Ираны эсрэг АНУ-ын хориг арга хэмжээний жагсаалтад Хятадын зарим компанийг оруулжээ
- 2023-06-07
- Дэлхий
- 1
ВАШИНГТОН. /treasury.gov/. АНУ-ын Сангийн яам Ираны эсрэг хориг арга хэмжээний жагсаалтдаа Хятадын долоон иргэн, зургаан компанийг оруулжээ.
"Өнөөдөр АНУ-ын Сангийн яамны гадаадын хөрөнгийн хяналтын газар Ираны баллистик пуужингийн хөтөлбөртэй холбогдуулан Иран дахь БНХАУ, Хонконгийн долоон иргэн, зургаан компаниас бүрдсэн сүлжээнд хориг арга хэмжээ авлаа" гэж тус яамны цахим хуудсанд мягмар гарагт нийтэлсэн мэдэгдэлд дурдсан байна.
Сангийн яамны мэдээлснээр, уг жагсаалтад орсон хүмүүс Иранд "баллистик пуужинг зохион бүтээхэд оролцож буй гол хүмүүст чухал мэдээлэл, технологийг" олж авахад нь тусалсан байна.
Тодруулбал, Иранд центрифуг, электрон хэрэгсэл зарсан гэж үзэж байгаа Хятадын компаниуд болон тэдэнтэй холбоотой хүмүүс хоригийн жагсаалтад багтжээ. Уг худалдан авалтыг Бээжин дэх Ираны цэргийн атташе зохицуулж байсан бөгөөд түүнийг мөн энэхүү жагсаалтад оруулсан аж.
Хориг арга хэмжээний жагсаалтад орно гэдэг нь АНУ дахь хөрөнгийг битүүмжилж, Америкийн иргэд, компаниудыг хоригт орсон этгээдүүдтэй бизнес хийхийг хориглоно гэсэн үг юм хэмээн Монцамэ агентлаг мэдээллээ.
Сэтгэгдэл (1)
(103.57.95.130)
Энэ АНУ-ын төр яаж наймаа хийдэг нь хачирхалтай санагдаж байна. Украинд баахан зээл өгчихөөд, тэр зээлээр Украин эргээд АНУ-аас зэвсэг авах юм. АНУ Зүүн Европ, ОХУ ба Монгол Улсын газар нутгийг сонирхоогүй, харин өөрсдийнх нь өгсөн зээлээр зэвсэг авахуулаад байдаг хачин улс юм.