Эрдоган, Столтенберг нар ОХУ-д болсон үйл явдлын талаар ярилцжээ

АНКАРА. /Anadolu/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергтэй утсаар ярьсан тухай Туркийн Ерөнхийлөгчийн Тамгын газар мэдээлжээ. 

Мэдэгдэлд дурдсанаар, талууд ОХУ-д болсон үйл явдлын талаар хэлэлцсэн байна.  ОХУ-д үүссэн нөхцөл байдал намжсан нь Украинд "эргэлт буцалтгүй хүмүүнлэгийн сүйрэл болохоос урьдчилан сэргийлснийг" талууд онцлон тэмдэглэжээ.

 

Ерөнхийлөгч Эрдоган уг үйл явдлыг Украинд шударга энх тайван тогтоох замд шинэ шан татна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Талууд мөн Шведийг НАТО-д гишүүнээр элсүүлэх тухай асуудлыг хөнджээ. 

Туркийн удирдагчийн онцлон тэмдэглэснээр, эвсэлд нэгдэх Шведийн асуудалд Анкара бүтээлчээр хандсан хэвээр байна. Гэсэн хэдий ч “Курдийн ажилчны нам”, “Өөрийгөө хамгаалах ардын отряд” террорист байгууллагуудыг дэмжигчид энэ улсад чөлөөтэй үйл ажиллагаа явуулж байхад, Туркийн шаардлагаар терроризмын эсрэг хууль тогтоомжид нь өөрчлөлт оруулах нь утгагүй юм гэж тэмдэглэсэн байна. 

 

Умард Атлантын эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мөн Эрдогантай утсаар ярьсан талаараа мэдээлжээ. Турк, НАТО Шведийг эвсэлд гишүүнээр элсэх асуудлаарх хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлнэ гэж тэрбээр Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай утсаар ярьсныхаа дараа мэдэгдсэн байна.

 

Столтенберг хэлэхдээ, Вильнюс хотод болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнө Туркийн Ерөнхийлөгчтэй "нааштай яриа хэлэлцээ хийлээ" гэжээ.

 

Удахгүй болох дээд хэмжээний уулзалтаар терроризмтой тэмцэх, тогтоон барих, батлан хамгаалах чиглэлээр чухал шийдвэрүүдийг гаргана гэж Ерөнхий нарийн бичгийн дарга нэмж хэлжээ хэмээн Монцамэ агентлаг мэдээллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)