Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонслоо

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны зургаадугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийг сонслоо. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ танилцуулгадаа, Улсын Их Хурлаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль 2012 онд батлагдаж, 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, тус хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ашиглагч нь хамгаалагч, бохирдуулагч нь төлөгч байх зарчмыг баримтлан бага бохирдуулвал бага, их бохирдуувал их төлбөр төлж, хаягдал усаа стандартад нийцүүлэн цэвэрлэж, эргүүлэн ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх зэргээр бодлогоор дэмжих асуудлыг тусгаж өгсөн гэлээ.

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, түүнийг дагалдан гарсан Засгийн газрын 1 тогтоол, Засгийн газрын гишүүдийн хамтарсан 4 тушаал, БОАЖ-ын сайдын 5 тушаал, усны чанарын 5 стандарт зэрэг 15 эрх зүйн баримт бичгийг мөрдүүлэн ажиллаж байгаа талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээллээ. Мөн тэрбээр,  Усны тухай хуулийн 24.2-д заасны дагуу хоногт 50 шоометрээс их, аюултай бохирдуулах бодис агуулсан хаягдал ус гаргадаг ус бохирдуулагчид усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дүгнэлт гаргаж, тус дүгнэлтийг үндэслэн сав газрын захиргаа, хоногт 50 шоометрээс бага хаягдал ус гаргадаг, аюултай бодис агуулаагүй ус бохирдуулагчид сав газрын захиргааны дүгнэлтийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрлийг олгож хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа талаар дурдав.

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2020 оны хаягдал усны дүгнэлтээр 16.31 тэрбум, 2021 онд 16.34 тэрбум, 2022 онд 5.44 тэрбум, 2023 оны эхний хагас жилд 1.16 тэрбум төгрөг ногдуулснаас 2023 оны 6 дугаар сарын 02-ний байдлаар 3.89 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрсөн байна.

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хаягдал усыг цэвэрлэж дахин ашиглах, эргүүлэн ашиглах бодлогыг дэмжих, үр ашигтай хэрэглээг төлөвшүүлэх, ус хэмнэх, хаягдал усыг цэвэрлэх, дахин ашиглах техникийн нөхцөл, стандартыг дэвшилтэт технологи, шинжлэх ухааны ололтод тулгуурлан боловсруулж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байгаа аж.

Түүнчлэн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн дагуу айл өрхийг 100 хувь чөлөөлж, үйлдвэр үйлчилгээндээ хаягдал усаа цэвэршүүлэн эргүүлэн ашигласан тохиолдолд эргүүлэн ашигласан усны хэмжээгээр төлбөрөөс чөлөөлж байгаа бөгөөд уул уурхайн компаниуд ихэвчлэн ашигласан усаа эргүүлэн ашиглаж байгаа аж. Тухайлбал, уул уурхайн компаниудаас Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн дагуу 2020 онд 3.3 тэрбум төгрөг, 2021 онд 4 тэрбум, 2022 онд 3.9 тэрбум, 2023 оны эхний хагас жилд 0.9 тэрбум төгрөгийн төлбөрийг чөлөөлсөн байна.

 

Улсын хэмжээнд 96 хаягдал ус цэвэрлэх байгууламж байгаагаас цэвэршилтийн түвшингөөр 90%-тай 29, 70%-80%-тай 8, үлдсэн 37 цэвэрлэх байгууламж стандартын шаардлагад нийцэхгүй хаягдал бохир усыг хүрээлэн буй орчинд нийлүүлж байна.

Цэвэрлэх байгууламжууд хэт хуучирсан, урсгал засвар хийгдэхгүй удсаны улмаас ашиглалтын горим хангахгүй, хаягдал усыг цэвэрлэлгүйгээр байгальд шууд нийлүүлж байгаа нь хөрс, ус бохирдох үндсэн нөхцөл болж байгааг сайд Б.Бат-Эрдэнэ онцоллоо.

Ялангуяа Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж ачааллаа даахгүйд хүрч, стандартын хэмжээнд ажиллаж чадахгүй байгаа тул Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн орчин үеийн технологи бүхий шинэ цэвэрлэх байгууламжийг барьж эхлээд байгаа талаар дурдаад Монгол Улсын Засгийн газар Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацийн II компакт гэрээний хүрээнд Төв цэвэрлэх байгууламжаас гарах 50,000 м3/хон усыг дахин боловсруулж Дулааны III, IV цахилгаан станцын техникийн хөргөлтөд ашиглахаар “Ус дахин цэвэршүүлэх үйлдвэр”-ийн төслийг эхлүүлсэн бөгөөд уг төслийн зураг төсөл 60%, барилга угсралтын ажил 5%-тай явагдаж байгаа аж.

Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орж, стандартын шаардлага хангасан усыг Туул голд нийлүүлж, бохирдлыг бууруулахаас гадна ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн технологийн шаардлагыг хангаж чадсанаар 50,000 м3/хон усыг дахин ашиглаж энэ хэмжээний усны нөөцийг хэмнэх боломжтой болох юм гээд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа. Үүнд,

-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг Усны тухай, Төсвийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон бусад хуультай нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулахаар төслийг боловсруулсан байгаа бөгөөд уг хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар батлуулах;

-Салбар хоорондын хамтын ажиллагаа сайжруулах. Тухайлбал цэвэрлэх байгууламжууд өөрсдөө бохирдуулагч эх үүсвэр болоод байгаа өнөө үед Барилга, хот байгуулалтын яам, Зохицуулах зөвлөл, Нийслэлийн ЗДТГ, Ус сувгийн удирдах газруудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулж, цэвэрлэх байгууламжид нийлүүлж буй бохир усны чанарыг хянах, үнэ тарифыг шинэчлэх;

-Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалатын тухай хуулийн 14.2.1-д заасны дагуу хангагч байгууллага нь хүлээн авч буй бохир усны чанарт хяналт тавьдаг болох, Ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгуулалагад тус хуулийн 15.1.5, 18.5-д заасныг мөрдөх нөхцөлийг бүрдүүлж хаягдал усны шугамд нийлүүлэх MNS 6561:2015 стандартыг мөрдүүлэх;

-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулахад байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологи, олон улсын туршлага, менежментийг нэвтрүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмж, багаж, хэрэгслийг хил, гаалиар нэвтрүүлэхэд хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, ногоон зээлд хамруулах эдийн засгийн хөшүүргийг нэмэгдүүлэх эрхзүйн орчныг сайжруулах;

-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад иргэн, аж ахуйн нэгж байгууллагад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, мэдээллээр тогтмол хангах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилан таниулах арга хэмжээг зохион байгуулах;

-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, сайжруулах үйл ажиллагаанд шаардагдах зардлыг төлөвлөж, байгууллагын төсөвт жил бүр тусгуулах арга хэмжээг авах;

-Ус бохирдуулсны төлбөрийн орлогыг усны нөөцийг хамгаалах, усны бохирдлыг бууруулах, арилгах, хяналт-шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах ба нийт орлогын 50-аас доошгүй хувийг тухайн цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулах боломжийг бүрдүүлж, ус бохирдуулсны төлбөр нь Байгаль орчин, уур амьсгалын санд шилжин, хүрээлэн буй орчныг бохирдох, доройтохоос хамгаалах, бууруулахад шаардагдах зардлыг жил бүр тусгах;

- Хаягдал усыг тоолууржуулах ажлыг эрчимжүүлэх, хаягдал усанд шинжилгээ хийдэг лабораториудыг итгэмжлэх, хамрах хүрээг өргөтгөн хаягдал усны стандартад заасан үзүүлэлтүүдийг бүрэн шинжлэх техникийн болон хүний нөөцийн чадавхыг бүрдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.

Иймд эдгээр ажлыг хэрэгжүүлснээр Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт сайжирч, аж ахуйн нэгж байгууллагууд хаягдал усыг стандартын шаардлагад нийцүүлэн цэвэрлэх, цэвэрлэсэн усыг эргүүлэн ашиглах үйл явцаар дамжуулан цэвэрлэх байгууламжийн ачааллыг эрс багасгах, хүрээлэн буй орчныг бохирдлоос сэргийлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэлээ.Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, ус хамгийн их хэрэглэдэг салбар бол уул уурхай, тэр дундаа усны нөөц ховор говьд үйл ажиллагаа эрхэлдэг Оюу толгой компаны усны ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх талаар ямар ажил хийгдэж байна вэ, Улсын Их Хурлын гишүүн  Ц.Идэрбат, Усны тухай хуулийг хэрэгжүүлэх тал дээр БОАЖЯ санаачилгатай ажиллаж буйг дурдаад, уул уурхайтай холбоотойгоор говийн усны нөөцийг хэрхэн хамгаалж, нөөцлөх вэ, ямар санаачилга гарган ажиллаж байна вэ, “саарал ус"-ыг хэрэглэж буй туршлага бий эсэх, орон нутагт, ялангуяа мал, мах бэлтгэдэг аж ахуйн нэгжийн ашигласан усыг цэвэрлэх бага оврын цэвэрлэх байгууламж байгуулсан туршлага байна уу, Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг, ус бохирдуулсны төлбөрийг бүрэн хураан төвлөрүүлэхэд ямар бэрхшээл гарч байна вэ, говийн бүсэд усыг хэрхэн зүй зохистой ашиглаж, жишиг болохуйц ямар уул уурхайн компани байна вэ, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ,  Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг амьдралд хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл юу байна вэ, Биокомбинат, Шувуун фабрикаас цааш Туул гол маш их бохирдолтой байна, бохирдолтын түвшин ямар байгаа талаар асуулт асууж, хариулт авав.  Усны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Болдбаатар хариултдаа, Оюу толгой компани жил болгон ус ашиглалтын дүгнэлтийг гаргуулж байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдаагүй гэдэг үүднээс хаягдал усны дүгнэлт гаргуулаагүй, төлбөр тооцоо хийгдээгүй байгааг дурдаад усны нөөц, түвшинг мониторингын хяналтаар байнга хянаж, улирал тутам тайлан мэдээг нь авдаг гэлээ. Усны үнэ тарифын хувьд 2013 оны 326 тогтоолын дагуу зэс, нүүрс, алт, архи, пиво ундааны үйлдвэр эрхлэгчдээс ус ашигласны төлбөрийг 20 хувь байсныг 35 хувь болгон нэмэгдүүлэн хураан төвлөрүүлж байгаа аж.  Усны тухай хуулийн дагуу усны экологи, эдийн засгийн үнэлгээ, газрын доорх усны үнэ тариф мөн сав газар болгоноор гадаргын усны үнэлгээг тогтоосон байдаг. Хуулийн холбогдох заалтын дагуу ус ашигласны төлбөрийг хамгийн дээд хувь буюу 35 хувиар тооцон Оюутолгой компаниас авч байгаа гэв. Мөн “саарал ус”-ны тухайд Монгол Улсад нэг стандарт батлагдсан ч эрх зүйн орчин бүрэн хангагдаагүй гээд “саарал ус”-ны ашиглалтыг нэмэгдүүлэхэд дэд бүтэц буюу тухайлбал барилгын зураг төсөлд анхнаас нь тусгаж өгөх мөн түүнчлэн “саарал ус” ашиглах дүрэм журам, үнэ төлбөрийн зохицуулалтыг шийдвэрлэх шаардлагатайг дурдав. Улаанбаатар хотын хэмжээнд саун, бассейнд ашигласан усаа автомашин угаалгын газарт ашиглах, MCS компани ундааны үйлдвэртээ ашигласан цэвэршүүлсэн усыг Амгалан дулааны станцад нийлүүлэх, ногоон байгууламжийг услах зэргээр “саарал ус”-ыг ашиглаж буйг дурдаж байлаа. Хөдөө орон нутагт уул уурхайн компаны ашигласан усыг замын тоосжилт дарах, Оюутолгой, Энержи Ресурс компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд тарьж ургуулсан ногоон байгууламж, мод, бутаа услахад ашиглаж байгаа аж.

Ус бохирдуулсны төлбөр улсын төсөвт төвлөрч, хуулийн дагуу Байгаль хамгаалах санд хуваарилагдан үүнээс 50 хувь нь цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, 50 хувь нь бусад зүйлд зарцуулагдах ёстой ч зохицуулалтын хувьд зөрчилтэй байгаа хэмээн Усны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Болдбаатар хариуллаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн дагуу төлөх ёстой ногдуулсан төлбөрийн хэмжээ 39 тэрбум төгрөг төлөгдөх ёстой ч үүний дийлэнх хувь буюу 17 тэрбум төгрөг нь Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газартай холбоотой төлбөр байна. 2020 онд 9.7 тэрбум төгрөг, 2021 онд 8 тэрбум төгрөгийн төлбөр ногдуулсан, энэ бол төсөвт төвлөрүүлэх ёстой төлбөр. Төв цэвэрлэх байгууламж болон Туул голыг бохирдуулж байгаа Ус бохирдуулсны төлбөрийн асуудал бол Барилга хот байгуулалтын яам, Ус сувгийн удирдах газар, Нийслэлийн засаг даргын Тамгын газар гэсэн гурван газартай холбоотой гээд Туул голын усны бохирдолтын хувьд усны чанарын индексээр “Маш бохир” ангилалд орж байгааг дурдав. Мөн Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг батлуулахаар  холбогдох яамдуудад хүргүүлсэн байгаа аж.
 
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Б.Саранчимэг, 2012 онд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг баталж, 2016 онд нэмэлт өөрчлөлт оруулсан, өнөөдөр энэ хууль ямар хэрэгжилттэй байна вэ, олон аж ахуйн нэгж ус ашиглаж байна. Иймд үед саарал усыг ашиглах, ус их бохирдуулсан бол төлбөр төлөх, бага бохируудсан бол зохих хэмжээний төлбөрөө төлөх хуулийн зохицуулалттай мөн түүнчлэн ус бохирдуулсны төлбөрийг улсын төсөвт хураан төвлөрүүлснийг зориулалтын дагуу зарцуулах эрх зүйн зохицуулалтын шийдлийг байнгын хорооны дараагийн хурлаас өмнө шийдэл гаргаж, биелэлтийг танилцуулахыг үүрэг болгов.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)