Ширээний теннисний Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн боллоо

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ширээний теннисний Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тэмцээнд 16 клубийн 130 орчим тамирчин оролцсон бөгөөд олон улсын эрхтэй 14 шүүгч ажиллажээ. Энэ жилийн хувьд нийслэлийн есөн дүүргээс гадна 21 аймгийн тамирчид нээлттэй оролцож байгаагаараа онцлог.

Хоёр өдөр үргэлжилсэн тэмцээний шилдгүүдэд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Монголын ширээний теннисний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Галбадрах нар шагнал гардуулсан юм. Мөн энэ үеэр хоёр шилдэг тамирчинд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн “Жуух бичиг” гардуулав.

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө:

-Спорт бүр өөр өөрийн онцлог, дүрэм, давуу талтай байдаг. Ширээний теннис сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Энэ хөгжлийн гол тулгуур нь ширээний теннисний холбоодын нэгдэл, багш, дасгалжуулагч, шүүгч, тамирчид та бүгд юм шүү. Нийслэлийн зүгээс энэхүү тэмцээнийг жил бүр дэмжин, уламжлал болгон зохион байгуулна. Энэ жил Улаанбаатар хотноо ширээний теннисний Ази тивийн ахмадын аварга шалгаруулах тэмцээн, мөн Зүүн Азийн залуучуудын наадам болно. Тиймээс та бүхэн бэлтгэлээ сайн базааж, эдгээр тэмцээнд амжилттай оролцоорой. Улс орныхоо нэрийг тив, дэлхийд алдаршуулах хамгийн гол хүн бол тамирчид та бүгд юм шүү гэв.

Ирэх зургаадугаар сарын 18-23-нд Ази тивийн ахмадын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо болох аж. Мөн наймдугаар сарын 16-23-ны өдрүүдэд “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах юм. Энэ удаагийн хотын аварга шалгаруулах тэмцээнийг Азийн томоохон наадмуудын өмнө зохион байгуулж байгаагаараа онцлогтой бөгөөд тамирчдын хувьд сорил, бэлтгэл болж байгааг зохион байгуулагчид онцолж байлаа.

Ширээний теннисний тамирчин Э.Аялгуу:

-Би одоо есөн настай. Энэ спортоор хичээллээд жил гаран болж байна. Аав маань ширээний теннис тоглох дуртай болохоор анх зааж өгч байсан. Долоо хоногт таван удаа, өдөрт дөрвөн цагаар бэлтгэлээ хийдэг. Энэ удаагийн хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон ч медаль авч чадаагүй. Шар хөдлөөд жаахан уйлсан. Гэхдээ энэ жил 10 хүртэлх насныхны Улсын аварга шалгаруулах тэмцээний ганцаарчилсан төрөл болон багийн төрөлд алт авсан. Медаль авах үед өөрөөрөө бахархаад бас л уйлах гээд байдаг. Энэ спортоор хичээллээд ижил сонирхолтой олон найзтай болж байгаадаа баярладаг. Том болоод олимпын наадамд оролцмоор байна гэлээ. 

Монгол Улсын Ширээний теннисний шигшээ багийн тамирчин, Спортын мастер М.Тэмүүлэн:

-Энэ удаагийн өрсөлдөгчид маш сайн байлаа. Бэлтгэлээ ч сайн базаасан байна. Тэмцээндээ амжилттай оролцоод Хосын төрөлд алт авсан. Мөн “Жуух бичиг” ч авлаа. Бэлтгэлээ сайн хийж, шаргуу хичээсэн болохоор үнэхээр сайхан байна. Энэ жил олон тэмцээн хүлээж байгаа тул бэлтгэлээ сайн базаагаад, амжилт гаргах зорилго тавиад байгаа хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Ташрамд, 1994 оноос хойш 22 жил завсардаад байсан тус тэмцээнийг 2016 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байгаа. Тэмцээнийг 10 хүртэлх насны таван ангилал, өсвөрийн насны /11-12, 13-15, 16-18 нас/ гурван ангилал, залуучуудын төрөл буюу 18-40 нас, ахмадын насны /40-49, 50-59, 60-69, 70-аас дээш нас/ дөрвөн ангиллаар зохион байгуулдаг. Тэмцээнийг НЗДТГ, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын Ширээний теннисний холбоо хамтран зохион байгууллаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)