УИХ-ын дарга Г.Занданшатар: Хуулийн төсөлд холбогдох заалтыг тодорхой тусгаагүй гэдэг нь англи хэлийг дэмжихгүй байна гэсэн үг биш

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн (2023.06.28) хуралдаанаар  Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын 3 хоногийн завсарлага авсан бөгөөд энэ хугацаанд тодорхой асуудлаар зөвшилцөн, санал нэгдсэн гэдгээ Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдэв.

Ийнхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 9 саналын томьёоллоор санал хураалт явууллаа.

Төслийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 6.2.2, 6.2.3 дахь заалт, 6.3 дахь хэсгийг хасаж, мөн зүйлд “6.5.Сонсголгүй сурагчийн боловсрол эзэмших сургалт, үйл ажиллагааны хэл нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан хэл байна.”, “6.6.Боловсролын сургалтын байгууллагад судлах гадаад хэл нь сургалтын үндэсний хөтөлбөрийн үзэл баримтлалд заасан хэл байна.” гэсэн агуулгатай 6.5, 6.6 дахь хэсгийг нэмэх саналын томьёололтой холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ асуудлыг улс төржүүлэх нь зохисгүй гэдэг байр суурийг илэрхийлээд төслийн холбогдох зохицуулалт нь Үндсэн хуулийн зөрчил үүсгэж болзошгүй байгаагаас үүдэн асуудлыг нухацтай хэлэлцэж буйг санууллаа. Хуулийн төсөлд холбогдох заалтыг тодорхой тусгаагүй гэдэг нь англи хэлийг дэмжихгүй байна гэсэн үг биш гэдгийг тэмдэглээд “Монгол Улсын иргэн нэн тэргүүнд эх хэлээ сурах ёстой. Үндэсний аюулгүй байдал, үндэсний бодлого нь төрөлх хэлээ дэмжих байдаг” гэв.

Тиймээс олон улсын жишгээр сургалтын хөтөлбөрөөр энэ асуудлыг шийдэх нь оновчтой хэмээн санал нэгдсэн болохыг дурдаад “Аль нэг хэлэнд хайртай, эсвэл аль нэг улсын тулган шаардалт юм шиг улс төржүүлж, асуудлыг дэвэргэн олон түмнийг талцуулах нь зохисгүй. Тал талдаа зөв ойлгож, сургалтын хөтөлбөрөөрөө зохицуулдаг олон улсын жишгээр шийдвэрлэх нь зөв. Боловсролыг тэгш, хүртээмжтэй болгох нь боловсролын реформын гол чиглэл байх ёстой. Хүүхэд бүр гадаад хэл төдийгүй математик, физик, шинжлэх ухааны хичээлүүдийг суралцах тэгш боломжоор хангагдах ёстой. Үүнийг улс төржүүлэх нь зохисгүй, энэ бол шинжлэх ухааны асуудал гэдгийг тодруулж хэлье” гэв. Ийнхүү зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулан шийдвэрлэх үеэр зарим саналын томьёоллыг гүйцээн боловсруулах, шаардлагатай бол Байнгын хороог дахин хуралдуулах чиглэлийг Улсын Их Хурлын дарга өгөв.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)