“Долоогийн бүлэг”-ийн удирдагчид Хирошимагийн музейд зочилно

ХИРОШИМА. /Kyodo/. “Долоогийн бүлэг”-ийн удирдагчид 1945 оны АНУ-ын атомын бөмбөгдөлтийн уршгийг харуулсан Хирошима дахь музейд өнөөдөр зочилно. Япон улс цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг цогцлоох зорилгоор урьд өмнө болж байгаагүй энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байна.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон зэрэг цөмийн зэвсэгтэй гүрнүүдийн удирдагчид оролцох уг арга хэмжээгээр дэлхийн анхны атомын бөмбөгдөлт болсон Японы баруун нутгийн хотод болох “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний гурван өдрийн уулзалт эхлэх юм.

Дээд хэмжээний уулзалтыг даргалагч бөгөөд Хирошимагийн тойргийг төлөөлдөг Японы Ерөнхий сайд Кишида Фүмио ОХУ Украинд өдүүлсэн дайндаа цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж сүрдүүлж, Хятад цөмийн хүчнээ эрчимтэй зузаатгаж байгаа энэ үед цөмийн зэвсгээс ангижрах асуудлыг дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх сэдэвт гол асуудал болгон тавьсан байна. К.Фүмио удирдагчдыг атомын бөмбөг хэрэглэснээс үүдэлтэй “бодит байдлыг” анхааралтай үзэх шаардлагатай байгааг онцлоод, үүнийг цөмийн зэвсгээс ангижрах бүх хүчин чармайлтын “эхлэх цэг” гэж тодорхойлжээ.

 

 

Ж.Байден Хирошимад хөл тавьсан АНУ-ын хоёр дахь Ерөнхийлөгч болж байгаа юм. Түүнээс өмнө Барак Обама 2016 онд Японы төв нутагт болсон “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараа тус хотод айлчилсан АНУ-ын анхны төрийн тэргүүн болсон боловч Дэлхийн II дайныг хурдан дуусгахын тулд Японд атомын бөмбөг хаях шаардлагатай байсан гэж АНУ-д олон хүн үздэг тул ийм өндөр түвшний айлчлалууд нь эмзэг сэдэв байсаар иржээ.

АНУ 1945 оны наймдугаар сарын 6-нд Хирошимад анхны атомын бөмбөгөө, түүнээс гурван хоногийн дараа Нагасаки хот дээр хоёр дахь атомын бөмбөгийг хаясан. Атомын бөмбөгдөлтийн улмаас 1945 оны эцэс гэхэд 210 мянга орчим хүн амиа алдсаны дийлэнх нь энгийн иргэд байсан гэсэн тооцоо бий. Япон улс тухайн оныхоо наймдугаар сарын 15-нд бууж өгснөөр Дэлхийн II дайн дууссан түүхтэй. Өдгөө Япон улс нь атомын бөмбөгдөлтөд өртсөн дэлхийн цорын ганц орон хэвээр байна. Гэхдээ БНХАУ, ОХУ, БНАСАУ-аар хүрээлэгдсэн Азийн тус улс дэлхий ертөнцийг цөмийн зэвсгээс ангижруулахыг эрмэлзэхийн сацуу АНУ-ын цөмийн хамгаалалтын шүхэрт найдлага тавьдаг. Ж.Байден айлчлалынхаа үеэр Хирошимад атомын бөмбөг хэрэглэсэн асуудлаар АНУ-ын нэрийн өмнөөс хүлцэл өчих бодолгүй байна гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан өмнө нь мэдэгдсэн юм.

Хирошимагийн музейд шатсан, урагдсан хувцас, шатсан өдрийн хоолны хайрцаг, цацраг идэвхт бодист хордсоны улмаас унасан хүний үс зэрэг атомын бөмбөгдөлтийг харуулсан 100 мянга орчим үзмэр, гэрэл зураг болон бусад эд зүйлс хадгалагддаг. Түүнчлэн атомын бөмбөгдөлтийн аймшигт уршиг, үр дагаврыг харуулах гол байгууламжид 500 орчим эд зүйлсийг дэлгэсэн байдаг.

2016 онд тухайн үеийн Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан К.Фүмио Хирошимад “Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг зохион байгуулж, сайд нарыг музейд авчирч байсан юм. Тэд мөн тус хотын Энх тайвны дурсгалын цэцэрлэгт хүрээлэн дэх атомын бөмбөгдөлтөд өртөн амь үрэгдэгсдэд зориулсан хөшөөнд цэцэг өргөж байв. Гэхдээ “Долоогийн бүлэг”-ийн удирдагчид хамтдаа музейг үзэж байгаагүй юм. “Долоогийн бүлэг” нь Их Британи, Канад, Франц, Герман, Итали, Япон, АНУ, мөн Европын Холбооноос бүрддэг. Цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийг цогцлоохыг эрмэлзэж байгаагаа илэрхийлснийхээ төлөө 2009 онд Нобелийн Энх тайвны шагнал хүртэж байсан Б.Обама 2016 онд дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд үг хэлж, Японоор "хибакүша" хэмээн нэрлэдэг, атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүсийн төлөөлөлтэй уулзаж байжээ. Тэрбээр мөн музейд зочилсон боловч үүдний танхимд дэлгэсэн бэлгэдлийн үзмэрүүдийг л үзэж, энэ нь 10 минут орчим үргэлжилсэн байна. Ж.Байден Б.Обамагийн засаглалын үед дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан билээ хэмээн Монцамэ агентлаг мэдээллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)