Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагчид нийтийн тээврийн бүх чиглэлд үнэгүй зорчино

Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш эхэлж, зургаадугаар сарын 18 хүртэл үргэлжилнэ.

Нийслэлийн хэмжээнд шалгалтын 24 байранд 15,783 сурагч шалгалт өгөх юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга Элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх тухай захирамж гаргалаа.

Тодруулбал, элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагчдын бүртгэлийн хуудсыг үндэслэн нийтийн тээвэр бүх чиглэлд үнэгүй үйлчлэх юм. Мөн шалгалт зохион байгуулах хугацаанд шалгалтын төвүүдийн ойролцоох зам засварын ажлуудыг түр зогсоож, усны хязгаарлалт хийхгүй байх талаар төрийн болон төрийн бус байгууллагуудтай холбогдох хууль, журмын дагуу хамтран ажиллахыг Нийслэлийн Боловсролын газарт даалгалаа.

Түүнчлэн шалгалт авах төвүүдийн цахилгаан хангамжийн хэвийн үйл ажиллагааг хангах, нийтийн хэв журмыг сахиулах, авто замын түгжрэл үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллахыг холбогдох албаныхан болон дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгов. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)