Нийслэлийн үнэт цаас гаргах ажилд хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа
- 2023-06-20
- Улаанбаатар
- 0
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13.1-д “Нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно” гэж заасан. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулсан бөгөөд Засгийн газраас Нийслэл үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмыг хэлэлцэн батлаад буй. Өдгөө тус асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэх, Сангийн яаманд саналаа хүргүүлж, дүгнэлт гаргуулах шатны бэлтгэл ажлыг хангаж байна.
Энэ хүрээнд НЗДТГ, "Евразиа Капитал Холдинг ҮЦК" ХК болон "Блюскай Секьюритиз ҮЦК" ХК-иуд хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны Санамж бичигт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, "Евразиа Капитал Холдинг ҮЦК" ХК болон "Блюскай Секьюритиз ҮЦК" ХК-ийг төлөөлж ТУЗ-ийн дарга Р.Отгонбат нар гарын үсэг зурав.
Санамж бичгийн хүрээнд талууд ногоон хөгжил, ногоон бонд, шинэ техник, технологийг дэмжих, хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулалтын сан байгуулах зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд хамтран ажиллах юм. Мөн төв цэвэрлэх байгууламжийн дэргэд хог хаягдал, лагийг дахин хуримтлуулахгүй байх зорилгоор лаг боловсруулах тооцоо, судалгаа хийж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлнэ. Түүнчлэн хөрсний бохирдлыг бууруулах, ундны усны аюулгүй байдлыг хангах зорилгоор хог хаягдлыг дахин боловсруулах төслүүдэд ногоон хөгжлийн сангуудаас хөрөнгө оруулалтыг татахад дэмжлэг үзүүлэн ажиллах зэрэг олон зорилтыг тусгажээ.
Сэтгэгдэл (0)