Феминист гадаад бодлого ба Монгол Улс
- 2023-06-28
- Нийтлэл
- 0
Олон улсын харилцааны онолын дэг сургуульд феминист гадаад бодлогыг тусгайлан авч үздэг. Энэхүү онолын урсгалын мөн чанар нь олон улсын харилцаа, дипломат ажиллагаанд хүйсийн тэгш байдлыг хангах тухай асуудлыг жинтэй дэвшүүлэн тавьдаг. Олон улсын харилцааны нарийн ээдрээтэй асуудлыг онолчилж, оношилж буй байдал нь илүү эрчүүдийн үзэл бодол дээр суурилж байна гэж феминистүүд шүүмжилдэг. Улс хоорондын харилцаанд дайн тулаан, геополитикийн сөргөлдөөний үндсэн эх сурвалж нь реализмын зарчим, үнэт зүйлсийг номлогчид нь эршүүд арга барилаар буюу олон улсын харилцааг илүү хүчээр түрээ барих, тулган шаардах, тэмцэлдэх, зэвсгийн хүчээр асуудлыг шийдвэрлэх хандлагатай байдагт оршино гэж тэд үздэг. Хүч чадлыг реалистүүд нөлөөний хүрээ, хяналт, ноёрхолоо тогтоох эх булаг гэж үздэг бол феминистүүд илүү эмэгтэйлэг байдлаар “хамтын ажиллагаа”, бусадтай уялдах чадвар” гэж тодорхойлдог байна. Феминистүүд либерализмын хамтын ажиллагааны үзэл санаа, идеализмын ёс суртахуунлаг шинж байдлыг таатай хуваалцдаг. Олон улсын харилцааны феминист урсгалынхан улс хоорондын харилцаанд хүчирхийлэл гаарч байгаа нь байгалиас заяасан нинжин, эх хүний уян зөөлөн нандин сэтгэлтэй эмэгтэйчүүд дэлхийн хүн амын тэн хагасыг бүрдүүлдэг ч олон улсын харилцаа, дэлхийн бодлогын гадна үлдээд байгаагаас болж байгаа юм хэмээн учирзүйг нь тайлбарладаг. Феминистүүд эмэгтэйчүүд ертөнцийг гоо сайхны нүдээр хардаг, эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол хүчирхийллээс илүү зайлсхийдэг агаад тулгамдсан асуудлыг илүү эв зүйн аргаар шийдэхийг хичээдэг. Хэрэв эмэгтэйчүүдэд эрх мэдлийг олговол “жинхэнэ эхийн эрхт ертөнц цогцолж, зөрчил тэмцэл багасч, харилцан ойлголцол, хамтын ажиллагаа мөн чанараараа илүү хөгжин цэцэглэх болно хэмээн үздэгт оршино.
Феминист гадаад бодлогыг зөөлөн хүчний бодлогын бүрэлдэхүүн хэсэг гэж судлаачид тэмдэглэдэг.
1945 онд НҮБ-ын Дүрмийг боловсруулж, гарын үсэг зурснаас хойш эмэгтэйчүүд дэлхийн засаглалд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүд дэлхийн хүн амын тал хувийг бүрдүүлж буй бөгөөд гэхдээ энэ нь асар их нөөц, бас боломжийн тал хувь нь юм. Эмэгтэйчүүд дипломат ажиллагаанд асар их ашиг тус авчирдаг. Тэдний манлайллын хэв маяг, ур чадвар, тэргүүлэх чиглэлүүд нь хэлэлцэж буй асуудлын цар хүрээ, үр дүнгийн чанарыг өргөжүүлдэг гэж НҮБ-ын Ерөнхий Ассамблей үзжээ.
Эмэгтэйчүүд Засгийн газар, Парламентэд ажиллахдаа жирийн иргэд, байгаль орчин, нийгмийн эв нэгдэлд тустай хууль, бодлого баталдаг нь судалгаанаас харагдаж байна. Энх тайван, улс төрийн үйл явцад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээг ахиулах нь ялгаварлан гадуурхалтын нөхцөлд эмэгтэйчүүдийн бодит эрх тэгш байдлыг хангахад амин чухал гэжээ.
Эдүгээ дэлхийн 143 улс Үндсэн хуулиндээ эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш байдлыг баталгаажуулсан бол 52 улс энэ чухал амлалтыг хараахан хуульчлаагүй байгаа ажээ.
НҮБ-ын гишүүн 193 улсаас ердөө 34 нь эмэгтэй төр, засгийн тэргүүнээр ажилладаг. Олон улс оронд ахиц дэвшил гарсан хэдий ч дэлхийн улс төрийн албан тушаалын бусад түвшний эмэгтэйчүүдийн эзлэх хувь дэлхийн хэмжээнд урагшлах ёстой гэж НҮБ-ын Ерөнхий Ассаблей үзсэн байна. Эдүгээ дэлхийн сайд нарын 21 хувь, үндэсний парламентын гишүүдийн 26 хувь, орон нутгийн засаг захиргааны сонгогдсон суудлын 34 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа ч НҮБ-ын шинэ тайланд дурдсанаар, өнөөгийн ахиц дэвшлийн хурдаар 2062 он хүртэл парламентад тэгш төлөөлөлтэй байх боломжгүй байгаа ажээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей хүйсийн тэгш байдлыг хангах хэд хэдэн түүхэн мөчүүдийг зохион байгуулж байсан ч эмэгтэйчүүдийн төлөөлөл, оролцооны талаар олон зүйлийг хараахан гаргаагүй байна гэж үзсэн юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 жилийн түүхийн хугацаанд ердөө дөрөвхөн эмэгтэй Ерөнхий Ассамблейн Ерөнхийлөгчөөр сонгогдож байжээ.
Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах үндсэн үүрэгтэй НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 15 гишүүдийн гуравны нэг гаруйг эмэгтэйчүүд төлөөлж байгаа нь дундаж үзүүлэлт боловч хангалттай биш хэвээр байна. Тиймээс Аюулгүйн Зөвлөл дэх эмэгтэйчүүдийн оролцоог судлахыг чиглэл болгосон байна.
2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтын 5-д шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангахыг уриалснаас гадна, хүйсийн тэгш байдал, бүх эмэгтэйчүүд, охидыг чадавхижуулах нь Тогтвортой хөгжлийн бүх зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах учиртай гэж үзсэн билээ.
2022 оны зургадугаар сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганаар баталсан A/RES/76/269 тоот тогтоолоор жил бүрийн зургаадугаар сарын 24-ний өдрийг “Дипломат албанд зүтгэж буй эмэгтэйчүүдийн олон улсын өдөр” болгон тэмдэглэж байхаар нэгдсэн шийдвэр гаргасан. Дурдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхийлөгч, Мальдивын Гадаад хэргийн сайд Абдула Шахид үг хэлэхдээ: “Жил бүрийн зургадугаар сарын 24-ний өдрийг “Дипломат албанд зүтгэж буй эмэгтэйчүүдийн олон улсын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоолыг тэргүүлж, гэрч нь болсныг маш их завшаан” хэмээн онцолж, 2022 оны хоёрдугаар сард НҮБ-ын зургаан хорооны эмэгтэй шинжээчидтэй хийсэн Холхуашийн яриа хэлэлцээний (Holhuashi Dialogue, Maldives) үеэр ийм өдрийг тэмдэглэн өнгөрүүлснээр дипломат ажиллагаанд эмэгтэйчүүдийн зайлшгүй гүйцэтгэх үүргийг хүлээн зөвшөөрөхийг уриалсан нь дөрөвхөн сарын дотор төсөөлөөгүй үр дүнд хүрч биелсэнд маш их баяртай байгаагаа илэрхийлж, энэхүү яриа хэлэлцээг урагшлуулсан гишүүн орнуудад талархал илэрхийлсэн юм.
Тэрбээр цааш хэлэхдээ: Дипломат салбарт ажиллаж буй эмэгтэйчүүд өнөөдөр бидний өвлөн авсан олон талт тогтолцоог бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсаар байна. Тухайлбал, бүх нийтээр хамгаалах ёстой хүний үндсэн эрхийг тодорхойлсон анхны гэрээ болох Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг боловсруулахад эмэгтэй дипломатчид чухал үүрэг гүйцэтгэсэн. Гэсэн хэдий ч эмэгтэйчүүдийн дипломат ажиллагаа, олон талт шийдвэр гаргахад оруулсан хувь нэмэр илт байгаа хэдий ч тэд дипломат албаны өндөр дээд түвшний тушаалд хангалттай төлөөлөлгүй байсаар байна. Мөн тэд өөрсдийнхөө мэргэжлийн дэвшилд саад болж буй хийгээд оруулсан хувь нэмэр, ололт амжилтыг нь бүрхэгдүүлдэг хүйсээр ялгаварлан гадуурхах үзлийн гүн өв уламжлалд нэрвэгдсээр байна. Эдгээр баримтууд нь энэхүү тогтоол батлагдсаны ач холбогдлыг харуулж байна. Одоо бид дипломат ажиллагаанд оролцож буй эмэгтэйчүүдийн баярыг онцгойлон тэмдэглэх өдөртэй боллоо. Энэхүү тогтоолоор бид дипломат ажиллагаанд эмэгтэйчүүдэд тулгарч буй сорилтуудыг хэлэлцэх үүд хаалгыг нээж байна. Дипломат салбарын эмэгтэйчүүдийн энэхүү баяраар бид хойч үедээ урам зориг өгч байна. Ихэнхдээ эмэгтэйчүүд болон тэдний түүхийг түүхээс хасдаг. Хүйсийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бидний өргөн хүрээний хүчин чармайлтыг мэдээлэхийн тулд эдгээр “түүх”-ийг ярих ёстой. Уур амьсгалын өөрчлөлт, цар тахал, дайн тулаан, хүний эрхийн зөрчил, эдийн засгийн тодорхойгүй байдал зэрэг өнөөгийн сорилтуудыг даван туулахад шаардлагатай манлайллын үүрэг, тэр дундаа дипломат ажиллагаан дахь оролцоо болон дэлхийн эв нэгдлийг бид зөвхөн эмэгтэйчүүдэд ширээний ард суулгаад зогсохгүй, тэдний амьдрах чадварыг нь дэмжихгүй бол бид цааш урагшлах боломжгүй. Энэхүү шударга бус байдлыг арилгахын тулд бид эмэгтэйчүүдэд дипломат салбарт карьераа урагшлуулах боломжийг олгох, дипломат ажиллагаанд аль хэдийн орсон эмэгтэйчүүдийг дэмжиж, хүлээн зөвшөөрч, дипломатын дээд түвшинд ажиллахад нь саад болж буй шилэн таазыг хагалах ёстой. Тогтоолыг батлах нь зөвхөн эхний алхам юм. Цаашид бид юу хийж чадахаа үргэлжлүүлэн бодох ёстой” гэсэн байна.
Нөгөө талд дипломат ажиллагаанд ч чанарын өөрчлөлтүүд явагдаж байгаа билээ. Сонгодог дипломатын эрин үед хэлэлцэх хэрэг, шийдвэрлэх гол асуудал нь дайн, энхийн асуудал байсан. Оролцогч субьект нь арваадхан их гүрнүүд байж, тэд хүн төрөлхтний хувь заяаг шийдэж байв. Дипломат албыг удам дамжсан сурвалжит язгууртнууд, чингэхдээ зөвхөн эрчүүд энэ албыг хашина гэсэн өрөөсгөл үзэл хандлага урт удаан хугацаанд амь бөхтэй оршин тогтонсоор ирсэн ч эдүгээ дээрх үзэл хандага аль хэдийн үеэ өнгөрөөжээ. Эдүгээ олон улсын эрх зүйн анхдагч субьект болох 200 гаруй төрт улсууд олон улсын харилцаанд оролцож, үүсмэл субьект болох НҮБ, түүний системийн болон төрөлжсөн, бусад олон улсын байгууллагууд, интеграцийн байгууллагууд, үндэстэн дамнасан корпорациуд, олон улсын ТББ-ууд, хувь хүн чухал оролцогч бөгөөд тоглогчид болжээ. Үүнээс гадна шийдвэрлэх асуудлууд ч үлэмж олшров. Зөвхөн дайн, энхийн болон аюулгүй байдлын асуудал төдийгүй, хөгжлийн асуудал тэргүүн зэрэгт гарч ирж, тэнд эмэгтэйчүүдийн манлайлал тууштай нэмэгдэж байгааг бид харж байна.
Дипломатын түүхээс харвал 1632-1634 онд Шведийн Хаант улсаас Хаант Орост суугаа анхны элчин сайдаар ажилласан Катарина Стопиаг (Catharina Stopia) дипломатын түүхэн дэх анхны эмэгтэй элчин сайд байсан хэмээн тэмдэглэжээ. Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд цол хүртсэн анхны эмэгтэй элчин сайдаар Зөвлөлтийн дипломатч Александра М. Коллонтайг (1872-1952) Зөвлөлтийн дипломатын толь бичигт нэрлэсэн байдаг. Тэрбээр 1926-1927 онд Мексикт суугаа ЗХУ-ын Бүрэн эрх барих элчин төлөөлөгч, 1927-1930 онд Норвеги дахь ЗХУ-ын Бүрэн эрх барих элчин төлөөлөгч, 1930-1945 онд Шведэд суугаа ЗХУ-ын Бүрэн эрх барих элчин төлөөлөгч, дараа нь Онц бөгөөд Бүрэн эрхт элчингээр ажиллаж байв. Шведэд сууж байсан Зөвлөлтийн элчин сайдын өмнө тулгамдаж байсан хамгийн чухал ажлуудын нэг нь Скандинавын хойг дахь нацист Германы нөлөөг саармагжуулах явдалд оршиж байжээ. Дэлхийн II дайн дууссаны дараа 1946, 1947 онд Норвегийн парламент Стортингийн хэсэг депутатууд А.М.Коллонтайг Нобелийн энх тайвны шагналд нэрийг нь дэвшүүлж байсан юм.
1933-1936 онд Дани улсад томилогдон ажилласан хатагтай Рут Б. Оуэн (Ruth Bryan Owen 1885-1954) АНУ-ын анхны эмэгтэй дипломат элчээр тэмдэглэгдсэн байх бөгөөд харин 1949-1953 онд Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд цолтой Дани улсад суусан АНУ-ын анхны эмэгтэй дипломат нь Еженье Эндерсон (Eugenie Anderson 1909-1997) хэмээн америкийн дипломатын түүхэнд тэмдэглэжээ.
Хатагтай Мадлен Олбрайт (Madeleine J. Albright 1937-1922) нь АНУ-ын түүхэнд анхны Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн даргаар Ерөнхийлөгч Билл Клинтоны үед томилогдон ажиллаж байсныг монголчууд сайн мэдэх билээ. Тэрбээр 1998 оны тавдугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, улмаар УИХ-ын гишүүдийн өмнө үг хэлэхдээ: “АНУ алс хол оршдог ч Монгол Улс нь ардчилалын үнэт зүйлийг дээдэлж, нээлттэй эдийн засгийг тууштай баримталдагынхаа хувьд хөрш айлдаа ирсэн мэт ойр дотно сэтгэгдэл төрж байна” гэсэн юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейганы гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан хатагтай Джин Киркпатрик (Jeane Kirkpatrick 1926-2006) 1981-1985 онд АНУ-аас НҮБ-ын дэргэд суух анхны эмэгтэй Байнгын төлөөлөгч, элчин сайдаар ажилласан байдаг.
Европын Холбоо эмэгтэй хүнийг Батлан хамгаалахын сайдаар томилох нь илүү эерэг үр дүн үзүүлж буй судалгааны үр дүнг танилцуулж байсан билээ.
Монголчууд дипломатын түүхэнд гүн ул мөрийг үлдээсэн Азийн эртний сурвалжит ард түмэн билээ. Америкийн монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд “Монгол хатад эмэгтэйчүүд эртний түүхт Монгол төрийн алтан аргамжийг бататган бэхжүүлж, хүн төрөлхтний түүхийг бүтээх их үйл хэрэгт зуун зууны турш үг хэл, үзэл санаа, үйл хэргээрээ үнэтэй хувь нэмэр оруулсан” хэмээн тодорхойлсон байдаг.
Эзэн богд Чингис хааны эх Өүлэн, хаан үгийг нь анхааралтай сонсдог Есүй хатан, олон жил төр удирдсан Мандухай сэцэн хатан, эр зоригт Ану хатны түүхийг монголчууд сайн мэддэг. Мэдээж тэд сурвалжит гаралтай байсныг тэмдэглэх хэрэгтэй.
XIII зуун буюу «Монголын нууц товчоо» зохиогдсон 1240 оноос 20 жилийн өмнө буюу 1221 онд «Чингис хааны 13 элч Солонгост ирснээс нэг нь эмэгтэй байлаа» гэж Корёгийн гадаад харилцааны түүхийн эх сурвалжид тэмдэглэсэн баримтыг доктор Б.Сумьяабаатар бүр 1970-аад онд бичсэн судалгааны бүтээлдээ анх эшилсэн байдаг. Энэ баримт нь олон улсын харилцааны түүхэн дэх анхны эмэгтэй дипломат элч нь монгол эмэгтэй байсан байх магадлалыг маш өндөр болгож байгаа юм. Монголын гадаад харилцаа, соёлын түүхэнд холбогдох олон чухал мэдээ, сурвалж сайхь улсын түүхийн сурвалжид бий.
Монгол Улсын Гадаад харилцааны анхны эмэгтэй сайдаар олон улсын сэтгүүлч Н.Туяа 1998-2000 онд, ИЗНН-ын дарга улс төрч С.Оюун хоёрдахь эмэгтэй сайдаар 2007-2008 онд ажилласан бол дипломат албаны үндэсний боловсон хүчний анхны төлөөлөл эмэгтэй Гадаад хэргийн анхны сайд нь Б.Батцэцэг болж байна.
Ахмад дипломатч Д.Балжинням гуай 1989-1991 онд Женев дэх НҮБ-ын салбар байгууллагуудын дэргэд Монголын анхны эмэгтэй Байнгын төлөөлөгч элчин сайдаар ажиллажээ. Харин 2007-2011 онд Нью-Йорк дахь НҮБ-ын дэргэд суусан анхны эмэгтэй Байнгын төлөөлөгчөөр О.Энхцэцэг бээр ажилласан байдаг.
Монгол Улсын дипломатч эмэгтэйчүүдээс анхлан “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цол” хүртсэн ахмад дипломатч нь Л.Идэр гуай юм. Тэрбээр ЮНЕСКО-гийн дэргэд суусан анхны эмэгтэй Байнгын төлөөлөгчөөр ажилласан ажгуу.
Б.Навчаа, Н.Цэрэнадмид нар 1962 онд Москвагийн ОУХДС-ийг төгссөн монголын анхны дипломатууд байх агаад харин Н.Итгэл гуай 1962 онд Москвагийн Морис Торезын нэрэмжит Гадаад хэлний дээд сургуулийг англи хэлний орчуулагч-референт мэргэжлээр дүүргэж, 1971-1973 онд Москвад Дипломатын академийг суралцаж төгссөн анхны эмэгтэй болсон байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчин олон улсын энхтайван, аюулгүй байдлыг хангах энхийг сахиулах ажиллагаанд тууштай оролцож, 2022 оны байдлаар эмэгтэй энхийг сахиулагчид илгээсэн 112 орноос 17 дугаарт, Зүүн хойд Азийн орнуудын дотор 1 дүгээрт эрэмблэгдэж, эмэгтэй энхийг сахиулагчдын бие бүрэлдэхүүний эгнээнээс анхны бригадын генерал цолыг Г.Болор хүртжээ.
Монгол Улсын гадаад бодлогод феминист хэв шинж хадаглагдаж ирсэн гэж үзэх үндэслэлтэй байдаг. 2023 оны 4 дүгээр сард Улаанбаатарт зохиогдсон “Ази дахь нийгмийн ардчилалын сүлжээ” олон улсын арга хэмжээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг үг хэлэхдээ: “Монгол Улс 1961 онд НҮБ-д гишүүнээр элссэн бөгөөд НҮБ-ын хүрээнд зохион байгуулсан анхны арга хэмжээний нэг болгон “Нийгэм дэх эмэгтэйчүүдийн үүрэг роль” олон улсын семинарыг 1965 онд Улаанбаатарт зохион байгуулсан, Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенц боловсруулах, НҮБ-ын Ерөнхий ассамблейн гуравдугаар хорооны ажлын хэсгийн даргаар 1977 онд монгол эмэгтэй ажиллаж байсан, НҮБ-ын Хүний эрх, нийгмийн асуудал эрхэлсэн III хорооны даргаар 1977 онд, НҮБ-ын Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах асуудал эрхэлсэн хорооны анхны даргаар 1982-1984 онд Монгол Улс ажиллаж байсныг дурдаж, Түүнчлэн Монгол Улсын төлөөлөгчид “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай” тогтоолыг санаачилж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар 1976 анх батлуулсан бөгөөд үүнээс хойш тус тогтоолыг 2 жил тутам санаачлан батлуулж буй Монгол Улсын санаачилсан эл тогтоолыг улс орнууд өргөнөөр дэмждэг бөгөөд 2021 онд тус тогтоолыг батлуулахад 106 улс хамтран зохиогчоор оролцож байсан, Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр 2016-2018 ажиллаж, энэ хугацаанд хүйсийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүд, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах асуудлыг тэргүүлэх чиглэлээ болгон ажилласан, Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах конвенцын ээлжит 10 дугаар тайлангийн хэрэгжилтийг 2022 оны 6 дугаар сард хэлэлцүүлж, амжилттай хамгаалсан зэрэгийг онцлон дурдаж байсан билээ. Эдүгээ Монгол Улс НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны гишүүнээр ажиллаж байна.
Даяаршил, дижитал үйл явц хөгжил дэвшлийн шийдвэрлэх хүчин зүйл болж, үндэсний эдийн засаг дэлхийн зах зээлийн хуулиар зохицуулагдаж, гадаад болон дотоод бодлогын зааг ялгаа улам бүр багасч буй үед феминист гадаад бодлогын агуулга, хамрах хүрээ ч өргөжин тэлсээр байна.
Сүүлийн жилүүдэд эмэгтэй Гадаад хэргийн сайд нар НҮБ-ын Ерөнхий Ассамблей, Мюнхений Аюулгүй байдлын бага хурал зэрэг олон талт томоохон арга хэмжээний үеэр уулзалддаг дипломат заншлын хэм хэмжээний сайн туршлага бий болж байна. Үүнийг үргэлжлүүлэн бүх эмэгтэй Гадаад хэргийн сайд нарыг цуглуулж, хамтдаа олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй дэлхий дахины нийтлэг даяар асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх зорилгоор 2023 оны зургадугаар сарын 29-30-ны өдрүүдэд Монгол Улс анх удаа эмэгтэй Гадаад хэргийн сайд нарын олон улсын форумыг Монгол Улсын Гадаад харилцааны яам санаачлан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн эвээл дор зохион байгуулах гэж байгаа нь цаг үеэ мэдэрсэн чухал арга хэмжээ болно. Дурдсан уулзалтаар Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлс дэх эмэгтэйчүүдийн оролцоо, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал гэсэн эдүгээ дэлхий нийтэд тулгамдаж буй нийтлэг сорилтуудыг хэлэлцэх гэж буй нь нэн чухал ач холбогдолтой.
ХИС-ийн др. проф. Д.УЛАМБАЯР
Сэтгэгдэл (0)