Тоочогийн Энхбат: Тусгаар тогтнолыг чинь уландаа гишгэж, нутаг дэвсгэр дээр чинь дураараа аашилж байна. Үүний эсрэг Монголын төр засаг ямар нэгэн юм хэлмээрсэн
- 2023-05-23
- Өөр өнцөг
- 1
-АМИНБӨХИЙН ЛХАМЖАВ: ГИНЖЭЭ ТАСАЛСАН НОХОЙ ГЭДЭРГЭЭ БУЦНА БАЙХГҮЙ-
Энэ оны тавдугаар сарын 3-ны өдөр Өмнөд Монголын иргэн Аминбөхийн Лхамжав гэх 80 настай зохиолчийг Хятадын дөрвөн цагдаа Улаанбаатар хотоос авч гарсан тухай мэдээлэл сошиал орчинд тархаад байгаа. Тэгвэл Монгол Улсын Гадаадын иргэн харьяатын байгууллагаас “Визний хугацаа дуусахаас хоёр хоногийн өмнө А.Лхамжав гэх Өмнөд Монголын иргэнийг эрүүл мэндийн шалтгаанаар хүүхдүүд нь ирж авсан” гэсэн мэдээлэл өгсөн. Энэ талаар АНУ-д байх НҮБ-ын дэргэдэх “Өмнөд Монголын хүний эрхийн өртөө” байгууллагаас мэдээлэл гаргажээ. Тус мэдээллийг гаргасан АНУ-д байх НҮБ-ын дэргэдэх “Өмнөд Монголын хүний эрхийн өртөө” байгууллагын ажилтан Тоочогийн Энхбаттай холбогдон ярилцлаа.
-Та АНУ-ын аль хотоос холбогдож байна вэ?
-Би Нью-Йорк хотоос холбогдож байна.
-Та мэдэгдэлдээ дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Аминбөхийн Лхамжав гуай өөрөө холбогдон ярьсан тухай мэдээлсэн байсан. Тэр үед Лхамжав гуай юу гэж байв?
-Бидэнтэй холбогдохдоо “Манай ар гэрийг дарамталж байна. Миний охинтой ирж намайг аваачих гэсэн чимээ байна. Тэгээд би Улаанбаатарт байхгүй шүү. Японы Осака хотод байна. Намайг аваачхаар очих гэж буй бол буруу газарт очих нь ээ. Японд ирээрэй” гэж хэлсэн гэсэн. Тэгээд “Гинжээ тасалсан нохой гэдэргээ буцна гэж байхгүй. Явахгүй, буцахгүй, харихгүй” гэж хэлж байсан. Би чамд настны өөрийнх нь ярьсан хэсгийг таслаад аудиогоор явуулъя.
-За.
(Тухайн аудио бичлэгт Аминбөхийн Лхамжав гуай өөрөө ярьсан байлаа). Тэрбээр “За өглөөний мэнд ээ. Манай энд өглөөний 07:20 цаг болж байна. Манай тэнд их түчигнэж байна гэнэ. Миний хойноос гэр бүл, үр хүүхдүүд минь авахаар ирж байна гэнэ. Бараг дагуулаад ирнэ гэсэн. Тэгээд би ингэж хэлсэн юм.
Би одоо Монголд байхгүй. Японы Осакад орж ирсэн байна. Хойноос ирвэл андуу явах нь ээ. Японд ир гэж хэлчихээд байж байна. Тэгээд хойноос маань ирж байгаа гэнэ. Би одоо яахаас ч буцахгүй. Гинжээ тасалсан нохой гэдэргээ буцахгүй” гэсэн байв.
-Манай улсын Гадаадын иргэн харьяатын газраас мэдэгдэхдээ “Биеийн байдлаас нь болоод үр хүүхдүүд нь ирээд аваад явсан” гээд байгаа. Та бүхэнтэй холбогдохдоо биеийн байдлынхаа талаар дурдсан уу?
-Настан Монголд байхдаа эмч найзындаа байсан. Найзынхаа ажиллаж байсан эмнэлэгт бүрэн хэмжээний шинжилгээ хийлгээд, эмчлүүлээд 80 хүрч байна гэхэд ямар ч өвчин архаггүй, эрүүл саруул байна гэж хэлж байсан. Өөрөө хэлэхдээ номоо бичээд, Монголд эрх чөлөөтэй баймаар байна. Яасан ч урагшаа буцахгүй гэж байсан. Бие маш сайхан байна. Монголын цаг агаар сайхан юм. Үлдсэн хэдэн насандаа эрх чөлөө эдлээд, Монголдоо амьдармаар байна гэж хэлж байсан.
-Тухайн үедээ монголд ямар нэгэн улс төрийн орогнол хүссэн болов уу?
-Монгол Улсын төр засагт хандаж ямар нэгэн улс төрийн орогнол хүсээгүй. Гэхдээ НҮБ-д хандаж улс төрийн орогнол хүсч байсан. Бидэнд тэр орогнол хүссэн өргөдлийн бичгээ өгсөн. Манай байгууллага Өмнөд Монголын хүний эрхийн мэдээллийн өртөөнд, НҮБ-ын дүрвэгсдийн бүсийн төв Тайланд улсын Бангкок хотноо байрладаг. Тэр НҮБ-ын байгууллагад хандаж, өөрийнх нь ар гэрийн байдлаас болж мөн Хятадын цагдаа нар ар гэрт нь очиж дарамталж байна. Ирж аваачих гэж байна, та нар яаралтай туслаарай гэж бид бүхэнд хандсан. Тэгсэн НҮБ “Бид ойлголоо. Тухайн хүнтэй өөртэй нь шууд ярихгүй бол болохгүй” гээд биднээс утасных нь дугаарыг авсан. Тэгээд настан бидэнтэй холбогдоогүй хэд хоног чимээгүй байсан. Нэг мэдсэн Хятадын цагдаа гэр бүлийнхэнтэй нь ирээд, аваад явсан байна лээ. Мэдээж гэр бүлийнхнийг нь өмнөө барихаар буцалгүй хаачих вэ дээ. Гэр бүл, үр хүүхдийг нь өмнөө бариад, худал мэдээлэл гаргахын тулд ирээд аваад явсан байх. Монголын талаас мэдэгдэж байсан шүү дээ. Тавдугаар сарын 3-нд Замын-Үүд-Эрээнээр гарсан гээд байгаа. Тэр нь тодорхой болсон. Өмнөд Монголдоо очоод ямар байгаа талаар бид мэдэхгүй. Мэдэх арга ч байхгүй. Ганц зүйл л мэдсэн. Шилийн хотод байгааг л мэдсэн. Чухам гэртээ байна уу, шоронд уу, саатуулах газарт уу түүнийг нь мэдэх аргагүй. Хамаатан садан, гэр бүлийнхэн нь ч гэсэн маш их дарамттай байгаа учраас хэлэх аргагүй. Одоохондоо ямар ч мэдээлэл өгөх боломжгүй байна.
-Тухайн НҮБ-д өргөсөн бичгээс цухас уншиж өгч болох уу?
-Энэ өргөдлийн бичгийг ингэж бичжээ. “Улс төрийн орогнол олгох өргөдлийн бичиг. Би Боржигон овогтой Лхамжав 80 настай, эрэгтэй. Жоу-Уд аймгийн Хишигтэн хошууны малчин Аминбөхийн гуравдугаар хөвгүүн. 1944 онд төрөв. 1947-1976 он болтол жил дараалан улс төрийн хөдөлгөөнд 50 гаруй явагдаж, энэ насыг өнгөрүүлэв” гэж байна. Тэгээд Өмнөд Монголд болж өнгөрсөн улс төрийн дарангуйллыг он дараалан бичжээ. Мөн өөрийн он цагийг яаж өнгөрүүлсэн тухай бичсэн байна. Тэгээд яг дуусах үеэрээ яагаад улс төрийн орогнол хүссэн тухайгаа бичжээ. Үүнд “Хэрэг учрын өнгөрөөлт болоод хэлмэгдэлт олгогдсон байдал. 2018 оны долдугаар сард Шилийн гол аймгийн дотоодыг хамгаалах газраас “Улаан хувьсгал” гэх номын тухай аймгийн дунд зэргийн шүүх хороонд шаардлага дэвшүүлж, аймгийн байцаах хорооноос Шилийн хотын дунд зэргийн шүүх хороонд тушаажээ. Би 2019 оны дөрөвдүгээр сард “Улаан хувьсгал” гэх номыг бичсэн. 77 настай А.Лхамжавыг хоёр жилийн ял оногдуулан, гянданд нэг жил гяндны гадна нэг жилээр таслав. Таслалтын бичгийг одоогоор биедээ авч яваагүй байна. 2021 оны тавдугаар сарын 24-ний өдөр 202125021321 дугаарт сулласан бичиг гарав. Үнэндээ насаараа гэрийн хорионд байж, чанга хяналт мөрдлөгийн дор мөрдөлт болгов. 2023 оны гуравдугаар сарын 6-ны өдөр Эрээний боомтоор Монголд ирсэнд Хятадын цагдаа нарын чанга нэхэмжлэлд тулгарч, миний гэр өрх ба садан төрөлд дарамт үзүүлж байна. Би өтөл насандаа хэдэн өдөр чөлөөтэй амьдрахын тусад хүний эрхийн хамаа бүхий газарт улс төрийн орогнолын өргөдөл дэвшүүлж байна. Зөвшөөрөхийг хүсч байна” гэжээ. Ингээд А.Лхамжав настны өөрийнх нь гарын үсэгтэй өргөдөл бичсэн хүн А.Лхамжав 2023 оны дөрөвдүгээр сарын 16-нд гэж байна. Ийм гурван хуудас бүхий бичиг баримт бүх зүйлтэйгээ хавсаргасан бичиг байгаа. Энэ бичгийг бүх агуулгаар нь нийтлэхээс жаахан болгоомжилж байна. Гэхдээ ерөнхийдөө ийм нэг улс төрийн орогнол дэвшүүлсэн өргөдөл гаргасан. Энэхүү бичгээ бидэнд ирүүлж, бид НҮБ-ын дүрвэгсдийн газарт явуулж өгсөн. Гэхдээ НҮБ-ын дүрвэгсдийн газар өөртэй нь ярьж, зарим мэдээллийг баталгаажуулж, тодорхойлж авах ёстой л юм байх. Тэгээд бид Лхамжав гуайг буцаасных нь дараа НҮБ-аас асуусан. Та нар утсаар холбогдож ярина гэсэн ярьж чадав уу? гэсэн чинь “Бид ярьж чадаагүй” гэж байна лээ.
-А.Лхамжав гуай хамгийн сүүлд та бүхэнтэй хэзээ холбогдсон бэ?
-Бидэнтэй хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 29-ний өдөр холбогдсон. Тэгэхдээ “Цагдаа нар манай охид, хүүхдүүдийг дарамтлаад ирэх гээд байна шүү дээ” гэж байсан. Түүнээс дөрөв хоногийн л дараа гаргачихсан байна л даа. Өөрөө үлдээсэн үг нь байгаа. Бид шууд утсаар ярьж чадаагүй. Бидэнд үг үлдээсэн.
-Одоо Лхамжав гуйтай холбогдох ямар ч боломж байхгүй юу?
-Байхгүй. Хятад өөрөө тэр чигээрээ том шорон. Шоронгийн доторх шорон, Хятадын доторх шорон гээд бодоод үзэхээр л ойлгомжтой биз дээ. Тийм нөхцөл байдалд байна гэхээр хэцүү. Монголоос энэ мэтээр буцаагдсан өөр олон хүн бий. Буцаагдсан хүмүүс хэлдэг, хэцүү шүү. Холбоо барих бүх зүйлийг авчихдаг. Утас интернэт бүх зүйлийг хаадаг. Ямар ч холбоо барих аргагүй байдалд ордог юм аа. Тэгэхээр одоо хэнтэй ч холбогдох аргагүй байх. Одоо ер нь шоронд байна уу, гэрийн хорионд байна уу, ямар ч ялгаа байхгүй. 24 цагаар хяналтад байна гэсэн үг. Лхамжав гуай бидэнтэй Монголд очингуутаа холбогдсон. Өөрийн байдлаа тодорхойлсон их урт тодорхойлолт хийсэн. Тэр үедээ ярьж байсан юм. Миний сууж байсан гэрийн эргэн тойронд дүүрэн камертай шүү. Тэр камераараа 24 цаг бүх орж гарах юмыг харж байдаг. Өдөрт хоёр удаа цагдаагийн газарт очиж нэрээ мэдүүлж, би энд байгаа шүү, өнөөдөр юу хийсэн, яаснаа бүгдийг бичиж, гарын үсгээ зурж өгдөг гэж байсан. Тэгэхээр Хятадад гэрийн хорио, шорон хоёр адилхан гэсэн үг.
-Гэрт нь чагнах төхөөрөмж байх уу?
-Камераар л бүгдийг хянадаг гэж байсан. Сошиал сүлжээнүүд, Wechat гэх мэт нь бүгд л хяналтад байгаа л даа. Чагнаж мэдэх бол тэдэнд ямар ч асуудалгүй л байх.
-Хэрвээ НҮБ А.Лхамжав гуайн хүсэлтийг хүлээж авбал Хятадаас түүнийг гаргаж авах боломжтой юу?
-Байхгүй. Хятад НҮБ-ыг тоохгүй шүү дээ. НҮБ байтугай дэлхийн хүний эрхийн тунхаглал, конвенц бүгдийг тоохгүй. Тэр байтугай АНУ-д хүртэл цагдаагийн газартай. Энэ Нью-Йорк хотод хүртэл цагдаагийн газартай гэсэн. Тэр бүү хэл америкийн НҮБ-д ажиллаж байсан хүнийг баривчлаад нутаг буцаасан байна лээ. Америкт хүртэл Хятадын иргэдийг айлгаж, гэр бүлийг нь дарамталж, хүмүүсийг бариад явдаг.
-Монголд Гадаадын иргэн харьяат, Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүйн яам, Гадаад харилцааны яам гэх мэт албан байгууллагууд А.Лхамжав гуайг дуу нэгтэйгээр “Биеийн байдлаас нь болоод хүүхдүүд нь ирээд аваад явсан. Визний хугацаа нь дуусч байсан” гээд байгаа. Үүнийг юу гэж ойлгох вэ?
-Итгээд байгаа юм уу? АНУ-аас хүртэл Хятадын цагдаа нар хүнээ ирээд баривчлаад явж байна шүү дээ. Монголд Хятадын цагдаа байгаа гэдэгт би лав эргэлзэхгүй. Хятадын дөрвөн цагдаа ирээд, Улаанбаатар хотоос түүнийг баривчлаад явсан нь үнэн шүү дээ. Түрүүхэн нь Өмнөд Монголын Адьяа гэдэг залууг Тайландын Бангкок хотод амьдарч байхад нь Хятадын цагдаа нар, мэдээж Тайландын цагдаа холбоотой байх. Бараг хамжилцаж туслалцсан байх. Тэгээд Адьяаг Тайландын гадаадын иргэдийг саатуулах газар гэсэн байх аа тэнд аваачаад, Хятадын цагдаа, консулын хүмүүс ирж шүүж, гар хүрч зодож, дарамтлаад Хятад руу буцаах гэж оролдсон байсан. Нэлээд хэд хоног тэгж байж байгаад азаар тэр залуу НҮБ-ын дүрвэгсдийн бүсийн төвд хандсан байж. Бангкокт байдаг тэр дүрвэгсдийн бүс рүү долоо хоногийн дараа гаргаад, Канадад орогнол хүссэнийг нь шилжүүлсэн байна лээ. НҮБ-ын хамгаалалтад орсон байсан ч Хятадын цагдаа тоохгүй шүү дээ. Ирээд л бариад аваад явчихдаг. Жишээ нь, 2009 онд Өмнөд Монголын Ордост нутагтай Батзангиа гэж залууг Монголд байхад НҮБ-ын дүрвэгсдийн төвд орогнол хүссэн байхад нь Хятадын цагдаа Монголын цагдаатай хамтран ажиллаад баривчлаад явсан байдаг. Тэр бүү хэл НҮБ-д ажиллаж байсан Монголын иргэн хүртэл барьж буцаах ажилд нь оролцсон гэсэн. Батзангиа гэдэг залууг эхнэр хүүхэдтэй нь нутаг буцаасан байсан. Өмнөд Монголд очоод тэр залуу гурван жил шоронд суусан гэсэн. Шоронгийн дараа ч гэсэн тодорхой хяналтад байж байгаад одоо ямар ч сураггүй болсон. Тухайн Батзангиа гэх залуу НҮБ-ын хамгаалалтын бичиг гэдэг юмаа авчихсан байсан гэсэн. Түрүүний хэлсэн Адьяа гэдэг залууд ч тэр НҮБ-ын хамгаалалтын бичиг байж байсан. Гэтэл тэрийг тоохгүй бариад л явсан байна лээ. НҮБ-ын хамгаалалтын бичиг ямар нэгэн хуулийн хамгаалалттай зүйл биш. Тэр бол НҮБ-аас энэ хүнийг хамгаална. Энэ хүний хамгийн үндсэн эрх хүний эрхийг хамгаалах ёстой л гэсэн бичиг байдаг. Түүнийг хуулийн ямар нэгэн хүчин төгөлдөр заалттай байсан ч Хятад тоохгүй. Бүрэн бүтэн тусгаар тогтнолтой Монголын нутаг дэвсгэр дээр цагдаагаа ирүүлээд л хүн баривчлуулж байна гэдэг хүний эрхийг тоохгүй байна л гэсэн үг. Дэлхий нийтийн, олон улсын хүний эрх гэж байна шүү дээ. Түүнийг Хятад тоохгүй.
-Танд монголчуудад зориулж хэлэх үг байна уу?
-Монголчуудад юу байх вэ. Монголын төр засгийн эрхийг барьж байгаа хүмүүст хандаж хэлэх хэдэн үг байна. Монгол барууны орнуудад тусгаар тогтносон ардчилсан орон гэх тодотголтой. Америкт ч гэсэн Монгол гэхээр “Ардчилсан улс” л гэдэг. Ардчилсан тусгаар тогтносон энэ улс маань Хятадын дарангуйлалтай ийм ойр байж. Тэр мөртлөө Өмнөд Монгол ахан дүүсээ барьж буцаадаг. Энэ бол ганцхан Лхамжав гуайн хэрэг биш шүү. Бүр дээр үеэс түүхээсээ хэлэх юм бол 100 жилийн өмнөөс гэж хэлж болно. Ардчилалд шилжээд 30 жил болж байгаа шүү дээ. Энэ 30 жилд ч гэсэн ямар олон өмнөд монголчуудыг буцааж байлаа. За ахан дүүсээ больё. Ядаж ардчилсан хүний эрхийг дээдэлдэг орон. Хүний хамгийн наад захын эрхийг хүндэтгэх хэрэгтэй шүү. Улс төрийн орогнол хүссэн хүнийг хамгаалах нь дэлхий нийтээрээ тогтсон зүйл. Боломжийн хэрээр өөрсдийн хамгаалалтад байлгадаг ёстой шүү. Энэ хүн зүгээр нэг эрүүгийн хэрэгтэйн биш. Тийм байтал шууд бариад буцаана гэдэг ардчилсан нийгэмд байж боломгүй асуудал гэж бодож байна. Нөгөө талаар Монгол Улс тусгаар тогтносон бүрэн эрхт улс шүү дээ. Гэтэл харь улсын цагдаа ирээд нутаг дэвсгэр дээр нь хүн барьж аваад явж байхад юу ч хэлсэнгүй. Тэгсэн мөртлөө сонин хэвлэл, мэдээллийн сайтуудаар нь янз бүрийн мэдээлэл тарааж байна лээ. Тэр нь “Лхамжав гуайг биеийн байдлаас нь болоод хүүхдүүд нь аваад явсан” гэж нийтэлсэн байна лээ. Гэр бүл нь авч яваагүй шүү дээ. Бие нь ямар ч асуудалгүй. Өөрөө бидэнд тов тодорхой хэлсэн. Миний бие ямар ч өвчин, архаг байхгүй. 80 хүрч байгаа мөртлөө бие эрүүл саруул гэсэн. Худал шалтаг зохиож, энэ хүнийг баривчлаад аваад явсныг зөвтгөж бичсэн байна лээ. Үүнийг Монголын төр засаг оролцоод хийсэн гэж ер хэлсэн үг биш шүү. Хамгийн гол нь Хятадын цагдаа ирж, тусгаар тогтносон орноос хүн бариад явж байхад Монголын төр юу ч хэлсэнгүй. Үүнд Монголын төр ямар нэгэн тайлбар хийх ёстой. Энэ чинь зөвхөн өмнөд монголчуудыг хамгаалж байгаа хэрэг биш. Монгол өөрийнхөө тусгаар тогтнолоо хамгаалах үйлдэл. Тусгаар тогтнолыг чинь уландаа гишгэж, нутаг дэвсгэр дээр чинь дураараа аашилж байна. Үүний эсрэг Монголын төр засаг ямар нэгэн юм хэлмээр байна.
Тоочогийн Энхбат гуай үүнийг ярилцлагын доор заавал нийтэлж өгнө үү хэмээн бичиг дамжууллаа. Үүнд: Монголын төр засагт хандаж ингэж хэлмээр байна.
Ахан дүүсийн холбоо харилцаагаа бодохгүй юм гэхэд ардчилал, хүний эрхийг дээдлээрэй. Өмнөд монголчуудын эрх дархыг хамгаалдаггүй юмаа гэхэд өөрийн улсынхаа тусгаар тогтнолыг хүндэтгээрэй! гэжээ.
С.Отгонбаяр
Сэтгэгдэл (1)
(103.57.95.130)
Монголчууд бүгдээрээ ажил дээрээ Photoshop ашиглан, хуурамч зургуудыг ба хуурамч видеонуудыг хийгээд сууж байдаг юм.