М.Чимэддорж: АН залууст өөрийгөө сорих, улс төрийн амьдралд оролцох хамгийн сайн орчин, боломж болж өөрчлөгдөж байна

АН-ын ҮБХ-ны гишүүн М.Чимэддоржтой ярилцлаа.


-АН шинэчлэлийн талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу. Сонгуулийн жил хаяанд ирлээ. Бүтцийн өөрчлөлтөө яаж хийж байгаа вэ. 21 аймгийн намын дарга нараа сонгож томилохгүй юм уу?

-Ардчилсан нам газар, хэлтсүүдээ байгуулан зохион байгуулалтад орсон, намын үйл ажиллагаа хэвийн явж байна. Цаашдаа намын өдөр тутмын үйл ажиллагааг сайжруулахад чиглэгдсэн орчин үеийн менежментийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Намын дарга орчин үеийн улс төрийн намуудын жишигт хүргэх ажлуудыг дэс дараатай зохион байгуулж байна. Ялангуяа мэдээлэл, харилцааны орчин үеийн технологиудыг ашиглан үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, намын бодлого, шийдвэрт гишүүдийн байнгын оролцоог идэвхжүүлэх цахим платформ бий болгох зэрэг ажлууд хийгдэж байна. Манай намын анхаарч байгаа гол асуудал бол бодлого боловсруулах чадавхаа бэхжүүлэх, бодлого боловсруулах процесст нь намын гишүүд идэвхтэй оролцдог болгох асуудлыг чухалчилж байна.

Мөн намын бодлогыг ажил хэрэг болгож чадах гишүүдээ намын төлөөллийн болон удирдах бүтцэд оруулах, цаашилбал төрийн сонгуульд нэр дэвшүүлэх асуудалд төвлөрч байна.

-Ирэх сонгуульд танай нам ямар бодлогоор ялгарах вэ. Залуу үеийнхнээ хэр дэмжиж байгаа бол?

-Ардчилсан нам бол үеийн үед улс орныхоо хөгжлийг тэтгэсэн, иргэдийнхээ боломжийг тэлсэн бодлого гаргаж, хэрэгжүүлж ирсэн нам. Цаашид ч хөгжлийн бодлогоороо өрсөлдөж, хэрэгжүүлэхэд Ардчилсан нам түүчээлж явна. Монголын ард түмэн ч Ардчилсан намаас үүнийг хүлээж байгаа. Тийм ч учраас АН-ын даргын санаачилгаар намын дэргэд Стратеги бодлого судалгааны хүрээлэн байгуулагдан захирлаар нь УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа томилогдон ажиллаж байна.

Энэ бол улс төрийн институцийнхээ хувьд хийж буй томоохон алхам юм.

Залуусын хувьд дэмжүүлж, тэтгүүлэх гэхээсээ илүү бодлого боловсруулах, хуулийн төслүүд дээр ажиллах зэргээр улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Мөн Ардчилсан нам залуусын өмнө үүд хаалгаа цэлийтэл нээж байна. Бид өрсөлдөөний шударга орчин, нээлттэй байх, ялгаварлахгүй байх зарчмуудыг залуусын улс төрийн оролцооны чухал нөхцөл гэж үздэг. Залуус ч идэвхтэй байна. Цаашдаа нас гэхээсээ илүү бодлого боловсруулах чадавхтай, эх орноо гэсэн сэтгэлтэй, эрч хүчтэй хүмүүсээ нэр дэвшүүлээд явна. Ардчилсан нам бол баруун төвийн үзэлтэй бүх хүнд, тэр дундаа залууст өөрийгөө сорих, улс төрийн амьдралд оролцох хамгийн сайн орчин, сайн боломж болж өөрчлөгдөж байна.

-АН-ын фракц өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Одоо бараг 10 гаруй фракцтай боллоо гэж дуулдсан. Нам арай хийж эв цавандаа орж байхад фракцууд дахиад л намыг хуваах юм биш үү?

-Ардчилсан нам бол фракцуудын нэгдэл биш. Ардчилсан нам бол нэг цул, нэгдмэл институц. Харин манай намын дотоод засаглал нээлттэй, үйл ажиллагаа нь ил байдгаараа, гишүүд нь асуудлаа шийддэгээрээ өрсөлдөгч намуудаасаа ялгаатай. Тиймээс намын дотоодод олон ургалч үзлийг дэмждэг. Зарим нь илүү ач холбогдол өгдөг бодлогын асуудлуудаар, зарим нь улс төрийн үзэл санааны мэтгэлцээний сонирхлоороо, зарим нь ажил мэргэжлээрээ нэгддэг, клубүүд байгуулдаг. Энэ бол улс төрийн намд байх ёстой эрүүл үзэгдэл төдийгүй, дэмжих ёстой амьд үйл явц. Манай намд ийм олон клубүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Бид бие биенээсээ суралцаж, биенийхээ хийж байгаа ажлуудыг дэмжиж хамтран ажилладаг. Үүнийг хатуу гараар удирддаг, коммунист арга барилыг илүүд үздэг зарим намуудын нөхөд маань ойлгодоггүй. Гоочлох, муучлах дөгөө, сэжүүр болгож ашиглаж байгаа харагддаг.

-Сая амралтын өдөр танай намынхан АСЕМ виллад сүрхий цугларцгаасан байна лээ. “Нэг Монгол” гэж ямар зорилготой хөдөлгөөн үүсчихэв ээ. Оросын талын бодлогыг дэмжигчид гар хөл нь гэж шуугиад байх юм?

-Манай нийгэмд элдэв хардлага байна. Нөгөө талаас олон улсын байдал нэн ээдрээтэй байгаа энэ үед Монгол Улс түүхэн үйл явцын буруу талд зогсчих вий, ялангуяа Ардчилсан нам алдчих вий гэсэн болгоомжлол манай намыг гишүүдэд ч, Ардчилсан намын дэмжигчдийн дунд ч байна. "Нэг Монгол" хөдөлгөөний уулзалтад оролцоогүй. Гэхдээ би үүнийг эрүүл саруул үйл явц гэж дүгнэж байгаа. Энд гадаадын аль нэг улс орны бодлогыг тээсэн, аль экс ерөнхийлөгчийн ашиг сонирхлыг тээсэн аливаа зүйл байхгүй гэж ойлгож байгаа. Харин ч тус хөдөлгөөний санаачилсан УИХ-ын гишүүдтэй ярилцаж байхад намын нэгдмэл байдлыг дэмжих, клубүүдийн үйл ажиллагааг уялдуулах чиглэлд ажиллах зорилготой санаачилга гаргасан гэж байна. Энэ бол зөв алхам. Нам эв нэгдэлтэй байхад хувь нэмрээ оруулах нь өнөөдөр намын гишүүн бүрийн үүрэг. Нам нэгдмэл байх тусам намын удирдлагын, төлөөллийн байгууллагын гаргасан улс төрийн болон бодлогын шийдвэр амжилттай хэрэгжих боломж нэмэгдэнэ.

Энд бас нэг зүйлийг нэмээд хэлэхэд манай нам бол эрх чөлөөний үзэл санааны дор сайн дураараа эвлэлдэн нэгдсэн хүмүүсийн хамтын байгууллага, баруун төвийн үзэл баримтлалтай нам. Энэ үзэл санааны эсрэг улс төрийн үйл ажиллагаа явуулсан, иргэн хүний амьдралд төрийн эрх мэдлээр дамжуулан оролцдог, чөлөөт эдийн засаг, хувийн хэвшлийн боломжийг хумих асуудал дэвшүүлдэг, дэлхий нийтийн хөгжлийн эсрэг зүйлс ярьж явдаг хүмүүсийг намаас сонгуульд нэр дэвшүүлдэггүй байх ёстой. Үүнтэй манай төлөөллийн байгууллагын гишүүд ч, намын удирдлага ч санал нэгтэй байгаа. Энэ бол сонгуульд ялахын тулд юу ч хамаагүй ярьж явдаг эрх баригч болон эрх баригчдын тэжээвэр намуудаас Ардчилсан намыг ялгаруулж буй бидний үнэт зүйл.

-АН бутарч нэгдэхдээ хурдан болохоор “Нэг Монгол” хөдөлгөөн байгуулсан гэж УИХ-ын гишүүд тайлбарлаж байх шиг. Харин иймэрхүү хөдөлгөөн фракцууд намыг улам хуваах юм биш үү?

-Ардчилсан намыг хуваагдмал байгаасай, дотроо эв түнжингүй байгаасай гэсэн гадны ч, дотны ч сонирхол их байна. Тэдний хувьд харамсалтай байж болох, монголчуудын хувьд баярлах нэг мэдээ дуулгахад Ардчилсан нам хуваагдахгүй, задрахгүй, тогтвортой байна. Өнөөдөр Ардчилсан намын төлөөллийн байгууллагын гишүүд ч, Ардчилсан намын дэргэдэх клубууд ч, саяхан байгуулагдсан “Нэг Монгол” хөдөлгөөн ч нэгдмэл байдлыг бэхжүүлэхийн төлөө, өнөөгийн удирдлагаа дэмжиж ажиллаж байгаа. Харин намын шинэчлэлийн явцад сэтгэл дундуур байгаа, ямар нэгэн аргаар Ардчилсан намыг гартаа оруулчих гэсэн улс төрийн ашиг хонжоо хайсан цөөхөн хуучны хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Шударгаар өрсөлдөхийн оронд Ардчилсан намыг хуваачихаж байгаад сонгуульдчих юмсан гэсэн эрх баригчийн сонирхол байхыг үгүйсгэж чадахгүй сууна. Геополитикийн энэ ээдрээтэй цаг үед сөрөг хүчнийг нь устгачихаж байгаад ардчилсан тогтолцоог нь үгүй болгочих гэсэн гадны хүсэл сонирхол ч байхыг ч таашгүй. Гэсэн ч нэг зүйлийг итгэлтэйгээр дахин хэлье. Ардчилсан нам монголчуудын итгэлийг дааж авч явах улс төрийн институц байна, эвдрэлцэхгүй, хуваагдахгүй. Ардчилсан намынхан хэрсүүжсэн. Өнгөрсөндөө өс санаж явдаг хүмүүсээсээ ангижирч, ирээдүйгээ бүтээх гэж яваа улс төрийн институц болж өөрчлөгдөж байна. Ганц нэг хүнд энэ нэгдэл таалагдахгүй байж болно. Тийм хүн байлаа гээд Ардчилсан нам хуваагдахгүй, тэдний хүсэл биелэхгүй.

-Улс төрийн намын тухай хуулийн хэлэлцүүлгийг энэ долоо хоногт явуулна. Хуулийн төсөлтэй холбоотой АН ямар байр суурьтай байна вэ?

-Ардчилсан нам хууль санаачлагчид хуулийн төсөлд тусгах саналаа өргөн барихаас нь өмнө өгсөн. Харамсалтай нь манай намын саналууд бараг тусгагдаагүй байна. Ардчилсан нам Монголын нийгэм дэх хүний халдашгүй байдал, эрхэм чанарын баталгаа, олон ургалч байдлын хамгаалагч байж ирсэн. Бид өнөөдөр ч, маргааш ч энэ үнэт зүйлсийг тээж явна. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд ч асуудлыг энэ философийн үүднээс тавьж байгаа. Юуны өмнө иргэдийн эвлэлдэн нэгдэх улс төрийн эрхэнд саад хориг тавьж болохгүй, улс төрийн намуудыг парламентад суудалтай эсэхээр нь алагчлан хавчиж болохгүй. Үнэнийг хэлэхэд хуулийн төсөлд олон алдаа дутагдал байна. УИХ-д өргөн баригдсан төсөлд намуудын дотоод ардчиллыг бэхжүүлэхийн оронд эрх баригч намын дүрмийг хуульчлан бусад намууд мөрддөг хууль болгож оруулж ирж байна. Энд улс төр, эрх зүйн судалгааны туршлагатай олон хүн ажилласан. Ийм төсөл оруулж ирсэнд гайхаж байгаа. Пост коммунист намын хоцрогдсон, эрх баригч намын дотоод ардчиллыг хуулиар засч, ардчилсан тогтолцооны нэг оролцогч, улс төрийн нээлттэй институц болгоё гэхийн оронд бусад намуудаа хаалттай, дарга нь бүх асуудлаа шийддэг болгоё гэж байгааг хүлээн авах аргагүй. Өнөөгийн эрх баригч намын энэ хоцрогдол, бурангуй тогтолцооны гажиг өнөөдөр Монголын төрийн зовлон болчихоод байгааг бүгдээрээ харж байна. МАН-ын дарга ямар ч буруу шийдвэр гаргасан түүнийг нь шүүн тунгаадаг эрүүл саруул ухаантай хүн эрх баригч намын дотор алга. Одоо бүр парламентын бүтэц дотор хүртэл, Үндсэн хууль хэлэлцэхэд хүртэл нэг хүний харцнаас дальдарцгааж байна. Энэ бол ардчилал биш. Ер нь Монголын нийгэмд ардчиллын суурь институциүд алга болж байгаагийн шалтгаан эндээс үүдэлтэй. Яагаад чөлөөт хэвлэл уналтад орж, үзэл бодлоо илэрхийлсэн хүн шоронд явдаг болчихов. Яагаад авлига албан тушаалын хэргүүд гаараад байхад заримыг нь шалгаад, заримыг нь дардаг болчихов. Яагаад иргэний нийгмийн байгууллагууд дарга нарын хурлыг чимэглэдэг үзмэр болж хувираад байна вэ.

Дараагийн бас нэг асуудал бол улс төрийн намуудад төрөөс санхүүгийн дэмжлэг олгодог болгох нэрийн дор намуудын үйл ажиллагааг бүхэлд нь төрийн хяналтын байгууллагын хяналтад оруулах санаархал нуугдаж байна. Бид дээрх хоёр үндсэн шалтгаанаар хуулийн төсөлд болгоомжтой хандаж, зүйл заалт бүрийг нь нухацтай авч үзэж хэлэлцэж байгаа. Цаашдаа хэлэлцүүлгийн шатанд УИХ дахь АН-ын гишүүд саналаа өгөөд явна. Харин хүч түрж ардчиллын суурь институц болох улс төрийн намыг боомилох заалтуудаа хүч түрээд батлах дээрээ тулбал бусад улс төрийн намууд, иргэдээсээ дэмжлэг хүсч, хамтарч тэмцэх ёстой гэж бодож байна.

-Улс төрийн намыг төсвөөс санхүүжүүлж шилэн болгосноор бизнесийнхний халааснаас гарна гэсэн шүү дээ?

-Энэ хуульд тусгасан нэг санаачилга нь төрийн санхүүгийн дэмжлэг.Манай орны эдийн засгийн өнөөгийн түвшин, авлигадаа идэгдсэн байдал, хуулийн хэрэгжилт сул байгаа нөхцөлд намуудыг авлигаас ангид байлгах, хэвийн үйл ажиллагаагаа бусдаас хамааралгүй байлгах нэг арга нь төрийн санхүүжилт байж болох юм. Гэхдээ ингэлээ гээд төрийг байгуулахад оролцдог улс төрийн намыг өөрийг нь төрийн хяналтад оруулж болохгүй. Намын үйл ажиллагаа ил тод, олон нийтийн хяналтад байх ёстой.

Иргэд улс төрийн үйл явцад идэвхтэй оролцдог хэдхэн арга зам бий. Саналаа өгөх, сонгуульд өрсөлдөх, аль нэг намын гишүүн болох мөн үзэл баримтлал, бодлого хөтөлбөрийг нь дэмждэг нам, улстөрчдөд хандив өгөх. Гэтэл энэ хуулиар улс төрийн намд хандив өгөх боломжийг бараг бүхэлд нь хаачихсан байна. Энэ бол иргэдийн эвлэлдэн нэгдэх нэг эрх юм. Ийм заалт оруулж ирж байгаагийн цаана ердөө л эрх баригчдын улс төрийн жижиг ашиг сонирхол нуугдаж байгаа юм. Хандивын дээд хязгаарыг, томоохон хандивлагчдын нэрсийг зарладаг байж болно. Гэтэл намд 1000 төгрөг хандивласан хүн хувийнхаа бүх мэдээллийг өгөх шаардлага тавьж байгаа нь зүйд нийцэхгүй.

Харин Ардчилсан намын саналд нам төрийг салгах, намуудыг төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн эзэн болчихдог байдлыг таслан зогсоох саналууд өгсөн. Намыг сонгуульд ялуулах үүрэг хүлээсэн, намын санхүүгийн асуудлыг шийддэг гүйцэтгэх удирдлага төрийн тамга бариад суудгийг болиулах санал ч оруулсан. Намын бүх шатны сонгуульт гишүүдийн нэрс ил тод байдаг болгохыг зорьж байгаа. Эдгээр саналуудаа хуульд оруулахын төлөө ажиллана.

-Энэ хуулиар парламентад олон намын төлөөллийг бүрдүүлж, намууд бодлогоор өрсөлддөг болно гэж байна. Хууль батлагдсанаар Монголын улс төр яаж өөрчлөгдөх вэ?

-Одоогийн төслөөрөө явбал намуудын дотоод засаглал эрх баригч намынхтай адил болж улс төрийн намууд иргэн төрийн холбогч байхаа болино. Мөн эрх барьж байгаа намын хүсэл, төрийн хяналтын байгууллагуудын оролцоотойгоор сонгуульд оролцох эсэхээ, үйл ажиллагаа явуулах эрхээ шийдүүлдэг болно. Цаашилбал эрх баригчдаар тэтгүүлэгч төлөөллийн байгууллагагүй намууд бий болж хүссэнийг нь биелүүлж, үгийг нь дамжуулагч, хуурмаг сөрөг хүчин бий болно. Товчхондоо ийм л байна.

-Сая орон нутгийн сонгууль боллоо. Энэ сонгуульд АН яагаад арван тойргийг сул хаячихав?

-Ардчилсан нам нөхөн сонгуульд оролцсон тойргуудын ихэнхэд нь ялсан байна. Цөөн тойрогт төлөөлөгчөөр ажиллаж байгаад нас барсан хүний оронд хүн дэвшүүлэхгүй байхаар орон нутгийн намын байгууллага шийдвэрлэсэн зэрэг шалтгаанаар сонгуульд оролцоогүй тохиолдлууд байна. Энэ бол хүн ёсны хувьд байж болох шийдвэр юм. Ерөнхий утгаараа бол Ардчилсан нам сонгуульд өрсөлдсөн тойргуудын олонход ялна гэдэг бол ирэх сонгуулийн өнгийг илэрхийлж байгаа нэг дохио. Цаашдаа Ардчилсан нам ирэх сонгуулиар сонгогчдын итгэлийг хүлээхийн төлөө, тэр итгэлийг нь дааж чаддаг хариуцлагатай нам байхын төлөө институцийнхээ хувьд хөгжих, төлөвших тал дээр шаргуу ажиллана.

-Боловсролын багц хуульд тусгагдсан англи хэлийг бага ангиас заах тухай заалтыг унагачихлаа. УИХ-ын дарга ОХУ-д айлчлалаар очсон өдөртэй давхцаж байх шиг. Энэ үйл явдлыг сөрөг хүчний хувьд юу гэж харж байна вэ?

-Өчигдөр энэ асуудлаар цомхон хүрээнд ярилцсан. Англи хэл бол шинжлэх ухааны хэл. Өнөөдөр хүн төрөлхтний мэдлэгийн санг тэлж байгаа судалгаа шинжилгээний ажлууд, шинэ патент, технологийн шийдлүүдийн 98 хувь нь англи хэл дээр хэвлэгдэж байна. Манай орон шиг цөөн хүн амтай, эдийн засгийн чадавх доогуур оронд шинэ бүтээл болгоныг орчуулан хэвлээд байх боломж өнөөдөртөө алга. Тийм учраас англи хэл бол монголчууд бидний хувьд мэдлэгийн далайд хүрэх үндсэн гарц, хүн төрөлхтний хөгжил дэвшилтэй зэрэгцэн алхах ганц боломж болчихоод байна. Товчхондоо манай үндэсний эрх ашиг. Хөгжил дэвшлээс хоцорно, хоцрогдоно гэдэг үндэсний аюулгүй байдлын хамгийн том асуудал мөн.

Гэтэл УИХ-ын зарим гишүүд англи хэл сурах нь үндэсний аюулгүй байдал юм шиг тайлбарлаж байгаа нь ард иргэдээ, сонгогчдоо тэнэг гэж байгаагаас ялгаагүй. Ардчилсан нам бүх нийтийн англи хэлний боловсролыг тууштай дэмжинэ. Энэ асуудлыг Ардчилсан намын болосвролын салбарын цогц бодлогын хүрээнд мөрийн хөтөлбөртөө тусгаад явна.

М.МӨНХЦЭЦЭГ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)