АИХ-ын дарга асан Ж.Гомбожав: Төрийн эрхийг нам барих чиглэлд л ҮХНӨ бүхэлдээ байгаа нь эмгэнэлтэй

-ПАРЛАМЕНТЫГ ХӨГЖҮҮЛНЭ ГЭДЭГ ТӨРИЙН ЭРХИЙГ АРД ТҮМНИЙ МЭДЭЛ РҮҮ ЧИГЛҮҮЛЭХИЙГ Л ХЭЛЖ БАЙГАА ЮМ. ТҮҮНЭЭС ТОО НЭМЭГДСЭНЭЭРЭЭ АРД ТҮМНИЙ ЭРХ МЭДЭЛ ХАНГАГДАНА ГЭЖ БАЙХГҮЙ -


Ардын их хурлын дарга, УИХ-ын орлогч дарга асан, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны ерөнхийлөгч Жамбын Гомбожавтай Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар ярилцлаа.


-Анхны ардчилсан Үндсэн хуулийн төслийг боловсруулахад гар бие оролцон, батлалцаж явсан хүний хувьд танаас юун түрүүнд Үндсэн хуулийг, нэмэлт, өөрчлөлт зэргийг яаж боловсруулж, хэрхэн баталдаг талаар асууя. Ер нь процессын хувьд ямар байдаг юм бэ?

-1992 оны Ардчилсан шинэ Үндсэн хууль наяад оны сүүлчээр бэлтгэгдэж байсан. Юу вэ гэхээр Үндсэн хуулийг ярихаас өмнө товчхон түүх дэлгэхгүй бол үнэхээр болохгүй. Би ярьж болох уу.

-Бололгүй яах вэ. Таныг яриулах гэж л би ярилцлага авч байгаа шүү дээ...?

-Ж.Батмөнхийг намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, АИХ-ын дарга байхад комисс байгуулагдаж, Үндсэн хуулийн төсөл бэлтгэгдэж байсан. Тэр үеэс эхлээд 1990 оны гуравдугаар сард Ардчилсан холбоо, эвслийг төлөөлөгчид төв талбайд жагсаал цуглаан өрнүүлж, өлсгөлөн зарлаж сууцгаасан. 1990 оны гуравдугаар сарын 8-ны өдөр Сайд нарын зөвлөлийн дарга Д.Содном, орлогч дарга Д.Бямбасүрэн, хэрэг эрхлэх газрын орлогч Н.Цэрэндорж нарын төлөөлөл Ардчилсан холбооны төлөөлөлтэй телевизийн халз ярилцлага хийсэн. Тэр үед ганцхан намтай л байлаа шүү дээ. Энэ ярилцлагаар нэгдүгээрт, МАХН-ын онц их хурлыг хуралдуул, Улс төрийн товчоог огцруул, АИХ-ыг тараа, ард түмний түр хурлыг хий гэдэг үндсэн шаардлагуудаа тавьсан. Улмаар маргааш нь Ж.Батмөнх дарга олон нийтэд хандаж үг хэлсэн. Өөрөөр хэлбэл эдгээр шаардлагыг биелүүлэхээ зарласан байдаг. Ингээд иргэдийн жагсаал, өлсгөлөн түр зогссон. Юу хэлэх гээд байна вэ гэхээр тухайн үед Улс төрийн товчоог огцруулахаас гадна 1960 оны Үндсэн хуулийн оршил хэсгийг өөрчилсөн байдаг. Оршил хэсэгт товчхондоо Төр нийгмийг бүтэн удирдан чиглүүлэх хүч бол МАХН-д оршино гэсэн байдаг. Бүрэн эхээр нь та бүхэн хараарай, байгаа. Түүнийг бид хассан. Улмаар Улс төрийн намын тухай хуулийг баталж, Сонгуулийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг гаргаж ирсэн. 1990 онд анхны сонгууль явагдсан.

-Улмаар АИХ депутатууд сонгогдсон байлгүй. Та хэдийн гол үүрэг, зорилго юу байсан юм бэ...?

-Тэгэлгүй яах вэ. АИХ-ын 430 депутат сонгогдсон. Бидний гол үүрэг бол Улсын бага хурлыг байгуулах. Ингэхдээ ард түмнээсээ санал асуулга авч байсан. Тухайн үед улс төрийн намууд шинээр байгуулагдаж эхэлж байлаа. Улмаар Улсын бага хурлыг 53 гишүүнтэй байгуулсан.

Үндсэндээ АИХ, УБХ гэсэн дээд, доод хуралтай, хоёр танхимтай болж байгаа юм. Дээд хуралтай танхим жилдээ хоёроос доошгүй хуралдана. Харин доод хурал буюу УБХ бол байнгын ажиллагаатай парламент байсан. Ингээд үйл ажиллагаа эхэлж байтал Ардын их хурлаас Улсын бага хуралдаа үүрэг өгсөн.

-Ямар үүрэг вэ?

-Ардчилсан шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулж хэлэлцүүлэх үүрэг өгч байгаа юм. 1991 оны есдүгээр сарын 11-нд Ардын их хурал ээлжит чуулганаа нээж, Үндсэн хуулийг хэлэлцэж эхэлсэн. Тухайн үед би АИХ-ын дарга нь байлаа. Бид Үндсэн хуулийн төслийг 21 хоногт хэлэлцээд батлах үндсэн төлөвлөгөөтэй байсан. Гэтэл хурал сунжирч он дамжаад 1992 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр хэлэлцэж батлаад, маргааш нь буюу 13-нд Үндсэн хууль батлагдсан өдөр болгон тогтоосон байдаг. Түүх гэдэг бодитоор, товчхондоо ийм учиртай. Үүнийг тэр бүр хүн мэддэггүй юм билээ. Тэгэхээр танай сониноор дамжуулаад наяад оны сүүл ерээд оны эхэн үеийн Монголын улс төр, нийгмийн тогтолцоонд яг ямар үйл явдал болж байсан бэ гэдгийг үүгээрээ товчхон тайлбарлах нь зөв юм аа.

-Мэдэх хүмүүс нь мэддэг. Гэхдээ зарим иргэд, олон нийт гэхээс илүү улстөрчид ч сайн ойлголт мэдээлэлгүй байдаг гэлцдэг. Тэгэхээр таны энэ түүх их чухал байх. Нөгөөтэйгүүр танаас ярилцлагынхаа эхэнд асуусан. Үндсэн хуулийг, нэмэлт, өөрчлөлтийг яг ямар дарааллаар баталдаг юм бэ?

-Бидний үед Улсын бага хурал төслөө боловсруулаад АИХ-д өргөн барьж байлаа. Ингэхдээ Улсын бага хурлаар уг төслийг хоёр ч удаа хэлэлцсэн. Улмаар тухайн үеийн голлох сонин, хэвлэлээр дамжуулаад ард түмэндээ танилцуулж, гурван сарын хугацаанд хэлэлцүүлсэн. Үүнд нэг сая, хоёр зуун мянган иргэд оролцож, 900 мянга гаруй санал ирснээс 5900 гаруй саналыг тусган үзсэн. Энэ нөр их ажлыг хэдхэн хоногт хийчихнэ гэж бодсон нь худлаа байсан. Бараг 70 гаруй хоног хэлэлцсэн, хуралдсан. Ингэж Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан түүхтэй. Тэр утгаараа энэ Үндсэн хууль амьдралд нийцтэй, ямар нэгэн гадны улс орнуудын нөлөөлөл ороогүй гэдгээрээ түүхэнд анхных болон тэмдэглэгдсэн.

-Тэгэхээр монголчууд өөрсдөө хийсэн Үндсэн хууль учраас өнөөг хүртэл агуулга, зорилго чиглэлийг нь өөрчлөх, оролдоход нь дургүй байгаад байна уу?

-Дургүйдээ биш. Монголчууд өөрсдөө шууд хийчихсэн ч зүйл биш. Зүгээр гадны улсын нөлөөллөөс ангид хараат бусаар өөрсдөө гадаад дотоодын туршлага, хуулиудыг харж, дэлхийн хандлагаар дотооддоо боловсруулаад хийсэн зүйл. Үндсэн араг яс агуулгыг нь монголчууд хийсэн байх нь. Өөрөөр хэлбэл 1924, 1940, 1960 оны хуулиуд шууд ЗХУ-ын нөлөөлөл дор хийгдэж байсан гэсэн үг. Тэгэхээр таны асуугаад байгаа Үндсэн хуулийг батлах, нэмэлт өөрчлөлт оруулах зэргийг ард түмнээсээ асууж, тэдний санал хүсэлтээр баталдаг. Гэтэл үндсэндээ 1992 оны Үндсэн хууль батлагдсанаасаа хойш өдгөө гурав, дөрвөн удаа ч өөрчлөгдөөд байна. Ингэхдээ сүүлийн хоёр жил хүрэхгүй хугацаанд хоёр удаа өөрчлөгдөөд байгаа нь арай л богино хугацаанд олон удаа Үндсэн хуульдаа гар хүрснийг харуулж байгаа. Хамгийн гол нь олон удаа гар хүрэхдээ хэсэг хэсгээр таслаад оруулаад байгаа нь цаадах том агуулгатайгаа зөрчил үүсгээд байгаа явдал юм.

-Мэдээж олон дахин гар хүрэхийг иргэд үгүйсгэж, шүүмжилж л байна. Гэхдээ зайлшгүй өөрчлөх, тогтолцооны хувьд сайжруулах зүйл байгаа юм биш үү?

-Миний хувьд тэгж бодохгүй байна. Жирийн иргэн, ахмад хүний хувьд ч гэх үү эсвэл төр нийгмийн зүтгэлтэн, Үндсэн хууль боловсруулж, баталж явсан судлаач, эрдэмтнийхээ хувьд танд хоёр асуудлаар тодорхой яримаар байна. Засгийн газраас 152 гишүүнтэй, парламентын нэг танхимтай, сонгуулийн тогтолцоо нь холимог буюу 76 нь мажоритар, 76 нь пропорционал байна гэдэг төслийг оруулж ирсэн, тийм үү.

-Тэгсэн...Гэхдээ одоо 152 нь 126 болчихлоо. Сонгуулийн тогтолцоо нь холимог байх боловч 76 мажоритар, 50 нь намаас гэдэг төсөл хэлэлцэгдэж байна шүү дээ...?

-Харин тэгээд яагаав. Энэ хаанаас орж ирсэн төсөл юм бэ. Засгийн газрын оруулж ирсэн төсөл, анхны хэлэлцүүлэг дээр хэлэлцэгдсэн тэр хууль хаана байна. Хоёр дахь хэлэлцүүлэгт орохдоо шал өөр хуулийн төсөл болоод хэлэлцэгдээд байгаа нь ямар учиртай юм. Одоо гурав дахь хэлэлцүүлгийг нь ирэх долоо хоногоос хийхээр төлөвлөж, гишүүд нь тойрогтоо ажиллаж байна. Тэгэхээр нэг зүйл онцлоод хэлье. 1992 оны Үндсэн хуулийн үзэл баримтлал ямар байдлаар хийгдсэн бэ. Бид Засгийн эрхийг нам барих нь буруу юм байна. Үүнийг бид 70, 80 жил намаар удирдуулаад буруу замаар явж байжээ гээд 1990 онд хувьсгал гарсан биз.

-Тэгэхээр 1990 оны ардчилсан хувьсгал, жагсаж, тэмцсэн ард түмний гол шаардлага нь нам төрийн эрхийг барьж байгааг зогсоох, болиулах, ард түмэн төрийн эрхээ барих гэдэг зүйлийг шаардаж байсан гэж та хэлэх гээд байна уу?

-Миний түүх яриад байдаг учир энэ. Бид түүхээ мэддэггүй, түүхээ мартдаг, түүхээ тоодоггүй. Түүхээ мэдэхгүй, болсон үйл явдлаа ойлгохгүйгээр ирээдүйд явна гэдэг ёстой нөгөө ойд төөрсөн сармагчин л гэсэн үг. Тэгэхээр юу хэлэх гээд байна вэ гэхээр 1992 оны Үндсэн хуулийн зорилго, агуулга, үзэл санаа бол тэр 1990 оны ардчилсан хувьсгалын шаардлагаар бий болсон зүйл. Өөрөөр хэлбэл төр, засгийн эрхийг нам барихгүй. Үүнийг ард түмэн барих ёстой гэсэн үзэл санаагаар Ардчилсан шинэ Үндсэн хуулийг бид боловсруулсан. Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд бий. Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна гэж заасан байгаа. Ард түмэн энэхүү эрх мэдлээ нэг бол төлөөллөөрөө, эсвэл шууд оролцох байдлаар хэрэгжүүлнэ гэж байгаа. Тэрхүү шууд оролцох гэдэг нь ерөөсөө ард нийтийн санал асуулга явуулахыг л хэлээд байгаа юм шүү дээ. Гэтэл өнгөрсөн гучин жил Үндсэн хуулийн энэхүү амин сүнс, үзэл санааны чиг зүг эргээд 1990 оноос өмнөх ард түмний хүсээгүй тэрхүү үзэл суртал руу яваад байгаа нь аймшигтай гэж хэлж болохоор. Тэгэхээр өнгөрсөн гуч гаруй жил Засгийн эрхийг ард түмэн барьж ирсэн үү, улс төрийн аль нэг хүчин барьж ирэв үү. Цаашид улс төрийн намууд энэхүү эрх мэдлээ үргэлжлүүлэх сонирхолтой байна уу, эсвэл ард түмэндээ өгөх тэмүүлэлтэйгээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтүүдийг хийгээд байна уу гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй. Тэгэхээр 1990 оноос өмнөх тогтолцоо руугаа улс төрийн намууд эргэж буцалтгүй орж байна. Төрийн эрхийг нам барих чиглэлд л ҮХНӨ бүхэлдээ хийгдсээр байгаа нь эмгэнэлтэй.

-Тэгэхээр энэ шинэ хуулиараа 76 гишүүнийг иргэд тойргоосоо сонгочихно. Харин 50 гишүүнийг улс төрийн намууд гаргаж ирэх гээд байгаа нь ард түмний төлөөллийг УИХ-д бүрэн хангах гэсэн сайн тогтолцоо гэж үнэлээд байгаа шүү дээ. Тийм биш үү?

-Миний хувьд АИХ-ын депутатаар 20 гаруй жил ажилласан хүн. Бидний үед АИХ-ын депутатыг дээрээс нь нэр өгдөг зарчмаар сонгодог байсан. Харин дарга нар, сайд нар албан тушаалынхаа эрэмбээр орчихдог байсан л даа. Гэтэл одоо яг бидний үеийн тогтолцоо руу орох гээд байна. Өөрөөр хэлбэл 50 хүнийг намын жагсаалтаар оруулна гэж байна. Намын жагсаалт гэж бүр тодорхой хэлээд байгаа биз дээ. Харин 76-гаа өмнөх шигээ тойргоос сонгоно гэж байна. Иргэд яах вэ, сонголтоо хийнэ. Гэхдээ л иргэний хүсээгүй улстөрчид тойрогт нь нэр дэвшээд ороод ирнэ. Өөрөөр хэлбэл иргэдэд сонголт хийх боломжгүй сонголт, сонгууль дахиад л үргэлжилнэ. Хүссэн хүсээгүй ард түмэн намаас нэр дэвшүүлсэн хүнийг л дахиад дугуйлна. Үүнд олон нийтийн зүгээс эсвэл холбоод, иргэний нийгмийн байгууллагуудаас нэр дэвшигчийг тодруулахгүй. Зөвхөн намаас л хэнийгээ нэр дэвшүүлэх вэ гэдгээ тодруулаад явуулна. Ингэхээр нөгөө засгийн эрх ард түмний мэдэлд бус нам, улс төрийн хүчнүүдийн мэдэлд хэвээрээ л байгаа биз. Үүнд тоо нэмэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөөд ямар ч нэмэр үзүүлэхгүй. Нэг танхимтай парламентын гишүүдийн тоог 152, 256, 108 болгоод ямар ч өөрчлөлт гарахгүй. Хүн амын тоотой харьцуулаад тоог нэмж байгаа, бусад улс орнууд ч тийм туршлага байна гэдэг. Гэтэл үнэндээ хүн ам нь өссөн жишгээр тоогоо нэмээд байгаа улс орон хаана байна. Хятад улсыг хар. Хамгийн олон хүн амтай. Гэтэл тоогоо нэмээд байгаа зүйл байна уу. Тэгэхээр засаглалын эрхийг бэхжүүлэх, ард түмний төлөөллийг, ард түмний эрхийг хангахад тоо чухал биш юм аа. Үндсэн хуулийн үзэл санаа, зорилго, ард түмэнд эрхийг нь улам томоор нээж өгөх асуудал л чухал.

-Тэгэхээр Үндсэн хуулийг бид яаж өөрчлөх ёстой юм бэ. Парламентын тогтолцоогоо яаж сайжруулах нь зөв бэ?

-Парламентын тогтолцоог хөгжүүлнэ гэдэг бол сая хэллээ, Засгийн эрхийг ард түмний мэдэл рүү чиглүүлэхийг л хэлж байгаа юм. Түүнээс тоо нэмэгдсэнээрээ ард түмний эрх хангагдана гэж байхгүй. Тэгэхээр хамгийн зөв гарц, аргачлал бол хоёр хуралтай буюу хоёр танхимтай тогтолцоог Үндсэн хуулиараа гаргаж ирэх шаардлагатай юм аа. Үүнийг би, бидний ахмад зүтгэлтнүүд олон удаа ярьж, хэлж байгаа. Төрд ард түмний дуу хоолой дутаж байна уу гэвэл түүн шиг дутаж байгаа зүйл байхгүй. Энэ дуу хоолойг нэмэгдүүлэх, улам илүү тод болгох ажлыг өнөөгийн УИХ тэр дундаа нэг танхимтай 76 гишүүн төлөөлж чадахгүй байна. Харин ч эсрэгээр нь ашиглаж, өөрсдийнхөө эрх ашгийг нэмэгдүүлэхийн төлөө л явж байна. Тиймээс л ерөөсөө нэг танхимтай парламент болсонгүй, цаашид ч болохгүй юм байна гэж шийдээд хоёр танхимтай болгох асуудлыг анхаарч үзэх шаардлага бодитой бий болчихсон шүү. Энэ асуудлаар Д.Содном гуай бид хоёр бүх төсөл, бүх зүйлээ боловсруулаад холбогдох хүмүүст өгчихсөн байгаа. Гэтэл үүнийг одоо болтол хав дарчихаад сууж л байна.

-Бид өнөөдөр 1992 оны Үндсэн хуулийн хүрээнд л амьдарч яваа. Төр, засгийн тогтолцоо бүгд л тэрхүү хуулийн хүрээнд яваа гэж боддог. Тэр утгаараа одоо энэ тогтолцоо бол алдаа гэж ярьж байгаа бол тэр нь та бүхний алдаа юм биш үү?

-Бид 1992 оны Үндсэн хуулийг хийхдээ бодож, мөрөөдөж байсан зүйл өнгөрсөн гучин жилд гажуудаад явчихлаа. Тухайлбал, Ерөнхийлөгчийг бид яагаад ард түмнээсээ сонгодог болсон юм бэ. Учир нь Ерөнхийлөгч УИХ-ын үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор ард түмнээс сонгуулсан. Тэрхүү хяналт тавих гол зэвсэг бол хориг. Гэтэл үүнийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр нөгөө намын эрх мэдлийг сайжруулах, өөрсдөдөө ашигтай байлгах зорилгоор Ерөнхийлөгчийн УИХ-аас баталж гаргасан хуульд хориг тавих үндсэн эрхийг хязгаарласан хуулийг баталсан. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн хоригийг хүчгүй болгочихсон гэсэн үг. Үндсэн хуулийн цэц бол Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас ямар ч хамааралгүй, хараат бусаар ажиллах, энэ эрхийнхээ хүрээнд Үндсэн хуулийн л манаач байх ёстой. Гэтэл манаачийнхаа үүргийг өнгөрсөн гучин жилд хийж чадаагүй. Хэн нэгэн дарга, ямар нэгэн намын эрх ашгаар л шийдвэрээ гаргаж ирсэн. Тэр ч утгаараа ҮХЦ Үндсэн хуулийг хоёр ч удаа өөрчиллөө. Хуулиараа Цэцэд Үндсэн хуулийн цэг таслалаар оролдох ямар ч эрх мэдэл байхгүй. Гагцхүү баталчихсан Үндсэн хууль зөрчигдөж байгаа эсэхийг манаж зогсдог байгууллага. Бүр тэгж яривал тухайн Үндсэн хууль ард түмэн, төр засагт ашиггүй байсан ч ҮХЦ үүнийг манаж явах л үүрэгтэй. Гэтэл тийм биш байгааг бид маш тодорхой харж сууна.

-Одоо хэлэлцэгдэж байгаа энэхүү ҮХНӨ-ийн үед процедурын алдаа гарсан гэж та ярилаа. Яг ямар алдаа гарчихаад байна вэ. Бүр хуулийн төсөл нь өөрчлөгдөөд явсан гэсэн шүү дээ...?

-Хамгийн нэгдүгээрт, хууль санаачлагчийн өргөн барьсан төсөл байхгүй болсон. Ганцхан заалттай төсөл шүү дээ. Гэтэл тэр нь алга болсон. Хэрэв тэрхүү төслийг хэлэлцэхгүй бол хууль санаачлагчид нь буцаах ёстой. Гэтэл УИХ-аар хэлэлцээд хоёр дахь, гурав дахь шатны хэлэлцүүлэг хийгээд яваад байгаа нь юу гэсэн үг вэ. Яах вэ, олон заалттай төсөл байвал ганц нэг нь хасагдаж гэж үзэхээр. Гэтэл уг ҮХНӨ нь ганцхан заалтаар анх өргөн баригдсан. Гэтэл одоо тэр нь хаана явна вэ.

-Одоо хэлэлцэгдэж байгаа ҮХНӨ-ийн төсөл хаанаас орж ирсэн гэж та үзээд байгаа юм бэ. Засгийн газрын төсөл биш юм уу?

-Биш. Засгийн газраас оруулж ирсэн төсөл юм бол яагаад зүйл заалт нь өөр байгаа юм бэ. Үүнийг УИХ-д суудалтай гурван намын төлөөлөл оруулж ирсэн гэж байгаа. Тэгвэл хууль санаачлах эрх улс төрийн намд байдаг болчихсон юм уу. Хуулиараа хууль санаачлах эрх гагцхүү Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газарт бий. Тэгж яривал ҮХНӨ-ийн төслийг санаачилж боловсруулчихаад эхлээд Үндсэн хуулийн цэцэд өргөн барих ёстой. Үүнийг Цэц хэлэлцээд УИХ-д оруулах процедуртай юм шүү дээ. Гэтэл үүнийг гажуудуулаад явж байгаа нь Цэц ямар ч чадамжгүй гэдгээ дахин дахин харуулаад байна. Хоёрдугаарт, улс төрийн намууд зөвшилцөөд хуулийн төслийг УИХ-д оруулдаг гэж хаана ч ямар ч хуульд заагаагүй. Тиймээс бидний хэдэн хуульчид, төр нийгмийн зүтгэлтнүүд, депутатууд үүнийгээ одоо зогсоо гэж шаардаж байгаа юм.

-Цаашид тэгээд ҮХНӨ гэж чухам юуг өөрчлөх гээд гишүүд нь тойрогтоо энэ талаараа сурталчлаад танилцуулаад яваа юм бэ?

-Тэр төсөл алга болсон. Харин одоо яригдаад байгаа төслийг би хувьдаа хараагүй. Ер нь Засгийн газар гэдэг бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулдаг субъект бас биш үү. Ёс зүй, хууль зүйн хувьд. Нөгөөтэйгүүр өнөөгийн УИХ-д ҮХНӨ-ийн хэлэлцэх ёс зүйн чадамж байхгүй гэж үздэг. Учир нь 76 гишүүний гурав нь гэмт хэрэгт холбогдоод буучихлаа. Үүн дээр 40 орчим гишүүн гэмт хэрэгт холбоотой хэмээн шалгагдаж байна. Ийм УИХ яаж ҮХНӨ-ийг хийх юм бэ. Хийлээ гээд явахаар ард түмэн тэртээ тэргүй эсэргүүцнэ шүү дээ. Гишүүд нь тойрогтоо ажиллаж байна гэж баахан загнуулсан хүмүүс л ирж байна. Аргагүй шүү дээ. Ард түмэнд загнуулах битгий хэл юм болно шүү. Тиймээс яах ёстой вэ. Төрийн түшээд нь ёс зүйгүй, нийгмийн уур амьсгал бухимдалтай, үнийн өсөлт, төрийн хулгай нь дэндчихсэн үед төр ард түмний хоорондох гэрээ болсон Үндсэн хуулийг өөрт ашигтайгаар өөрчилж огт болохгүй. Ардын хилэнг, нийгмийн бухимдлыг улам л бий болгоно. Эцсийн дүндээ намын тэр дундаа эрх баригчдын сонирхлоор бүх зүйл явдаггүй. Үүнийг 1990 оны ардчилсан үйл явдал харуулсан шүү дээ.

Өөрөөр хэлбэл ЗХУ задарна гэдгийг тухайн үед бодож байсан хүн бий юу. Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно гэдгийг Монголд бодож байсан хүн бий юу. Тэр үедээ шүү дээ. Тэгэхээр хэт их эрх мэдлийн шуналыг таслан зогсоож болдог. Таслагдан зогсдог. Монголчуудын хувьд үүнийг таслан зогсоох хоёрхон арга зам л үлдсэн. Нэгдүгээрт, эрх баригчид өөрсдөө ухаараад энэ өөрчлөлтөө зогсоочих, ард түмэн дургүй байна гээд больчих. Ингэснээрээ харин ч нэр хүнд нь өснө. Харин ч ард түмний өмнө тулгамдсан бусад олон асуудлыг шийдвэрлэх цагтай болно. Нийгэм энэ хандлагыг нь зөвөөр ойлгож, бухимдал нь багасна. Хоёрдугаарт, Монголын ард түмэн 1990 оны хувьсгалыг дахин эхлүүлчихэж мэднэ. Нийгмийн тэр үзэл бодлын сав дүүрчихсэн. Зүрхэн дотроос нь улам л буцалгаж байгаа. Буцалсан уур хилэнг дарах тийм ч амар биш дээ.

 

Э.Мөнхтүвшин

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.179.26.19)

    2023-05-27

    ene muugiin meddeg yum gej yu bsiin xun muutai xun.