Иргэдийн боломжийг бага, дунд боловсролоос нь эхэлж хулгайлдаг шүү!
- 2023-05-26
- Нийтлэл
- 1
БЗС-гийн хулгай тойрсон хэрүүл, тэмцэлийг хэдхэн хүн лүү чиглүүлээд, нүдээ хурцлаад дайрч байгаа нь иргэдийн боломжийг хулгайлж байгаа илүү том тогтолцоог хаацайлах, иргэдийн нүдийг нь хаах гэсэн арга саам ч байж магадгүй болоод явчихлаа. Иргэдийн боломж зөвхөн дээд боловсрол дээр ирээд, Боловсролын зээлийн сангаар дамжиж хулгайлагддаг гэж үү? Баян ар гэртэй, боломжтой, албан тушаалтай айлын хүүхэд л БЗС-гаас тэтгэлэг аваад байгаад ямар нэг үндэслэлтэй шалтгаан байхгүй гэж үү?
Асуудлыг арай өөр өнцгөөс харвал иргэдийн боломжийг зөвхөн БЗС-гаар биш, бүр өмнө нь бага, дунд боловсролоос нь эхэлж хулгайлж байна. Бага, дунд боловсрол ч гэсэн иргэдийн төлбөрийн чадамж, өрхийн орлогоор хэмжигдэж байна. Хувийн сургуульд өндөр төлбөртэй сурсан хүүхдийн боломж нь улсын сургуульд төлбөргүй сурсан хүүхдийн боломжоос хавьгүй их байна. Өөрөөр хэлбэл, хувийн болон улсын сургуулийн олгож байгаа боловсролын чанарын ялгаа л Боловсролын зээлийн сан дээр ирж илэрч байгаа юм. Тэгэхээр БЗС бол хулгай гарч байгаа эх үүсвэр нь биш, үр дүн нь. Бүх нийтийн боловсрол, улсыг сургуулийн чанарыг “ул” руу хаясны үр дагавар юм.
Сүүлийн 10-20 жил бидний бүх нийтийн боловсрол дээр анхаарал хардуулж ирсэн хоёрхон зүйл нь “Үдийн цай” хөтөлбөр болон ЭЕШ. Жилийн жилд төсвийн хэлэлцүүлэг хийхдээ “Үдийн цай”-нд хэдэн төгрөг тавих вэ? л гэж хэрэлддэг. Хавар болохоор ЭЕШ-ын оноо ярьдаг. Намар болохоор үнэ төлбөргүй олгодог сурах бичгийн хэвлэлтийн хэрүүл. Ийм хэдхэн үзүүлэлтээр бүх нийтийн боловсролын хэмжиж ирсэн. Өөрөөр бүх нийтийн боловсролд анхаарал хандуулж байсан зүйл нэгээхэн ч үгүй.
Жилийн жилд багш, эмч нар цалингаа нэмүүлэхээр жагсаал зохион байгуулна, тэрийг нь нэг нүдээрээ ч хардаг хүн байхгүй. 700-800 мянган төгрөгийн цалинтай улсын сургуулийн багш танай хүүхдэд дэлхийн шилдэг сургуулиудад шалгалт өгч тэнцэх хэмжээний боловсрол олгох уу? Сардаа 10 сая төгрөгийн төлбөртэй хувийн сургуульд 5000.000 төгрөгийн цалинтай ажиллаж байгаа багш илүү боловсрол олгох уу? Бодоод үз дээ. Эцэг эхчүүд өөрсдөө багшийн оронд байсан бол аль ажлын байрыг сонгох байсан бэ?
Яг үнэндээ БЗС-гаар баячуудын, дарга нарын хүүхэд сураад байна аа гэдэг нь нөгөө талаас тэдний бага, дунд сургуульдаа олж авсан боловсролын чанарт байна. Бүгдээрээ унаган шахуу англи хэлтэй сурч төгссөн хүүхдүүдтэй 4, 5-хан жил англи хэл үзсэн, курсын багштай улсын сургуулийн хүүхдүүд яаж өрсөлдөх юм бэ? Монгол хэл дээр олж авсан боловсрол нь хичнээн өндөр байгаад, хичнээн ч олимпиадад оролцсон байгаад нэмэргүй, хэлний шалгуураар бүгдээрээ унаж байгаа шүү дээ. Гадаад хэлний сургалттай хувийн сургуулиуд эх хэлний хичээлээс бусад бүх боловсролоо англи хэл дээр авч байна. Харин манай хүүхдүүд англи хэлний хичээлээс бусад бүх хичээлийг эх хэл дээрээ үздэг. Ингэхэд АНУ, Европын шилдэг их сургуулиуд элсэлтийн шалгалтаа монгол хэл дээр авдаггүй гэдгийг мэднэ биз дээ. Унаган англи хэлтэй, IELTS, TOEFL-ийн хамгийн өндөр оноотой байж шалгалтанд тэнцдэг. Атал “Англи хэлийг нэгдүгээр ангиас үзвэл монгол хүүхдийн identity байхгүй болчихно” гээд сууж байгаа хууль тогтоогч нартай хэн юу ярьж байна вэ. “Англи хэлийг хоёрдагч хэл болгоно” гэж зарласан Боловсролын сайд өнөөдөр юу хийгээд байгаа юм бэ?
Биднийг бага байхад “Ном бол ертөнцийг харах цонх” гэж сургадаг байлаа. Гэтэл өнөөдөр англи хэл нь ертөнцийг харах цонх, дэлхийд гарах гарц болчихоод байхад манай боловсролын систем яаж ажиллаж байна вэ?
Англи хэлийг нэгдүгээр ангиасаа үзэж болохгүй гээд, улдаж эсэргүүцээд байгаа шалтгаан нь ерөөсөө манайд англи хэл заах, багшлах боловсон хүчин байхгүй, тэрийгээ бэлтгэж чадахгүй байгаатай л холбоотой. Бэлтгэхгүй байгаа шалтгаан нь магадгүй өрсөлдөөнийг хаах, цөөнхөд боломж олгох, "манай хүүхдэд л илүү боломж ирэх ёстой" гэсэн атгаг, далд санаа ч байхыг үгүйсгэхгүй. Ерөөсөө боловсролын систем маань өөрөө ийм том ялгаварлал бий болгочихоод байхад Боловсролын зээлийн сан дээр гарч байгаа хулгай юу юм бэ? Ёстой нөгөө “мөсөн уулсын орой” юм биш үү? Цэцэрлэгийн бага анги, ерөнхий боловсролын нэгдүгээр ангиас нь эхэлж өндөр цалинтай, олон улсын боловсролтой багш нараар нүдүүлсэн "элитийн батальон"-той өөрсдийнхөө хүүхдийг өрсөлдүүлчихээд тэндээсээ "шударга ёс" хайгаад байгаа бидний буруу биш юм уу? Утаа хаашаа хийсч байгааг биш, салхи хаанаас үлээж байгааг хар гэдэг байх аа...
Сэтгэгдэл (1)
(202.126.89.62)
Гадаадад сурах зээлийг зөвхөн компьютер, математик, цөмийн физик, астрономи, инженерчлэл гэх чиглэлээр сурах хүмүүст өгч байя!