“Шувуу”-нд шүүрүүлэхгүй өнгөрөх иргэн коммунист нийгэмд ч байгаагүй шүү

МАН-ын залуу улстөрч, УУХҮ-ийн дэд сайд асан О.Батнайрамдал Боловсролын зээлийн сан (БЗС)-гийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн нь шуугиан болж байна. Зарчмаараа явж ирсэн Зээлийн сан гэж харагддаг. Дотоодын их дээд сургуульд суралцагч гурван хүн тутмын нэг нь энэ сангаас зээл авсан. Харин гадаадад суралцагч 3000 орчим хүний асуудлыг МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж буй О.Батнайрамдал “Шүгэл” үлээгч, шударгын дүрээр гаргаж ирлээ. 1993 оноос эхтэй энэхүү БЗС-гийн үзэл баримтлал нь барууны өндөр хөгжилтэй орнуудын их дээд сургуульд монгол хүүхдүүдийг сургах, дэлхийн ТОП сургуулиудад ирээдүйн боловсон хүчнүүдийг бэлтгэхэд зориулагдсан юм. Энэ үүргээ ч биелүүлж ирсэн. Ерэн оны эхээр англи хэлний орчуулагч олох гэж бөөн юм болдог байсан нь одоо түүх, инээдэм шахам болж. Энэхүү эмгэнэлт түүхийг дуусгавар болгох эхний зорилго нь Монгол Улсын Засгийн Газраас гадаадад залуусаа сургах байлаа. Нарийн мэргэжлээр, академик боловсрол олгох, тэд эргээд эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үүрэг хүлээх. Үр дүн нь гарч байгаад итгэдэг хүн цөөнгүй. Гэтэл 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших оршлоо хийх гэсэн МАН-ын залуу улстөрч нэгэн энэ “Сан”-г шороотой хутгасан мэдээлэл хийж байгаа нь харамсалтай. Муу дээр муу нэмэр, муухай дээр улцан нэмэр гэгчээр Нүүрсний хулгайд зүхүүлж буй төрийн нэр хүндийг улам доош нь хийв. Нэр хүндгүй төр засагтай монголчууд цаашид яаж явах гэсэн юм бэ. Айл өрх хүртэл Аав гэсэн толгойтой байж, тэр хүнийхээ нэр нүүр, ноён нуруу, бодол ухаанаар замнадаг биз дээ. Гэтэл Монгол Улс гэдэг нэгэн айлыг авч яваа төрийн ажлыг улс төр хийх гэсэн бацаан доош нь хийдэг болсныг бодох цаг болжээ.

О.Батнайрамдалын мэдээллээр бол БЗС-гийн зээлээр гадаадад суралцсан бүх иргэн гэмт хэрэг хийчихсэн мэт гөлөлзөх болох нь. Түүний “Шүгэл”-ээр бол “Боловсролын салбарын зургаан сайд нийт 80.2 тэрбум төгрөгийн зээлийг дуусгавар болгож, гэрээг хаасан байна. Өнгөрсөн хугацаанд БЗС-гаас 363 тэрбумыг 2,368 гадаадад суралцагчид олгосон. Бакалаврын түвшинд 167 тэрбумыг 421 хүүхдэд олгосон ч зуун хувь эргэн төлөгдөөгүй. Магистр, докторын түвшинд 196 тэрбумыг 1,947 суралцагчид олгосон ч 99 хувь эргэн төлөгдөөгүй. Нийт зээлдэгчдийн 90 хувь нь өндөр албан тушаалтан, мэдээлэлд ойр хүмүүсийн үр хүүхдүүд, дээрх хүмүүсийн хамаарал бүхий этгээдүүд байна” гэв.

Үүний хариуд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр “БЗС-гаас эрх мэдэлтнүүдийн хүүхдүүд зээлээр суралцдаг гэх ташаа мэдээлэл гарч байна. БЗС-гийн талаар иргэн О.Батнайрамдал мэдээлэл хийсэн. Иргэнийхээ хувьд мэдээлэл хийсэн болов уу гэж бодож байна. Тэрбээр өнөөдөр МАН-ын нарийн бичгийн даргын хариуцлагатай албан тушаал хашиж байгаа. Гэтэл Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 5Ш ажиллагааг бүдгэрүүлэх, ард иргэдийн дунд төөрөгдөл үүсгэх маягаар ташаа мэдээлэл түгээж байна. Түүний хэлсэн дээрх гурван мэдээллийн хүрээнд залруулга хэлье. Өнөөдөр БЗС-гийн үйл ажиллагааг явуулахад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа таван хууль бий. Тодруулбал, Иргэний хууль, Дээд боловсролын санхүүжилт, нийгмийн баталгааны тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Засгийн газрын 2021 оны 347 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны 346 дугаар тогтоол” гэсэн. Эдгээр хууль, тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Үүний хүрээнд гэрээний үүргээ гүйцэтгэсэн хүүхдүүдийн зээлийг чөлөөлсөн. Албан ёсны тоогоор, өнгөрсөн хугацаанд БЗС-гаас 220.8 тэрбумыг 2,288 суралцагчид олгосон. Бакалаврын түвшинд 101.4 тэрбумыг 421 суралцагч. магистр, докторын түвшинд 119.4 тэрбумыг 1,867 суралцагч авсан. Өнөөдрийн байдлаар 325 хүүхдийн гэрээ албан ёсоор хэрэгжиж байгаа. Энэ хүүхдүүд Монголдоо буцаж ирээд ажиллаж байна. Бакалаврын 10 оюутан зээлээ төлсөн, найман хүүхэд суралцаж байна. Одоогоор

найман оюутан чөлөө авсан. Хамгийн гол нь үнэн, зөв мэдээлэлд суурилж “Шүгэл” үлээж болно. Түүнээс биш Засгийн газрын ил тод, нээлттэй болгосон мэдээллийг гуйвуулж болохгүй. Хэн нэгний нэр төрд халдах гэсэн болчимгүй үйлдлээр нялх

Сэнгүмийн өвчнөөр өвчилж болохгүй" хэмээн намынхаа нарийн бичгийн дарга О.Батнайрамдалд хариу барив.

Гучин жилийн өмнө баруунд сурах нь Монголын залуусын хувьд мөрөөдөл байлаа. Одоо бол хэнийх нь ч хүүхэд дэлхийн ТОП-100 их дээд сургуульд суралцах нь нээлттэй, боломжтой боллоо. Үүний эхний шанг энэхүү улс төрийн зорилготой мушгигдаж байгаа Боловсролын зээлийн сан тавьсан. Үүгээрээ үнэ цэнэтэй сан. Хоёрдугаарт гэвэл тэр үед БЗС-гийн зээлд англи хэлний суурьтай, анхан шатны мэдлэгтэй хүүхдүүд л хамрагдах боломжтой байсан. Тэдгээр нь мэдээж хот суурины, дарга цэрэг, бизнесээ эхлүүлсэн хүмүүсийн хүүхдүүд байлаа. Ерэн оны нийгмийн гарааны нөхцөл шилжилтийн үеийн аль ч улс оронд ийм л ялгавартай байсан шүү дээ. Одоо үүнд гоншигнох хэрэггүй. Алслагдсан сумын сургуулийн мань мэтэд боломжгүй байсан нь бусдын буруу огтхон ч биш. Тэгсгээд л боломжууд нээгдэж, өнөөдөр хэнд ч нээлттэй болчихоод байна, гадаадад сурч боловсрох нь. Ер нь ч тэгээд монголчууд бидний явж ирсэн зам тодорхой. Коммунист гэгдэх ерэн оноос өмнөх нийгэмд ч алба хашдаг,

дарга, сэхээтэн ангийн хүүхдүүд л Орост, Европын орнуудад суралцах боломж түлхүү байсан. Тэдэндээ бусад нь атаархангуй, далдуур зүхсэн маягтай. Нийгмийн сэтгэл зүйн энэхүү уламжлалт атаархал дээр улстөрчид өнөөдөр тоглолт хийх

хэрэггүй. Нийгмийн ялгарал Монголд ийм л замналтай. Өнөөдөр ч гэсэн хожих нь хожоод, хоцрох нь хоцорч, хохь болоод цаашаа явцгаана. Тэглээ Монгол Улс өнөөдөр устаж, алга болчихоогүй л байна. Соц нийгмээ ер нь эргэн санагалзаад байдаг юм уу, хаашаа юм.

Өнөөдөр БЗС-гийн зээлээр гадаадад суралцсан хүмүүсийг нүд үзүүрлэж эхэлснээр эцэстээ эдгээр хүмүүс нийгэмд ялгаварлагдахыг хэн байг гэх юм. Нийгмийн сүлжээ гэдэг чинь юуг ч хийж чадахаар, буланд шахаж мэдэхээр шинэ технологи болчихоод байна шүү дээ. Эцэстээ явсаар “Баруунд суралцах нь гэмт үзэгдэл” мэт болж туйлширвал яана. Монголчууд чадах хүмүүс. Энэ давлагаанаас болж баруунд суралцах эрмэлзэлгүй шинэ үе гарч ирвэл яах вэ. Наад зах нь ингэж болгоомжлох хэрэгтэй. Хоёр хөршөөс бидний энэхүү хандлагыг яаж ч залж чадна.

БЗС-гийн асуудал нь төр засгаас хэрэгжүүлж байгаа 5Ш ажиллагаа, тэр дундаа “Шүгэл” ажиллагааны хүрээнд юм шиг байна. Зөв л эхлэх хэрэгтэй. Анзаарахад өнөөдөр Монголын төр засгийн ийн албанд ямар болзол хангасан хүмүүс ажиллах ёстой болчихоод

байгаа юм бэ. За ямартай ч барууны их дээд сургуульд суралцсан нөхөд эргэлзээтэй болох нь. Төрийн албанд ажиллахаар анкетаа өгөхдөө “Америкт төгссөн, БЗС-гийн зээлээр сурсан” гэвэл юун ажилд орох, “аавынд” очих болох нь. Тэгэхээр “Шүгэл” ажиллагаанд нь өртөөд “Шувуу” ажиллагаанд нь шүүрүүлчихгүй байх ямар боломж байна вэ.

Миний ойлгож байгаагаар төрд ажиллахын тулд эхлээд ипотекийн зээлд хамрагдах дөхчихсөн, элдэв шалдав жагсаал цуглаан, хөдөлгөөнийг дэмжиж сэтгэгдэл, үзэл бодлоо фэйстээ бичээгүй /наад зах нь шүү/, ер нь нийгмийн сүлжээнд идэвхтэй биш, өөрөө хийгээд үр хүүхдээ баруунд сургаагүй, бизнес аж ахуй эрхлэх тухай ойлголт байхгүй, ийм оролдлогыг ойр хавийн хүмүүс нь ч хийж байгаагүй, 700 мянгаас дээш цалин авч үзээгүй, ЖДҮ-ээс хол, ер нь зээлээс хол, хамаатан саднуудаас нь төрд том алба хашиж байгаагүй... гэхчлэн үргэлжлэх нь. Энэ бүгдийг хуульчлах нь. Ямар шидийн болзолыг хуульчилж, ямар хүмүүсийг төрд, төрийн өндөр албанд ажиллуулна гээд байгаа юм бэ. Энэ болзол, тулгалт, ажил амьдралын тохиргоонд чинь эцэстээ хэдэн малчнаас өөр тэнцэх хүн олдох юм уу. Тэд л төрийн өндөр албаны шалгуурт ганц тэнцэх бус уу.

Нэгэнт малчин биш бол тэгсгээд хуульд нийцүүлж, ажил амьдралаа өөрчилж байж төрд алба хаших болзол хангах болох нь. Тэгэхгүй бол “Шувуу” ажиллагаанд нь шүүрүүлэх юм байна. Ер нь тэгээд үзэн яддаг коммунист нийгмийн үед ч өнөөдрийн “Шувуу” ажиллагаанд шүүрүүлэхгүй өнгөрөх иргэн байгаагүй юм байна. Тэр нийгэмд чинь сэхээтнүүд нь бүгдээрээ нэг муу зуслангийн байшинтай, болж өгвөл нэг муу москвичтай, хүүхдээ гадаадад сургадаг, тэдгээр нь тарваганы арьс хилээр сэм авч гардаг, эргүүлээд хэдэн жинсэн өмд оруулж ирээд зах дээр сэм зарчихдаг... энэ тэр гээд амьдралын бүх л арга механизмтай байсан юм. Түүгээрээ л “Шувуунд” шүүрүүлнэ. Өнөөдөр та бүхэн эргэн тойрныхноо сайн хар даа, “Шувуунд” шүүрүүлэхгүй өнгөрөх иргэд ер нь байна уу. Бүгд л шүүрүүлэх болзолыг хангасан байгаа биз дээ...

Б.Нямаа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)