Хотын стандартыг хангуулахаар шалгалт хийж, зөвлөмж хүргүүлэв
- 2023-05-19
- Улаанбаатар
- 0
Нийслэлийн Засаг даргын Хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийг хэрэгжүүлэхээр Хотын стандарт, хяналтын газраас Ажлын хэсэг байгуулсан. Тус Ажлын хэсэгт Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 10 агентлаг, есөн дүүргийн 311 албан хаагч оролцон, хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд барилгын угсралтын үйл ажиллагаа эрхлэгч болон худалдаа, үйлчилгээ эрхлэгч 239 аж ахуйн нэгж, байгууллагад хяналт, шалгалт хийлээ. Улмаар барилгын угсралтын ажлын 91, худалдаа, үйлчилгээний чиглэлээр 71 зөвлөмжийг аж ахуйн нэгжид хүргүүлэв.
Мөн Хотын стандартыг хангуулах чиглэлээр хийсэн хяналт, шалгалтаар дараах нийтлэг зөрчил илэрлээ. Тодруулбал,
- Барилга угсралтын ажил гүйцэтгэхдээ техникийн болон хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт хангаагүй;
- Барилгын түр хашаа стандартын шаардлага хангаагүй;
- Эрх бүхий байгууллагаас олгодог баримт бичгийн зөрчилтэй (архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, барилгын ажлын зөвшөөрөл гэх мэт);
- Барилгын эзэн, холбогдогч тодорхойгүй ба зогссон, царцсан;
- Барилгын гол хаалга, довжоо хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тохиромжтой налуу зам, хөтөч замгүй;
- Хог ангилан ялгах зориулалтын хогийн савгүй;
- Хурд сааруулагч, шаардлагатай тэмдэг тэмдэглэгээ байхгүй;
- Галын аюулгүй байдлын шаардлага хангалтгүй, агааржуулалт байхгүй;
- Эмийн сан, анхны тусламжийн хайрцаг байхгүй;
- Хоолны дээж авах стандарт хангалтгүй;
- Эрүүл ахуйн стандарт, шаардлага хангаагүй зэрэг зөрчил илэрсэн. Иймд 63 албан мэдэгдэл, 31 албан шаардлага хүргүүлэн ажиллалаа. Мөн эзэн нь тодорхойгүй 11 байгууламжид хууль, журмын дагуу арга хэмжээ авахаар болов.
Сэтгэгдэл (0)