныг дурдсан юм. Мөн, төрийн албан хаагчдын цалингийн асуудлыг Засгийн газар хэлэлцээд, энэ оны зургадугаар сард улсын төсөвт тодотгол хийж, цалин, тэтгэврийн ялгамжтай байдлыг арилгахаар тогтсон гэдгийг тэрбээр мэдээлэв.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсэн, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бол найман жилийн дотор дахин оруулахгүй гэх заалт хэрхэн хангагдаж байгаа талаар асуув. Сайд Х.Нямбаатар Засгийн газар төслийг Улсын Их Хурлын 2022 оны 54 дүгээр тогтоолоор өгсөн чиглэлийн дагуу санаачлан, өргөн барьсан хэмээн хариуллаа. Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Ц.Сандаг-Очир, Д.Батлут нар гишүүдийн тоог ямар судалгаа тооцоонд үндэслэн тогтоосон талаар асууж, хариулт авсан юм. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн гишүүн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Н.Ууганбаатар 126 гэсэн тоо судалгаагаар бус зөвшилцлөөр гарч ирж байгаа гэдгийг дурдсан юм.

Байнгын хорооны хуралдаанд асуулт асуусан гишүүд тойрог тойрогтоо ажиллаж, иргэд, сонгогчдоос санал авсан талаараа ярьж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас илүүтэй үнийн өсөлт, цалин хөлсний хангалтгүй байдалд санаа зовж буйг дурдсан юм. Энэ талаар Хууль зүйн дотоод хэргийн болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Нямбаатар, Х.Булгантуяа нар хариулт өгч, боловсрол, соёлын салбарын ажилтан, албан хаагчдын цалин хөлсний ялгамжаатай байдлыг арилгах талаар арга хэмжээ авахаар болсныг ярьсан юм. Энэ арга хэмжээг авахдаа үнийн өсөлтийг улам нэмэгдүүлэхгүй байхад анхаарч, холбогдох тооцоо судалгааг хийж байгаа хэмээн хариуллаа.

Улсын Их Хурлын гишүүд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа уг төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжье гэсэн  санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжлээ.

Дараа нь Нийгмийн бодлогын Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-д заасны дагуу зүйл бүрээр нь хэлэлцэв. Хуулийн төсөл гурван зүйлтэй бөгөөд, эхний зүйлд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн эхний зүйл Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Улсын Их Хуралд хамаарахгүй тухай, хоёрдугаар зүйлд, Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөх тухай, гуравдугаар зүйлд, Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөх хугацааг тус тус заасан байна. Хуулийн төслийн дээрх зүйлүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асуугаагүй, мөн зарчмын зөрүүтэй санал ирээгүй тул уг асуудлыг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулахаар боллоо.

Мөн Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны2023 оны тавдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай болон Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэв. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн гараагүй бөгөөд  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 72,7 хувь нь дэмжлээ.

Хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” хэмээн заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэв.

Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд үг хэлсэн. Улсын Их Хурлын гишүүд хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд тойрогтоо ажиллах үеэр иргэдээс гарсан саналуудыг дурдаад “Улсын Их Хуралд суудалтай намууд төсөл дэх Улсын Их Хурлын гишүүдийн тоотой холбоотой тоог өөрчлөх, мөн Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоог холимог хэвээр, гэхдээ 76 гишүүнийг тойргоос сонгох нь зохистой хэмээн санал нэгдсэн талаараа мэдээлсэн. Энэ агуулгаар төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн бэлтгэлийг хангаж байгаа гэж ойлгоод дэмжиж байна” гэв. Хэлэлцэж буй хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсний дараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжсэн болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Дараа нь Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо 2023 оны тавдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хоёр асуудал хэлэлцэв.

Эхлээд Засгийн газраас 2023 оны тавдугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т “Байнгын хороод Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж санал, дүгнэлтээ гаргана” хэмээн заасан байдаг. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дээрх заалт болон Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэнэ хэмээн явуулна хэмээн Байнгын хорооны дарга Б.Баттөмөр танилцуулав.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан байр сууриа илэрхийлж, санал хэлсэн бөгөөд Байнгын хорооны дарга хариулт өгөв. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Дараа нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” хэмээн заасан байдаг бөгөөд энэ дагуу дээрх төслийн гурван зүйлийг нэгбүрчлэн хэлэлцсэн юм. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, санал гаргах шаардлагагүй гэв. Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2023 оны тавдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, мөн уг өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 49.1, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 13.2 дахь заалтуудыг танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг иргэд дэмжихгүй байгааг сануулж, энэ талаар ард нийтийн санал асуулга явуулах санал гаргасан юм. Үүнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариулахдаа, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн дагуу Улсын Их Хурлын гишүүдийн 2/3-ын дэмжлэг авсан тохиолдолд холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж, хэлэлцүүлэх боломж нээлттэй гэсэн хариулт өгсөн юм. Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхээр шийдвэрлэсний үндсэн дээр байгуулагдсан Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд ахлагчтай Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэх ёстой байтал Засгийн газрын Ажлын хэсгээс асуулт асууж байгаа нь буруу гээд төслийн хэлэлцүүлгийг зөв явуулах горимын санал хэлэв.

Улсын Их Хурлын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж дууссаны дараа төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжив.

Үүний дараа Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг зүйл нэг бүрээр нь хэлэлцсэн юм. Хуулийн төсөл, түүний зүйл, заалтуудын талаар Улсын Их Хурлын гишүүдээс асуулт гарсангүй.

Дээрх асуудлуудыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулахаар боллоо.

Мөн Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо 2023 оны тавдугар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа Засгийн газраас 2023 оны тавдугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 49.1-т “Байнгын хороод Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж санал, дүгнэлтээ гаргана” хэмээн заасан байдаг. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дээрх заалт болон Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэнэ хэмээн явуулна хэмээн Байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг  танилцуулав.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн  олонхи  төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Дараа нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” хэмээн заасан байдаг бөгөөд энэ дагуу дээрх төслийн гурван зүйлийг нэгбүрчлэн хэлэлцсэн юм. Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.57.95.130)

    2023-05-18

    Монголчууд АНУ-аас хахууль авч, АНУ-д шинэ хаус ба гэрийн үйлчлэгчтэй болж, тэжээлгэж амьдрах гээд байгаа юм.