НАТО-гийн тэргүүн Туркт айлчилна

ОСЛО. /AFP/. Режеп Тайип Эрдоган Туркийн Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсоны дараа Шведийн гишүүнчлэлийг батлахад түлхэц үзүүлэх зорилгоор Турк улсад “ойрын хугацаанд” айлчилна гэж НАТО-гийн тэргүүн Йенс Столтенберг пүрэв гарагт мэдэгджээ.

“Шведийг НАТО-гийн гишүүн болно гэдэгт миний бие итгэлтэй байгаа бөгөөд аль болох ойрын хугацаанд гишүүнээр элсүүлэхийн төлөө бид ажиллаж байна” гэж Й.Столтенберг Норвегийн нийслэл Осло хотноо болсон НАТО-гийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр хэлсэн байна.

Мөн Р.Эрдогантай энэ долоо хоногийн эхээр утсаар ярьж, Шведийг гишүүнээр элсүүлэх асуудалд ахиц дэвшил гаргахын чухлыг онцолсон гэдгээ НАТО-гийн тэргүүн хэлжээ.

НАТО-гийн орнуудаас өдгөө Турк, Унгар л Шведийн гишүүнээр элсэх хүсэлтийг соёрхон батлаагүй байгаа юм. Финланд улс энэ оны дөрөвдүгээр сард НАТО-д албан ёсоор элссэн билээ.

Өнгөрсөн ням гарагт Туркийн Ерөнхийлөгчөөр дахин таван жилийн хугацаатай улиран сонгогдсон Р.Эрдоганы хувьд Шведийг “террористуудыг”, тэр дундаа Курдийн Ажилчны намын гишүүдийг орогнуулж байна гэж буруутгасаар иржээ.

 

Харин Шведийн Гадаад хэргийн сайд Тобиас Биллстрем мэдэгдэхдээ, Стокхолм НАТО-д элсэхэд шаардлагатай “бүх үүрэг амлалтаа” биелүүлсэн хэмээгээд, Турк, Унгарт хандан Шведийг эвсэлд нэгдэхийг зөвшөөрөхийг уриалсан байна. “Турк, Унгар улсууд Шведийн хүсэлтийг соёрхон батлах үйл явцыг эхлүүлэх цаг нь болсон” гэдгийг тэрбээр онцолжээ.

 

Шведэд терроризмтой тэмцэх шинэ хууль пүрэв гаргаас хэрэгжиж эхэлснийг Т.Биллстрем Туркийн талтай  байгуулсан баримт бичгийн сүүлийн алхам хэмээн тодорхойлоод, тус улсын төлөөлөгчидтэй ойрын долоо хоногт хийх уулзалтын үеэр гишүүнчлэлийн асуудлаар томоохон алхам хийнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. 

 

 

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)