Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
- 2023-06-28
- Улс төр
- 0
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны /2023.06.22/ хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, М.Оюунчимэг нар малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс даах тухай зохицуулалтыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн юм.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиудийн шинэчилсэн найруулгын, мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг тус Байнгын хорооны дарга П.Анужин хийлээ. Анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл болон Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төслүүд дээр гарсан зарчмын зөрүүтэй хоёр саналыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөн юм. Эдгээрийг болон анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч нийт гишүүдийн 2/3-оор дэмжүүлж дахин санал хураалгах шаардлагатай хоёр саналыг Ажлын хэсэг гүйцээн боловсруулж, шинэчлэн бэлтгэсэн талаар Байнгын хорооны дарга П.Анужин эдгээр саналыг дурдлаа.
Ажлын хэсэг саналдаа, төслийн 29.6 дахь хэсгийн “даатгуулагч нас барвал түүний мөнгөжүүлсэн орлогыг хууль ёсны залгамжлагчид нь өвлүүлнэ” гэсний “орлогыг” гэснийг “орлогын тодорхой хувийг” болгон өөрчлөх, мөн төслийн 29.7 дахь хэсгийг “29.7. Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхээр бол нэрийн дансны мөнгөжүүлсэн орлого, тэжээгчээ алдсаны тэтгэвэрт зарцуулах нийт хөрөнгийн хэмжээг тооцож үлдэгдлийг энэ хуулийн 29.8-д заасан журмын дагуу өвлүүлнэ” гэж өөрчлөхөөр заасан байна. Түүнчлэн, анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төслийн 35.1.2-т, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн “даатгуулагчийг төлөөлж даатгуулагчийн олонхын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагаас” гэсний “байгууллагаас” гэснийг “үйлдвэрчний эвлэлээс” гэж өөрчлөх, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төслийн дэмжигдсэн заалттай холбогдуулан эшилсэн заалтыг хасах, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөлд, даатгуулагчид тусламж, үйлчилгээ үзүүлэх, сэргээн засах төв болон сувиллыг сонгох, гэрээ байгуулах, санхүүжүүлэх, тусламж, халамж үйлчилгээний чанарт хяналт тавих журмыг “хөдөлмөр, нийгмийн хамгаалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэснийг “хөдөлмөр, нийгмийн хамгаалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална” гэж өөрчлөн найруулах саналуудыг боловсруулжээ. Мөн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан 1991 онд батлагдсан БНМАУ-ын Тэтгэмжийн тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, С.Одонтуяа, Ц.Туваан нар асуулт асууж, Ажлын хэсгийн гишүүдээс хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүд байнгын асаргаатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асарч ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа ээжүүдийн шимтгэлийг төр одоо бас хариуцах боломжтой эсэх, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйл дэх мөнгөжүүлсэн орлогыг өвлүүлэх тухай зохицуулалтад орсон ипотекийн зээлд хамруулах, эрүүл мэнд, боловсролын зардал зарцуулах зэрэг заалтууд олон жилийн дараагаас хэрэгжиж эхлэх тул одоо хуульд тусгах шаардлатай эсэх, багц хуулийн төсөлд үйлдвэрчний эвлэлийн саналыг авч, тусгасан эсэх, малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс төлөх нь мал бүхий иргэдийн үүрэг, хариуцлагыг бүрхэгдүүлж буй эсэх, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг багц хуулийн хүрээнд үргэлжлүүлэн хэлэлцэх эсэх, тэтгэврийг дараалсан долоон жилийн цалингийн дунджаар тооцож байгааг таван жилээр тооцохоор болж байгаатай холбогдуулан 2018 оноос долоон жилээр тооцуулсан хүмүүсийн тэтгэврийн зөрүүг нөхөж олгох, тодорхой мэргэжлийн хүмүүсийг тэтгэвэрт гарах насаа өөрсдөө сонгодог байх нөхцлийг хуулиар олгох зэрэг олон асуудлыг хөндөж, хуулийн төслүүдийг олон нийтээр хэрхэн хэлэлцүүлсэн талаар тодруулав. Байнгын хорооны дарга П.Анужин нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг хөдөө, орон нутагт 10, Улаанбаатар хотод долоон удаагийн хэлэлцүүлгээр хэлэлцүүлж, 33 000 орчим иргэнээс санал авсан хэмээн мэдээлэл өгч, хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийн үеэр хөндөгдөөгүй асуудлаар эцсийн хэлэлцүүлэгт санал хураах боломжгүйг тайлбарлав.
Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Ажлын хэсгээс боловсруулж бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураав. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төслийн 35.1.2-т, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн “даатгуулагчийг төлөөлж даатгуулагчийн олонхын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагаас” гэсний “байгууллагаас” гэснийг “үйлдвэрчний эвлэлээс” гэж өөрчлөх саналын талаар Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар үг хэллээ.
Тэрбээр, Монгол Улсад “байгууллага” гэх нийгмийн субьект, хуулийн этгээд байхгүй тул ингэж зааснаас энэ асуудал эзэнгүй орхигдож хаягдана хэмээн үзэж буйгаа хэлэв. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, М.Оюунчимэг нар малчдын нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудлыг зарим тайлбарыг хийж, байр сууриа илэрхийлсэн юм. Түүнчлэн Нийгмийн даатгалын тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан, өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа 1991 онд батлагдсан Тэтгэмжийн тухай БНМАУ-ын хуулийг хүчингүй болгох асуудлаар Ажлын хэсгээс Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл боловсруулсныг хэлэлцэв. Зарчмын зөрүүтэй саналууд болон Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тулд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиудийн шинэчилсэн найруулгын төслүүд, мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Сэтгэгдэл (0)