Чуулган: Сонгуулийн хуульд өөрчлөлт орох хуулийн нэгтгэсэн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав
- 2023-06-16
- Улс төр
- 0
Өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
Уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулав.
Тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Ажлын хэсгээс боловсруулсан тойрогт нэр дэвшигчдийн зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн самбартай байх зарчмын зөрүүтэй саналын томьёолол дэмжигдсэнтэй холбогдуулан төслийн 42 дугаар зүйлийг бүхэлд нь өөрчлөн найруулж, 41 дүгээр зүйлийн зарим хэсгийг хасах, өөрчлөх, бэхэн тэмдэглэгээ хийхтэй холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёолол дэмжигдсэнтэй холбогдуулан 66 дугаар зүйлийн 66.14 дэх хэсгийг хасах, нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ ардчилсан ёс, шударга ёсны зарчмыг баримталж, нийгмийн бүлгийн төлөөллийг харгалзах, нам, эвслээс жагсаалтаар нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны нэгдсэн хэвлэмэл материал нь гурван хэвлэлийн хуудаснаас хэтрэхгүй байх, цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах зардал энэ хуулийн 50.1-д заасны дагуу тогтоосон зардлын дээд хэмжээний 15 хувиас хэтрэхгүй байх, нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглох зэрэг нийт 13 зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Мөн Байнгын хорооны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төслийн талаарх 10 дахь зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон төслийн 1 дүгээр зүйлийн 30 дахь заалт буюу 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсгээр Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлж томьёолох шаардлагатай гэж үзсэн бөгөөд тус асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгээр зохицуулаагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан журмын дагуу 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулсан дэгийн дагуу Ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй 2 саналын томьёоллыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно гэв.
Түүний дараа УИХ-ын гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор нэр дэвшигчдэд тавигдах шалгуур, жагсаалтыг эрэмбэлэхэд нам, эвсэлд тавигдах шаардлага нээлттэй байх ёстой хэмээв. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, хүйсийн ялгаваралгүй хөгжих боломжийг бүрдүүлэхэд энэ удаагийн УИХ шинэчлэл хийгээсэй гэж хүсч байгаа тухай, УИХ-ын гишүүн Т.Доржханд эмэгтэйчүүд парламентад олон байх нь төсвийн сахилга бат сайжрах, ардчиллын хөгжилд чухал ахиц дэвшил гарах тухай, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх талаар олон улсын байгууллагын зөвлөмж болон иргэд, олон нийтийн илэрхийлсэн санал бодлыг танилцуулж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар, дэлхий нийтийн чиг хандлага, тогтвортой хөгжлийн зорилтод жендэрийн тэгш байдлыг хангахад анхаарал хандуулж байна. Энэ бол ирж яваа цагийн өнгө юм. Технологийн хувьсгал зөөлөн ур чадварыг шаардаж байна. Тиймээс 40-160 сая эмэгтэйчүүдийн ажлын нөхцөл байдал өөрчлөгдөж, эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд олноороо ажиллана гэсэн судалгаа байна. Ардчилал, хүний эрхийн тухай ойлголт бол ерөөс жендэрийн тэгш байдлыг хангах тухай юм. УИХ дахь намын бүлгүүдийн ойлголцол, зөвшилцлийн үндсэн дээр УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг эрхэмлэж байна. Мөн дэвшилтэд үзэл санааг дэмжиж байгаа бүх гишүүддээ талархаж байна гэв.
УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналыг томъёоллоор санал хураалт явуулж, уг хуулийн төслүүдийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
“Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдлаа
“Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл танилцуулсан.
Тэрбээр, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан хэлэлцүүлж, нэгдсэн хуралдаанд дараах байдлаар танилцуулж байна.
1.2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарийг нэгдүгээр хавсралтаар, хавсралтад дурдсан хугацаанд багтаан холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, батлуулах ажлыг зохион байгуулахыг Төрийн байгуулалтын байнгын хороонд даалгах;
2.Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдах Улсын Их Хурлын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт даалгаж, уг арга хэмжээний хүрээнд хийх ажлын төлөвлөгөө гаргах, хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар батлах;
3.Улсын Их Хурлын үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, эрх зүйн бусад актыг боловсронгуй болгох арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт даалгах.
Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн болно гэв.
Тус тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг олонх дэмжсэн учраас “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдлаа.
Сэтгэгдэл (0)