“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа
- 2023-07-01
- Улс төр
- 0
Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн хуралдаанаар эхлээд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав. Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 28-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.
Хууль зүйн байнгын хороо 2023 оны зургадугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулжээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан 1 санал хураасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Мөн тогтоолын төслийн зарим заалтаар дахин санал хураах шаардлагатай гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасныг баримтлан 2 санал хураасныг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн гэв. Ийнхүү нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл, Байнгын хорооны танилцуулга болон зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэсэн болохыг Ц.Сандаг-Очир гишүүн танилцууллаа.
Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Б.Баттөмөр гишүүн, хөтөлбөрийг баталсантай холбогдуулан олон хууль тогтоомжид өөрчлөлт орох шаардлага үүсч буйг хэллээ. Түүнчлэн олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх, төрийн байгууллагууд ил тод байдлыг хангах, үйл ажиллагаагаа цахимжуулах асуудлууд хөтөлбөрт тусгагдсан нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа, үүний зэрэгцээ авлигын эрсдэлийг тооцдог механизм бүрдүүлэх, АТГ-ыг бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай гэдэг санал хэлсэн юм. АТГ-ын үйл ажиллагааг орон нутагт өргөжүүлэх, тэр дундаа эдийн засгийн чухал үйл ажиллагаа явуулдаг Өмнөговь, Орхон зэрэг салбар байгуулах боломжийн талаар тодруулав. Авлигын эсрэг тэмцэх ажлуудыг орон нутагт идэвхжүүлж, авлигын гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авдаг сүлжээ бүрдүүлж, холбогдох хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдээд 8 орчим жил болж байгааг Байнгын хорооны дарга Б.Энхбаяр хариуллаа. Цагдаагийн байгууллага шиг орон нутаг бүрд салбар байгуулах асуудал бол хууль, тогтолцооны хүрээнд иж бүрнээр яригдах, Засгийн газраас шийдэх боломжтой гэлээ. Ийнхүү гишүүн асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлээд, тогтоолын төслийг эцэслэн батлах санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 40 гишүүний 95 хувь нь дэмжиж, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав. Тус тогтоол батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Энэ удаа 11 зорилгыг дэвшүүлэн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” баталлаа. Энэ хүрээнд улс төрийн намын санхүүжилт, үйл ажиллагааны ил тод байдлыг хангах замаар улс төрийн хүрээнд авлигатай тэмцэх манлайлал, ил тод байдлыг сайжруулна. Олон нийтийн итгэлийг хүлээсэн авлигаас ангид, ёс зүйт нийтийн албыг бэхжүүлэх зорилгыг ойрын хугацаанд хэрэгжүүлнэ. Иргэний нийгмийн байгууллагууд, сэтгүүл зүй, мэргэжлийн хяналт, төрийн хяналтын байгууллагууд хяналтын хэвтээ тогтолцоонд шилжиж байгааг сая баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-өөр баталгаажуулж байна. Төр дангаараа авлигын эсрэг тэмцэх биш бүх нийтээр, хамтын хүчин чармайлтаар хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Улсын Их Хурлаас баталж буй бүх хууль, тогтоолд авлигатай тэмцэх үзэл санааг багтаасан байгаа. Энэ чуулганыг авлигатай тэмцэх хууль, эрх зүйн орчныг сайжруулсан чуулган болно гэдгийг хэлж байв. Энэ зорилтоо бид өнөөдөр нэг алхмаар үргэлжлүүлж, олон нийтийн шүүмж, хөндлөнгийн судалгааны байгууллагуудын үр дүнд нийцүүлэн төрийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод байх нөхцөлийг хангаж энэ өөрчлөлт шинэчлэлтүүдийг хийн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг өнөөдөр баталлаа” хэмээн хэлэв. (бүрэн эхээр)
Дараа нь Засгийн газраас 2023 оны зургадугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь тус тус танилцууллаа.
Аймгийн баяр наадмын тэгш ойд 256 бөх барилдах, улсын баяр наадамд амжилт гаргасан бөхөд олгох цолыг тодорхой болгох, улсын баяр наадамд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдийн эрэмбийг Монголын үндэсний бөхийн холбооны дүрмээр зохицуулах, аймгийн баяр наадамд үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхөөс допингийн шинжилгээ авах, мөн хариуцлагын механизмыг Улсын баяр наадамтай адилтган авч үзэх, Үндэсний их баяр наадмын тухай, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль хоорондын зөрчлийг арилгах, хуулийг нэг мөр хэрэглэх эрх зүйн орчныг бий болгох зэрэг зохицуулалтуудыг тусгаж, Хууль тогтоомжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийг үндэслэн хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хуулийн төслүүдийг боловсруулжээ.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2023 оны зургадугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Хуулийн төсөлд иргэдийн оролцоог хангах, санал авах зорилгоор Улсын Их Хурлын d.parliament.m” цахим системд байршуулсан гэдгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтэд дурдав.
Байнгын хорооны хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.
Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, С.Ганбаатар, Б.Бейсен нар асуулт асууж, хариулт авав. Үндэсний их баяр наадмыг хуулийн хугацаанд улс орон даяар тэмдэглэх асуудлын талаар, хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тодруулсан гишүүдийн асуултад Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хариулт өглөө. Үндэсний их баяр наадмыг жил бүр аймаг, сум долдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд, улсын баяр наадмыг долдугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг тэмдэглэхээр хуульчилсан. Онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд л өөр өдрүүдэд улс, аймаг, сумын баяр наадмыг тэмдэглэх боломжтой бөгөөд улс, аймгийн баяр наадмын хугацааг Засгийн газар, сумын баяр наадмын хугацааг аймгийн Засаг дарга тогтоох зохицуулалттай гэв. Ингэхдээ аймаг, сумын баяр наадмыг тэмдэглэх хугацааг наймдугаар сарын 10-ны өдрөөс хэтрүүлэхгүй байх ёстой аж. Энэ хуулийн хэрэгжилтийг бүх нийтээр хангаж ажиллах чиглэлийг орон нутгийн удирдлагуудад Шадар сайд хүргүүлээд байгаа гэв. Аймгийн наадам, түүнтэй адилтгах баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөхөөс допингийн шинжилгээг авч байх төслийн зохицуулалтыг онцлон, үндэсний их баяр наадмын үеэрх бөхийн барилдааны үеэр үүсч буй допингийн асуудлуудыг таслан зогсоох, баяр наадмын үйл ажиллагааг маргаангүй, шударга зохион байгуулахтай холбоотой асуудлуудаар гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан. Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Үндэсний их баяр наадмыг улс орон даяар шударга, эмх цэгцтэй зохион байгуулах ёстой бөгөөд үндэсний өв уламжлал гэдэг агуулгаар нь чухалчлан анхаарах нь зүйтэй гээд, төслийг хэлэлцэхийг дэмжив.
Сэтгэгдэл (0)