Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал боллоо

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлын эхэнд Нийслэлийн үнэт цаас гаргах, арилжаалах бэлтгэл ажлын талаар НЗДТГ-ын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн дарга Д.Алтангэрэл танилцуулав.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13.1-д “Нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно” гэж заасан. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн тавдугаар сард Ажлын хэсэг байгуулсан юм. Тус Ажлын хэсэг Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу Сангийн яамтай хамтран ажиллаж, холбогдох байгууллагуудаас санал авч, Засгийн газрын тавдугаар сарын 24-ний хурлаар Нийслэл үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмыг хэлэлцүүлэн батлуулсан. Өдгөө тус асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэх, Сангийн яаманд саналаа хүргүүлж, дүгнэлт гаргуулах шатны бэлтгэл ажлыг хангаж байна.

Өрийн удирдлагын тухай хуулийн дагуу үнэт цаасыг арилжаалах замаар татан төвлөрүүлсэн эх үүсвэрийг дараах шаардлага хангасан төсөл, арга хэмжээнүүдэд санхүүжүүлэх зохицуулалттай. Тодруулбал, төсөвт тусгасан байх, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн байх, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгасан байх, мөн тухайн төсөл, арга хэмжээний төрлөөс хамааран зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэлийг хийж баталгаажуулсан байх юм.

Үнэт цаас гаргах ажил нь процессын хувьд эхлээд үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмыг батлуулах, үүнийгээ НИТХ-аар хэлэлцүүлэх, үүний дараагаар үнэт цаас гаргах саналыг Сангийн яамаар хянуулан, дүгнэлт гаргуулна. Үргэлжлүүлэн Засгийн газраас зөвшөөрөл авч, дахин НИТХ-аар хэлэлцүүлж, дэмжвэл Өрийн хэрэгслийн бүртгэлийн журмын дагуу үнэт цаасыг Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлж, олон нийтэд санал болгох юм. Одоо Засгийн газраар журам батлуулах эхний шатыг даваад байгаа бөгөөд НИТХ-аар хэлэлцүүлэх юм.

Хотын дарга Улаанбаатар хот анх удаа үнэт цаас гаргах гэж байгааг онцлоод, хотын эдийн засгийг дэмжиж, хот тулгамдсан асуудлаа бие даан шийдвэрлэх боломжийг олгоно гэдгийг хэлж байлаа. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, дээрх асуудлыг НИТХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр болов.

Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг боловсруулав

Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга танилцуулав.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын дагуу Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө боловсруулах ажил эхэлсэн. Мастер төлөвлөгөөг “Престиж инженеринг”, “Хайдродизайн прожект” ХХК-ийн түншлэл боловсруулсан бөгөөд зургаан үндсэн чиглэлээр гүйцэтгэжээ. Төлөвлөлт нь Улаанбаатар хотын суурьшил, зуслангийн бүс, Налайх, Багануур, Багахангай дүүрэг  зэрэг 89,475 га талбайг хамарсан.

Улаанбаатар хот орчмын хуурай сайр, жижиг голуудын нийт урт 314 км. Харин үерийн хамгаалалтын 168 км барилга, байгууламж байна. Үерийн далан сувгийн 67 хувь буюу 100 км-ийг нь 1966-1987 онд, 33 хувь буюу 48 км-ийг нь 1987-2020 онд барьжээ.

Зам, талбайн борооны ус зайлуулах шугам сүлжээ нийт 169 км байгаагаас гол 18 шугамын 80 хувийг 1970-1980 онд барьсан. Эдгээр шугам сүлжээний ашиглалтын хугацаа нь бүрэн дууссан, засвар шинэчлэл хийх шаардлагатай байна. Мөн хөрсний ус зайлуулах шугам сүлжээ нийт 18.3 км, газрын доорх усны мониторингийн хяналтын цооног 53, идэвхтэй булгийн тоо 133 байна.

Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг боловсруулсан “Престиж инженеринг” ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал М.Далайцэрэн “Мастер төлөвлөгөөг 70 орчим инженер, мэргэжилтнүүдийн оролцоотой боловсруулсан. Мөн таван байршилд үерийн халилт их байгаа тул үерийн хамгаалалтын далан байгуулах шаардлагатай тооцоо гарлаа. Туул голын цутгал болох Сэлбэ голд ус хуримтлуулах сан байгуулснаар үерийн эрсдэлийг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой гэж үзэж, гурван усан сан төлөвлөсөн. Цаашид суурьшлын бүс нэмэгдсэнээр үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн хүчин чадал хүрэхгүй тул нэмж байгуулах, өргөтгөх зайлшгүй шаардлагатай” гэдгийг хэлж байлаа.

Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн мастер төлөвлөгөөг 2023-2040 он хүртэл дөрвөн үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн зам, талбайн борооны ус зайлуулах 250 км шугам сүлжээ төлөвлөх шаардлагатай үр дүн гарсан байна.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө хотын инженерийн бэлтгэл ажлын мастер төлөвлөгөөнд олон улсын туршлагыг хэр судалж байгаа болон төлөвлөлт буруу бол ямар хариуцлага хүлээдэг талаар тодруулахад Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Мастер төлөвлөгөөг мэргэшсэн инженер, докторын зэрэгтэй хүмүүс боловсруулсан. Алдаа гарвал төлөвлөгөө боловсруулсан газар хариуцаж засах үүрэгтэй” гэлээ.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, мастер төлөвлөгөөг НИТХ-аар хэлэлцүүлэхээр болов.

Шаардлага хангахгүй гэж нураасан 27 барилгыг ашиглалтад орууллаа

Үүний дараа Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих ажлын явц, холбогдох тооцоо судалгаа, мэдээллийг танилцуулав.

Нийслэлийн иргэдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гамшигт эрсдэлийг бууруулах зорилгоор 2011 оноос эхлэн 1970 оноос өмнө барьсан 672 барилгад биет үзлэг, хэмжилт, судалгаа хийсэн. Улмаар холбогдох хуулийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2016-2022 онд гарсан зургаан удаагийн шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 377 барилгын ашиглалтыг хориглосон байдаг. Гэвч эдийн засаг, нийгмийн хүчин зүйлээс шалтгаалан өнөөдрийг хүртэл зарим барилгад иргэд оршин суусаар байна.

Нийслэлийн Засаг даргын 22 удаагийн захирамжаар 194 барилгыг буулган, дахин төлөвлөж, барилгажуулах тухай шийдвэр гарсан. Одоогоор 150 барилгад төсөл хэрэгжүүлэгч шалгарч, 2015-2023 оны хооронд 1298 өрхийн 61 барилгыг буулгаж, 3248 өрхийн үйлчилгээ, орон сууцны 27 барилгыг ашиглалтад оруулсан. Энэ нь ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилга байгууламжийг буулган, шинээр барих ажлын хэрэгжилт удаашралтай, цаашид эрчимжүүлэх шаардлагатай  байгааг харуулж байгаа юм.

Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан 50 хуулийн этгээдээс 31 барилгын загвар зураг төсөл батлуулахаар ирүүлсний 24 нь барилгын хүчин чадал нэмэгдүүлэх тухай хүсэлт байна. Эдгээр хүсэлтийн дийлэнх нь урьдчилсан байдлаар 9-12 давхар байхаар төлөвлөсөн барилгыг 16 давхар болгох хүсэлт ирүүлжээ. Мөн сүүлийн жилүүдэд бараа материалын хомсдол, үнийн өсөлтөөс шалтгаалан барилга угсралтын зардал нэмэгдсэн нь төсөл хэрэгжихэд хүндрэл учруулж байгаа юм.  

25 удаа сонгон шалгаруулалт зарлахад нэг ч материал ирүүлээгүй тохиолдол ч байгаа юм. Холбогдох журамд заасны дагуу сонгон шалгаруулалт тав буюу түүнээс дээш удаа амжилтгүй болсон тохиолдолд тухайн төслийг аймаг, нийслэлийн орон сууцны асуудал эрхэлсэн байгууллага хариуцан хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Иймээс Нийслэлийн Засаг дарга таван удаагийн захирамжаар 14 барилгыг дахин төлөвлөн барилгажуулах ажлыг Нийслэлийн Орон сууцны корпораци ХК хариуцан гүйцэтгэж байна.  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Барилга, хот байгуулалт хариуцсан зөвлөх Б.Сүхбаатар асуудлыг шийдэхийн тулд хууль болон журамд өөрчлөлт оруулах шаардлагатай гэдгийг онцолж байлаа.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг ашиглалтын шаардлага хангахгүй байранд амьдарч байгаа иргэдэд шаардлага хүргүүлдэг эсэхийг тодруулахад “Барилга ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдвол дүүрэг, хороотой хамтран иргэдэд мэдээлэл өгч, дахин төлөвлөлтөд хамрагдахыг дэмжиж байгаа эсэх талаар санал асуулга явуулдаг. Иргэд эхлээд 100 хувь дэмждэг ч аж ахуйн нэгж шалгарангуут асуудал үүсэж эхэлдэг” гэдгийг хэлж байлаа.

Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Инженерийн дэд бүтцэд их хэмжээний мөнгө зарцуулж байхаар тэр мөнгөөр барилгыг худалдаж аваад, ногоон байгууламж байдлаар тохижуулах, мөн хууль, дүрэм, журмын өөрчлөлтийг хэн нэгэнд найдахаас илүүтэйгээр өөрсдөө барьж авч, шийдэх хэрэгтэй” гэсэн санал хэллээ.

Хотын дарга дээрх саналуудыг тусган, зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, холбогдох албаныханд үүрэг өгөв. Тухайлбал, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, эрх зүйн шинэчлэл хийх асуудлыг судалж, танилцуулахыг үүрэг болгосон юм.  

Аж үйлдвэрийн паркийн цогц төлөвлөлт хийжээ

Эмээлт эко аж үйлдвэрийн парк НӨААТҮГ-ийн техник, эдийн засгийн үндэслэл, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ боловсруулжээ. Ингэхдээ 5600 гаруй ажлын байрыг шинээр бий болгох аж үйлдвэрийн паркийн цогц төлөвлөлтийг хийж гүйцэтгэсэн байна. Тодруулбал, ажил хэрэг, олон нийтийн бүс нь 10.9 га талбайг хамрах бөгөөд оффис, лаборатори, сургалтын төв, үзэсгэлэн худалдаа, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, худалдаа үйлчилгээ, гар урлал зэрэг багтана. Үйлдвэр, агуулахын бүс нь нийт 17.3 га талбайд хүнсний агуулах, хөргүүртэй агуулах, гүн хөлдөөх агуулах, химийн агуулах зэргээс бүрдэх юм. Харин орон сууцны хорооллыг 4.3 га талбайд 2160 оршин суугч бүхий тохилог орон сууцны хороолол болон 120 хүүхдийн хоёр цэцэрлэгтэй байхаар төлөвлөжээ. Мөн 38.6 га талбайд жилд 25,584 тонн мах, 98,437 тонн дайвар бүтээгдэхүүн боловсруулах, 2142 тонн ноолуур самнах, 2904 тонн ноос самнах, 7.5 сая арьс шир боловсруулах үйлдвэрүүд байгуулахаар төлөвлөсөн. Түүнчлэн дугуйн замын урт 20.1 км байх бөгөөд стандартын дагуу амрах, талбай зогсоол, аюулгүй байдлыг хангасан тоноглол тэмдэг тэмдэглэгээтэй байна.

Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд дэлхийн жишигт нийцсэн хөдөө аж ахуйн паркийг байгуулах замаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, эдийн засгийн өрсөлдөх чадвар, ажлын байрыг нэмэгдүүлэх, экспортын чиг баримжаатай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндсэн зорилготой. Мөн байгаль орчинд ээлтэй мал аж ахуй, газар тариалан, тээвэр, логистик, худалдааны төв, агуулахын аж ахуй, бизнес инкубатор, үйлдвэрийн сургалтын төв, хөнгөн  үйлдвэр, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгаа, үнэлгээ хийх зэргээр өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулах юм.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, дээрх асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэхээр болов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)