Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сокорро Эскалантег хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскалантег хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч цар тахлын үед ДЭМБ-ын Монгол Улсад үзүүлсэн дэмжлэгийг үнэлж байдгаа хэлж, Монголын ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Энэ жил тохиож буй ДЭМБ үүсэж хөгжсөний 75 жилийн ойн мэндийг дэвшүүлж, ДЭМБ-ын дэвшүүлсэн “Эрүүл мэндийг хүн бүрд” аяныг Монгол Улс дэмжиж байгаа гэлээ.

Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан хөгжүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн”, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хэмээх гурван тулгуурт, харилцан уялдаатай үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа хэлэв.

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте үүрэгт ажилдаа орсноос хойш Монгол Улсын эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай танилцах явцад анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар, мөн монгол эмч, мэргэжилтнүүдийн ур чадварын түвшнийг өндрөөр үнэлж байснаа хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн”, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг ДЭМБ дэмжиж буй бөгөөд Монгол Улсад ажиллах хугацаандаа хамтын зорилтуудын хэрэгжилтийг хангахын төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ.

ДЭМБ, Монгол Улсын хамтын ажиллагааны ирэх 5 жилийн стратегийн баримт бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах, эрүүл мэндийн аюулгүй байдлын чадавхыг хөгжүүлэх, эрүүл орчныг бүрдүүлэх, халдварт болон халдварт бус өвчинтэй тэмцэх тогтолцооны чадавхыг сайжруулах зэрэг чиглэлийг тусгахаар төлөвлөн ажиллаж байгаа гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сокорро Эскалантед ажлын амжилт хүсэж, хамтын ажиллагааг нягт, үр дүнтэй байлгахад бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа хэлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)