Зөвшөөрөлгүй барилга барьж, ашиглалтад оруулаад, дараа нь зөвшөөрөл авдгийг болиулах хэрэгтэй гэв
- 2023-06-23
- Улаанбаатар
- 1
Нийслэлийн нутаг дэвсгэрт холбогдох эрх бүхий байгууллагаас барилгын ажлын зөвшөөрөл авалгүй барилга угсралтын ажил эхлүүлсэн, гүйцэтгэсэн иргэн, хуулийн этгээдүүдэд цаашид авах арга хэмжээний тухай Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд танилцууллаа.
Нийслэлийн хэмжээнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил эхлүүлсэн 50 иргэн, хуулийн этгээдийн 107 блок барилга байгаа юм. Эдгээрээс 49 нь газрын гэрчилгээтэй бол нэгийнх нь газрын гэрчилгээг цуцалжээ. Дээрх 107 блок барилгыг дөрөв ангилсан. Нэгдүгээрт, барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй 17 иргэн, аж ахуйн нэгжийн 31 блок барилга байна. Хоёрдугаарт, онцгой төвөгшилтэй буюу 17 давхар 51 метрээс дээш өндөртэй барьж байгаа гурван аж ахуйн нэгжийн 18 блок барилгыг БХБЯ руу албан хүсэлтээр шилжүүлж, шийдвэрлүүлэх саналтай байгаа юм.
Гуравдугаарт, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлөө аваагүй, барилга угсралтын ажил үргэлжилж байгаа 21 аж ахуйн нэгжийн 48 блок барилга байна.
Дөрөвдүгээрт, барилга угсралтын ажил дуусаад, ашиглаж байгаа есөн аж ахуйн нэгжийн 10 блок барилга байгаа тул барилгын хийц, бүтээц, бат бэхийн байдалд шинжилгээ хийж, чанар, аюулгүй байдалд дүгнэлт гаргуулж, шийдвэр гаргуулах саналтай байлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Барилга, хот байгуулалт хариуцсан зөвлөх Б.Сүхбаатар “Зөвшөөрөлгүй барилга барьж, ашиглалтад оруулаад, дараа нь зөвшөөрөл авдгийг болиулах хэрэгтэй. Ийм байгууллагуудыг торгодог, барилгыг нь нураадаг хууль, эрх зүйн хатуу зохицуулалт шаардлагатай байна” хэмээлээ.
Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, холбогдох хууль, тогтоомж, барилгын норм ба дүрмийг зөрчиж барьсан иргэн, хуулийн этгээдийн барилга, байгууламжийг албадан буулгах арга хэмжээний талаар зохих хууль, тогтоомжийн хүрээнд шийдвэр гаргуулж, хэрэгжилтийг хангуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
Сэтгэгдэл (1)
(202.131.254.222)
Зөвшөөрөл өгдөг гарууд нь дандаа эрх ашгийн сонирхолтой нөхдүүд бйадаг учраас тэд ингэж ханддаг байх Дундговийн нэгэн сумын төвийн өчүүхэн замыг засна гэж хөрөнгийг нь аваад үрэн таран хийгээд энгийн иргэдийн техникийг түрээслээд мөнгөө өгөлгүй зугтаасан Балдандорж гэж шаар одоо Захиаргчийн ажлын албанд инженер байгууламжийн дарга болчихсоон тууж явна Нөгөө хүмүүст та нар тэвчиж бйа дараагийн залилангаа хийгээд төлнө гэх юм ярьж явдаг гэн