“Гишүүн болоод ч хэрэг байна уу даа” гэж гишүүд ярьдаг болжээ

Үндсэн хуулийг өөрчлөөд арав гаруй хонов. Дагаад УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчилж байна. Дагалдах бусад хуулийг өөрчилнө. Ингэснээр УИХ-ын дараагийн сонгуулиас эхлээд 126 гишүүнийг холимог тогтолцоогоор тодруулна. Үндсэн хуульд нийцүүлсэн өөрчлөлтийг бусад хуульд оруулах үеэр эмэгтэйчүүдийн квот зэргийг асар их анхаарцгааж байгаа дүр зураг харагдлаа. “30 уу”, “40 үү” гээд нийгмээрээ хэлэлцэж байх жишээтэй. Гэхдээ эмэгтэйчүүдийн төлөөлөл УИХ-д хүч түрэх нь цагийн эрхээр хийх л ёстой өөрчлөлт юм. Хэдхэн жилийн дараа бүх улсын гишүүдийнх нь 50 хувь эмэгтэйчүүд болно. Ийм л юм. Хамгийн гол нь энэ бүхний дараа УИХ-ын гишүүд хувийн ашиг сонирхлоо хойш тавих хэрэгтэй болж байна. Товчхон хэлэхэд, гишүүн болох юм бол хувийн эрх ашигт нь халтай болно гэсэн үг.

Учир нь удахгүй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулна. Үүгээр хамаарал бүхий этгээдүүдээ дарга болгож болохгүй. Эзэмшдэг компани нь төрийн тендерт орох хориотой. Ийм болно. Дээрээс нь Засгийн газрын уржигдрын ээлжит бус хуралдаанаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр шийджээ. Энэ хөтөлбөрт УИХ-ын гишүүд, сайд дарга нарт халтай заалт нэлээд багтсан байна. Тийм учраас сайд нар уг хөтөлбөрийг бүгдээрээ алга ташаад дэмжчихээгүй байна. Хэд хэдэн сайд уг хөтөлбөрийн эсрэг зогсжээ.

Мөн Засгийн газрын дээрх шийд гарсны дараа зарим гишүүн, өндөр албан тушаалтнууд “Ер нь төрд ажиллах хүн үлдэх юм уу. Энэ хууль, хөтөлбөрүүд хамаг зүйлийг түгжих юм байна” гэж бухимдаж уурссан сурагтай.

Харин хууль хяналтынхан үүнийг “Авлигатай тэмцэхэд том түлхэц өгөх анхны бөгөөд эцсийн боломж” хэмээн хүлээж авч буй ажээ.

Түүнчлэн Авлигын эсрэг хөтөлбөрийг батлах үеэр шүүхийн ил тод байдлын тухай хууль, шүүх дээр гацаж байгаа хэргүүдийг шуурхай шийдвэрлэх процессын хуулиудад өөрчлөлт оруулах чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн байна.

Энэ бүхний дараа өндөр албан тушаалтнуудын авлига авах боломж бараг хаагдаж таарна. Ялангуяа УИХ-ын гишүүд бол 30 жил явж ирсэн дархлаа, давраа хоёроосоо сална.УИХ-ын гишүүд мөн ч том амьтад явж ирлээ шүү дээ. Одоо ч тийм байна. Аймагтаа бол хаад нь болчихсон. Сонгогдсон аймгийнхаа бүх асуудлыг гишүүд л шийддэг. Тендерийг гишүүн мэднэ. Томилгоог гишүүн хийнэ. Лицензийг гишүүн олгоно. Газрыг гишүүн өгнө. Хамгийн гол нь эрхэм гишүүн хэрэгт холбогдсон ч дархан эрх нь хамгаалалтын бат цайз болдог. Ерөнхий прокурор барахгүй. Иргэд бүр ч дийлэхгүй. Харин ирэх сонгуулиар гарч ирсэн гишүүд шал өөр тоглоомын дүрмээр ажиллана. Авлига авах “эрхгүй” болчихоор АТГ, прокурор, иргэдээр чангаалгаад байхгүй. Яагаад гэхээр өмнөх гишүүдийг бодвол эрх мэдлээ хоёр дахин хасуулчихаж байгаа юм. Тэгээд бас нутгархахгүй, тойрогжихгүй. Тийм боломжгүй. Жишээ нь, улсын төсвийн хөрөнгө оруулалт нийгмийн суурь асуудлуудыг шийдвэрлэхэд илүүтэй төвлөрдөг болно. Тиймээс одоогийн УИХ-ын гишүүд “Гишүүн болоод ч хэрэг байна уу даа” гэж яриад л сууж байдаг болжээ. Гэхдээ эв нь таарвал дахиад дэвшчих хүслээсээ хэд нь татгалзах бол доо.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.212.118.186)

    2023-06-16

    Ухаанаараа мөнгө олж чаддаггүй хүмүүс л УИХ-ын гишүүд болж, хахуулиар хурдан баяждаг юм.