Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэг эхлэв
- 2023-06-23
- Улс төр
- 0
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанд явууллаа.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо 2023 оны 06 дугаар дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа Боловсролын өрөнхий хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням танилцууллаа.
Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу зүйл бүрээр хэлэлцсэнийг дурдаад Боловсролд хүүхэд бүр тэгш хамрагдах, суралцагчийн ялгаатай хэрэгцээнд тохируулан хичээл, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулна. Суралцагчийн дийлэнх олонх нь хүн амын өөр хэл бүхий үндэстний болон хэлний цөөнх байх тохиолдолд сургалтыг хос хэлээр зохион байгуулах, ахлах сургуулийг сургалтын хөтөлбөрөөс нь хамаарч төрөлжүүлнэ. Сургуулийн өмнөх боловсролд 2-5 настай хүүхэд хамрагдах бөгөөд 5 настай хүүхдийг заавал хамруулна. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүсэлт гаргаж бага ангийн сургалтын хөтөлбөрийг гэрээр эзэмшүүлнэ. Ерөнхий боловсролын сургуульд номын санч, цэцэрлэгт сэтгэл зүйч, хоол зүйч ажиллуулна. Зайн болон цахим боловсролыг хөгжүүлж, хүүхэд хаана амьдарч байгаагаас үл хамааран сайн багшаас боловсрол эзэмших зэрэг асуудлыг зохицуулахаар тусгасан гэв.
Мөн Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам еренхий боловсропын сургуулийн номын санчийг олон улсын жишигт нийцүүлэн номын санч багш гэж нэрлэх нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваанаас хөдөө аж ахуйн салбарт ажилладаг иргэдийн хүүхдийг 7 настайгаас сургуульд элсүүлэх талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналыг Ерөнхий боловсролын хуульд тодорхой туссан тул давхардуулах шаардлагагүй гэж үзэн Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй гэж байлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт монгол хүүхдэд үндэсний өв соёлоо тээн хүмүүжин төлөвшүүлэх асуудлыг хэрхэн тусгасан болон байгаль цаг уур, эдийн засгийн чиглэл, хөдөө орон нутгийн онцлогоос хамаарч хичээлийн жилийн эхлэх, дуусах, амралтын хугацааг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн зохицуулж болохоор тусгасан ч үүнийг хичээлийн жилийн эцсийн улирлын шалгалттайг хэрхэн холбохоор зохицуулсныг тодруулсан.
Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Дамдинням, Боловсролын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт албан боловсролын агуулга нь суралцагчийн нас, хөгжлийн онцлог, авьяас, сонирхол, хувь хүний болон нийгмийн хэрэгцээ, үндэсний соёл, өв уламжлал, шинжлэх ухаан технологийн хөгжлийн хандлагад нийцүүлэн боловсролын зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэнэ” гэж тусгасан. Үүнийг хөтөлбөртөө тусгана” хэмээн хариулж байлаа. Мөн тэрбээр, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийн 5.8-д энэ хуулийн 5.5, 5.7-д зааснаас бусад тохиолдолд хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах болон ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн амралтын хугацааг өөрчлөх, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоохыг хориглоно гэж заасан. Өөрөөр хэлбэл, онцгой нөхцөл байдал гарахаас бусад тохиолдолд боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналаар шийднэ. Гэхдээ сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд энэ хуульд тодорхой тусгасан хэмээн нэмэлт тайлбарыг өгсөн.
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх зарчмын зөрүүтэй 34 саналын томьёоллоор санал хураалт явуулж эхэлсэн чуулганы хуралдааны өнөөдрийн ажлын цаг дууссан тул маргаашийн нэгдсэн хуралдаанаар санал хураалтыг үргэлжлүүлэхээр боллоо
Сэтгэгдэл (0)