Д.Амарбаясгалан: Улсад хохирол учруулсан этгээдүүдийн асуудлыг хууль хяналтын байгууллага үнэн зөв, шуурхай шийдвэрлэх хэрэгтэй
- 2023-06-23
- Улс төр
- 0
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан нар “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д ажиллав. 2010 оноос эхлэн тус үйлдвэрт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах санаачилгууд гарч 2014 онд концессын гэрээгээр “Кью Эс Си” ХХК-д өгсөн байдаг. Тус компани нь барих, ашиглах, шилжүүлэх гэрээгээр зургаан төсөл хэрэгжүүлэх байсан ч 2015 онд гэрээний нөхцөлийг барих, шилжүүлэх болгон өөрчилжээ. Гэрээний хэрэгжилтэд 2022 онд Засгийн газраас гарсан Ажлын хэсэг хяналт шалгалт хийж, 2014-2021 онд концессын эрх хэрэгжүүлсэн этгээд нь хоёр их наяд 620 тэрбум төгрөгийн зөрчил үүсгэсэн гэдэг дүгнэлт гаргасан юм. Ийнхүү тус концессын гэрээг цуцалсан ч “Кью Эс Си” компани учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байна.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржавын мэдээлснээр концессын гэрээг цуцалж, төр өмчөө хүлээн авах үед -1,8 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан бол үйлдвэрлэлээ эхлүүлж, экспортоо эхлүүлснээс хойш оны эхний таван сарын байдлаар 15,2 тэрбум төгрөгийн татварын дараах ашигтай ажиллажээ. Мөн улсын төсөвт 9,9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. Концессын гэрээгээр ашиглуулсан тухайн хугацаанд уг үйлдвэрт ямар ч бүтээн байгуулалтын ажил хийгдээгүй бөгөөд үйлдвэрийн борлуулалтын орлогыг компани руугаа шилжүүлдэг, өмч хөрөнгийг барьцаалан зээл авсан зэрэг олон зөрчил байсан талаар мэдээлэв.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Олон нийт үр ашгийг нь хүртэх ёстой улсын томоохон үйлдвэрүүдийг концесс нэрийн дор хэдхэн хүн, бүлэглэл луйвардан авч, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэлгүй өөрсдөө өгөөж хүртдэгийн жишээ Дарханы төмөрлөгийн үйлдвэрт болжээ. Улс орон хулгайгүй, хууль бүгдэд тэгш үйлчилдэг байх учиртай. Улсад 2,6 их наяд төгрөгийн хохирол учруулсан этгээдүүдийн асуудлыг хууль хяналтын байгууллага үнэн зөвөөр, хурдан шуурхай шийдвэрлэх хэрэгтэй” гэж хэллээ.
Сангийн сайд Б.Жавхлан тухайн концессын гэрээний хугацаанд хоёр ч цогцолбор барих хэмжээний борлуулалт хийсэн ч үйлдвэр барих нь битгий хэл шав ч тавиагүй гэдгийг тодотголоо. Энэ үйлдвэр бол аж үйлдвэрийн цогцолбор болох ёстой манай улсын томоохон төсөл учраас хохирлыг барагдуулах асуудал дээр олон нийт анхаарлаа хандуулахыг хүслээ.
Сэтгэгдэл (0)