Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болов

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө удирдан явуулав. Хурлын эхэнд нийслэлийн 2022-2023 оны өвөлжилтийн дүн, 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа танилцууллаа.

Өнгөрсөн өвлийн хувьд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1106 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж, гүйцэтгэл 94 хувьтай байжээ. Хотын хэмжээнд 20 мянга гаруй аж ахуйн нэгж, 283 мянга орчим өрхийг дулаанаар хангасан байна. Мөн 455 мянга гаруй хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангасан. Төвлөрсөн дулаан хангамжийн суурилагдсан хүчин чадал 2318 Гкал/ц боловч 31.8 хувийн хэтрэлттэй байгаа юм.  Өвөлжилтийн хугацаанд дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол дундах насжилтын хугацаа дууссан шугам сүлжээнд нийт 12 гэмтэл гарч, цаг тухайд нь засварлажээ.

Ирэх өвлийн бэлтгэл хангах хүрээнд 658 төсөл, арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлж байгаа бөгөөд хэрэгжилт 30 хувьтай байна. Тодруулбал, улс, нийслэл, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 19 байршилд дулааны 28.1 км шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх, шинээр татах ажлууд хийж байна. Энэ нь сүүлийн жилүүдэд хийж байгаагүй томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил болж байгаа юм.

Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ орон сууцны хороолол доторх 1223.2 км инженерийн шугам сүлжээний ашиглалтыг хариуцан ажилладаг. Нийт шугам сүлжээний 60 хувь нь насжилт өндөртэй, ашиглалтын хугацаа дууссан бөгөөд 2023 оны зуны засвараар найман байршилд 3.6 км хос шугам сүлжээ болон бусад засварын ажлыг гүйцэтгэж байна. Өдгөө засварын ажил 34 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.

Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн хүрээнд угсармал 1077 блок орон сууцыг дулаалахаар төлөвлөсөн. Эхний ээлжид 375 блок барилгад есдүгээр сард багтаан дулаан хэмжих хэрэгсэл суурилуулахаар ажиллаж байна. Хөрөнгө оруулагч талаас оршин суугчид дулаалгын төлбөрийн тодорхой хувийг гаргах, тухайн орон сууц нь газар хөдлөлтөд тэсвэртэй байдлын дүгнэлттэй байх зэрэг үндсэн шаардлага тавьж байгааг хэлж байлаа.

Хотын хэмжээнд  8287 цахилгаан шат байгаагаас нийтийн зориулалттай орон сууцанд ашиглаж байгаа 800 шатны ашиглалтын хугацаа дуусаж байна. Үүнээс ашиглалтын шаардлага хангахгүй, мэргэжлийн байгууллагын дүгнэлттэй 13- цахилгаан шатыг солих шаардлагатай байгаа юм. Түүнчлэн өнгөрсөн жил 160 мянга орчим өрхийг 523 мянга гаруй тонн сайжруулсан түлшээр хангасан. Энэ жил мөн тооны өрхийг 527 мянга орчим тонн түлшээр хангахаар төлөвлөж, 40 мянган орчим тонн түлш нөөцөлжээ.

Зөвлөлийн гишүүд өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангаж, нэн шаардлагатай бүтээн байгуулалтын ажлын үлдэгдэл санхүүжилт, дулаан холболтын ажлуудаа яаралтай хийх хэрэгтэйг онцолж байв.

Зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил эхлүүлсэн 107 барилга байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт холбогдох эрх бүхий байгууллагаас барилгын ажлын зөвшөөрөл авалгүй барилга угсралтын ажил эхлүүлсэн, гүйцэтгэсэн иргэн, хуулийн этгээдүүдэд цаашид авах арга хэмжээний тухай Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам танилцууллаа.

Нийслэлийн хэмжээнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил эхлүүлсэн 50 иргэн, хуулийн этгээдийн 107 блок барилга байгаа юм. Эдгээрээс 49 нь газрын гэрчилгээтэй бол нэгийнх нь газрын гэрчилгээг цуцалжээ. Дээрх 107 блок барилгыг дөрөв ангилсан. Нэгдүгээрт, барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй 17 иргэн, аж ахуйн нэгжийн 31 блок барилга байна. Хоёрдугаарт, онцгой төвөгшилтэй буюу 17 давхар 51 метрээс дээш өндөртэй барьж байгаа гурван аж ахуйн нэгжийн 18 блок барилгыг БХБЯ руу албан хүсэлтээр шилжүүлж, шийдвэрлүүлэх саналтай байгаа юм.

Гуравдугаарт, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлөө аваагүй, барилга угсралтын ажил үргэлжилж байгаа 21 аж ахуйн нэгжийн 48 блок барилга байна.

Дөрөвдүгээрт, барилга угсралтын ажил дуусаад, ашиглаж байгаа есөн аж ахуйн нэгжийн 10 блок барилга байгаа тул барилгын хийц, бүтээц, бат бэхийн байдалд шинжилгээ хийж, чанар, аюулгүй байдалд дүгнэлт гаргуулж, шийдвэр гаргуулах саналтай байлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Барилга, хот байгуулалт хариуцсан зөвлөх Б.Сүхбаатар “Зөвшөөрөлгүй барилга барьж, ашиглалтад оруулаад, дараа нь зөвшөөрөл авдгийг болиулах хэрэгтэй. Ийм байгууллагуудыг торгодог, барилгыг нь нураадаг хууль, эрх зүйн хатуу зохицуулалт шаардлагатай байна” хэмээлээ.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, холбогдох хууль, тогтоомж, барилгын норм ба дүрмийг зөрчиж барьсан иргэн, хуулийн этгээдийн барилга, байгууламжийг албадан буулгах арга хэмжээний талаар зохих хууль, тогтоомжийн хүрээнд шийдвэр гаргуулж, хэрэгжилтийг хангуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

Газар чөлөөлөхөд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг судална

Бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлт, шаардлагатай хөрөнгийн талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг танилцуулав. НИТХ-ын 2022 оны 116 дугаар тогтоолоор нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан. Тодруулбал,

  • Барилга байгууламжийн чиглэлээр 50 ажил буюу 851 нэгж талбарын 63.69 га
  • Дэд төвүүдийн хүрээнд зургаан ажил буюу 3602 нэгж талбарын 236.8 га
  • Инженерийн шугам сүлжээ, түүний барилга байгууламжийн 16 ажил буюу 138 нэгж талбарын 16.16 га
  • Авто зам, замын байгууламжийн 74 ажил буюу 2409 нэгж талбарын 172.99 га газар чөлөөлөхөөр тусгасан.

Эдгээр ажлыг бүтээн байгуулалтын төсөв батлагдсан байдал, хэрэгцээ, шаардлага зэргээр эрэмбэлэн, газар чөлөөлөлтийг хийж байна. Гэхдээ газар чөлөөлөх нөхөн олговрын хөрөнгө 2023 онд батлагдаагүйгээс үүдэн газар чөлөөлөхөд хүндрэл учраад байгаа юм. Иймээс өмнөх оноос он дамжин үлдсэн мөнгийг зарцуулж байгаа бөгөөд нөхөн олговорт хөрөнгө шаардлагатай байна.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, бүтээн байгуулалтын ажлын төсөв, хөрөнгө оруулалт батлагдсан ажлуудын газар чөлөөлөх нөхөн олговорт шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг судлахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)