Х.Булгантуяа: Цалин, тэтгэврийг хоёр удаа үе шаттайгаар нэмэгдүүлнэ
- 2023-06-02
- Үнэн
- 1
МАН-ын бүлгээс төсвийн тодотгол хийх замаар цалин, тэтгэврийг үе шаттайгаар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Мөн Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн дэмжээд байгаа юм.
Үүнтэй холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.БУЛГАНТУЯАГААС зарим асуултад хариулт авлаа.
-Төрийн албан хаагчдын цалинг нэмэх шийдвэр гарч байна. Ялгаатай байдлаар нэмэх үү эсвэл нийтэд хамаарна гэж ойлгох уу?
-Төрийн албан хаагчдын цалинг хоёр үе шаттайгаар нэмэгдүүлэх шийдвэрт хүрлээ. Тодруулбал, бид эхний ээлжид буюу ирэх долдугаар сарын 1 гэхэд нийтлэг үйлчилгээ болон соёл, спортын зэрэг бага цалинтай салбаруудын цалинг нэмэгдүүлнэ. Өнөөдрийн байдлаар төрийн үйлчилгээ дотроо боловсролын салбар хамгийн өндөр цалинтайд тооцогддог. Тэгэхээр бид бусад салбарынхны цалинг энэ жишигт хүргэж нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэнээр дээрх шийдвэрийг гаргасан. Дараагийн ээлжид буюу ирэх аравдугаар сарын 1-нээс төрийн бүх албан хаагчийн цалинг дахин нэмэгдүүлнэ. Төрийн үйлчилгээний соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд, спортын салбарыг төрийн мэргэжлийн үйлчилгээ гэдэг ангилалд оруулж, зэрэглэл ахиулснаар доод цалинг сая төгрөгт хүргэнэ гэсэн үг. Мөн төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалинг 750 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлэхээр боллоо. Түүнчлэн төрийн тусгай болон төрийн захиргааны албан хаагчдын цалингийн доод хэмжээг сая төгрөгт хүргэх юм. Үүний зэрэгцээ ангилал, зэрэглэл болон гүйцэтгэл, үр дүнгийн зэрэг нэмэгдлийг олгох боломж бололцоогоор хангана.
-Ингэснээр төрийн албан хаагчдын цалингийн хэмжээ одоогийнхоос хэчнээн хувиар нэмэгдэх вэ?
-Салбар бүрээр ялгаатай гарч ирнэ. Тухайлбал, төрийн захиргааны албан хаагчид буюу агентлагийн түвшинд аваад үзэхэд 53 орчим хувийн нэмэгдэл болно. Харин соёл урлагийн салбарынхны хувьд хоёр үе шаттай нэмэгдэл болно гэсэн үг. Эхний ээлжид 30 хувиар, дараагийн удаад дахин 30 хувийн нэмэгдэл орно. Ингээд нийтдээ 60 хувийн нэмэгдлийг авч эхэлнэ гэсэн үг. Төрийн нийтлэг үйлчилгээний салбарын албан хаагчдын хувьд эхний шатанд 20, дараагийн шатанд 10 буюу нийтдээ 30 хувийн нэмэгдэл авах нь байна. Төрийн тусгай албан хаагчдын хувьд цагдаа болон дотоодын цэргийнхний цалин арай өндөр байдаг. Төрийн тусгай болон бусад албан хаагчийн цалин арай бага байдаг учраас 22 хувийн нэмэгдлийг оруулж ирэхээр болж байна. Төрийн албан хаагчидтай уулзах үеэр ганц л зүйлийг хэлдэг. Салбараасаа хамаараад төрийн албан хаагчдын цалин хэт ялгаатай байна, аймаг орон нутагт гэхээр бүр өөр байна. Адилхан төрийн захиргааныхан атлаа яам, тамгын газрынхны цалин арай өндөр, агентлагийнхан арай бага байгааг байнга хэлж ярьдаг. Тийм ч учраас бид энэ ялгааг арилгахын тулд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх шийдвэрт хүрээд байна.
-Тэтгэврийн хэмжээг мөн нэмэгдүүлэх шийдвэрт хүрсэн. Энэ тухайд доод хэмжээнд өөрчлөлт оруулах уу эсвэл зөрүү арилгахад гол анхаарлаа хандуулах уу?
-Ахмад настнуудын тэтгэврийг долдугаар сарын 1 -нээс хоёр байдлаар нэмэгдүүлэхээр боллоо. Нэгдүгээрт, инфляцтай уялдуулж буюу амьжиргааны түвшин, үнийн өсөлттэй холбоотойгоор итгэлцүүрээр нэг удаагийн нэмэгдэл хийнэ. Өөрөөр хэлбэл, итгэлцүүрээр нэмнэ гэдэг нь ахмадуудын дунд их яригддаг тэтгэврийн зөрүүтэй байдлыг арилгана гэсэн үг. Ийм зөрүүтэй байдал хоёр шалтгаанаар үүссэн. Нэгдүгээрт, 2014 оноос хойш итгэлцүүрийг ашиглаж, тэтгэврийг нэмэгдүүлж чадаагүй явж ирсэн. Үүнээс үүдэлтэйгээр 2-3-хан жилийн өмнө тэтгэвэрт гарсан, 30 жил улсад ажилласан багш 20 жилийн өмнө тэтгэвэрт гарсан хоёр багшийн тэтгэврийн хэмжээ яг адилхан болчихсон. Ийм кейсээс харахад ахмадууд маань “Төр бидний хөдөлмөрийг өөр өөр буюу ялгамжтай үнэлээд байна” гэж гомдоллодог. Тухайн үед тэтгэвэрт гарсан хүний авч байгаа мөнгөний хэмжээг өнөөгийн инфляцын түвшинтэй уялдуулж нэмэх шаардлагатай гэж үздэг. Энэ бол үнэхээр маргаангүй асуудал. Ахмадууд маань “Тухайн үед би ийм хэмжээний цалин авч байсан, энэ нь өнөөдрийнхөөр тэдэн төгрөг байх ёстой” гэж хүртэл тооцоолол гаргасан байдаг. Үүнийг буруутгах аргагүй учраас бид итгэлцүүрээр тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Хоёрдугаарт, ковидын үед буюу өнгөрсөн жил бид тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсэн. Тухайн үед манай нийт тэтгэвэр авагчдын 50 орчим хувь нь хамгийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байсан. Ингээд доод хэмжээ 350 ...2014 оноос хойш итгэлцүүр ашиглаж тэтгэврийг нэмэгдүүлээгүйгээс болоод хамгийн доод хэмжээний тэтгэвэр авдаг хүмүүстэй адил хэмжээний тэтгэвэр авдаг болсон хэсэг байна. Ийм л учраас 2-3-хан жилийн өмнө тэтгэвэрт гарсан хүнийх 20 жилийн өмнө гарсан хүнийхтэй ижил болчихоод байгаа юм... 99 мянган төгрөг байсныг нэмэгдүүлээд 500 мянгад хүргэсэн. Ингэснээр нийт тэтгэвэр авагчдын 70 хувь нь доод хэмжээгээр тэтгэвэр авдаг болсон. Ингэснээр нийт тэтгэвэр авч буй ахмадуудын 20 хувь нь автоматаар хамгийн доод хэмжээнд очсон байх нь байна шүү дээ. Гэтэл эдгээр хүмүүсийн хувьд нийгмийн даатгалын шимтгэл өндөр төлж байсан, илүү олон жил төрд ажилласан учраас тэтгэврийн доод хэмжээнээс арай өндөр байсан нь тэтгэврийн доод хэмжээнд очоод багасчихсан гэсэн үг байгаа биз. Үндсэндээ ажилласан жил, төлсөн шимтгэлийн хэмжээнээс үл хамаараад бүгд ижил хэмжээний тэтгэвэр авдаг болчихсон нь яах аргагүй шударга бус зүйл болсон л доо. Тиймээс бид итгэлцүүрийг ашиглаж тооцохоор зарим хүний тэтгэвэр ажилласан жил болон тухайн үед төлж байсан нийгмийн даатгалын шимтгэлээсээ шалтгаалаад бусдаас өөр байдлаар нэмэгдэхээр байгаа. Хоёрдугаарт, бид инфляцтай уялдуулаад бүх ахмадуудынхаа тэтгэврийг нийтэд нь 10 хувиар нэмэгдүүлнэ. Эдгээр нэмэгдлийг ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ. Үүний тулд төсвийн тодотголд тусгах нь зүйтэй гэж МАН-ын бүлгийн хуралдаанд Засгийн газраас танилцууллаа. Бүлгийн хуралдаанаар үүнийг дэмжсэн учраас төсвийн тодотголын хүрээнд санхүүжилтийг шийдээд явах бүрэн боломжтой.
-Ахмадуудын тэтгэврийг ч мөн хоёр янзаар, хоёр удаа нэмэгдүүлэх юм байна. Тэгэхээр эдгээр нэмэгдлийг хийснээр тэтгэврийн доод хэмжээ хэдэн төгрөгт хүрэх вэ?
-Энд нэг зүйлийг тодотгож хэлэхэд итгэлцүүрээр тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт орохгүй буюу нэмэгдэхээргүй хүн байж болно. Энэ тохиолдолд нийтээр нэмэгдүүлэх 10 хувьд хамаарснаар 550 мянган төгрөг болох нь байна шүү дээ. Итгэлцүүр ашиглахад доод хэмжээнээс нэмэгдүүлэх шаардлагатай хэсэг гэж бий. Эдгээр хүнийх бол багагүй хэмжээгээр нэмэгдэнэ. Жишээлбэл, 200-300 мянган төгрөгийн нэмэгдэл авах хүмүүс ч байна. Энэ хүмүүсийн хувьд улсад бараг 40 жил ажилласан атлаа 2014 оноос хойш итгэлцүүр ашиглаж тэтгэврийг нэмэгдүүлээгүйгээс болоод хамгийн доод хэмжээний тэтгэвэр авдаг хүмүүстэй адил хэмжээний тэтгэвэр авдаг болсон хэсэг байна. Ийм л учраас 2-3-хан жилийн өмнө тэтгэвэрт гарсан хүнийх 20 жилийн өмнө гарсан хүнийхтэй ижил болчихоод байгаа юм. Тэгэхээр ажиллаж байх хугацаандаа төлж байсан нийгмийн даатгалын хэмжээ болон ажилласан жилээсээ хамаараад нэмэгдэл хүн бүрд харилцан адилгүй байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Ямар ч байсан итгэлцүүрээр нэмэгдүүлснээр манай нийт тэтгэвэр авагчдын гуравны нэгийнх нь тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт орохоор буюу нэмэгдэхээр байна. Энэ бол хэрвээ та улсад илүү олон жил ажилласан бол илүү их хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол тэтгэвэрт гарахдаа энэ хэмжээгээрээ буюу илүү өндөр тэтгэвэр авна гэдэг шударга зарчим хадгалагдаж байх ёстой. 2022 оны тэтгэврийн нэмэгдлээр маш олон хүн гомдолтой үлдсэн.
Тэд “Улсад олон жил ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл өндөр төлсний хэрэг гэж алга, цөөн жил улсад ажиллаад бага хэмжээгээр нийгмийн даатгал төлсөн хүнтэй ижил хэмжээний тэтгэвэр авч байгаа нь шударга бус” гэдэг юм. Тийм ч учраас энэ гомдлыг бид итгэлцүүрээр арилгана гэсэн үг. Ерөөсөө энэ бол шударга зарчим. Нийгмийн даатгалын багц хуулийг УИХ-аар удахгүй хэлэлцэнэ. Энэ хуулийн хүрээнд итгэлцүүрийг жил бүр Засгийн газраас баталдаг байхаар тусгаж байна. Ингэснээр шинээр тэтгэвэрт гарч байгаа хүмүүс итэлцүүрээр тэтгэврээ шударга зарчмаар тогтоолгодог байх боломжийг бүрдүүлье гэж байгаа юм. Энэ бол бидний хувьд нэг удаа авч хэрэгжүүлж буй том арга хамжээ. Ингэснээр цаашид тэтгэврийн зөрүүтэй байдал үгүй болно гэсэн үг.
-Тэтгэвэр нэмэхээр тэтгэмжийн хэмжээ дагаад нэмэгддэг. Энэ удаад тэтгэмжийг хэрхэн нэмэхээр тооцоолсон бэ?
-Тэтгэвэр, тэтгэмж хоёр бараг л нэгэн зэрэг нэмэгдэж явдаг. Манай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ярьдгаар халамжийн тэтгэврийг бид давхар нэмэгдүүлэхээр тооцоолсон. 2020 онд 188 мянган төгрөгийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлснээс хойш өөрчлөлт оруулаагүй байсан. Байнгын асаргаа шаардлагатай болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд амьжиргааг тэтгэх мөнгөн тэтгэмж мөн 288 мянган төгрөгөөр олгогддог. Ингээд нийтдээ 80 мянга орчим иргэн халамжийн тэтгэвэр авдаг. Үүнийг 316 мянган төгрөг болгож, 28800 төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон. Мөн нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж гэж 84500 төгрөг олгодог байсан. Насанд хүрсэн хүнийг асардаг, байнгын асаргаа шаардлагатай хүний асаргааны тэтгэмж 84500 бол ийм хүүхдээ асарч байгаа эцэг эхэд 123100 төгрөг олгодог байсан. Үүнийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагаас “Тэтгэмжийн хэмжээ ялгамжтай байна, шударга бус байна” гэдэг. Хөгжлийн бэрх- шээлтэй том хүнийг асрах нь хүүхэд асрахаас хэцүү байдаг учраас тэтгэмыжийн хэмжээ ижил тэгш байх ёстой гэж үздэг.
Нийтдээ энэ хүрээнд 65-66 мянга орчим иргэн тэтгэмжийн мөнгөнд хамрагдаж байна. Ингэснээр насанд хүрсэн хүний асаргааны тэтгэмжийг гурав дахин нэмэгдүүлээд 275, хүүхдээ асарч буй эцэг эхийн асаргааны тэтгэмж 123100 байсныг мөн 275 мянган төгрөгт хүргэж, хоёр дахин нэмэгдүүлэхээр боллоо. Үүний нэмэлт санхүүжилтийг төсөвт суулгахаар тооцоолсон.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №021/24552/