БНАСАУ-ын харвасан хоёр баллистик пуужин Японы эдийн засгийн онцгой бүсэд унажээ
- 2023-06-16
- Дэлхий
- 0
ПЁНЬЯН. /Kyodo/. БНАСАУ-ын зүүн эргээс пүрэв гаргийн орой харвасан ойрын зайн тусгалт хоёр баллистик пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн дотор унасан гэж Япон, БНСУ-ын эрх баригчид мэдээлэв.
БНАСАУ-ын тал БНСУ, АНУ-ын явуулж буй байлдааны гал нээх томоохон сургуулилалтын хариуд арга хэмжээ авна гэж пүрэв гаргийн өглөө анхааруулсныхаа дараа пуужин харвасан байна. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены үндэсний аюулгүй байдлын зөвлөх уулзалт хийхээр Токиод хүрэлцэн ирээд байх үед энэ явдал болжээ.
Японы Батлан хамгаалах яамны мэдээлснээр, эхний пуужин 850 орчим км, хоёр дахь пуужин 900 орчим км зайд нисэж, Японы эдийн засгийн онцгой бүсэд унасан бөгөөд пуужингуудын нислэгийн өндөр 50 орчим км байжээ. БНАСАУ-ын харвасан пуужин хамгийн сүүлд хоёрдугаар сард уг бүсэд унаж байв.
“Пүрэв гарагт БНАСАУ-ын харвасан пуужингууд өнгөрсөн сарын сүүлээр бидэнд мэдээлэл хүргүүлсэн хиймэл дагуул хөөргөх оролдлоготой нь “холбоогүй байсан” гэж Японы Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Мацүно Хироказү хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Японы Ерөнхий сайд Кишида Фүмио сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, пуужингуудын улмаас ямар нэгэн хохирол учирсан талаар мэдээлэл алга байна хэмээгээд, Токиогийн засаг захиргаа уг явдалтай холбогдуулан БНАСАУ-д эсэргүүцлээ илэрхийлсэн гэдгийг мэдэгдсэн байна.
Тагнуулын хиймэл дагуул хөөргөх дараагийн оролдлогоо аль болох ойрын хугацаанд хийхээ Пёньяны зүгээс мэдэгдсэн юм. М.Хироказүгийн мэдээлснээр, Японы эрх баригчид Япон тэнгис рүү харвасан пуужингуудыг устгах тушаал өгөөгүй байна.
Пуужингууд Японы төв нутгийн Ишикава мужийн эргээс 50 орчим км зайд оршдог Хегүра арлаас 250 орчим км зайд унасныг Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ. БНСУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хорооны мэдээллээр, ойрын зайн тусгалт баллистик пуужин хэмээн тодорхойлсон пуужингуудыг Пёньяны Сунан бүсээс 19:25-19:37 цагийн хооронд харвасан байна хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (0)